Ш.Энхжаргал: 30 бүтээлч ажил, сурлагын амжилтаар ойгоо угтана

9-р сарын 7, 2018 10:11 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 9
9-7-6

Б.ЭНХТУУЛ

СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж бол Монгол Улсын баруун бүс нутагт соёлын үрийг тарьж,  хөдөө орон нутагт урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль юм.  Тус сургуулийн хамт олон 30 жилийнхээ түүхт ойг энэ сарын 21-23-ны өдрүүдэд тэмдэглэхээр товлоод байна.  Энэ тухай сургуулийн захирал Ш.Энхжаргалтай ярилцлаа.

Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн хамт олон 30 жилийнхээ түүхт ойг хэлэх үгтэй, хийсэн ажилтай угтаж байна. Товчхон танилцуулгаар ярилцлагаа эхэлье?

-Манай сургууль  Монгол Улсын баруун бүс төдийгүй хөдөө орон нутагт байдаг, урлагийн боловсрол олгодог цорын ганц сургууль гэдгээрээ онцлогтой. 2018-2019 он манай сургуулийн хувьд их онцлогтой жил тохиож байна. СУИС-ийн салбар, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойтой золгож байна. Аливаа ой, тэмдэглэлт өдрүүд гэдэг тухайн байгууллагын түүхийг өгүүлж байдаг. Хэзээ анх байгуулагдсан, ямар түүхтэй, ямар замаар хөгжиж, урагшилж ирсэн сургууль вэ гэдгийг эргэн харах боломж олгодог.

Гучин жилийн түүхийг сөхвөл бид өмнөх үе, өчигдөргүйгээр урагшлахгүй юм. Энэ сургуулийг анх үүсгэн байгуулсан бүхий л хүмүүст чин сэтгэлээсээ талархах ёстой юм. 1987 оны арванхоёрдугаар сарын 14-нд Завхан аймаг дахь ХБК-ийг анх үүсгэн байгуулах тушаал гаргасан байдаг. Тухайн үед дээд, дунд боловсролын тусгай хороо гэж байхад, тус байгууллагын дарга, соёлын яамны сайдын хамтарсан тушаалаар Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуулийн салбар сургуулийг Завхан аймагт байгуулах тухай гэсэн тушаал гарч, 1988 оны есдүгээр сарын 1-нд манай сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байсан түүхтэй. Манай сургуулийн түүхэн замнал үргэлж шулуун дардан байсангүй. 1990-ээд оны үед нийгэм, цаг үеийнхээ байдлаас болж, унаж босох, хаалгаа барих хүртлээ  хатуу хөтүү цаг үеийг туулж ирсэн байдаг. Энэ хүнд хэцүү цагт манай үе, үеийн удирдлагууд маш оновчтой, зөв бодлого шийдвэрүүдийг авч хэрэгжүүлж байсны үр дүнд,  Завхан аймгийн  Хөгжим бүжгийн коллеж Монгол Улсын соёл урлагийн боловсролд  үр өгөөжөө өгөх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн учраас бид урагшлан хөгжиж, өнөөдөр 30 жилийнхээ түүхт ойг угтах гэж байна.

Ойн хүрээнд олон чухал ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-Бид 30 бүтээлч ажлын аяныг зарласан. Ажлын гүйцэтгэл 100 хувьтай, төлөвлөсөн ажлуудаа бараг хийгээд дуусч байна. Энэ сарын 21-23-ны өдөр бид ойгоо тэмдэглэхээр товлоод байна. Томоохон ажлуудаасаа дурьдвал, Завхан аймагтаа анх удаа П.И.Чайковскийн “Щелкунчик” бүжгэн жүжгийг тайзнаа тоглоод байна. Манай Улиастайд Ерөнхий боловсролын таван сургууль байдаг. Сургуулийнхаа 6000 орчим хүүхдэд таван удаагийн давтамжтайгаар энэхүү бүжгэн жүжгээ тоглож үзүүллээ. Энэ бол хөдөө орон нутагт сонгодог урлагийг сурталчилж буй маш том ажил болсон. Мөн өнгөрсөн хавар “Өвгөн багш” Г.Цэрэндорж гуайн 110 насны ойд бид ач холбогдол өгч ажилласан. Өсвөрийн лимбэчдийн мэргэжлийн уралдаанд манай сургуулийнхан маш амжилттай оролцож, VIII ангийн сурагч Мөнхзул III байр, XII ангийн сурагч Баасанжаргал I байрт амжилттай оролцлоо.  Мөн өнгөрсөн хавар олон улсын ёочин төст хөгжмийн уралдаанд манай сургуулийн сурагч V байрт орлоо. Шилдэг концертмейстроор Ариунсайхан шалгарлаа. Энэ мэтчилэн сургалтын чанарыг ахиулсан олон сайхан амжилттайгаар ойгоо угтаж байна.

Баруун аймгууд ардын авьяастан олонтой. Дээрээс нь Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийнхон багш, сурагч гэлтгүй олон тэмцээн уралдаанд түрүүлсэн бахархам амжилтуудтай явж байдаг. Багш нарынхаа уран бүтээлийн ололт, амжилтаас сонирхуулаач?

-Манай сургуулийн сонгодог бүжгийн багш Б.Гантөмөрийн санаа­чилгаар П.И.Чайковскийн “Шелкунчик” балетыг айм­гийнхаа театрт ам­жилттай зохион байгуулж Улиастай сумын иргэд, хүүхэд багачуудад тоглож үзүүллээ. Мөн лимбэний багш, Соёлын тэргүүний ажилтан  Р.Эрдэнэлхагва “Limbe of  Classic”  уран бүтээлийн тоглолтыг Улсын филармонийг  концертын танхимд зохион байгуулсан. Инновацийн бүтээл гаргасан. Энэ нь одоо манай мэргэжлийн урлагийн байгууллагуудад хэрэглэгдэж байгаа лимбэ ихэвчлэн фа мажорын дуугаралттай байдаг. Түүний хөгийг нь доошлуулаад, ре мажор болгоод, илүү өтгөн дуугаралттай болгосон. Ийм лимбэ манайд одоогоор гараагүй байгаа. Энэ бол манай сургуулийн брэнд юм. Үүнийгээ энэ жилээс сургалтдаа хэрэглэж, туршиж байна. Мөн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Энэ мэтчилэн өөрсдийнхөө хэмжээнд бололцоотой бүхнээ хийгээд, туршаад, сургалтдаа нэвтрүүлээд явж байна.

Урлагийн сургуульд багшилна гэдэг амаргүй байх. Сайн шавь төрүүлэхийн тулд багш өөрөө мэдлэгтэй, мэдээлэлтэй байхаас гадна авъяастай, мэдрэмжтэй байх, байнга хөгжиж, шинэчлэгдэх шаардлагатай байдаг байх. Танай сургууль багшийнхаа хөгжилд хэр анхаарч ажиллаж байна вэ. Мөн багш нар маань судалгааны ажилд хэр оролцож байна?

-Чанартай боловсролын эх үндэс нь багшийн хөгжлөөс шалтгаалж байдаг. Багш олон талын мэдлэгтэй, боловсролтой, ёсзүйтэй байж байж, хүүхдийг зөв хүмүүжүүлдэг. Багшийн хөгжлөөс сурагчдын хүмүүжил шууд хамаардаг. Тиймээс бид судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр ахисан шатны магистр, докторантурын сургалтад багш нараа үе шаттайгаар суралцуулах, мөн ажлын байр дээр багш өөрөө хөгжих, судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нь дэмжиж ажиллаж байна. Манай сургуулийн багш нарт баруун аймгууд руу явж, судалгаа шинжилгээ хийх боломж нээлттэй байдаг. Шавь нараараа дамжуулаад, судалгааныхаа бүтээлийг баруун аймгууд руу явж хийж байна. Тухайлбал, Морин хуурын С.Түмэнбаяр багш маань “Эх хэл” гэсэн нэртэй соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлээд явж байна. Увс, Ховд зэрэг аймгуудаар явж, ардын язгуур урлагийг өвлүүлэн хөгжүүлэх судалгааны ажлуудыг хийж байна. Энэхүү судалгааны ажлаа эхний удаа сургалтад нэвтрүүлэх, цаашлаад инноваци бий болгох зорилготой ажиллаж байна.

Ойгоо угтаад бүтээн байгуулалтын ажлууд хэр хийв. Сурагчдынхаа сургалтын орчин нөхцлийг сайжруулж, сургуулийнхаа дотуур байрыг засч шинэчилсэн гэж  байсан?

-Манай сургуулийн  VI-XII ангийн сурагчид маань дотуур байранд байдаг. Сургуулийн дотуур байр маань бараг 20-иод жил засвар хийгдээгүй байсан. Тиймээс өөрсдийнхөө нөөц боломжийг ашиг­лаад, дотуур байраа иж бүрэн засч шинэчиллээ. Өмнө нь 150 хүүхдийн дунд ганцхан бие засах өрөөтэй байсан. Харин одоо эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн халуун ус, бие засах өрөө нь  тусдаа, амьдрах орчин нь өмнөхөөсөө илүү тав тухтай болсон. Нөгөөтэйгүүр, Улиастай сум маань газарзүйн байршлын хувьд, өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг. Тиймээс үер, усны болзошгүй гамшгийн эрсдэлтэй бүсэд ордог. 2014 онд манай сургууль үерт автаж, 180 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Энэ жилийн хувьд мөн тэр мөчлөг тохиож, хур бороо ихтэй зун байлаа. Өнгөрсөн хавар тавдугаар сард үер усны болзошгүй аюулаас сэргийлж, бид үерийн даланг барьж байгуулсан. Үүнийхээ хүчинд, өнгөрсөн долдугаар сард орсон усархаг аадар борооны үер усны аюулыг давж гарч чадлаа.

Сургуулийнхаа гадаад харилцааг хэр өргөжүүлж байна. Завхан аймгийн ХБК-ийн 30 жилийн ойд гадна, дотны төлөөлөгчид хэр ирэх вэ?

-Бид сүүлийн жилүүдэд сургуулийнхаа орчин нөхцлийг сайжруулахаас гадна сургалтын цар хүрээгээ тэлэх, гадаад  харилцаагаа өргөжүүлэх тал дээр чамгүй анхаарч ажилласан. Төв сургууль СУИС-ийн удирдлагууд маань дэмжиж, манай сургуулийн бүрэлдэхүүнийг ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит коллежтой холбон өгч, бид хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Сургуулийн ойгоор тус сургуулиас төлөөлөл ирж, ойн арга хэмжээнд оролцож, оюутан солилцох чиглэлээр хамтран ажиллах гэж байна. Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн Хөгжмийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ сургуулиас бас зочид төлөөлөгчид ирж, ойн арга хэмжээнд оролцоно.

Энэ хичээлийн жилд нийт хэчнээн суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Мөн хэдэн мэр­гэж­лээр урлагийн мэргэ­жилтэн бэлтгэж байна. Шинээр хийж хэ­рэг­жүүлж байгаа ажлуу­даасаа онцлохгүй юу?

– Манай сургууль 250 гаруй хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ угтаж байна. Есөн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Боловсролын байгууллага бол үргэлж өсч хөгжиж, дэвжиж дээшилж байх учиртай. Тэр утгаараа өнгөрсөн жил эвэр бүрээ, их хуурын анги шинээр нээсэн. Үндэсний зургаан хөгжмийн анги, үүн дээр төгөлдөр хуур, уран зураг, хөөмийн анги нээсэн. Энэ жилээс бид уртын дууны анги бэлтгэж байна. Яагаад эвэр бүрээ, их хуурын анги нээсэн бэ гэхээр бидний үндсэн чиг үүрэг бол баруун таван аймгийн театр, чуулгыг урлагийн мэргэжилтэн, хөгжимчин бүжигчнээр хангах зорилготой. Аль ч театр чуулгад хөгжмийн состав, хөгжмийн хөг бүрдүүлэлт гэж байдаг. Тиймээс бид оркестр, хөг бүрдүүлэлтийг цогцоор нь бүрдүүлэхийн тулд дээрх хоёр хөгжмийн ангийг нээсэн. Нэгэнт бидний орчин цагийн шаардлага маань үндэснийхээ урлагийг цогцоор нь түгээн дэлгэрүүлэх зорилготой учраас үндэсний бүх төрлүүд, ардын бүжиг, хөөмий уртын дуу гээд ардын урлагаа цогцоор нь сургаж, сурталчилах зорилготой учраас ийм шинэчлэл хийгээд байна. Эдгээр мэргэжлүүд маань сургалтад ч бас үр дүнгээ өгч байна. Хөөмий, уртын дуу, морин хуурын ангийн хүүхдүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байна.  Энэ нь ажлын байр дээр гарахад ч ач тусаа өгч байна. Заавал аль нэг театр, чуулгад мэргэжилтнээр очих бус бие даагаад уран бүтээлээ туурвиад явах, хамтлаг болоод үндэсний урлагаа сурталчилаад явах боломжтой болж байна.

Гучин жил гэдэг бас залуухан цаг хугацаа. Хамгийн анхны төгсөлтийнхөн яг л ид хийж бүтээх насандаа яваа байх. Ер нь төгсөгчидтэйгөө хэр эргэх холбоотой ажиллаж байна вэ?

-Сургуулийн удирдла­гууд, багш хамт олны маань  зүгээс хамгийн их баярлаж байгаа зүйл бол манай үе, үеийн төгсөгчид сургуульдаа маш сайхан сэтгэлтэй зүтгэлтэй, эргэх холбоотой хамтарч ажилладаг. Төгсөгчид маань Улаанбаатар хотод болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, үндэснийхээ урлагийг түгээн дэлгэ­рүүлж байна. Тийм боло­хоор өнгөрсөн жил нийслэл хотод “Төгсөгчдийн холбоо”-гоо есөн тэрүүлэгчтэй бай­­гуулсан. Энэ бүрэл­дэ­хүүнд хөгжим, бүжиг, уран зураг, дуулаа­чийн төрлөөс бүрдсэн төг­­сөг­­чид багтсан. “Төгсөгчдийн холбоо”-ны тэргүүнээр “Классик жем” хамтлагийн ахлагч Х.Энхтайван сонгогдон  ажил­лаж байна. Тэд ца­хим орчинд “Бид хөг­жим бүжгийнхэн” гэ­сэн грүпп байгуулаад,  м­эдээ мэдээлэлтэй, санаач­лагатай ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард МҮЭСТО-нд “Манай ангийнхан” гэсэн тоглолт зохион байгуулсан. Өөр мэргэжлээр ажиллаж байгаа ч гэсэн хөгжмөө бариад оркестрт суугаад тоглолтод оролцоод, нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй оркестр бүрдсэн бахархам сайхан тоглолт болсон. Зөвхөн Улаанбаатараас 150-200 төгсөгч Төрөлх сургуулийнхаа ойд оролцоно гэсэн мэдээлэлтэй сууж байна. Баруун аймгуудын урлагийн байгууллагад ажиллаж буй төгсөгчид маань ойдоо ирж оролцоно. Увс, Ховд зэрэг аймагт манай сургуулийн төгсөгчдийн 90 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байдаг. Тийм болохоор ойн арга хэмжээ маань өргөн бүтэц бүрэлдэхүүнтэй, одоо суралцаж байгаа хүүхдүүд маань төгсөгчидтэйгөө танилцсан, залгамж ха­лаагаа бататгасан сайхан үйл ажиллагаа  болох байх.

Төгсөгчдийнхөө ам­­­жилт бүтээлээс сонирхуулаач?

-Анхны төгсөгчид маань бүгд олны танил болсон уран бүтээлчид байдаг. Тухайлбал, “Классик жем” хамт­лагийн ахлагч Х.Энхтайван, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Бумхүү, зохиолын дууны мастер, дуучин А.Түмэн-Өлзий, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий удирдаач Н.Даваасүрэн, дуучин Д.Пэрэн­лэй­лхагва, “Х-Түц” продакшны жүжиг­чин Т.Бархүү, ХБК-ийн Ардын хөгжмийн тэнхмийн багш Г.Нямжанцан, СУИС-ийн багш С.Энх-Амгалан, Ц.Цэвэгсүрэн, “Алтай” хамтлагийн ах дүү уран бүтээлч Б.Баасанжаргал, Б.Гүрбазар, “Хар сарнай” хамтлагийн С.Амар­мандах гээд дурдвал сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа олон байна. Мөн уран бүтээлч мэргэжлээрээ ажиллаад, хөгжмийн боловсролыг түгэн дэлгэрүүлж байгаа авьяаслаг багш нар олон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *