С.Сэвээном: Энэ их хурлыг цаг алдалгүй тараах хэрэгтэй

1-р сарын 16, 2018 9:35 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 48
1-16-6х

М.БААСАНДЭЛГЭР

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ.

Төрийн тэргүүн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Хотын хүн ам 1990-2017 онд 854 мянгаар буюу 146 хувиар огцом өслөө. Үүний 623 мянган хүн буюу 73 хувь нь орон нутгаас ирсэн байна. Харин 2008-2016 онд агаарын бохирдолд 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гадаадын зээл, тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ. Нийтдээ 170 мянган ширхэг зуух тараасан байна. Мөн өнөөдөр хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм. Дагуул хот байх газарт орон сууцны үнэ нэг сая хүрэхгүй төгрөгөөр зарагдах боломжтой. Учир нь, хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр хэдийнэ ашиглалтад орсон байна. Энэ төслийг өмнө нь бэлдчихсэн, одоо аваад ашиглахад бэлэн байгаа.

Харин ядуурал гэдэг маань ажилгүйдэл. Ажилгүйдэл гэдэг нь ердөө л бизнесийн хумигдмал байдал. Дэд бүтэц, бусад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол бизнес өргөжин тэлж, иргэд ажилтай болно. Өнөөдөр бид 1949 онд барьсан төмөр замтайгаа л байгаа. 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан ч хэрэгжүүлээгүй. Автозамын бодлого мөн адил батлагдсан ч хэрэгжээгүй. Үүн дээр Говийг усжуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлбэл, ажилгүй олон залуус ажилтай болж, ядуурал буурах ёстой.

Гэтэл өнөөдөр ядуурлын түвшин Улаанбаатарт 24 хувь, орон нутагт 38 хувьтай байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд 40 мянга хүрэх гэж байна. Энэ бол асар их тоо” гэсэн юм.

Уулзалтын үеэр СБД-ийн иргэдийн төлөөллөөс санал хүсэлтийг сонслоо.

 

VI хорооны иргэн Н.Пүрэвбат: Залуу үеийнхэн хийх ёстой зүйлээ хийж тэмцэж чадахгүй байна. Би хөгшинтэйгөө хамт хэчнээн орилоод дээд хүмүүст бидний хоолой хүрэхгүй. Бид эрх барьж байгаа хүмүүстээ л хандах ёстой. Эх орноо сайхан авч явна гэдэг иргэн бүрийн амар тайван, эрүүл орчинд сайхан амьдруулахаас эхэлнэ. Эхний ээлжийн ажлаа хийж чадаагүй байж өөр том зүйл хийнэ гэж бодох хэрэггүй. Дээр суусан 76 гишүүн ажлаа хийж байгаа юм бол ард түмэнд яагаад хүрэхгүй байгаа юм. Хэрэв энэ 76 гишүүн ажлаа хийж чадахгүй байгаа юм бол ард түмэн дараагийн 76-г сонгох тухай ярих нь зүйтэй. Үүнээс илүү зөв шийдэл гэж байхгүй.

XVI хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч П.Мягмарсүрэн: Одоо байгаа мэргэжлийн Засгийн газрыг ажлаа хангалтгүй хийж байгааг ард түмэн мэднэ. Тийм учраас энэ их хурлыг тараах, үгүй нь ард түмний эрх. Маш олон амлалт өгсөн хэрнээ татвар нэмж, тэтгэврийн зээлийн хүүг өндөр болгосон. Тэтгэвэр 12 хувиар нэмнэ гэсэн ч бодит байдал дээр нэмэгдээгүй, цагтаа буудаггүй гэх мэт хүндрэлтэй асуудал маш их байна. Төрийн боловсруулж байгаа бодлого ард түмэнд хүрэхгүй, сонгуулиас сонгуулийн хооронд хууртаж явсаар ард иргэд итгэлгүй болчихсон.

 

XI хорооны иргэн Г.Отгон: Би “100 айл”-ын ахмадын хотхонд амьдардаг. Манай тэндхийн ард иргэд бохирдолтой, аюултай нөхцөлд амьдарч байна. Барилгын материал зардаг хүмүүс  10-15 мкв газар аваад тэндээ химийн хортой бодистой хавтан, шил, барилгын хог хаягдал зэргийг шатааж агаарыг бохирдуулдаг. Ахмад настай бид өнгөрлөө гэхэд бидний хойч үе амьдрах арга алга. Энэ тал дээр төр засгаас дорвитой ажил хийхгүй байна. Шинэ байгуулагдсан УИХ ард түмнийг үнэхээр хуурч чадсан. АН-ыг туршлагатай, боловсон хүчинтэй учраас их зүйл хийх болов уу гэж сонгосон боловч итгэл даасангүй. Энэ тухайд иргэн хүний хувьд сэтгэл дундуур л явдаг юм.

 

XXI хорооны иргэн С.Сэвээном: Одоогийн энэ улс төрийн байдал “Зуун ямаанд жаран ухна” гэгч юм болоод байгаа юм. Яагаад гэвэл 76 гишүүн нь эрх мэдэлтэй, авлига авахаас өөр юу ч хийж чадахгүй. Хурлаа ч хийж чадахгүй хагаралдаж, бутарч байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Засаглалтай болж сайдыг мэргэжлийн хүнээр томилж, дэд сайд гэдэг албан тушаалыг халсан нь дээр. Энэ их хурлыг яг одоо цаг алдалгүй тараах хэрэгтэй.

 

XI хорооны иргэн Н.Сүнжидмаа: Би СБД-ийн газрын албанаас газрын бичиг баримтаа авах гэж найман жил хөөцөлдөж байна. Монголын бүх албан газар авлига авдаг, эрх ашгийн зөрчилтэй. Энийг шийдэж өгдөг албан тушаалтан гэж алга. Бас нэг асуудал нь төрийн эрх баригчдыг хэрэлдэж байх зуур харийн хүмүүс бүх газрыг нь ухдаг. Энэ мэтчилэн жирийн ард иргэдэд маш олон асуудал тулгарч байна.

Мөн уулзалтын үеэр СБД-ийн худалдаа эрхлэгчид ирсэн байлаа. Тус дүүргийн I дүгээр хороонд байрлах 20 “ТҮЦ”-ний тогийг хотын даргын тушаалаар тасалжээ. Үүнд гомдолтой худалдаачид Ерөнхийлөгчид нөхцөл байдлаа танилцууллаа.

Мөн аялал жуулчлалын асуудлаар Ерөнхийлөгч “Дубайгаар жишээ авъя. Усан дээр, элсэн дээр хот байгуулаад аялал жуулчлалын бүс байгуулж байна. Одоогоор манайд аялал жуулчлалын ихэнх бүсийг хөгжүүлэхгүй байна. Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан, Хөвсгөл далайн эрэг хавиар газрыг нь шаглаад зарчихсан. Ямар ч баримжаа, нэгдсэн бодлогогүй. Уг нь, Монголд жуулчин татах боломж хангалттай байгаа. Хархорин ч гэсэн дэлхийн анхны нийслэл гэх тодотголтой ч өнөөдөр үзэж, харах зүйл байхгүй байна” гээд аялал жуулчлалын төслүүдээ үргэлжлүүлэн танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд иргэд тулгамдаж буй асуудлаа ярьж, бичгээр Төрийн тэргүүнд хүргүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *