Санал авах ажлыг 30 хүртэл хоногийн дотор зохион байгуулна

12-р сарын 3, 2015 8:36 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 49
12-3-3

М.ГАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүн Г.Уянга, Л.Цог, Ж.Батзандан нар санал авах өдөр 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн саналаа өгөх эрхтэй байхаар санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.

Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэд санал асуулгад оролцох энэхүү зохицуулалттай уялдуулан санал авах ажлыг зохион байгуулах хугацааг 30 хүртэл хоногийн дотор гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Л.Цог нар гадаад оронд байгаа иргэдийн саналыг авах ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулах санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хурал­даанд оруулахаар болов.

ДОЛДУГААР САРЫН 29-ИЙГ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭНЭ

Мөн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль болсонИймд жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

СОНГУУЛИЙН ХУУЛЬД ДЭД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. УИХын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуу­лийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлт­гэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг байгуулав. Дэд хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ахална.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *