Санасны гарз

4-р сарын 25, 2017 10:00 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 9
4-25-6

Д.ОЮУНЧИМЭГ

Сүүлийн үед газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай эрчимтэй ярьж байна. Гэхдээ энэ нь биелэхгүй мөрөөдөл ч байж мэднэ. Учир нь олон жилийн турш “сэрэхгүй зүүдэлсээр” ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мэргэжлийн Засгийн газрынхан гарц олж шийдэлд хүрч магад гэх таамаг сураг хөвөрсөөр.

БАЙГАА ОНООГҮЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилго нь шатахууны импортын хараат байдлаас гарч бие даах зорилготой гэх биз. Харамсалтай нь газрын тосны үйлдвэр байгуулах төлөвлөгөө байгаа оноогүй хэмээн зарим мэргэжилтнүүд хэлж байна. Яагаад гэвэл, газрын тосыг боловсруулахад нэлээдгүй хүчин зүйлс тулгарна. Тодруулбал, 1000 тонн газрын тосноос 200-300 литр шатахуун гардаг аж. Өөрөөр хэлбэл 700-800 литр нь илүүдэл болно. Үүнийг ашиглах химийн үйлдвэр зайлшгүй шаардлагатай зэргээр давхар шийдэх учиртай олон асуудал бий. Нефть боловсруулдаг орнуудын жишгийг харвал, боловсруулах үйлдвэртэйгээ зэрэгцэн химийн үйлдвэр болон бусад жижиг үйлдвэрүүд ажилладаг байгаа юм. Түүнчлэн олборлосон газрын тос болгон шатахуун болно гэдэг өрөөсгөл гэдгийг олон улсын шинжээчид хэлжээ. Тиймээс байгаа оноогүй энэ мэт хийсвэр төлөвлөгөөг биелэнэ хэмээн итгэхэд бэрх байгаа биз. Манай улсын хувьд жилдээ 1.2 сая тонн газрын тос олборлодог гэдэг. Тэгвэл энэ нь улсын хэрэгцээг хангахуйц хэмжээний шатахуун үйлдвэрлэхэд хангалттай биш аж.

САЛХИ ХААШАА, ХАМХУУЛ ТИЙШЭЭ

Ингэж хэлсэн нь учиртай. Газрын тосыг олборлож байгаагийнхаа хэрээр үйлдвэр байгуулах хэрэгтэй гэлцэж буй. Магадгүй хоёр хөршийн боловсруулах үйлдвэрээс дутахгүйгээр ашиглаж чадна гэж итгэж байгаатай холбоотой ч байж болно. Гэхдээ хоёр тусдаа хөгждөг салбарыг нэгтгэсэн нь том алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал, урд хөрш газрын тосны асуудал эрхэлсэн бие даасан газрыг ажиллуулдаг тухай тэнд суралцдаг оюутнууд хэлж байсан юм. Гэтэл ашигт малтмал, газрын тос гээд тусдаа хөгждөг, тус тусдаа удирдлагатай байсан хоёр том салбарыг нэгтгэн нэг агентлаг болгосныхоо дараа боловсруулах үйлдвэр барих тухай ярих ч хэрэггүй байсан биз. Яагаад гэвэл, 20 жилийн өмнөөс л мөрөөдсөөр ирсэн боловсруулах үйлдвэрийг манай улсын хувьд огт ирээдүйгүй гэдгийг цаг хугацаа харуулсан. Энэ хугацаанд “Газрын тосны газар” гэдэг агентлаг зөвхөн энэ салбартай холбоотой асуудлыг дангаар нь хариуцаж ажилладаг байсныг мартаж болохгүй. Ганцхан асуудалд анхаарлаа хандуулж байхдаа ч бүтээж чадаагүй боловсруулах үйлдвэрийг олон тал руу “савчиж гүйсэн” нэг агентлаг хүчрэхгүй гэвэл хилсдэхгүй л болов уу. Удирдлагагүй салбарын үйлдвэр байгуулах мөрөөдөл салхинд хийсэх вий дээ. Салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг шинэ тутам гарсан засгийн бодлого дагаж намирах нь зөв биш гэдгийг эрдэмтэн судлаач, шинжээчид сануулж байгааг сонордуулъя.

banner3-14

1 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *