Санал тоолох машинд эргэлзэхийн учир…

7-р сарын 3, 2012 10:37 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 284

Д.ОЮУН

 

Монгол Улсад анх удаа 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сон­гуулийг зэрэг явуулж саналыг цахим машинаар тоолсон. Энэ аргыг хэрэгжүүлснээр үр дүн нь будлиантай болсон гэж үзэх дэндүү олон хүн байна. Сонгуулийн са­налаа АН-д луйвардууллаа хэмээн бусад нам, эвс­лийнхэн үзэж сонгогчдын саналыг гараар тоолох шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж гомдол гаргаад байгаа билээ.

Энэ хардалтын буруу­тан нь АН-ын оруулж ирсэн автомат тоологч хар машин хэмээн олон хүн хэлж байна. Харин АН-ынхан санал тоологч хар машиныг өөр компани оруулж ирсэн мэтээр мэ­дээлж хэрэгт унахаас зайлс­хийж эхэлсэн. Ийм машины системд цох суул­гахад л хүссэн үр дүн­дээ хүрдэг жишээг дэл­хийн өндөр хөгжилтэй улсууд үзсэн түүх дэндүү олон. Тиймдээ л манай дарга нарт гаднынхан “Наад луйврын хар маши­наар танай улс яах гэсэн юм бэ. Хайран мөнгө. Танайх шиг хүн ам багатай улсад санлын хуудсыг гараар тоолж яагаад бо­лохгүй гэж” хэмээн са­нуулж байсан удаатай. 

УИХ-ын сонгуулийн өмнөхөн саналыг хэрхэн луйварддаг талаар нэгэн орчуулгын ном гарсныг хүмүүс анзаараагүй бай­даг. Энэ бол “Санал луй­вардах арга буюу Цахим сонгууль” хэмээх ном би­лээ.  Уг номонд “Саналын цаасан хуудас дээр үзгээр тэмдэглэгээ хийсний да­раа оптикийн скан төхөө­рөмжид уншуулж мэдээл­лийг оруулах зарчмаар энэ систем ажиллана. Сана­лын цаасан хуудас байгаа тул ийм системийг луй­вар­даж чадахгүй гэж хүмүүс боддог. Харин 1980 онд сонгуулийн үеэр то­хиолдож байсан онигоо гэмээр үйл явдал байдаг. 1980 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Рональд Рейганыг ил давуу байд­лаар Жимми Картер  ялсан тухай Калифорниагийн сонгуулийн ажилтан надад ярив. Гэтэл оптикийн скан­нераас авсан ком­пьютерийн мэдээгээр Кар­терын төлөө өгсөн са­на­лыг Рейганд шилжүүл­сэн байлаа. Маргааныг шийдвэрлэхийн тулд са­налын хуудсыг гараар тоолсон” гэж бичжээ. Эл номд саяын сонгуулиар болсон үйл явдал хийгээд хүмүүсийн хардлагыг ба­римтаар нотлон харуул­жээ. Он цаг, улс орон, хүмүүс нь өөр болохоос биш бусдаараа яг л ижил үйл явдал болжээ. Тэр номыг та заавал уншаа­рай. Үүний дараа саналын хуудсыг гараар тоолох ёстойг ойлгох байх. Бид нэгэнт сонгуулиа ингэж луйвардуулсан юм чинь тэдний зарчмаар саналын хуудсуудыг гараар тоолж яагаад болохгүй гэж.

Манай улсад энэ ма­шиныг ашигласнаар сон­гуулийн дүн дээр ажилла­сан гэж Улс төрийн на­муу­дын холбооныхон үзэж өнгөрсөн баасан га­ригт хэвлэлийн бага хурал хийлгэсэн. АН-ынхан ямар нэг “но” илрэх вий гэж айгаагүй бол сонгуу­лийн саналын хуудсыг гараар тоолж яагаад бо­лохгүй байгаа юм бол. Хар машин санал тоолох үед олон “но” илэрсэн гэдэг. Тиймээс л сонгогчдын саналыг хар машин луй­вардсан гэж олон ажиг­лагч үзэж байна. Тухайл­бал, СЕХ-ноос сонгуу­лийн дараа санал тоолоод дүнг нь ажиглагч нарт флейшээр өгнө гэж хэлж байсан. Сонгууль боло­хоос хоёр хоногийн өмнө үүнийгээ өөрчилж “Ма­шинд вирус орох магад­лалтай. Тийм учраас ажиг­лагч нарт тооллогын дүнг CD-нд буулгаад өгнө. Гурав хувилсан дүнг СЕХ, хэсгийн хороонд өгнө. Үлд­сэн нэг хувийг ажиг­лагч нарын дунд өгнө” гэж мэдэгдэж байсан. Харин сонгуулийн дараа МАН-ын хэд хэдэн ажиглагчид хоосон CD тараажээ. За­рим ажиглагчид шал өөр зүйл хуулсан  CD өгсөн тохиолдол ч бий. Энэ байд­лыг тэд “Чамд өгсөн CD муу, хужаа эд байна” гэж хэлээд АН-ын гишүү­нээс CD авч хуулж өгсөн байх жишээтэй. Өнөөх нь зурган файлтай CD байсан гэдэг. Энэ мэтээр сонгуу­лийг угтаж гарсан хууль, дүрэм, жу­рам анхнаасаа ард түмний эсрэг, аль нэг намын эрх ашиг, захиал­гад нийцсэн, тэдний хүс­лийг биелүүлэх зорилготой гарчээ гэж үзэх үндэстэй юм. Үүнийг сон­гуулийн дараа гарсан олон үйл явдлаар батлаж болох юм.

Хан-Уул дүүргийн хэс­гийн хороон дээр МАН-ын сонгуулийн ажиг­лагч нар зөрчил илэр­сэн талаар мэдээлж, “та­най хүмүүс олон дахин гарч, орж байна, гадагшаа хүмүүстэй утсаар холбоо бариж мэдээлэл дамжуу­лаад байна” гэж анхааруу­лахад хэл ам хийлээ хэ­мээн шалтаглан сонгуу­лийн байрнаас хөөж гарга­жээ. Энэ хооронд тэд ямар ч ажил амжуулж болно. Хан-Уул бол цэнхэр той­рог. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд АН-ынхан гэдэг нь ойлгомжтой. Са­налын хуудсуудыг цон­хоор гаргаж явуулсан та­лаар гомдол МАН-ын хороонд ирсэн байдаг. Нэг хэсгийн хороонд дээр 20.00 цагт хяналтын тоол­лого хийнэ хэмээн мэдэг­дэж байснаа дараахан нь боличихлоо хэмээн цаасаа бушуухан хумиж хураа­жээ. Хан-Уул дүүргийн нэгэн хэсгийн хороон дээр “Нэг цагийн дараа тог таслана. Тиймээс наад цаасаа хурдан хумиж ав” хэмээн саналыг нарийвч­лан тоолох манатай хууд­суудаа эмхлэн машинаар буцаагаад тоолчихсон гэнэ. Уг нь машинаар унш­сан саналын дүн үнэн зөв гарсан эсэхийг нягтла­хаар саналын хуудсуудыг гараар тоолох учиртай ч дахин машиндан дүнг нь гаргасан байна. Ийм за­ваан үйлдэл хаа сайгүй гарчээ. Сүхбаатар дүүрэгт  гараар санал тоолох гэж байх үед үл таних хоёр хүн гаднаас орж ирж нэг бичиг өгсөн аж. Өнөөх бичгийг үзээд л манайхыг гараар тоолох ажлыг зогсоо гэж  байна хэмээн гар тоол­логыг зогсоосон гэх мэ­тээр сонгуулийн дүнг үнэн зөв гаргахгүй байх бүхий л үйдлийг тэд хийж чад­жээ. Саналын хуудсыг гараар тоолоод олон зөрчил илрүүлэх боломжтой атал тэгэхийг хүсэхгүй байна АН-ынхан. МАН-ын ар­ван хүнд саналаа өгөхөд л тэндээс нэг санал нь АН-ынх руу үсрэх боломжтой болгон яаж ч тэр машиныг тохируулсан байж мэдэх аж. Учир нь МАН энэ сон­гуу­лиар хөдөө орон нутагт олонхийн суудал авсан байдаг. Харин ямар учраас МАН-ынхан хотод АН-д УИХ болон НИТХ-ын тойргийг тэр чигээр нь алдсан бэ. Улаанбаатар хотод ажил­лаж байгаа санал тоолох машинуудад тусгай прог­рамм суулга­сан байх ма­гад­лалтай хэмээн хардаж болох юм. Тэд олон хүн амтай, ялаг­дах магадлал­тай тойрогт машинуудад тусгай прог­рамм буюу цох суулгасан байж болзош­гүй гэнэ. Ажиг­лаад байхад тийм машинуудын дүн 100, 200, 300-гаар нэр дэвшиг­чээ ялсан байдлаар өөрс­дийгөө илчилж байх жи­шээтэй. 100-300 хүн гэдэг бол автомат тохиргоо хий­сэн машины “но”-г харуулж буй хэрэг.     

Сонгууль өгсний дараа хүн бүрт дэлгүүрийн касс­наас олгодог шиг талон өгсөн билээ. Тэр биллийг аваад үзэхээр авсан санал, хүчингүй хуудас гэх мэ­тээр нарийн тоо гарах ёс­той. Гэтэл сонгууль боло­хоос хэдхэн хоногийн өмнө СЕХ-ноос хүчинтэй, хүчингүй хуудсыг тоолно гэх мэтээр нарийн заалтаа өөрчилсөн. Тэд зурга­дугаар сарын 26-ны орой хугацаа тулган тогтоол гаргаад хэсгийн хороодыг шодож хоёр хэсгийн хорооны саналын хуудсыг гараар тоолно хэмээн шийдвэр гаргасны цаана хэн нэгний эрх ашигт үйлчилсэн, саналын хууд­сыг гараар тоолуулах со­нирхол анхнаасаа байх­гүйг харуулж байна.

Иргэд саналаа өгч дуу­саад удаагүй байтал Баян­гол дүүргийн хоёр ч хэс­гийн хороон дээр З.Энх­болд цагдаа, хам­гаа­лагч нараар хүрээлүүлэн эрхэм гишүүний эрх дархаа хэт­рүү­лэн дайран орсон бай­даг. Ямар учраас тэрээр ийн чичрэн тийшээ санд­ран очив гэдгийн цаана бас бодох зүйл гаргаж өгч байгаа биз, бидэнд. Улс төрийн на­мынхан дүнг нэгтгээгүй байхад сана­лын байр руу дайран орох эрх ганцхан түүнд олгогд­сон гэж үү. З.Энхболд их чухал зүйлээ тэнд орхисон бололтой. Тиймээс л тай­ван сууж чадалгүй шөнө дөлөөр хэс­гийн хороо руу нэвтэрсэн гэж ажиглагч нар үзэж байна. Цох суул­гасан ма­шин руугаа яар­сан юм биш биз, тэр.

Санал тоолох машины серверийг удирдаж байгаа хүнд, тэр хэсэгт “но” байж мадгадгүй гэж хардах ч тал бий. Саналын хуудсууд одоо хаана хадгалагдаж байгаа бол. Уутанд хийсэн хэдэн цаасыг сольчих бо­ломжтой. Бүхэл бүтэн ав­то­мат машинуудыг цохны тусламжтайгаар өөрчлөөд хүссэн үр дүндээ хүрээд байхад саналын хуудсуу­дын учрыг аль хэдийнэ олсон биз.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *