“Сэрэмжлүүлэг” Хий дэлбэрч зургаан хүүхэд түлэгдлээ

10-р сарын 8, 2012 11:22 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 362

“Сэрэмжлүүлэг”

-Түлэгдсэн хүүхдүүдийн хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна-

 

Нүүрээ битүү боосон хүүхдүүдээс цагдаа нар ээлж дарааллан байцаалт авч байсан бөгөөд эмнэлэгт хэвтэж байгаа өвчнүүдийг сахиж байгаа хүмүүсийг гадагшаа гарж орохыг нь хязгаарласан байлаа.

О.ЭРДЭНЭБҮРЭН

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн тасгийн үүдний өрөөнд өчигдөр ойролцоо насны гурван хүүхэд нүүрээ битүү боочихсон хэвтэж байв. Тэд зургуулаа нийлж, “Хангай” зочид буудалд хий үнэрлэн мансуурч байтал хий нь дэлбэрч  нүүр нь түлэгджээ. Түлэнхийн тасагт ор хүрэлцээгүйн улмаас газанд түлэгдсэн зургаан хүүхдийн гурав нь газар хэвтэж, хоёр нь сэхээн амьдруулах тасагт, нэг нь төмөр орон дээр хэвтэн эмчлүүлж байсан юм. Нүүрээ битүү боочихсон хүүхдүүдээс цагдаа нар ээлж дарааллан байцаалт авч байв.  Мөн эмнэлэгт хэвтэж байгаа өвчнүүдийг сахиж байгаа хүмүүсийг гадагшаа гарч орохыг нь хязгаарласан байлаа.  Түлэнхийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргил  “Хий дэлбэрснээс болж 14-20 насны зургаан хүүхэд нүүрэндээ түлэгдэж өнөө өглөө /өчигдөр/ эмчлүү­лэхээр ирлээ. Тэдний хамгийн бага нь 14 настай охин байна. Бусад нь эрэгтэй. Хүүхдүүдийн хоёр нь сэхээнд байгаа. Тэд бүгд гуравдугаар зэргийн түлэгдэлттэй. Манай тасаг ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байна. Шинэ барилга баригдтал өвчтөнд үзүүлэх тусламж, үйл­чилгээг доголдуулахгүй байх арга хэмжээ аваад байна. Манай тасгаар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 80 хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Зургаан хүн байх ёстой өрөөнд 14 хүн хэвтэж байгаа. Ор хүрэлцээгүйн улмаас үүдний өрөөнд зөөлөвч дээр өвчтөнүүд хэвтэж байна” гэв.  20 настай залуугийн ээжтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа. Тэрээр нэрээ хэлэхээс болон зургаа авахуулахаас татгалзсан юм. 

 

“АМЬД ҮЛДСЭНД НЬ БАЯРЛАЖ БАЙНА”

-Харамсалтай зүйл болжээ. Хүүхдийн чинь бие ямар байна?

-Муу байна. Миний хүүгийн нүүрнийх нь тал нь болон чих нь түлэгдсэн байна.

-Цагдаа нар хүүгээс чинь байцаалт авч байсан. Хий үнэрлэхийг хүүхдүү­дийн хэн нь  санаачилсан талаар ярьж байна уу?

– Миний хүү айлын том. Бусдаасаа хамгийн ахмад нь учраас хий үнэртэж, мансууръя гэж нөгөөдүүлийгээ уриалсан байж болзошгүй гэж бусад хүмүүс хардаж байна. Хэн санаачилсныг нь хууль, хяналтынхан тогтоох биз. Би хүүгээ мэднэ. Ийм зүйл санаачлах ухамсар түүнд байхгүй.

-Танай хүү хэрэг болдог орой гэрээсээ юу гэж хэлж гарсан юм бэ?

-Хүү минь хонуудаар гэрээсээ гардаггүй. Тэр өдөр найзтайгаа уулзаж пүүз авчихаад ирье гээд гарсан. Орой ирэхгүй болохоор нь манай дүүгийнд очиж хоносон юм байх гэж бодсон. Гэтэл ийм зүйлд орооцолдчихож.Хүүгээс өглөө мессеж ирсэн. Тэгээд л ийм зүйл болсныг нь мэдлээ. Амьд үлдсэнд нь баярлаж байна. 

-Энд байгаа хүүх­дүүдийг  өмнө нь харж байсан уу?

-Одоо л харж байна. Хүүхдээсээ асуухад нь зарим нь найзууд, зарим­тай нь өчигдөр танилцсан гэсэн.

-Хүү чинь сургуульд сурдаг уу?

-Сурдаггүй.

-Болсон явдлын талаар хүү чинь юу гэж ярьж байна?

-”Хангай” зочид буудалд зургуулаа орсон гэсэн. Тэгээд тэд жижиг хийг задалж мансуурах гэж байтал хий нь дэлбэрсэн юм билээ. Хий дэлбэрэхэд буудлынх нь өрөөний хаалга салж уна­сан байгаа юм. Их л хүчтэй дэлбэрсэн нь ойлгомжтой.

-Эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаа нь энэ хэргээс харагдлаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хүү­хэд­дээ тавих анхаар­лаа  дээшлүүлэхгүй бол бусдын уруу татлагад юу ч хийж болох юм байна гэдгийг ойлголоо. Зөвхөн эцэг, эхчүүд биш насанд хүрээгүй хүүхдүүдийг оруулсан “Хангай” зочид буудал ч гэсэн буруутай. Яагаад гэхээр бичиг баримт шалгаж буудалд оруулдаг биз дээ. Гэтэл зөвхөн өөрсдийн орлогоо бодож насанд хүрээгүй хүүхдүүдийг нэг дор оруулсан байна. Цаашдаа энэ явдлаас сургамж авч бусад зочид буудлууд ч  энэ мэт алдааг давтахгүй байх хэрэгтэй гэв.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *