Шатарчин Ким солонгос хөлөг дээр тоглосон өрөгт чапаевчин Трампыг хожив

4-р сарын 30, 2018 11:48 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 120
4-30-1

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

ОХУын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн улс төр судлалын тэнхмийн доцент Геворг Мирзаяны цахим сайтад бичсэнийг орчуулан хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 27 – нд БНАСАУ-ын дарга Ким Чен Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Же Ин нарын хооронд хоёр Солонгосын хамтарсан уулзалт болов. Уулзалтыг бүх дэлхий даяар ажигласан бөгөөд хоёр удирдагч ч итгэл алдаж, урам хугалсангүй. Дарга, Ерөнхийлөгч хоёр дэндүү сайхан инээмсэглэж, гар барилцаж, харилцан бие биедээ хүрч байв (тэгэхдээ Трамп, Макрон хоёрын гар барьсан уулзалтын үеэрх шиг эрээ цээргүй биш, харин жинхэнэ халуун дулаан, харилцан хүндэтгэсэн байдлаар). Тэд хамтдаа энхийн мод суулгаж, урам зориг сэргээсэн үг хэлцгээж, солонгос хоорондын харилцаанд энэхүү уулзалт үнэхээр шинэ бодит байдлын эхлэл болж байна гэдгийг зүйл бүрээр харуулж байлаа. Хэрвээ (хэрвээ!) Панмунжомын хамтарсан тунхаг бичигт заасан нөхцлүүд биелэх аваас шинэ бодит байдал үнэхээр үүснэ.

Пхеньянд энэхүү бодит байдал таалагдах нь мэдээж. Барууны олон нийтийн мэдээллийн хэд хэдэн хэрэгслийн бичиж байгаагаар Ким Мүныг хөөргөж байгаад хаяж орхино. Солонгос хоорондын харилцаан дахь өнөөгийн дулаарал бол солонгосын хойг дахь хурцадмал байдлыг түр зуур намжаах, АНУ – д үзүүлж байгаа хориг, дарамтаа цуцлахын тулд Хойд Солонгосын явуулж байгаа тактикийн л нүүдэл. Кимийн байр суурь хүчтэй болмогц тэр Хойд Солонгос урьд нь үйлдэж байсан шиг пуужин, цөмийн бороохойгоор бужигнуулж эхэлнэ хэмээн тэд үзэж байна. Гэхдээ энэ бол тийм биш юм.

БНАСАУ-ын эзэнд дайсагнасан Өмнөд Солонгос огт хэрэггүй болохоор Өмнөдтэй харилцах харилцааг хэвийн болгох Кимийн баримталсан бодлого бол стратегийн чиг шугам юм. Хойд Солонгосын эдийн засгийг шинэчлэн сайжруулах урт хугацааны нарийн түвэгтэй үйл явцыг эхлүүлж байгаа гэдэг утгаар авч үзвэл түүнд зөвхөн энх тайван, тогтвортой байдал төдийгүй хөршийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ч бас хэрэгтэй. Магадгүй, түүгээр зогсохгүй, техникийн ямар нэг тусламж ч хэрэгтэй байх. Энэхүү тусламж, энэхүү хөрөнгө оруулалтыг авна гэсэн итгэл найдварыг гуравдугаар Кимд Панмунжомын тунхаг бичиг (уулзалтын үр дүнгээр гаргасан) өгч байна. Тухайлбал, эдийн засгийн цаашдын харилцан хамтын ажиллагааны тулд Солонгосын хоёр хэсгийг холбосон тээврийн дэд бүтцийг байгуулах, эсвэл шинэчлэн сайжруулах талаар талууд тохиролцлоо.

Цаашдаа солонгос хоорондын яриа хэлцэл амжилттай үргэлжилж, тус хойгийн аюулгүй байдлын түвшин дээшлэх тусам(энэ тухай тунхаг бичигт зүйл заалт нэг бүрээр бичсэн) хойд солонгосын дэглэмд тавьсан хоригийг цуцлахыг шаардах боломжийг Кимд олгоно. Хойд Солонгосруу орж, гарч байгаа бүхнийг (эмбарго дэглэмийг) хянадаг Хятад хэмээх тодорхой улс орон дургүй байх нь тодорхой ч гэсэн цуцлалт нэг бол албан ёсны, эсвэл албан бус (хэрвээ АНУ хэдэрлэчихгүй бол) байна.

Ерөнхийлөгч Мүний хувьд Хойд талтай харилцааг хэвийн болгож байгаа нь нэгдүгээрт, түүний хувийн ялалт. Тэрээр Хойд талтай харилцааг хэвийн болгох мөрийн хөтөлбөртэйгөөр Хөх ордонд (Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн өргөө) зорьж ирсэн бөгөөд өөрийн талын үл итгэгчид болон улс төрийн өрсөлдөгч нарын амыг таглаж, тэрхүү хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт, ийнхүү тэр зөвхөн дан ганц өөрийнхөө улс төрийн оршин тогтнолыг төдийгүй, мөн улс орныхоо оршин тогтнолыг хангаж байна. Солонгосын хойг дахь аливаа дайн зөвхөн Пхеньяны ялагдлаар төдийгүй, Сөүлийн сүйрлээр дуусна гэдгийг бүгд маш сайн ойлгож байсан. Панмунжомын тунхгийг амжилттай хэрэгжүүлэх нь дайны аюулыг туйлын бага хэмжээнд хүртэл бууруулна.

Гэхдээ бонусууд үүгээр хараахан дуусахгүй. Хүмүүнлэгийн холбоо харилцааг бэхжүүлэх явдал хоёр Солонгосын ирээдүйг урьдчилан харах боломж болон тэдний хоорондын ойлголцлыг илүү сайн болгохын сацуу цаашид тэдний гарцаагүй нэгдэж нийлэхэд (ихээхэн алс холын ирээдүйд боловч ямар ч байсан нэгдэж нийлнэ) тохиолдох сэтгэл зүйн саад тотгорыг бууруулна. Саад тотгорыг бууруулахад эдийн засгийн холбоо харилцаа ч мөн тус дөхөм үзүүлнэ (нэгдэж нийлэхэд учрах хамгийн гол бодит саад бэрхшээл бол эдийн засгийн асар их зааг ялгаа гэдэг нь хэнд ч нууц биш бөгөөд наад захын түвшинд хүртэл энгийн хэмжээнд Хойдуулыг татаж ойртуулахын тулд Өмнөдүүд нэлээд хэдэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг зарцуулах хэрэг гарна). Эдийн засгийн хамтын ажиллагаа удаан хугацаандаа ашиг авчрахын зэрэгцээ Хойд Солонгосын энгүй том зах зээл хэлбэрээр Өмнөд Солонгосын бизнест энд, одоо ч бонусууд авчирна. Гэхдээ мэдээж, Кимийн шинэтгэл, солонгос хоорондын интеграц үргэлжилж байж,тэрхүү том зах зээлийг өмнөд солонгосын бизнес эрхлэгчид баяр баясгалантайгаар эзэмшихтохиолдолд шүү дээ.

Зарим улс орон ийм ирээдүйг төдийлөн таашаахгүй. Мэдээжээр, уулзалтад Япон улс тун сэтгэл хангалуун бус байгаа. Солонгосууд хүчирхэг болох нь Токиод ашиггүй гэдэг утгаар ч бус юм (Хоёр Солонгос болон Японы хоорондын харилцаа маш түвэгтэй). Харин Японы эрх баригчид Солонгос хоорондын хэлэлцээнээс өөрөө өөрсдийгөө гаргачихсан юм (олон арван жилийн өмнө хойд солонгосын тагнуулын албаны хулгайлсан японы иргэдийг аливаа хэлэлцээр эхлэхээс өмнө заавал буцаах гэсэн биелүүлэхэд ихээхэн хүндрэлтэй хэд хэдэн нөхцлийг Кимд гаргаж тавьсан), одоо энэхүү гэрээ хэлэлцээр тэдний ашиг сонирхлыг харгалзахгүйгээр явж байна.

Тийм учраас япончууд энэхүү ашиг сонирхлоо бусад оролцогчдоор дамжуулж хамгаалахаас өөр аргагүй болж байна. Ерөнхий сайд Шинзо Абэ Америк-Хойд солонгосын уулзалтаар Японы ашиг сонирхлыг авч хэлэлцэхийг Трампад ятгаж чадсан эсэх нь ойлгомжгүй байна, харин Мүн энэхүү ашиг сонирхлыг огт үл хэрэгсэв. Тэрээр түүхийн асуудлуудаас улбаатай Япон-Солонгосын харилцаа маш түвэгтэй байгааг бодолцвол яах ч гэж тэрхүү ашиг сонирхлыг урагшлуулах ёстой билээ?

Хойд Солонгос тусгаарлагдсан байдлаас хэрхэн гарч байгааг үзэгчийн байр сууринаас ажиглахаас өөр арга зам Токиод үлдсэнгүй. Үйл явцын нэгээхэн хэсэг нь болоход япончуудад маш хэцүү. Нэгдүгээрт, Японы улс төрийн уламжлал ёсоор байр сууриа огцом өөрчилдөггүй, хоёрдугаарт, Япон улс Кимд тийм ч чухал хэрэгтэй бус болсон, гуравдугаарт, Америкийн усан замнуурыг (фарватер) Токио алдахыг хүсэхгүй. Японы эрх баригчид БНАСАУ-ын удирдагчтай уулзалт хийхэд бэлэн, тэгэхдээ зөвхөн Трамп Ким хоёрын уулзалтын дараа, түүний үр дүнгээс шалтгаална  хэмээн орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичсэн байна.

Гэхдээ амжилттай болж өнгөрсөн солонгос хоорондын уулзалтаас гол ялагдал хүлээсэн нь гарцаагүй АНУ, Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө болов. Цагаан ордны эзэн Кимийг хожлоо, түүнийг буулт хийхээс өөр аргагүй болголоо, түүний “галзуу стратеги” сайн ажиллаж, Ким хулчийлаа гэх мэтээр ярьж болох юм.

Бодит байдал дээр харин Ким хэзээ язааны сонгодог шатарчин лугаа тоглож, онцын чухал шаардлагагүй боднуудаа сул хаяж өгч (хэрэг дээрээ огт хэрэггүй болсон пуужин – цөмийн туршилтаас татгалзах гэх мэт) давуу байрлал өөртөө бий болгон, Трампыг мад тавив. Энэ бүхэн олон талаар Кимтэй шатар биш, харин Чапаев болж тоглох гэсэн Трампын өөрийнх нь буруугаас болсон нь мэдээжийн хэрэг. Хөлөг дээрээс тэр Кимийн хэд хэдэн бодыг авч хаясан л даа (жишээ нь, хориг тавьснаар цөм дарах), гэхдээ хойд солонгосын бусад боднууд Трампын даамнуудаас дэндүү илүү хүчтэй, суурь сайтай байсан. Эцэст нь, өргийн төгсгөлд Америкийн Ерөнхийлөгч бодгүй, дэмжлэггүй үлдсэн.

Тийм ээ, өнгөц харвал АНУ нь Солонгос хоорондын уулзалтын үр дүнд маш баяртай байх ёстой. Ким, Мүн нарын хооронд амжилттай болсон хэлэлцээр Солонгосын хойгт гарч болзошгүй дайны (Вашингтон татагдан орж болзошгүй) аюулыг бууруулна, улмаар дараагийн Америк-Хойд Солонгосын уулзалтын уур амьсгалыг бүрдүүлж байгаа хэрэг юм. Хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээр (ёс төдий ч гэсэн) хийж байгаа тухай ярилгүйгээр шүү дээ. Гэхдээ, Вашингтон хэрвээ ямар ч үнээр хамаагүй энх тайван, аюулгүй байдлыг үнэхээр бодитой сонирхож байгаа, мөн Хойд Солонгосын дэглэм энхийг тогтоох арга зам  эрж хайж байгаа тохиолдолд л америкчууд үүнд баярлах ёстой билээ. Энэ бол Трампын өргийн зорилго огтхон ч биш болохоор түүний үр дүн Вашингтонд онцгой баяр хөөр авчрахгүй.

БНАСАУ бол АНУ – ын нутаг дэвсгэр, ашиг сонирхолд шууд аюул занал учруулахгүй, бүс нутагтаа айлган сүрдүүлэгч байж үргэлжлэх тохиолдолд хурцадмал байдлыг зөвшөөрч болохуйц түвшинд хүртэл бууруулах нь америкуудад хэрэгтэй. Энэхүү зөвшөөрч болох түвшин (жишээлбэл, зөвхөн Өмнөд Солонгост зөвхөн ердийн зэвсгээр цохилт өгөх аюул заналын хэмжээнд л байх) нь Өмнөд Солонгост АНУ-ын цэргийг цаашид байлгах талаар асуудал гарахгүй байх баталгааг бий болгоно. Цэрэг байлгах нь БНАСАУ-ыг тогтоон барихад бус, бүх талаар илүү аюултай Хятадыг тогтоон барихад чиглэх юм. Панмунжомын тунхгийн нөхцлийг биелүүлэх (бие биеийн эсрэг өдөөн хатгаж дайсагнасан үйлдэл хийхээс татгалзах, аажмаар зэвсэг хураах, мөн түүнчилэн бүр энэ онд багтааж бүрэн дүүрэн энхийн гэрээ байгуулах зэргийг багтаасан) ньтус хойгийн аюулгүй байдлын түвшинг эрс дээшлүүлж, улмаар америкийн цэргийн баазын хувь заяаны асуудлыг хүчтэй болгоно.

Өөр бас нэг сөрөг зүйл бол, Ерөнхийлөгч Мүний бие даасан байдал дээшилсэн явдал. АНУ (бусад бүх улс орон ч мөн адил) Өмнөд Солонгосыг “юу хэлэхсэн бол” хэмээх байр суурьтай Америкийн утсан хүүхэлдэй мэтээр харсаар ирсэн. Гэтэл Хөх ордны өнөөгийн эзэн Японы эрх баригчдыг бодвол, Хойд Солонгосын асуудлаар аюултай хэмээн өөрийнх нь үзэж байгаа Вашингтоны усан замнуураар явахаас татгалзаж байна. Хэдийгээр Америкийн лоцман (усан замчин) Америкийн асар том хүчин чадалтай жагсаалын онгоцоо амархан гэмтэхээргүй(эцсийн бүлэгт, АНУ бол хойд солонгосын пуужин нэг бүр хүрч чадахааргүй хол оршдог), гэхдээ Өмнөд Солонгосын мина зөөгч онгоцыг бол амархан живүүлчихээр хадан дундуур явахзам төлөвлөсөн боловч Мүн явах замаа өөрөө төлөвлөж байна. Өмнө нь тэр Трампын байр суурийг зөвхөн засах төдий (жишээлбэл, Хятадтай эвлэрэх, эсвэл Хойд Солонгосын асуудлаар цэргийн аливаа шийдвэрийг ор тас хаях) байсан бол одоо харин БНАСАУ-тай “дэлхийн нэрийн өмнөөс” хэлэлцээх хийгчийн байр сууринаас өөрийгөө харуулж байна.

Панмунжомын тунхаг бичигт хэлэлцээрийн үйл явцын зөвхөн хүмүүнлэгийн асуудлууд (Мүний онцгой эрх байх ёстой байсан) төдийгүй аюулгүй байдал, мөн цөмийн асуудлыг ч тусгасан. Одоо тэгэхээр Америк-Хойд Солонгосын уулзалтыг Трамп дур мэдэн тасалдуулах боломжгүй болж байна, тийм тохиолдолд хэлэлцээр түүнгүйгээр үргэлжилнэ. Энэ тухай тунхгийн 1.1 заалтад  “Хойд, Өмнөд талууд солонгос үндэстний асуудлыг өөрсдөө шийдвэрлэх эрмэлзлийг баталгаажуулж байна” хэмээн БНАСАУ – ын эртний зарчмыг бичжээ.

Солонгос хоорондын харилцаан дахь харилцаа, бүрэн эрхт тусгаар тогтнолын иймэрхүү дэвшил мэдээжээр, хятадуудыг ч түгшээж байна. Хэрвээ Ким Чен Ун шинэ найз нөхөдтэй (тэгэхдээ баян чинээлэг) болбол Хойд Солонгосын Хятадаас хамаарах хамаарлын түвшинг бууруулна хэмээн Бээжин болгоомжилж байна. Тэгэхээр, тэгшитгэх цорын ганц хөшүүрэг бол Бээжинд өчнөөн асуудал үүсгэдэг Хойд Солонгосын зөрүүд удирдлагад дарамт шахалт үзүүлэх явдал юм. Гэхдээ нөгөө талаас Америкийн цэргийн баазын үндэс суурийг устгах, америкийн шүхэр доороос Өмнөд Солонгос гарах зэрэг ашиг тус нь бодит асуудлуудыг дахин жигнэж үзэхэд хүргэж байна.

Бээжинтэй харьцуулахад Хойд Солонгост хяналт тавихад өрсөлдөөгүй болохоор уулзалтын үр дүн Москвад тун тааламжтай байгаа. Тэгэхдээ ОХУ-ын хувьд (Америкийн эсрэг зарчмын үзэл бодолтой өөрийн орны зарим улстөрч, шинжээчдийг эс тооцвол) америкийн цэргийг байлгах эсэх тухай асуудал гэхээсээ Хойд Солонгосын эрх баригчдын тогтвортой байдал, ирээдүйг урьдчилж харах, гар барилцах чадварын өсөлт илүү чухал юм.

Солонгос хоорондын харилцаа хэвийн болох явдал ОХУ-ын сонирхдог транссолонгосын хий дамжуулах хоолой (түүгээр дамжиж оросын цэнхэр түлш Өмнөд Солонгост хүрэх, түүний боомтуудаар дамжин цаашилж, Зүүн Азийн бусад ашигтай зах зээлд хүрч болох), мөн түүнчлэн Өмнөд Солонгосын ачааг оросын нутгаар дайруулан Европ руу тээвэрлэх боломж бүрдүүлэх транссолонгосын төмөр зам гэх мэт дэд бүтцийн чухал төслүүдийг сэргээхэд тус дөхөм болох юм.

Тийм болохоор солонгос хоорондын шатрыг цаашид үргэлжлүүлэхийг Москва бүрэн дүүрэн дэмжинэ.

Хоёр улсын тэргүүн Солонгосын гурван жилийн дайн дууссан 1953 оноос эхэлж ургасан нарс модыг Панмунжонд суулгах ёслолд оролцов. Энэ мод – энх тайван, хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг юм. Улстөрчид нарсыг БНАСАУ дахь Пэктусан уул, өмнөд солонгосын Чежудо арлын Халласан уулын шороогоор хучив. Модыг Пхеньянд урсдаг Тэдонган голын усаар Мун Же Ин, Сөүлд урсдаг Ханган голын усаар Ким Чен Ун тус тус услав.

Хэлэлцээрийн эцэст хоёр орны удирдагчид АНУ, БНХАУ-тай хийж байгаа Солонгосын хойгт дайныг зогсоох дэг горимын тухай хэлэлцээрийг Солонгосын хойгийн энх тайвны тухай хэлэлцээр болгон өөрчлөх талаар тохиролцлоо.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *