С.Сайнням: Төр үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо засмаар байна

11-р сарын 29, 2017 8:00 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 34
11-28-2

Ц.МЯГМАРБАЯР

Бэсүд” компанийн захирал С.Сайннямыг “Бизнес, хөгжил” буландаа урьж ярилцлаа.

Арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаагаа хэрхэн ажил хэрэг болгож байв. Худалдан авагчдаа хэдийнэ олсон уу?

-1995 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. Манайх үйлдвэрлэлээ 2009 оноос хоёр хүнтэй эхэлсэн. Арьсан цүнх, гутал, арьсан зураг, хэтэвч, бүс зэргийг үйлдвэрлэснээс хойш 15 жилийн ардаа орхисон. Одоо салбартаа тэргүүлэгч компаниудын нэг боллоо. Бүтээгдэхүүнээ ОХУ-д нийлүүлж байна.

Цаашдаа ч гоёл чимэглэлийн төрөл бүрийн зүйлийг үйлдвэрлэж хэрэглэгчдээ түгээсээр байх болно. Үйлдвэрлэл гэдэг зөвхөн бэлэн загвар,материалаар үйлдвэрлэнэ гэж байдаггүй. Нэхий, арьсаа малчны хотноос худалдан авч боловсруулах бүх шат дамжлагаар  загвар гаргах , үйлдвэрлэх дамжлагат ирдэг. Одоо манай үйлдвэр 50 гаруй ажилтантай.  Гэвч одоог болтол арьсан эдлэлийн бүтээгдэхүүнээ экспортод албан ёсоор гаргаж чадаагүй. Бүтээгдэхүүнийг ихэвчлэн ОХУ, БНХАУ руу ганзагаар л гаргаж байна. Хамгийн гол нь экспортын бичиг баримт болон татвар тодорхой байх хэрэгтэй. Харин европ руу экспортлоход татваргүй байгаа. Гэвч стандартын асуудал бий. Манайд тэдний шаардлага, стандартыг хангах лаборатори байхгүй. Тиймээс олон улсад гаргах хаалга нээлттэй ч бидний хувьд боломжгүй болчихоод байгаа юм. Алийн болгон монгол бизнесменүүд хулгайн аргаар бүтээгдэхүүнээ борлуулах вэ дээ. Худалдан авагч нь бараагаа хүсээд байдаг бид хэдий болтол ийм зүдэргээтэй замаар явах юм. Хулгай болон ганзагаар борлуулсан бүтээгдэхүүнээ экспортын тайландаа тусгах ч хэцүү, тусгахгүй байх ч хэцүү. Ер нь ихэнх компанид ийм зовлон бий. Мөн экспортын бүтээгдэхүүний бичиг баримт тодорхой бус байгаагаас зөв үнийг тогтоож чадахгүй байна. Зөв үнээр борлуулалт хийж чадахгүй болохоор хямдарсан үнээр борлуулж байна. Үүнийг л төрөөс засмаар байна.

Танай бүтээгдэхүүн дотоодын зах зээлийг хангаж чадсан уу?

-Дотоодын зах зээл ханасан. Юунаас болж ханасан бэ гэхээр Засгийн газар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гээд маш олон үйлдвэрлэгч нарыг бий болгож буй нэртэйгээр үйлдвэрт ажиллаж байсан ажилчдыг тусад нь бие даалгасан. Эдгээр хүмүүс нь загварын хөгжүүлэлт хийж чаддаггүй, зөвхөн үйлдвэрлэдэг. Загварын хөгжүүлэлт хийдэг хэдхэн компани нь тэдэнд хөдөлмөрөө хоосон мэрүүлдэг болсон гэсэн үг. Уг нь сайн дизайнерүүдийг нэгтгэж нэг хүч болгон төрөөс дэмжлэг үзүүлж буцалттай хөнгөлөлттэй зээл өгсөн бол энэ салбар хөл дээр босох нэг хөшүүрэг болох байсан. Ингэсэн бол манайх шиг компаниуд бусад улсаас захиалга авч үйлдвэрлэх гээд байгаа компаниудад ашигтай санал тавих юм. Өөрөөр хэлбэл манай бүтээгдэхүүнийг загвар, захиалгын дагуу захиалсан тоогоор үйлдвэрлэх боломж бий.

Загвараа оюуны өмчөөр патентжуулж санаагаа бизнес болгоно гэсэн үг үү?

-Энэ тогтолцоогоор явбал хэн хэндээ хялбар. Гэтэл одоо эдгээр үйлдвэрүүд татвар төлөхгүй байна. Урсгал зардлаа тооцохгүй зөвхөн материалын үнэ дээр ашгаа нэмж, бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ийм тохиолдолд яаж шударга өрсөлдөх юм бэ. Мөн түүнчлэн Хятадын хиймэл материалаар хийсэн бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлнэ гэдэг байж болохгүй. Тухайлбал, гутлын нэг улыг 12-18 мянган төгрөгөөр авч байна. Гэтэл ийм үнэтэй гутал гадуур зөндөө зарагдаж байна. Тэгэхээр манайх эрүүл зах зээлтэй орон мөн үү гэдэг асуудал үүсдэг.

Хиймэл материал хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна чанаргүй учраас дороо элэгдэнэ биз дээ?

-Яаж хямд юм үйлдвэрлэж чадаж байна гэдэг нэг асуудал. Мэдээж худалдан авагчдад хямд үнэ чухал. Гэхдээ жинхэнэ материалаар хамгийн хямд, чанартай бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг өөр асуудал. Энэ асуудлыг манайхан ярилцахгүй л байна. Сүүлийн үед манай хэрэглэгчид чанарыг илүү их чухалчилдаг болсон. Ялангуяа эко, хүний биед эвтэйхэн. Гэтэл тендерийн шаардлагад хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хямдаар үнэлнэ гэсэн зарчим үйлчилж байна. Хиймэл материалаар хийсэн чанаргүй бүтээгдэхүүнийг чанартай материалаар хийсэн бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлнэ гэдэг утгагүй асуудал.

Танай бүтээгдэхүүний онцлог нь юу вэ?

-Манайхан маш сайн чанартай арьсыг чанаргүй лидрен, хөөсөн ул зэрэг зүйлтэй нийлүүлж холиод гутал, цүнх болон арьсан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин манай компанийн арьсан шаахайны өөрийн өртөг 32 мянган төгрөг. Дээр нь ашиг болох 7000 төгрөг нэмдэг. Гэтэл яг манайхыг дуурайж хийсэн нь дэлгүүрт 18 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Мэдээж чанар л манай давуу тал.

Хэрэглэгчид хэрхэн ялгах вэ?

-Хэрэглэгчдэд зар сурталчилгаагаар ялгааг нь ойлгуулна. Гэтэл сурталчилгаанд зориулах мөнгө дөнгөж хөгжиж байгаа манай мэргэжлийн компаниудад байхгүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх буруу бодлогоос болж манайх шиг дизайнерийн компаниуд эдийн засгийн уналтад орсон. Бидэнд бусдыгаа чирээд явах чадал алга. Тэгэхээр нэгдсэн бодлогоор засах хэрэгтэй.

Яаж?

-Саяхан манай компани Азийн хөгжлийн банкинд хүүхдийн гутлыг арьсаар хийж сурагчдад өмсүүлэх төслийн загварыг өнгөрсөн зуны турш гаргасан. Нэлээд ахицтай явж байна. Гэхдээ Азийн хөгжлийн банк манай компанид нэг ч төгрөгний дэмжлэг үзүүлээгүй. Төслөөр шалгарсан компани манайхыг мөн гэж үзэж байгаа. Төслийн хүрээнд хийгдэж байгаа атлаа ямар ч дэмжлэггүй. Гэхдээ хамгийн гол нь банкнаас зарласан сэдэв нь зөв. Монгол хүүхэд эрүүл ахуйн онцлогт тохирсон зөв гуталтай байх хамгийн чухал. Хөлний эрүүл мэнд, хүний эрүүл мэндтэй анхан шатанд шууд холбоотой. Хүний тавхай, хөлний бүтэц зэргийг манай загвар зохион бүтээгчид мэддэг болохоор энэ төсөл дээр ажиллаж байна. Харамсалтай нь энэ нь хэзээ ажил хэрэг болох юм. ХХААХҮЯ-тай холбоотой юм билээ. Тэгэхээр яам хэзээ дэмжлэгээ үзүүлэх юм харж л байна. Банкууд болон ТББ-ууд зөв санаа гаргадаг. Бид дэмжиж санаачлагатай оролцдог. Гэтэл төр үүнийг эднийх төслийн зээл авах гээд байна гэж хардаг. Тэртэй тэргүй бид ашгийг тултлаа оллоо ч уул уурхайгаас олдог ашгийг олж чадахгүй. Мэргэжилдээ дуртайдаа л энэ салбараа орхиж чадахгүй байна. Бид ядаж байр, ус, дулаан зэрэг урсгал зардлаа төлчих хэмжээнд бизнесээ цааш явуулмаар байна. Гэвч босож ирээд буцаад уначихаад байна. Байр, тоног төхөөрөмж, ажилчид, дизайнерууд байна. Төр үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо эргэж харж засмаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

La Viagra Necesita Receta cialis online Finishing Amoxicillin Cialis 20 Mg Come Funziona Priligy Dosis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *