Ш.Пүрэвсүрэн: Харийнхнаас авлига авч газар шороогоо өгнө гэдэг чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг

5-р сарын 14, 2018 9:08 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 43
5-14-4

Г.ЖАМЪЯН 

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Монголын “Ногоон загалмай” нийгэмлэгийн тэргүүн, доктор Шаравын Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Пүрэвсүрэн доктороо. Таныг монголчууд андахгүй. Гэлээ ч бага залуу насны тань амьдрал, манай уншигчдад сонин болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Бололгүй яахав. Би Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул “Хаминдаа Шаравынх” хэмээн нутаг олондоо хүндлэгдсэн, олон хүүхэдтэй айлын дунд хүү. Аав Шарав маань цэргийн алба хааж ирээд сумын эмнэлэг, цэцэрлэгт нярав (хаминдаа) хийж байгаад 84 нас сүүдэр зооглоод таалал төгссөн. Их л уран хүн байсан даа. Мод, төмөр, мөнгөөр юу л бол юу хийнэ. Ээж Маамуу насаараа цэцэрлэгийн асрагч. Тэр үеийн сумын хүүхдүүд манай хоёрыг Турууны өндөр аав ээжүүд  гэдэг байлаа. Ийм нэг дуу хүртэл гарч байсан:

… Хол л явлаа даа, хүүхдүүд чинь

Хонхтой бойтог нь үлдлээ дээ

Машин хөлөглөөд явлаа даа

Маамуу ээж нь үдлээ дээ .. гэж дуулдаг байсан.

Баруунтурууны хүүхдүүд, аавын минь урласан мөнгөн хонхтой бойтог өмсдөг байж. Ээж минь насаараа цэцэрлэгийн хүүхдүүдийг өвөр энгэртээ тэвэрч өсгөсөн. Аавын минь “хонхтой бойтог” өмсч, ээжийн минь саальтай энгэрт тэврүүлж өссөн мянга мянган хүүхдүүд сайн яваа. Монгол Улсын төрийн шагналт, гавъяат З.Ганбаатар, нэрт бизнесмен О.Эрдэнэ нарын олон арван цуутнууд эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна. Манайх гэж жилийн жилд арван хэдэн хүүхэд бужигнасан, аяга таваг нь дүүрэн л байдаг, нэг харахад хоосон л байдаг айл байсандаа.

-Та ийм нөхцөлд өсч өндийж. Сургууль номоо хаана дүүргэлээ?

-Би Баруунтурууны арван жилийн дунд сургууль төгсөөд Эрхүүд нэг жилийн бэлтгэл хийж, Москвагийн их сургуульд суралцаж “ хөрс судлагч, агрохимич” мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсч ирээд 1982 онд Хөдөө аж ахуйн яаманд газар тариалангийн хэлтсийн мэр­гэ­жилтэн гэдэг албаар ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Суралцсантайгаа нийлээд 50 гаруй жил гавал-газар хоёрыг холбож явна гэх үү дээ.

-Хөдөө аж ахуйн яаманд ажиллаад л байв уу?

-Би Содномдорж сайдын үед, энэ яамны босго алхсан хүн. Газар тариалан эрхэлсэн шадар сайд маань Б.Бадамжав гэж сайхан хүн байлаа. Эндхийн хүмүүстэй гар нийлээд сайхан ажиллаж байсаан. Нэг л юманд сэтгэл дундуур байлаа. Яаманд өдөр болгон алба ажил хөөцөлдөнө. Би болохоор, үзсэн мэдсэнээ амьдралд хэрэгжүүлж, судалгааны ажил хиймээр, эрдмийн зэрэг цол хамгаалмаар санагдаад байдаг. Энэ тухайгаа сайд дарга нартаа хэлсэн л дээ. Тэгээд намайг ХААДС-д шилжүүлсэн юм. Эндхийн Хөрс судлал-агрохимийн тэнхимд гурван жил багшлахдаа их зүйлийг мэдэж, судалгааны овоо их материал цуглуулж, аспирантурт суралцах эрх олж аваад эргээд МГУ-даа очиж эрдмийн зэрэг хамгаалж ирээд ХАА-н дээд сургуульдаа агрономын факультетэд декан болж байж билээ. Профессор С.Ичинхорлоо тэргүүтэй нөхөрсөг хамт олны дунд, оюутнуудтай ажиллах шиг сайхан ажил байх уу даа. Олон шавьтай болсон. мэргэжлээрээ олон хүнийг гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Ингэж байтал манай факультетийг Дархан хот руу нүүлгэнэ гэж бужигналаа. Бид ч нүүхгүй, явахгүй гэж зүтгэлээ. Олон ч хүн намайг дэмжиж байсан. Ингээд л санаа бодол маань “сарниж” эхэлсэн дээ. ХААДС-ийн дэргэдэх мэдээллийн төвд захирал, таван дээд сургуулийн консерциумын гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж байснаа шинэ тутам хөгжиж байгаа аялал жуулчлалын салбарт хүчээ соръё, байгаль орчноо хамгаалахад нэмэр хандив болъё гэсэн сэтгэлээр сүүлийн 20 гаруй жилээ энэ үйлсэд зориулж явна.

-Пүүжээ доктороо, хоёул ярианыхаа үндсэн сэдэвт ормоор байна. Би тантай нэлээн хэдэн жилийн өмнө Д.Сүхбаатарын талбайд уулзан танилцсан Д.Энхбатын удирдсан иргэний хөдөлгөөн ид хүчээ авч байсан үе л дээ. Д.Энхбат гэдэг маань миний эртний танил Цогт эх оронч Дангаасүрэнгийн хүү. Эцэг нь шударга үнэний төлөө зоримог тэмцсэнээсээ болж МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөн “сэхээтний төөрөгдөл “ гэх хилс хэргээр арга хэмжээ авагдан зовж зүдэрч явсан хүн. Д.Энхбат маань яг эцгийгээ дуурайсан эх оронч залуу. Тэр хөдөлгөөнд та мэтийн шударга эх орончид нэгдсэн байсан. Тэгээд л би та нартай нийлж бичиж сурвалжилж явсан даа. Энэ хөдөлгөөн яаж эхлээд, ямар зорилго тавьж байв ?

-Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй эх орончдын хөдөлгөөний л нэг. Цөөн хэдэн хүн эрх мэдлээ ашиглан гадаадынхантай хуйвалдаж эх орноо хэсэгчилэн худалдаж байсныг бид зүгээр хараад сууж чадаагүй юм. Нэг үгээр хэлвэл лицензийн “хар зах” ажиллаад газар нутгийнхаа тал хувийг зарчихсан юм. 1997 онд эрх мэдэлтнүүд хуйвалдаад “Ашигт малтмалын хууль” гэгчийг баталсан. Энэ үед Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга хэн байсныг та нар санаж байгаа байх. Энэ ашигт малтмалын хууль гэгчид орд газруудаа бараг үнэгүй шахам байгууллага, хувь хүнд өгч болохоор хуульчилсан юм. Ингээд лиценз гэгчийг анх гаргаж, лицензийн “хар зах” ажиллуулсан. Хэн дуртай хүнд тухайлбал өөрсдөө аваад ханалгүй гэр бүлийнхэн, ах дүү төрөл саднаараа Монголын сор болсон газар нутгуудыг хуваагаад авчихсан. Нэг лицензээр 450 мянган га хүртэл талбайг авах эрх олгогдож байгаа юм. Та боддоо, Өмнөговь аймаг л гэхэд 137 мянган км.кв нутагтай үүнээс том нутгийг нэг хүнд өгчихөж байгааг та яаж харж байна. Тэр “Айвонхоу Майнзын” эзэн  “чөтгөр” Фрийдланд олон улсын нэг томоохон хурал дээр: Би Монголд Калифорноос том, эрдэнэсийн нутаг эзэмшдэг” хэмээн сайрхаж байсантай таарч байлаа. Япон нөхөртэй нэг Монгол хүүхэн ганцхан өдрийн дотор 60 гаруй лиценз авчихдаг, энэ мэтээр л Монголын газар нутгийг гадныхантай эвсэн тонон дээрэмдэх ажиллагаа эхэлсэн юм даа. Газрын лицензийг ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын удирдлагуудаас эхлээд төрийн эрх мэдэлтнүүд 60 жилээр олгож дэлхий даамгүй баяжсан түүх энэ. Үүний эсрэг иргэний хөдөлгөөнүүд тэмцээд хүчин мөхөсдсөн. Их мөнгөөр ямар муухай загнасан гээ. Тэр мэтийн бүлэглэлийнхэн одоо хэрнээ төр засгийн толгойд ширээ сандалтайгаа зууралдсаар л сууна.

-Оюу  толгойн гэрээний асуудал ч үүнтэй холбоотой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Энэ бүлэглэлүүд чинь улсаа худалдаж, эх орноосоо урваж баяжсан байхгүй юу. Улсаа худалдсан, барьцаалсан бүлэглэлүүдийн гол удирдагчид өнөөдөр УИХ-ын толгой талд байгаа учраас, бэлэн баримт байсаар байхад гол удирдагчдыг нь цээрлүүлэлгүй Ардчилсан намын угшилтай хэдэн хүнийг барьсан, тавьсан болж “муур хулгана болон тоглосоор” л байна. Гадаадынхантай үгсэн хуйвалдаж газар нутгаа худалдаж энэ явдал чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг юм биш үү.

-Та энэ цаг үеэс л эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэ­лээр тэмцэж байгаа. Монгол­чууд байтугай дэлхий таныг таних болсон. Газар шороо, байгаль орчныхоо төлөө тэмцсэн олон жишээ бий. Дархан-Уул аймгийн Хонгорын аймшигт хордлогын үеэр та тэнд л байсан. Дорноговийн нутгийг ураны цацраг идэвх­тээр хордуулж байхад та мөн л тэнд байсан. Ноён уулын төлөө та олон жил амь хайргүй тэмцлээ. Энэ бүхнийг ярих гэвэл та бид хоёрт олон хоног хугацаа хэрэгтэй.

-Ноён уулаа аварч үлдээх гэсэн хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ уул чинь Монгол орны хойморын гол шүтээн. Байгалийн үзэсгэлэн төгс газар нутаг шүү дээ. Тэгээд  монголчууд ноёд хаадынхаа алтан шарилыг энэ хайрханаа бараадуулж тавьдаг байж. Тийм онгон дагшин газар нутагтаа харийнхантай сүлбэлдсэн хулгайч луйварчдад сүйтгүүлмээргүй байгаа юм.

Хоёрдугаарт, энэ уул, ойр орчмын газар доор хүнцэл (мышъяк) гэдэг аймшигт хор дүүрэн бий. Би, хөрс судлаачийн хувьд нутаг орныхоо олон газарт судалгаа хийсэн. Лабораторийн шинжилгээ судалгааны олон материал байна. Энэ уулын газар шороог хөндөснөөс болж өнөөдөр Хараа гол руу жилд 3.3 тн хүнцэл орж байгаа юм. Газар нутгийг хордуулаад зогсохгүй хүн, малыг үлдээхгүй дуусгана гэсэн үг. Дээр үед ноёдууд энэ л хүнцлээр бие биенээ хордуулж алж байсан гээд боддоо. Байгалийн ийм их хор хөнөөлтэй газрыг ухах гэлээ гэж л иргэний хөдөлгөөний нөхдүүдтэйгээ хамтарч тэмцээд байгаа юм. Арга ядаад хамтарч шүүхэд хандсан. Шүүх хурлыг сая 36 дахь удаагаа хойшлууллаа. Олон улсын хуулийн практикт ч 36 удаа хойшилсон хурал байдаггүй юм. Олон түмэн бол, их мөнгөтэй хүмүүс, цөөн хэдэн шүүгчид нөлөөлж хойшлуулаад байна гэдэг. Нэг удаа хойшлуулахад шүүгчид хичнээн саяыг өгдөг юм, мэдэхгүй л дээ.

-Та чинь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд сайдын зөвлөх болчихсон яваа биз дээ?

-Тэгсэн. Оюун сайд мэргэжлийн хүний хувьд тантай гар нийлж ажиллая гэсэн. Бид нэг нам бие биенээ сайн мэдэх хүмүүсийн хувьд гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байсаан. Одоо чинь тэгээд алба ажил болгон хугацаатай, хувь хүнээс үл хамаарах болж. Нам ялбал байж л байдаг, нам ялагдвал хэн ч байсан халагдаж солигддог хэцүү үе боллоо. Хувь хүнийг ажил мэргэжлээр нь бус аль намын, аль бүлэглэлийн, аль аймгийн, манайхны төрөл садан мөн үү, биш үү гэдгээр хэмжин, ямар ч мэдлэг мэргэжилгүй, бичиг үсэг мэддэг ч юмуу үгүй ч юм уу хүмүүс алба хаших болж дээ. Хайран Монгол төр минь.

-Таныг байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Оюуны зөвлөхөөр ажиллахад, хүмүүс “ганц нүдээ оллоо” хэмээн их дэмжиж байсан. Тэгсэн чинь нэг л мэдэхэд халагдчихсан. Юу болчихов?

-Ер нь би чинь алба хэргэмд хэзээний дургүй хүн шүү дээ. Тэгээд ч ийм ороо бусгаа цагт яам тамга бараадах нь онцгүй гэж бодож байлаа. Тэгэхдээ мэргэжлийн дагуу юм гэж бодоод очсон л доо. С.Оюун сайдтай бол гар нийлж ажилласан. Сайд маань тал бүрийн мэдлэгтэй, их эвлэг ааш зантай сайн хүн. Одооны яам гэдэг газар чинь, янз бүрийн өв ургамал холилдсон, тэр дундаа хогийн өвс ургамал нь дийлэнх талдаа болчихсон газар юм билээ. Мөнгөний төлөө, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүмүүс тэнд байна. Улсад юм бүтээе гэхээсээ, уутаа яаж дүүргэх вэ гэсэн хүмүүстэй хамт ажиллах ч амаргүй юм билээ.

-Ганц хоёр баримт хэлж болох уу?

-Бололгүй яахав. Яам болгонд улсын төсвөөс бүрдүүлсэн сан байдаг юм байна. Хамгийн бага нь манай яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан” гэхэд л улсын төсвөөс жилд 6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Яамны сайд гарын үсэг зурж, тамга дараад зарлагадаад байсан сан. Би, энэ яамдын дэргэд улсын төсвөөр байгуулагдаж байгаа санг дэмжихгүй гэдгээ шууд хэлдэг. Хэрвээ заавал байх шаардлагатай юм бол Сангийн тэргүүн сайд нь удирдах зөвлөл байгуулан зарлага орлого тооцдог, тайлангаа тавьдаг, ил тод сан байх ёстой гэж тэмцээд олон хүний дургүйг хүргэсэн. Голдуухан, тэр сангаас ямар нэг байдлаар хувь хүртдэг хүмүүс л эсэргүүцээд байдаг юм билээ. Харин С.Оюун сайд бол миний саналыг дэмжиж Удирдах зөвлөл байгуулаад ил тод болгосон. Сайдын дэргэд ямар нэг сан байхыг би үгүйсгэхгүй. Гол нь улсын төсвөөс санхүүждэггүй, ил тод л байх ёстой. Яам тамгын газруудад ийм муухай зүйл үүрэлчихсэн байдаг болохоор би тэнд чинь таарч тохирохгүй хүн билээ. Тэгээд л төрийн бус байгууллага байгуулан ажил үйлчилгээ явуулж байна даа.

-Таны удирддаг ямар байгууллага билээ?

-Монголын “Ногоон загалмай” нийгэмлэг. Дэлхийн олон улс оронд ийм нэртэй байгууллага байдаг юм. Байгаль хамгаалах чиглэлийн өргөн цар хүрээтэй ажил үйлчилгээ явуулдаг юм. Олон улсын төвтэй. Дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудыг цуглаж ярилцана. Тунхаг бичиг гаргана. Олон улсын хэмжээнд их нэр хүндтэй байгууллага. Би Монголынхоо энэ байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.

-Монголын газар шороо, уул, ус, хэдхэн жилийн дотор сүйрч гүйцэж байгаагийн эсрэг л тэмцэнэ гэсэн үг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гадныхантай гар ганзага нийлсэн энэ мэтийн бүлэглэлүүд чинь Монгол орноо даанч хайрлах сэтгэлгүй сүйтгэлээ. Та хөдөөгүүр явж үздэг үү, үгүй юу. Хаа л бол ухсан нүх, овоолсон шороо. Арай амь тавиагүй урсаж байгаа гол мөрнүүд нь улаан булингар урсаж байна. Түүнээс чинь хүн, мал уугаад үхэж үрэгдэж байна. Монгол Улс 60-70 сая толгой малаа бэлчээх бэлчээргүй боллоо. Байгаль орчны энэ гайхалтай мөлжлөгийг харж хандах, хамгаалж өмгөөлөх  төр засаггүй боллоо. Ийм нөхцөлд санаа нийлсэн нөхдүүд төрийн бус байгууллага байгуулж, тэмцэхээс өөр аргагүй болсон.

-Таны бичсэн олон арван ном зохиол, кино, сургамжтай зүйлүүд бий. Тэр дундаас би “ Хорвоогоор аялахуй” номыг чинь хэд дахин уншиж билээ. Миний ширээний ном л доо. Та  гадаадын олон хэл мэддэг, дэлхийн олон орноор аялаж, тэндэхийн жирийн амьдралыг нүдэнд харагдахаар бичдэг болохоороо нэн сонирхолтой юм билээ. Тэр бүхнийг уншихаар дэлхий тойроод ирсэн юм шиг бодогддог шүү ?

-Баярлалаа. Төр түмний буянаар би дэлхийн 50 гаруй орноор аялаж үзсэн байх юм. Голдуухан л алба ажлын хүрээнд л дээ. Гэхдээ би очсон газар болгондоо хуралд суугаад, алба ажлаа амжуулчихаад ирдэггүй. Чөлөө зав л гарвал хот, хөдөөгөөр нь явж, жирийн амьдралыг их сонирхдог. Айл хунараар ордог. Янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүстэй хуучилж, зовлон жаргалаа хуваалцдаг. Тэр бүхнээ камерын бичлэг байнга хийнэ. Энэ бүхэн маань миний номын материал болдог юм. Энэ зочид төлөөлөгчид гэдэг маань хуралд сууж, бэлтгэсэн үг хэлээд, тансаг зочид буудалд хоол цайны дээдээр дайлуулчихаад ирж очиж байгаа шүү дээ. Би, түүхийг жаахан өөр өнцгөөс харъя л гэж боддог хүн. Манайхан чинь нэг зочин төлөөлөгч ирэх л болвол аль эртнээс бэлдээд, арай л гадаад яамны дээрх шовгор оройг буулгаж арчих нь холгүй, хэдэн өндөр байшин үзүүлж, хөдөө нэг баяныхаар оруулж цайлж дайлаад, эхнэртэй нь ижил зүсмийн морь унуулж зургийг нь авахуулаад “Монгол Улс ардчиллын замаар үлгэр жишээ хөгжиж байна” гэсэн сэтгэгдэлтэй буцаадаг шүү дээ.

-Таны баримтат кино­нууд бий. Энэ талаараа?

-“Алт бидний ирээдүй мөн үү”, “Монголдоо сайхан амьдаръя” гэхчилэн баримтат кино бий. Мөн л байгаль орчныг хамгаалахтай холбоотой сэдвүүд. Нэлээн хурц асууд­луудыг дэвшүүлж тавь­сан учраас хүмүүс сонирхдог юм.

-Сэдвээсээ нэлээн гажиж нэг зүйл асууя. Та УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байсан. Хүмүүс таныг яасан ч гараад ирнэ гэж хардаг байсан боловч, санал дутчихсан байсан. Яагаад тэгсэн юм бол?

-Миний бодол бол УИХ-ын гишүүн болчихвол байгаль орчны талаар хүчтэй дуугарч, дэмжлэг авч болох юм л гэж боддог байсан. Намын нөхөд маань намайг УИХ-ын сонгуульд өрсөлд гэж хэд хэдэн удаа санал тавьсан. Намын хамт олны итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэсэн үүднээс хоёр ч удаа нэрээ дэвшүүлсэн. Би ялаагүй ч гэсэн сонгууль гэж юмны үнэн чанарыг хамгийн сайн ойлгосон. Сонгуулийн өмнөх уулзалтууд дээр “таны төлөө санал өгнө” гэж мөн ч олон хүн амласандаа. Дүн гарахад нөгөө л их мөнгө, эд бараа тараасан, цайлж, дайлсан, худлаа амласан хүмүүст саналаа өгчихсөн байдаг юм билээ. Дархан хотод тэндхийн дарга байсан, одоо энэ УИХ-ын гишүүн байгаа “баян” Д.Хаянхярваатай өрсөлдөөд ялагдчихсан. 2012 оны сонгуулиар ИЗННам миний нэрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зоочихсон. Монголын толгой баячууд болох Д.Тэрбишдагва, Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг нарын хүмүүстэй өрсөлдөөд ялагдсан. Нэг найз маань надад “Банкиндаа 6 сая төгрөгтэй хүн, 6 тэрбум төг­рөгтэй хүмүүстэй өрсөл­дөж яахнав дээ” гэж байсан. Үнэн л юм билээ. Олны хэлдгээр үнэхээр л хүч тэнцвэргүй тулалдаан болсон л доо.

Ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Amoxicillin Cause Yeast Infection Can Amoxicillin Stain Teeth cialis 40 mg Kamagra Jelly Usa

Ганболд
2018 оны 6-р сарын 27

Сайн байна уу Доктор Шаравын Пүрэвсүрэн гуайн Fb хаяг байдаг болов уу “Ногоон Хас” нийгэмлэгийн Fb хая байдаг болов уу?

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *