С.Төрбурамын төгс ертөнц

12-р сарын 13, 2018 8:55 am Нийтлэгч: Ангилал Урлаг Уншсан: 8
527-147270403713483245_10208571240012776_1695920306143200205_o

Ч.ГАНТУЛГА

Уран хайчилбарч С.Төрбурамын бүтээлүүд өвөрмөц, шийдэл, нарийн ажиллагаа, уран сэтгэмжээрээ бусдаас ялгардаг. Тиймээс ч эх орныхоо нэрийг гаргаж, харь оронд үзэсгэлэнгээ дэлгэсэн “одтой” уран бүтээлч. Түүний бага нас цаас, хайчтай салшгүй холбоотой. Түүний аав Урлагийн гавьяат зүтгэлтэн Сангидорж алдартай уран хайчилбарч билээ. Багаасаа цаасан урлалын гайхамшгийг харж өссөн хүү аав шигээ хүн болох мөрөөдлийг сэтгэлдээ нууцхан тээжээ. Мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөсөөр дүрслэх урлагийн ертөнцөд өөрийн орон зайгаа эзэлж, Сангидоржийн хүү Төрбурам хэмээн аавынхаа болон өөрийн нэрээ өндөрт өргөсөөр явна. С.Төрбурам унаган хотын хүүхэд аж. Бага нас нь 120 мянгатад өнгөрчээ. Ижий аав нь хар далайд амраад ирсний дараа жил хүү мэндэлсэн гэдэг. Тиймээс эмээ нь “Миний хүүгийн сүнс Хар далайгаас ирсэн” хэмээн өхөөрддөг байсан тухай нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Сангидорж зураач шинэ жилээс өмнө хүүхдүүддээ цаас өгч, зураг зуруулдаг байжээ. Хүүхдүүдийнхээ бүтээлээр гэрээ чимж, баяр тэмдэглэдэг байсан нь хүүгийнх нь сэтгэлд тодоос тод үлдсэн гэнэ. Тэрээр аавынхаа тухай “Аав минь хэвлэлийн чиглэлээр Орост мэргэжил эзэмшсэн цөөхөн хүний нэг. Москвагийн хэвлэлийн их сургуульд хэвлэлийн редактор, Номын чимэг, зураач мэргэжлээр төгссөн. Дипломын ажил нь Алтангэрэлийн орчуулга Оуэн Латтиморын өмнөтгөл үгийг нь бичсэн Монгол ардын үлгэр нэртэй жижигхэн ном бий. Сургууль төгсч ирээд Улсын хэвлэлийн нэгдсэн редакцийн газар  уран сайхны редактор, “Соёл урлаг, дүрслэх урлаг” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан” хэмээн ярьсан юм.

НАЙМДУГААР АНГИ ТӨГСТЛӨӨ ХАНЫН СОНИНЫ ДАРГА ХИЙВ

Сангидорж зураа­чийнх Урчуудын эвлэлийн хорооны “Хүрхрээгийн зуслан”-д гардаг байжээ. Тухайн үеийн бүх л мундгууд тэнд зусна. Зүүн талын байшинд нь Ардын зураач А.Амгалангийнх, хойд талд нь зураач А.Гаваагийн байшин бий. С.Төрбурам зураачдын хүүхдүүдтэй дотно нөхөрлөж, хамтдаа бөмбөг өшиглөж өсчээ. Түүнийг нэгдүгээр ангид байхаас нь л зургийн авьяас нь илэрсэн гэдэг. Нэгдүгээр ангид орсон жилээ “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанаас алтан медаль хүртсэнээ одоо ч мартдаггүй гэнэ.  Харин наймдугаар анги төгстлөө ханын сонины дарга хийжээ. Ийнхүү наймдугаар ангиа төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгсөн ч зурсан бүтээл нь гологдоод тэнцээгүй гэнэ. Аавдаа хэрхэн хэлэх учраа олсонгүй. Хэдэн өдөр сургуулийн гадуур эргэлджээ.

Нэг удаа сургуулийн гадаа сууж байтал Д.Амгалан багш гарч ирж дууджээ. Тэрээр “Чи энэ зунжингаа зураад ир. Бүтээлийг чинь харж байгаад чамайг авах үгүйгээ шийдье” гэжээ. Ийнхүү хүссэн сургуульдаа орох боломж нээгдсэнд хөл нь газар хүрэхгүй баярласаар гэр рүүгээ жирийжээ. Ийнхүү гурван сарын турш дээд ангийнхаа хүүтэй хамтарч зурсаар 1984 оны намар Дүрслэх урлагийн дунд сургуульд элссэн түүхтэй.

 “ЖИНХЭНЭ МОНГОЛ ҮНЭРТЭЖ БАЙНА”

С.Төрбурамын хайчилбар хийх суурь нь дунд сургуульд байхад тавигджээ. Учир нь тэрээр ангийнхаа хүүхдүүдийн цамцан дээр хээ, амьтны хэлбэр дүрс цоолбордож өгдөг байж. Харин Дүрслэх урлагийн дунд сургуульд ороод гэнэт цаасан хайчилбар түлхүү сонирхох болов. Багадаа аавынхаа тамхин доторх мөнгөлөг цаасаар хэрхэн хайчилбар хийхийг нь харж өссөн учир бэрхшээлтэй зүйл байсангүй. Яваандаа зурахаас хайчлах нь илүү хялбар санагддаг болсон гэнэ.

Дөрөвдүгээр дамжаагаа төгсөхөөс өмнө Залуучуудын соёлын төвд хайчилбарын анхны үзэсгэлэнгээ амжилттай дэлгэжээ. Энэ үеэс л цаасан урлал хийх урам зориг, эрч хүч нь илүү бадарсан гэдэг. С.Төрбурамын уран бүтээлд байгаль дэлхийгээс гадна монгол баатруудын дүрслэл их байдаг. Энэ нь түүний эх орноо гэсэн үндсэрхэг үзлийн илрэл аж. Хайчилбарч маань дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ дэлгэсэн туршлагатай. Түүний бүтээлийг үзсэн хүн бүр хайчилбарууд нь дэндүү төгсөөс гадна жинхэнэ “монгол” үнэртэж байна хэмээн онцолдог ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин