Сайн бас саар мэдээтэй Туркийн ерөнхий сайдын айлчлал

4-р сарын 9, 2018 8:37 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 65
2-1

С.УЯНГА

 Туркийн Ерөнхий сайд манай улсад гурав хоног айлчлаад өчигдөр буцлаа. Бинали Йылдырымын айлчлал хоёр улсын хооронд энэ жил хийж буй дээд хэмжээний гурав дахь том айлчлал, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлог юм. Тэрээр Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, Төрийн орон сууцны корпораци, бизнес эрхлэгчидтэй санал солилцон, “ТИКАтөслийн нээлт, уламжлалын дагуу өвөг дээдсийнхээ өлгий нутаг гэж үздэг Орхоны хөндийд саатав.

Айлчлалын үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 31.7 сая ам.доллар байгаа нь чамлалттайг талууд тэмдэглэж бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдынхаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал нэгдлээ. Туркийн Ерөнхий сайд айлчлалын эхний өдөр Ерөнхийлөгч, УИХын даргад бараалхаж, Засгийн газрын тэргүүнтэй ганцаарчлан уулзаж, албан ёсны гэрээ хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр  Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар хоёр улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийн байгууллагуудУдирдлагын академи болон Турк Улсын Хилийн чанад дахь турк иргэд, ах дүү нийгэмлэг хооронд хамтран ажиллах, “Гамшгаас хамгаалахсалбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар болон Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн шилжилт хөдөлгөөний салбарТээвэр, харилцааны технологийн салбарт хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх, хоёр улсын үндэсний номын сан хамтран ажиллахаар болов.

Үүнээс гадна Туркийн Ерөнхий сайдын дээд хэмжээний энэ удаагийн айлчлал сайн бас саар мэдээтэй өндөрлөлөө гэж болно. Сайн мэдээ гэвэл айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 онд 31 сая ам.доллар байсан худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг тохирсон юм. 300 сая ам.долларыг Туркийн талд танилцуулсан төслүүдэд хөрөнгө оруулахаас гадна Орхоны хөндийд барих аялал жуулчлалын цогцолборт 120 сая ам.долларыг зарцуулах бодолтой байгаагаа Туркийн Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлсэн юм. Мөн хөдөө аж ахуй, мах боловсруулах, барилгын салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа аж

Харин саар мэдээ гэвэл, ноён Бинали Йылдырым Монголд үйл ажиллагаа явуулж буй эмпати буюу Туркийн хөрөнгө оруулалттай сургуулиудын асуудлыг хөндсөн юм. Хоёр улс ойрын хугацаанд нэг шийдэлд хүрэхгүй бол найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэв суухыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг Туркийн Ерөнхий сайд илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “2016 онд 2000 гаруй хүн хэлмэгдсэн улс төрийн эргэлт гарсан. Үүнтэй Монгол дахь Турк сургуулиудын удирдлагууд холбоотой гэдэг нь тогтоогдсон. Сургуулиудыг заавал хаана гэхгүй. Удирдлага менежментэд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэрэв энэ янзаар явбал Монголд маш их эрсдэл авчирна. Тиймээс тэнд ажиллаж байгаа багш, сурагчдыг хохироохгүйн тулд манай улсын  Үндэсний боловсролын яамны дэргэдэхМаарифсанд шилжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал хоёр улсын найрсаг харилцаанд төвөгтэй байдал авчирч, сэв суулгаасай гэж хүсэхгүй байна. Сургуулиудыг Германы байгууллагад шилжүүлсэн нэрийдлээр суралцагчдыг хуурч байна. Хоёр улс ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэх ёстойгэсэн байр суурийг хатуу илэрхийллээ. Тэрээр энэ талаар  УИХын даргатай уулзахдаа ярилцсан бөгөөд УИХын дарга М.Энхболд эдгээр сургуульд суралцаж буй Монгол хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй байх, мөн хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Мөн дээд хэмжээний айлчлалын үеэр чухалчилсан нэг асуудал бол Турк, Монголын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх тухай юм. “Шууд нислэгтэй болсноор бизнес эрхлэгч, зорчигчдын тоо 30 хувиар нэмэгдэнэ. Худалдааны эргэлт 30 сая ам.доллар хүрээгүй байхад зөвхөн шууд нислэг 60 сая ам.долларын эргэлт авчрах боломжтой. Өвөг дээдсийнхээ өлгий нутгийг үзэх сонирхолтой олон мянган турк хүн бий. Туркийн 11 сая аялагчдын таван хувь нь Монголд ирлээ гэхэд 500 мянган хүн ирнэ. Ингэвэл хоёр улсын харилцаа нэг шатаар ахина. Үүнийг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” гэдгийг ноён Бинали Йылдырым онцолж байв. Ийнхүү өөрсдийгөө Эзэн Чингис хааны үр удам хэмээн үзэж, Монгол Улстай эртнээс нягт хамтарч ирсэн Турк Улсын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *