Шагайн наадгай-Алаг мэлхий

2-р сарын 12, 2018 10:19 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 86
18

Н.ДАЯН

 Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдөр буюу битүүнд шагайгаар алаг мэлхий өрөх тоглоомоор наадаж ирсэн уламжлалтай. Цагаан сарын өдөр алаг мэлхий тоглохдоо толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрж мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи хэмээн нэг шагай тавьдаг.

Шинийн 1-нд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор ирж буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон сууж, суудлын дарааллаар шоо хаяж тоглодог. Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Тухайлбал, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаа буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг авна. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг.

Мэлхий өрж байхад нэгэн амтай даа, хоёр нүдтэй, дөрвөн хөлтэйдээ, дэвхрээд дэвхрээд худгандаа оров оо гэж дуулдаг байна. Энэ дууг алдарт хуурч, дууч Лувсан 1932 онд дуулсныг Оросын монголч эрдэмтэн П.Берлинсий ноотолж “Монгольский певец и музыкант Ульдзуй Лубсан-хуурч” номондоо хэвлэсэн байдаг. Алаг мэлхий өрөх шагайн тоглоом бол хүүхдүүдийн дүрслэн бодож зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухаан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *