Сайд, Штабын дарга хоёрын хэн нь хариуцлага хүлээх вэ?

4-р сарын 14, 2017 9:16 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 7
4-14-1

Б.ЗАЯА

Саяхандаа, хоёр сарын өмнө Францын Дотоод хэргийн сайд Брюно ле Ру албан тушаалаасаа огцорч олон улсын анхааралд өртсөн. Охидоо Францын парламентад өндөр цалинтай ажилд оруулсан гэх шалтгаанаар тэрээр албан тушаалаасаа огцорсон хэрэг. Гэхдээ уг хэрэг шүүх цагдаагаар нотлогдоод Брюно ле Ру буруудчихсан юм биш. Охидоо ажилд оруулсан гэх дуулиан дэгдэх сургаар эрхэм сайд “Охид маань ажилд орсон талаарх мөрдөн байцаалтын ажиллагаа Засгийн газрын ажлыг унагах ёсгүй” хэмээн мэдэгдэл хийн сайн дураараа огцорч байв. Товчхондоо бол энэ нь улстөрч, удирдагч хүний ёс зүй, жудгийг харуулсан явдал байлаа.

Монгол Улсын батлан хамгаалах салбарт сүүлийн гурван өдөрт нөхөж баршгүй хохирол учраад байна. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан дадлага, сургуулилтынхаа үеэр дэлбэрэлтэд өртөж, хоёр албан хаагч цэл за­луугаараа хорвоог орхин, олон залуус эмнэлгийн орон дээр шаналан хэв­тэж байна. Ер нь сүүлийн үед ЗХЖШ-ын харъяа анги салбаруудад осол, хэрэг зөрчил гарах нь нэмэгдэх боллоо. Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч 19 настай хугацаат цэргийн албан хаагч нүд, гарандаа хүнд гэмтэл авч байв. Түүнээс гадна 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарсан нь одоог хүртэл шийд­вэрлэгдэж, асуудал нэг тийш болоогүй байна. Батлан хамгаалах салбарт, эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэхээр мордож байгаа олон залуу­сыг ээж, аавууд нь ну­лимс­тай, түгшүүртэй үд­дэг боллоо. Энхийн цагт эр цэргүүд нь мөр зэрэг­цээд л амиа алддаг, арав арваараа гэмтэж бэртэх нь байх л ёстой асуудал гэж үү. Тиймээс олон ний­тийн бухимдлыг тө­рүүл­сээр байна. Хэл, хөлд орж амжаагүй алаг үрсээ өнчрүүлээд одсон эр цэргүүдийн амийг хэнээс нэхэх вэ, энэ хэр­гийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг одоог хүр­тэл тодорхойгүй. Нэг л зүйл тодорхой байгаа нь зэвсэгт хүчний салбарт шилээ даран гарч байгаа эдгээр осол удирдлагын хариуцлагагүй, хяналтгүйн уршиг гэдгийг хэн бүхэн хэлж байна. Харин манай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар хаана явна вэ?

Угтаа Францынх шиг, Япон, Солонгосынх шиг соёл­той оронд энхийн цагт эрчүүд нь эндсэн асуудалд бол улс төрийн хувьд, салбарын нэр хүнд, ёс зүйн хувьд ч хариуцсан анги, штабын даргаас эхлээд салбарын сайд хүртэл хариуцлага хүлээхээ мэдэгдэж, бүр албан тушаалаа орхих шийдвэрийг ч гаргасан байх нь гарцаагүй. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын хэн нь огцрох вэ.

Б.Бат-Эрдэнэ сайд саяхан нэгэн нэвтрүүлэгт улстөрч хүний ёс зүй, жудагийн талаар ярьсныг саная. Тэрээр “Ард түм­ний­хээ итгэлийг хү­лээ­сэн, олны төлөө өөрийгөө зо­риулж зүтгэнэ гэж тан­гараг өргөсөн тө­рийн тү­шээ хүн бол аман дээрээ ярь­даг ч ачир дээ­рээ хэрэг­жүүлж чад­даг­гүй эрх ашгийг зөв эрэмбэлж, тууштай, зарчмаа барим­талж ажил­лах шаард­лага­тай. Улс орны үн­дэс­ний эрх ашгийг нэгдүгээрт, намын, хэсэг бүлгийн эрх ашгийг дараа нь тавьдаг, хувийн эрх ашгийг бүр хойно тавьдаг, болдог бол хувийн эрх ашгаа бүр орхиж олны төлөө нэгэнт зүтгэнэ гэсэн ам тангарагтаа хүрэх ёстой. Төрийн хяналт хариуцлагын тогтолцоо алга болж, хариуцлага тооцохгүй ужигарсаар хэдэн зууны турш тэмцэж олж өгсөн тусгаар тогтнол эргээд хэврэгших байдал руугаа орох гээд байна” гэж ярьж байсан билээ.

banner3-14

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *