Сайншанд дахь сонирхлын тулаан

10-р сарын 31, 2012 11:58 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 219

Сонгууль-2012

Б.ГАРЬД

Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар олны анхаарлын төвд байгаа аймаг бол Дорноговь. Учир нь Сайншандын аж үйлд­вэрийн парк байгуулах их бүтээн байгуулалтын ажил Дорноговийн ИТХ-ын сон­­гуулийг илүү өрсөл­дөөн­тэй болгож мэдэхээр байна. Чухамдаа бол ирэх дөрвөн жилд Дорноговь руу асар их мөнгө урсана гэсэн үг. Хэзээ мөдгүй шуургалан эхлэх энэхүү бүтээн байгуулалтын зард­лын хөрөнгөд Дорного­вийн удирдлагууд тодор­хой нөлөөтэй ажиллах нь тодорхой.

Тиймээс ч энэ аймагт хамгийн олон бие нэр дэв­шиг­чид өрсөлдөхөөр бүрт­гүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо зарлав.

Дорноговийн удирд­лагыг барьж буй АН-аас 27, МАН-аас мөн тооны, МАХН-аас 15 хүн нэр дэвшиж байгаа бол бие даасан 16 нэр дэвшигч орон нутгийн удирдла­гын төлөө өрсөлдөх нь.

2008 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд 31 суудлаас 16-г нь өөрийн болгож чадсан АН-ынхан бие даагчид­тайгаа нэгдэж Засаг барих эрхээ авч байлаа. Зүйр­лэвэл, өнөөдрийн Зас­гийн газрын жижигс­гэсэн хувилбар Дорно­говьд 2008 оноос өнөөд­рийг хүртэл ажиллав.

АН-ын жагсаалтыг Аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэргүүлэхээр болжээ. Түүний араас СГЗ З.Алтангэрэл, Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах нар жагсч байгаа бол ИТХ-ын дарга Г.Ганбаатар нь тойрогт нэр дэвшигчдээ манлайлж байгаа аж. Дорноговь дахь АН-ын нөлөө бүхий хоёр эрх­мээр Засаг дарга П.Ган­хуяг, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нарыг нэрлэдэг. Я.Батсуурь “Эрдэнэс МГЛ”-ийн захирлаар томилогдсон учир энэ сонгуулиас хол байх нь.

АН-ынхан энэ сон­гуульд халаасандаа нэ­лээд оноотой орж байгаа. Хамгийн том нь тэд өнөөдөр Дорного­вийн засгийг барьж буй. Бас өнгөрсөн дөрвөн жилд Сайншан­дын аж үйлдвэ­рийн парк байгуулах ажлын бэлтгэлийг хангаж нэлээдгүй зүйл хийсэн гэдэг. Мөн Ардчилсан нам Монгол Улсын төрийг барьж эхэлсэн энэ үед удахгүй болох сонгуулийн үр дүнгээр  АН-ын засаглал үргэл­жил­бэл нэг намын жур­мын нөхөд Дорноговийн ирээдүй болсон их бүтээн байгуулалтыг хэрэг­жүү­лэ­хэд саад болох шалт­гаан үгүй. Шууд утгаараа, АН-д Дорноговийг дахин авах боломж хийгээд магадлал өндөр байна гэсэн үг.

МАН-ынхан өнгөр­сөн жилүүдэд энэ аймагт цөөнх байсаар ирсэн. Харин УИХ-д Ж.Батсуу­рийг улираан сонгуулж чадсан. Дорноговийн МАН-ыг бас л УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Сод мон­гол”-ын Ц.Ананд­базар хоёр хөдөлгөдөг гэдэг. Энэ удаагийн сонгуульд Ц.Анандбазар оролцоо багатай байгаа бол Ж.Бат­суурь нь тун идэвхтэй оролцож байгаа гэнэ. Нэр дэвшигчид Сонгуулийн хороонд бүртгүүлэхээс  өмнө Ц.Анандбазар сонгуульд хүч үзэх тухай ярьж байсан нь талаар болсон. Хэдийгээр журмын нөхөд ч УИХ-ын сонгуулийн өмнөхөн нэг нь нөгөөгөө бариад хориулчихсан гэдэг “хоч” өнөөдөр ч салаагүй байгаа. Энэ нь Дорноговь дахь МАН-ын нэр хүндэд тийм ч сайнаар нөлөөл­сөнгүй. Энэ намын жагсаалтыг МАН-ын хорооны дарга Ч.Энхбат нь тэргүүлж байна. Намын жагсаалтын хоёрт А.Оргодол, гуравт Улсын начин А.Хатансайхан бичигджээ. Дөрвөн жилийн турш тойргийн гадна тоглосон энэ намынханд Дорноговийн засгийг барих боломж нэг л харагдахгүй байгаа гэх. Мөн АН-ын Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй томоохон төсөл болох Сайншандын аж үйлдвэ­рийн паркийг байгуу­лахад МАН нутгийн удирдлагыг барих таарвал, өдгөө дээгүүрээ “нанчилдаж” эхэлсэн хоёр намын дундаас их бүтээн байгуулалт бус бохир улс төр гарах тухай Дорноговийнхон яриад эхэлсэн дуулдаж байна.

МАХН-ын хувьд 15 нэр дэвшигчээ сойгоод байгаа. Өдөр хоногоор нэр хүнд нь өсч, гишүүдийнхээ тоог нэмж буй МАХН-ын нэр  Дорноговь дахь энэ намынханд суудал авчрах магадлал өндөр. Мөн саяхан болсон Бага  чуулганых нь үеэр 200 гаруй гишүүн шинээр болон МАН-аас гишүүнчлэлээ сэргээн тус намын Дорноговийн Түмтэд элссэн аж. Тэд ирэх сонгуулиар Дорно­говь дахь лицензийг цэгцлэх талаар дорвитой ажил хийхээ олон нийтэд “ойлгуулах”-аар ажиллаж байгаа юм байна.

Хамгийн олон буюу 16 бие даан нэр дэвшигч Дорноговь аймгийн ИТХ-д нэр дэвшээд байгаа. Гавьяат багш Б.Бадарч, Улсын харцага Ц.Цацабширын ах Ц.Цабшир нарын тэргүүтэй бие даагчид дор бүрнээ аль нэг намын саналыг хуваах магадлал өндөр. Мөн улс төрийн ашиг харсан далд явуулга энэхүү нутаг орондоо нэр хүндтэй хүмүүсийг  ингэж “цуглуулсан” байх магадлалтай гэнэ. Юутай ч энэ аймгийн ИТХ-д нэр дэвшигчдээ сойж байгаа томоохон гурван намын эрх ашгийн төлөө ажиллах хүсэлгүй 16 эрхэм ийн удахгүй болох сонгуульд хүч үзэх нь.

Аж үйлдвэрийн парк хэмээх асар их мөнгөний бүтэн байгуулалтын сураг Дорноговийн хүн амыг сүүлийн хоёр жилд огцом өсгөсөн шиг орон нут­гийн удирдлагын төлөө өрсөлдөгчдийн тоог ч улсад тэргүүлтэл нэмжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *