Ш.Батхүү их хэмжээний зээл авснаар банк алдагдалд орсон

7-р сарын 23, 2013 11:40 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 627
“Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэх болсноо Монголбанкныхан албан ёсоор мэдэгдлээ.

Э.ӨНӨР

“Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэх болсноо Монголбанкныхан албан ёсоор мэдэгдлээ. Өнөөдрөөс тус банкны харилцагчид Төрийн банкаар үйлчлүүлнэ гэдгийг тэд онцолсон. Давхардсан тоогоор 1.7 сая хүнд 980 гаруй тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж байсан энэ банк ийм байдалд хүрэхэд хувь эзэмшигч, улстөрчид нөлөөлсөн гэдгийг Төвбанкныхан хүлээн зөвшөөрч байна. Харин “Хадгаламж” банкны үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс доголдож, өнөөдрийн энэ байдалд хүрснийг мэдэж байснаа Монголбанкны удирдлагууд хэллээ. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Хадгаламж” банкийг төрийн өмчит банкинд шилжүүлэх гол үндэслэлүүд юу байв?

-Өнөөдөр Монгол­банкны захирлуудын зөвлөлийн хурлаар “Хадгаламж” банкинд Хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтын танилцуулгыг хэлэлцлээ. Шалгалтаар банкны алдагдал 108 тэрбум төгрөг, актив хөрөнгө нь өөрийн хөрөнгөөсөө 90 гаруй тэрбум төгрөгөөр дутсан учраас Банкны тухай хуулийн дагуу өөрийн хөрөнгө алдагдсан “Хадгаламж” банкийг эрх хүлээн авагчид томилох шийдвэрийг гаргалаа. Тус банкийг албадан татан буулгаж, актив болон пасив хөрөнгийг өөр банкинд шилжүүлж, бүтцийн өөрчлөлт хийснээр зардал бага гарна гэж үзэснээр банкийг албадан буулгах шийдвэр гарсан. Өнөөдрөөс /өчигдөр/ “Хадгаламж” банкны харилцагчдын бүх хөрөнгийг төрийн банк руу шилжүүлж байна. Маргаашаас / өнөөдрөөс/ “Хадгаламж” банкны 500 гаруй салбараар явж байсан бүх харилцагчдын үйлчилгээ Төрийн банкаар дамжин хэвийн явагдана гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Төвбанк энэ байдал үүсэхээс өмнө ямар нэг арга хэмжээ авах боломж байгаагүй юм уу?        

-Энэ банкны үйл ажиллагаа доголдох болсон нь гэнэтийн үйл явц биш. 2011 оноос эхлэн хувь нийлүүлэгчидтэй холбоотой их хэмжээний өр авлагыг шийдвэрлэхээр Монголбанкнаас тус банкинд хяналт шалгалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч хувь нийлүүлэгчдийнх нь банкнаас авсан зээлийн чанар муудсан. Иймээс Төвбанкнаас авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрээгүй. Энэ байдал хоёр жилийн өмнөөс мэдрэгдэж байсан.

-Тус банкийг дампуу­рахад хувь нийлүүлэгч нь нөлөөлсөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-“Хадгаламж” банк нэг хувь нийлүүлэгчтэй компани. Тус банкаас хувь нийлүүлэгчдийн холбогдох компаниудаар дамжуулан авсан зээлийн хэмжээ 160 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг.

-Хувь нийлүүлэгч нь “Жаст” групп юм уу?

-Тийм. Тус группийн эзэн Ш.Батхүү Олон овоотын төсөлд зээл авсан.  “Олон овоот”-ын төсөл амжилтгүй болсон болохоор банк алдагдалд орох нэг шалтгаан болж байгаа.

-“Хадгаламж” банкийг төрийн банкинд нэгтгэснээр үйлчилгээнд ямар нэг өөрчлөлт, доголдол гарна гэсэн болгоомжлол байна?

-Энэ банк Төрийн банкинд шилжсэнээр өөрийн хөрөнгө шаардлагатай болно. Үүнийг Засгийн газар Монголбанк бодлогын төвшинд ярилцаад шаардлагатай өөрийн хөрөнгийг төрөөс гаргана гэж үзсэн. Төрийн банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт 22 хувьтай байгаа. Банкны тухай хуулиар энэ үзүүлэлт 12 ба түүнээс дээш байхад хангалттай гэж үздэг.  Тус банк “Хадгаламж”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр 12 хувийн үзүүлэлттэй болохын тулд 40 тэрбум, одоогийн 22 хувийн үзүүлэлтээ хангахын тулд 100 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг хэрхэн шийдэхийг Монголбанк Засгийн газарт танилцуулж шийднэ.

-Яагаад заавал Төрийн банкинд нэгтгэх болсон юм бэ. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй банкуудыг төр мэдэлдээ аваад байх нь хэр зөв шийдэл вэ?

-“Хадгаламж” банкны асуудлыг хэрхэх вэ гэдэг асуудлыг Монголбанк, Засгийн газрын төвшинд нэлээд ярьсан. Дөрвөн арга яригдаж байснаас хамгийн эрсдэлгүй, зөв гарц нь Төрийн банкинд шилжүүлэх нь оновчтой гэж үзсэн учраас ийм шийдвэрт хүрсэн.

Хугацаа алдахгүй шийдвэр гаргах шаардлага байсан. Цаг алдвал эрсдэл үүсч болзошгүй учраас ийм шийдвэр гаргасан.

-“Хадгаламж” банкны ганц хувь нийлүүлэгч  болох “Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан их хэмжээний зээл банкны активаас давж, чанаргүй зээлд шилжсэн гэж байгаа. Энэ их хэмжээний чанаргүй зээлийн асуудлыг яах вэ. Төрийн банкинд шилжүүлэх юм уу?

-Их хэмжээний чанаргүй зээлийн асуудал Монголбанкинд үлдэнэ. Монголбанк энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.  

-“Хадгаламж” банкны ажилчдыг яах вэ?

-503 салбарт нийт 3200 гаруй хүн ажиллаж байна. 1.7 сая харилцагчийн төлбөр тооцоо энэ банкаар дамждаг. Ажилчдын хувьд Төрийн банкинд шилжүүлнэ. Нэг ч ажилтныг ажлаас нь цомхотгохгүй. Төрийн банк гэж нэрээр л явж байгаа болохоос дотоод бүтэц, сүлжээ өмнөх хэвээрээ байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Dapoxetina Janssen canadian pharmacy cialis 20mg Prescribed Ciprodex Otic And Amoxicillin Cytotec Come Comprare Viagra Su Internet

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *