Сергей Безруков: Би тариачин гэр бүлээс гаралтай, цаг наргүй ажиллаад хэвшчихсэн хүн

5-р сарын 4, 2018 11:14 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Шар мэдээ , Энтертайнмэнт , Ярилцах цаг Уншсан: 124
9395019a441b55a35c470c3ee467a32f

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Зээл авч хийсэн зураг авалт, ташуургүй хүмүүжил, театрын хөшигний ард өнгөрүүлсэн хүүхэд насныхаа тухай нэрт жүжигчин маань “Телепрограмм”-ын Ксения Падеринатай ярилцсан байна.

Хамгийн нэр цуутай, олон талын авьяастай Оросын жүжигчдийн нэг тэрээр сурсан зангаараа хаа сайгүй, юм юманд амжиж оролцсоор л явна. Безрузов томоохон хэмжээний түүхэн олон ангит кино “Годунов”-т тоглож, телевизийн “Россия” сувгийн зохион байгуулж байгаа авьяаслаг хүүхдүүдийн “Хөх шувуу” (“Синяя птица”) тэмцээний шүүгчээр ажиллаж байна.

 

“Хамгийн том шийтгэл-аавын гомдол”

 

Сергей, хүүхдийг шүүнэ гэдэг үнэхээр нарийн хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрнө биз?

-Хэцүү. Яагаад гэвэл бүгдийг нь магтмаар, өмөөрмөөр санагддаг. Хүүхэд нэг бүр л анхаарал татдаг, бүгд өөр өөрийнхөөрөө гайхалтай сайхан. Энэ тэмцээнд оролцоно гэдэг нь өөрөө маш том ялалт. Одоо тэднийг улс орон даяар таньдаг, мэддэг болно. Нөгөө талаас энэ бол тэдний хувьд анхны сорилт, шалгалт.

-Хүүхдэд ер нь ийм сорилт, шалгалт хэрэгтэй юү, та юу гэж бодож байна?

-Хүн бүр ийм сорилт, шалгалт өгөх хэрэгтэй гэж боддог. Хүүхдэд халамж анхаарал, урам зориг аль аль нь хэрэгтэй. Зарим багш хүүхдийг дэндүү магтахаар биеэ тооно гэж үздэг. Дөнгөж эхэлж байгаа жүжигчний хувьд урам өгвөл цаашид хөгжиж боловсроход нь чухал дэм болно гэж бодож байна.

“ПУШКИН. ВИСКИ. РОК-Н-РОЛЛ” кинонд СЕРГЕЙ — жүжигчин, продюсер. Харин эхнэр АННА МАТИСОН – найруулагчаар ажилласан. ФОТО: Хувийн архив

Гэхдээ л сонгон шалгаруулалт хийнэ, хэн нэгэнд нь тэнцсэнгүй гэж хэлэх хэрэг гарна.Сэтгэлээр унагах юм биш үү?

-Миний бодлоор шүүгчид бид маш зөөлөн ханддаг. Бидний хувьд бүх хүүхэд маш сайн шүү дээ. Тийм ээ, хэн нэг нь татгалзсан хариу сонсоно, тэгэхдээ энэ тэмцээний ялагчид “Сүүлчийн баатар” киноны үргэлжлэлд зураг авахуулах боломж олдоно. Кино бол юуны өмнө жүжиглэл шаарддаг болохоор тодорхой ул мөр үлдээх байх. Шүүгчдийн бүрэлдэхүүнд энэ чиг үүргийг Елена Яковлева бид хоёр хариуцдаг юм. Бидний үнэлгээ гагцхүү жүжигчний чиглэлээр гэсэн үг.

Олон жүжигчин үр хүүхдээ жүжигчний мэргэжлээр явуулах дургүй байдаг?

-Яагаад юм бол? Би тэгж боддоггүй…

Энэ бол бусдаас, нөхцөл байдлаас маш их шалтгаалдаг хүнд хэцүү мэргэжил гэж ярьцгаадаг.

-Амьдралд байдаг бүх юмтай л адилхан! Бүх юм дандаа нөхцөл байдлаас л шалтгаалдаг. Хүн бүрийн амьдралд өөр өөрийн жаргал зовлон бий, аль ч мэргэжил – уран бүтээлийн ч бай, техникийн ч бай мөн адил. Бидний ажил мэргэжил бусдаас тийм ч айхавтар тасарчихсан онцгой хүнд гэж би хэлэхгүй. Бүх зүйл хүмүүжлээс л шалтгаалах нь гарцаагүй. Жүжигчний мэргэжил бол хөдөлмөр, бүр олон дахин үржүүлсэн хөдөлмөр. Тэмцээн дээр шүлэг уншиж байгаа хүүхдүүдийг харахаар тэдэнтэй сайн багш нар ажиллаасай л гэж би маш их хүсдэг. Надад бол аав минь тийм багш байсан юм. Намайг багаас минь сургаж, надтай маш их ажилласан. Би долоон настай л байсан юм болов уу даа.

Мэргэжилдээ дуртай болоход нь Сергейд түүний аав жүжигчин, найруулагч ВИТАЛИЙ БЕЗРУКОВ нөлөөлсөн бөгөөд хүүхэд наснаас нь түүнтэй уйгагүй ажилласан ажээ. (Зураг дээр голд нь-ээж, НАТАЛЬЯ МИХАЙЛОВНА). Хувийн архивын гэрэл зураг

-Таны амьдралд анхны сорилт, шалгалт тохиолдож л байсан даа? Оддын өвчин таныг тойроогүй л биз дээ?

-Үгүй дээ, үгүй. “Хөдөлмөр, бүр олон дахин үржүүлсэн хөдөлмөр” гэж бас дахиад хэлье. Тийм цаг мөчид дэргэд чинь хэн байгаа нь маш чухал.

Газарт бууж ирэхэд чинь тэгээд хэн тусалсан бэ?

-Надтай үргэлж хамт байсан миний багш нар, миний аав.

Та жүжигчин, театрын удирдагч, таны эхнэр найруулагч. Таны охины амьдралын зам аль хэдийнэ тодорхой болчихсон гэж үзэж болох уу?

-Энэ талаар би одоохондоо юу ч ярихгүй (инээв).

-Театрт бэлтгэл хийж байгаа охиныхоо зургийг та нийгмийн сүлжээнд тавьсан байсан. Охин чинь таны ажил дээр байнга очдог уу?

-Байнга. Гэхдээ бид одоохондоо урьдчилж тааварлаж байгаа ямар нэг юм байхгүй. Болдог юм болдгоороо л болог…

-Он жилүүд улиран өнгөрсний дараа охин чинь “Би аавынхаа жүжиг тоглодог тайзан дээр театрын хөшигний ард өссөн” гэж ярих байх даа.

-Би өөрөө театрын хөшигний ард өссөн. Энэ бол гайхалтай. Гэхдээ би жүжигчин болно гэж огт төсөөлөөгүй. Таван настайдаа би Пушкины театрт аав руугаа очиж, хүүхдийн, том хүний жүжиг олныг үзсэн дээ. Энэ бүхэн надад таалагдсан байсан, тэгэхдээ ирээдүйд ийм юм болно гэж санаанд огт байгаагүй.

-Сургуульд сайн сурч байсан уу?

-Тийм ээ. Нарийн шинжлэх ухааны хичээлүүд хэцүү байсан байх, тэгэхдээ би сайн сурдаг байсан. Үнэлгээ янз бүр байсан. Заримдаа тааруухан дүн авдаг л байсан. Гэхдээ сургууль төгссөн гэрчилгээн дээр дөрвөн хичээлд сайн, бусдыг нь онц дүнтэй дүүргэсэн.

-Муу авлаа гэж зэмлүүлдэг байсан уу?

-Үгүй. Зэмлэдэг л байсан л даа, гэхдээ шийтгүүлж байгаагүй. Надад итгэдэг байсан. Тийм болохоор би сургуулийн асуудлаа өөрөө шийддэг байсан.

-Хүмүүжилд ташуур, амттаны аль аль нь хэрэгтэй юү, та юу гэж боддог вэ?

-Хүүхэд насандаа бол ташуурын амт үзээгүй. Намайг хайрлаж, надад итгэдэг байсан. Биеэ буруу авч явбал гомдоцгооно. Аав минь гомдоно гэдэг бол миний хувьд үнэхээр хамгийн том шийтгэл байсан шүү.

-Ташуургүйгээр тамирчин хүүхэд бэлтгэх боломжгүй хэмээн үзэж байгаа Яна Рудковскаягийн хүмүүжлийн аргын тухай өнөөдөр газар сайгүй шуугицгааж байна?

-Үнэнийг хэлэхэд би зөв, буруу гэж шүүмээргүй байна. Тохиолдол болгон өөр өөр. Тамирчдын хувьд албадлага үнэхээр чухал, зөв ч байж болох юм, энэ бол биеийн ачаалал. Би магадгүй, жүжгийн бэлтгэлээр харьцуулж шүүж байгаа байх. Хүмүүс хөдлөх тэнхэлгүй болтлоо хөдөлмөрлөсөн үедээ зарим талаар илүү чөлөөтэй, биеэ барихаа больж, тайзан дээр байгаагаараа л амьдардаг. Жүжигчин хүнээс чухам үүнийг л шаарддаг шүү дээ.

 

“Үнэн эсэхийг бид хэлж мэдэхгүй”

 

-Одоо та “Россия” сувгаар үзүүлэх түүхийн олон ангит “Годунов” хэмээх томоохон кинонд зураг авахуулж байна. Түүхэн цаг үе рүү ороход танд ямар байна даа?

-Энэ бол үнэхээр сайхан! Яагаад гэвэл XVI зуун бол Оросын төр улсын хувьд туйлын гайхалтай цаг үе. Өнөөг хүртэл тэр цаг үеийг бүрэн дүүрэн дэлгэж харуулж чадаагүй. Жинхэнэ эх сурвалжуудаас би нэлээдийг уншиж амжсан. Жинхэнэ гэдэгт юуг хэлэх вэ? Он дарааллын бичгийг би харин уншаагүй. Гэхдээ чухамхүү энэ цаг үеийн тухай туурвисан шинжлэх ухааны ном зохиол харин олныг уншсан. Борис Годунов, Иван Грозный, Федор Иоанновичийн дүрүүд нэг талаас, бүгдэд танил болчихсон, нөгөө талаас будлиантай болчихсон, одоо болтол эрдэмтэд нэг мөр болгож, ойлголцож чадаагүй л байна. Энэхүү төсөл дээр бидэнд үнэхээр гайхалтай мундаг түүхч Николай Борисов зөвлөгөө өгч байгаа. Харин “Годунов”-ын кино зохиол бол зүгээр нэг уран зохиолын бүтээл төдийгүй, гайхалтай сайн кино зохиолч Илья Тилькины уран санаа, түүхийн талаас нь маш сайн боловсруулсан бүтээл шүү.

-Бүх зүйл үнэн үү?

-Яв цав үнэн эсэхийг бид хэлж мэдэхгүй. Жишээлбэл, Иван Грозный хүүгээ алсан уу, үгүй юу. Бид бүгдээрээ Репины уран зургийг мэднэ. Гэхдээ Репин өөр цаг үед амьдарч байсан, тэр ч гэсэн үнэхээр тийм гэж нотолж чадахгүй. Хүүгээ алсаныг түүхчид нотлох баримтаар олж тогтоогоогүй.Энэ талаар зөвхөн барууны л гэрчлэх баримтууд байдаг, гэтэл тэдэнд итгэх хүсэл сонирхол бага байна. Бүр тэр цаг үед л гадныхны нүдээр харахад Орос орон тийм ч сайхан байгаагүй юм байна.

-Бүх юм одоотой адил уу?

-Одоо ч бүр цэцэг нь хүртэл муухай харагддаг байх! Тэр цаг үед нутаг руугаа буцахдаа гадныхан Оросын тухай юу ярьж, яаж танилцуулахыг хичээдэг байсныг та нар төсөөлөхгүй байх л даа. Ерөнхийдөө олон арван түүхчийн нотолж байгаагаар ямар ч аллага бол байгаагүй. Харин хордуулсан асуудал байх бүрэн магадлалтай аж. Чухам ямар хувилбарыг нь бид энэ удаа сонгож, кинонд яаж харуулсныг та бүхэн өөрсдөө үзээрэй.

ОЛОН АНГИТ “ГОДУНОВ”КИНО. СВЕТЛАНА ХОДЧЕНКОВА БОРИС ХААНЫ ЭХНЭРИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙНА. ГЭРЭЛ ЗУРАГ: “РОССИЯ 1” СУВАГ

“Зээл авч, бадар барьж байсан”

 

-Танд өөр бас нэг шинэ төсөл “Пушкин. Виски. Рок-н-ролл” гэж бий. Энэ юуны тухай кино вэ?

-Энэ түүхийн хувьд би продюссер, бас гол дүрийн жүжигчин. Сергей Донатович Довлатовын “Заповедник” (“Дархан цаазат газар”) зохиолын сэдвээр киноны зургийг авсан. Тэгэхдээ, энэ бол орчин үеийн түүх. Довлатовын уран бүтээлийн өвөөс орчин үеийн хувилбарыг сонгох зөвшөөрөл авсан, гэхдээ Довлатовын үзэл санаа, Довлатовын сэтгэл, Довлатовын дуу хоолойг хадгалахыг хичээсэн. Аня маань энэ төслийн найруулагч, зохиолч нь. Би өөрийн эхнэр Аня Безруковаг хэлж байна шүү дээ.

-Юутай ч таны овгоор овоглохоор шийдсэн юм биз дээ?

-Амьдрал дээр тэр маань – Аня Безрукова. Түүний уран бүтээлийн нууц нэр нь харин – Анна Матисон. Тимур Эгзубайтай хамтарч тэд зохиол бичсэн, залуучууд үзэхэд сонирхолтой байх болов уу. Энэ бол 1970-аад оныг дахиж шинээр зохиомжилсон юм биш. Үйл явдал өрнөж байгаа газар бол нэг ч их өөрчлөгдөөгүй өнөөгийн бидний л “Заповедник”(“Дархан цаазат газар”).

-Нийгмийн сүлжээнд тавьсан гэрэл зургуудаас харахад та жүжигчдийн сонголтыг сонирхол татахаар хийсэн юм шиг. Гэзэг үсэндээ баригдсан ганц Митя Хрусталев гэхэд л хэчнээн сонирхолтой гээч!

-Продюсерийн хувьд хэлэхэд миний бодлоор бид маш сайн баг бүрдүүлж чадсан. Аня Михалкова гэхэд л дархан цаазат газрын захирал Галинагийн дүрд гайхалтай сайн тоглож чадсан. Гайхамшигтай Саша Семчев – Митрофановын, Гоша Куценко – Марковын дүрд тоглоцгоосон. “Заповедник” (“Дархан цаазат газар”) – ыг олон хүн цээжээр мэдэх байх. Тийм болохоор, хэдийгээр энэ бол орчин үеийн түүх ч гэсэн дүрүүдийг тааж чадах байх гэж би бодож байна. Хамгийн гол нь, энэ номын гол санаа болох – хайр, хайр, хайр – үлдэж чадсан.

-Зураг авалт дууссан биз дээ?

-Тийм ээ, энэ бол маш хүнд сорилт байсан, яагаад гэвэл бид зураг авалтаа ямар ч дэмжлэггүйгээр хийсэн. Өөрсдийнхөө, бас таньдаг хүмүүсийнхээ мөнгийг хүртэл оруулсан. Зээл авах, бадар барих гээд л явж өгсөн дөө. Ерөнхий продюссерийн хувьд мэдээжээр, дуустал нь л явсан. Энэ киног яаж ийгээд дуусгах нь миний хувьд маш чухал байсан. Бүгдийн хувьд үнэхээр хүнд хэцүү жил байлаа. Хоригууд. Эхний өдөр л гэхэд хөрөнгө оруулагч маань бүтэхгүй болчих жишээтэй, тийм болохоор нэг бол чи өөрөө дуустал нь яв, үгүй бол бүхнийг алд гэдэг дээрээ л тулсан юм.

-Та тэгээд зээл авахаар явсан уу?

-Би эцсээ хүртэл явсан. Тийм ээ, зээл авсан. Бас бадар барьсан. Миний хувьд эцсийг нь хүртэл явах л чухал байсан. Дээр нь бас нэмээд краудфандинг (сайн дурын татвар дээр суурилсан төслийн санхүүжилт – ред.) –түүний ачаар бага ч гэсэн хөрөнгө мөнгө цуглуулж чадсан шүү. Гэхдээ кинонд бүх мөнгө чухал байдаг. Одоо кино маань бараг бэлэн. Бид янз бүрийн кино наадмуудад оролцоно байх гэж найдаж байна. Хаана гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй. Дараа нь бүх нийтэд үзүүлнэ. Тийм болохоор хүлээж байгаарай гэе.

 

“Театр бол амаргүй ажил”

 

-Алдар цол, нэр хүнд танд дарамт болж байсан цаг мөч байсан байх?

-Үгүй дээ, Угаасаа би өөрөө амрахаасаа их ажиллахыг л эрхэм болгодог зантай хүн гэх үү дээ. Шинэ кино, жүжгийн нээлтэд очих дуртай. Кино, жүжиг их үзэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ янз бүрийн баяр наадам, их наадмын нээлтэд очдоггүй, цаг зав байдаггүй. Би чинь тариачин гэр бүлээс гаралтай, цаг наргүй ажиллаад хэвшчихсэн хүн. Эндээс ямар нэг сэтгэл сэргээх зүйл олдог юм.

-Хэрвээ гудамжинд тантай зураг авахуулъя гэж хүсвэл?

-Энэ бол ажил мэргэжлийн нэг хэсэг нь болохоор татгалздаггүй. Гарын үсэг үлдээгээч гэхэд дуртайяа зөвшөөрдөг.

-Та театрын удирдагч болоод удаагүй байна. Энэ албан тушаал дээр хүн бүхэнд сайнаар хэлэгдэх боломжгүй. Заримдаа, хүүхдийн теле тэмцээнд хэлдэг шиг үгүй гэж хэлэх үе гардаг л байх?

-Би өөрөө жүжигчин болохоор, жүжигчний сэтгэл зүйг мэднэ. Хэдийд халамж анхаарал тавих вэ, хэдийд хатуу чанга байх вэ гэдгийг би ойлгодог шүү. Театрт чи бол төрсөн эцэг л гэсэн үг. Чи хатуу чанга, тэгсэн мөртлөө уян зөөлөн, хайрлаж өрөвддөг байх ёстой. Би Олег Павлович Табаковыг, театрт жинхэнэ мастер хүн ямар байх ёстой вэ гэдгийг харж байсан.

-Та хэн нэгнийг ажлаас халж, хэн нэгнийг үдэж, хэн нэгэнд татгалзах хэрэг гарсан байх?

-Тийм ээ. Театр бол амаргүй ажил. Нэг талаас энэ бол маш том айл. Нөгөө талаас, чи хамт олноо нулимж, өөрт чинь уйтгартай байгаа бол чи өөрөө явсан нь илүү дээр. Гэр бүл бол сайн дурын ажил. Гэр бүлд хайр сэтгэлтэй байх хэрэгтэй. Нийтлэг асуудлаар амьдрах хэрэгтэй. Театрт л бид өөрсдөө хөгжих хэрэгтэй гэж хэлэх үү дээ. Заримдаа жүжигчин өөрийгөө олж чадахгүй, хөгжил байхгүй, тоглох дүр өгдөггүй байх үе бий. Эсвэл уран сайхны удирдагчийн сэтгэлд нийцэхгүй явдал ч гарна. Эвлэж нийлэхгүй байх шалтгаан янз бүр. Театр бол амьд организм болохоор хүмүүс өөр хоорондоо холбоо хэлхээтэй байх явдал маш чухал. Гагцхүү гар, сэтгэл нийлсэн баг байж л том төслүүдийг бүтээж чадна. Одоо жишээ нь бид тавдугаар сарын 22-31-нд “Станиславскийн фабрик” сэдвээр губернийн театруудын зуны их наадмыг явуулахаар бэлтгэж байна. Энэ наадмын хүрээнд Орехово-Зуев хотод Москвагийн губернийн театрын тайзан дээр Москва, Санкт-Петербург, Челябинск, Екатеринбург, Доод Новгородын театрын жүжгүүд тоглох бөгөөд манай орны театрын дээд сургуулиудын оюутан залууст зориулсан сургалт, оросын театрын түүхийн сэдвээр лекц зохион байгуулна. Гар нийлсэн сайн баг байж л иймэрхүү төслүүдийг зохион байгуулах боломжтой. Манай театр ийм баг болж чадсан, тэгэхдээ түүнийг бүрдүүлэхэд тийм ч амар хялбар байгаагүй.

-Хамгийн сүүлд та хэзээ ээлжийн амралт авсан бэ?

-Өнгөрсөн жил байх аа. Амралт миний хувьд маш товчхон. Гол төлөв бид хаа нэг тийшээ явна. Тэнгэр сайхан байвал цагийг хотоос гадагш гарч өнгөрөөнө. Энэ жил телевиз, кинонд олон төсөлтэй. Тийм болохоор амралтаасаа татгалзахаас өөр аргагүй болсон. Цаг хаанаа ч хүрэхгүй юм.

-Та 2018 оныг хэлж байна уу?

-Тийм ээ, бүх ажил бүр сар, өдрөөр төлөвлөгдчихсөн. Цөөхөн хэд хоног гаргаж магадгүй, тэгэхдээ хэлж мэдэхгүй байна. Харж л байя… Сонирхолтой, маш сайхан төслүүд. Тэднээс татгалзана гэдэг бол тэнэг хэрэг.

 

Товч намтар

Сергей Безруков 1973 оны аравдугаар сарын 18-нд Москвад төрсөн. МХАТ-ын студи – сургуулийг дүүргэсэн. ОХУ-ын ардын жүжигчин. Жүжгийн 30 гаруй, киноны 60 гаруй дүрд тоглосон. “Бригад”, “Участок”, “Мастер ба Маргарита”, “Есенин”, “Пушкин. Сүүлчийн дуэль”, “Высоцкий. Амьд байгаад чинь баярлалаа”, “Матч” болон бусад олны танил болсон кино, цувралд тоглосон. 2014 оноос Москвагийн Губернийн драмын театрын уран сайхны удирдагч. Найруулагч Анна Матисонтой гэрлэсэн, тэдний бяцхан охин Мария хоёр нас хүрэх гэж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write my college essay for me http://sdfeklhjyujg.com/

Excellent info. Appreciate it!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *