С.Оюун: Иргэд нь Засаг даргаа сонгохыг ИЗНН дэмжиж байгаа

11-р сарын 20, 2015 9:55 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 70
s.oyun

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХын гишүүн, ИЗННын дарга С.Оюун орж ажилласан. Үндсэн хуулийн өөрчлөлтөд ИЗНН ямар байр суурьтай байгаа болон зарим асуудлаар түүнтэй ярилцлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг танай нам дэмжиж байгаа юу?

-24 жилийн хугацаанд 12 Засгийн газар солигджээ. Эдгээр Засгийн газрын дундаж наслалт нь хоёр жил байсан байна. Яагаад өнөөдөр Монголд улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна. Бодлого, шийдвэр нь шийдэгдэхгүй уддаг, гацдаг байдал нийтлэг тохиолддог. Ард иргэд нь ч УИХд итгэхээ больжээ. Энэ бүхнийг олон жилийн туршлагаас үзэхэд эрх, үүргийг нь ойлгомжтой болгож, өгөх ёстой хүнд нь өгөөд, хариуцлагыг нь Ерөнхий сайдаас нэхдэг байх ёстой гэсэн зүйл харагдаж  байгаа юм.

Сайд нарыг огцруулах, томилох асуудлыг нэг нэгээр нь хэлэлцэнэ гээд улс төрийн дуусахгүй маргаан явж байгаад цэг тавих хэрэгтэй. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлжхариуцлага тооцвол өөрөө тооцдог байх нь зүйтэй. Сонгох хүмүүсээ сонгоод, чөлөөлөхийг нь чөлөөлөөд яваг. Энэ асуудлыг бид шинээр гаргаж байгаа юм биш. Сонгодог парламентын засаглалтай орнуудад ийм л байдаг. Харин хариуцлага тооцохдоо Ерөнхий сайдтай тооцох хэрэгтэй. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд яамдын тоог ойлгомжтой буюу ес байхаар Үндсэн хуульдаа тусгах нь зүйтэй юм. Ингэхгүй бол сонгууль болгоны дараа намууд нь өөрсдийнхөө хүмүүсээс Засгийн газарт томилно гэсээр яамдын тоо, бүтцийг өөрчилдөг.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотын статусыг бий болгож, Засаг дарга нарыг иргэд сонгодог болохоор тусгасан. Энэ өөрчлөлт хэр оновчтой гэж үзэж байна вэ?

Хотуудын статусыг бий болгож байгаа. Үнэндээ энэ асуудлыг ч олон жил ярьж байгаа. Мөн сумын Засаг даргыг ард иргэд нь шууд сонгодог болно гэсэн заалт орсон. Ялангуяа, ИЗНН энэ заалтыг их дэмжиж байгаа. Манай нам 2000 онд анх байгуулагдахдаа мөрийн хөтөлбөртөө дээрх заалтыг оруулсан байдаг. Манайхан гурав, дөрвөн мянган хүнтэй сум байлаа гэхэд нутгийн өөрөө удирдах зарчмын хүрээнд өөрсдийнхөө сумыг удирдаж чадах хүнийг эрх биш сонгож гаргаад ирдэг ухаантай хүмүүс шүү дээ. Сонгуулийн үеэр нам болж талцаад, хэнийг Засаг даргаар томилох тухай ярихад дахиад л фракц үүсгэж эхэлдэг. Сумын хэмжээнд Засаг дарга  нарыг өөрсдөө сонгодог байя. Харин аймаг, хотын Засаг дарга нарыг илүү нэгдсэн удирдлагатай болгохын тулд Ерөнхий сайд томилдог болъё гэсэн санаанууд орж байгаа. Миний хувьд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг иргэд, судлаач, хуульчид, төрийн бус байгууллагын дунд өрнүүлэх нь чухал гэж бодож байна. Сайн хэлэлцүүлгийн үр дүнд энэ шийдэл нь сайн уу, муу юу гэдэг нь тодорхой болно.

Энэ өөррчлөлтүүдийг хийснээр үнэхээр төрийн институцийн эрх, үүргүүд тодорхой болж чадна гэж байна уу?

Монгол Улсын засаглалын тодорхой институцууд салаа, мөчрүүдийн эрх үүргүүд нь давхардаж, зөрчилдсөн байгаа. Сонгодог утгаараа засаглалын салаа мөчрүүд гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байдаг. Засаглалын эдгээр салаа мөчир бие даасан байдалтай ч гэсэн харилцан бие биеэ нөхөн, хянаж ажилладаг. Гэтэл манайд энэ гурван салаа мөчрөө мартчихсан. Ерөнхийдөө төрийн гурван өндөрлөг нь салаа мөчир нь юм шиг ойлгодог. Парламент гэж байгаа бол хууль тогтоох үйл ажиллагаандаа илүү анхааръя. Засгийн газар, Ерөнхий сайдын шийдэх асуудал бүрийг УИХ өөр дээрээ татаж аваад, гацааж, удаадаг байж болохгүй. Мэдээж гүйцэтгэх, хууль тогтоох засаглал нь хяналтаа тавилгүй яахав. Үнэхээр буруу зүйл хийж байвал Ерөнхий сайдыг огцруулах эрх нь байгаа шүү дээ. Товчхондоо, эдгээр ярьж буй зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэвтрүүлье гэж байгаа юм. Юуны өмнө энэ асуудлаар хэлэлцүүлэг нь эхэлж байгаа нь сайн хэрэг. 1992 онд батлагдсан Үндсэн хууль бол маш чухал, зөв суурь зарчмуудыг бий болгосон сайн хууль болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ажлын хэсэг дээр хүртэл хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг орвонгоор нь тэр чигээр нь өөрчлөх гэж байгаа зүйл огт байхгүй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ яриад байгаа засгийн бодлогууд, үүсээд буй улс төрийн тогтворгүй байдал, тодорхой асуудлуудаа шийдэж чадахгүй, гацаагаад байна гэдэгт дүгнэлт хийж, өөрчлөлт хийх гэсэн санаа юм. Тэрнээс Үндсэн хуулийн дийлэнх зарчим хэвээрээ. Харин парламентыг боловсронгуй болгох гэсэн санаанууд л орсон.

Энэ удаагийн пар­ламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж амжих­гүй гэдгийг олон гишүүн хэлж байгаа шүү дээ?

Мэдээж хугацаа бага байгаа нь үнэн. Хугацааны хувьд асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ сэдвээр хэлэлцүүлэг сайн өрнөг. Ямартай ч ард нийтийн санал асуулгыг өнөөдөр явуулж чадахгүй юм гэхэд дараагийн хавар, зун зохион байгуулж болно. Сайн хэлэлцүүлэг явуулсан байхад дараагийн парламент ч гэсэн энэ өөрчлөлтийг хийж болно. Хамгийн гол нь хэлэлцүүлэг өрнөх шаардлагатай. Ядаж Засаг даргаа өөрсдөө сонгох эсэхээр сум болгон хэлэлцүүлэг хийх нь чухал ач холбогдолтой юм. Төрийн байгууллагын хооронд есөн яамтай байх, Засгийн газар нь яавал тогтвортой ажиллах тухайд ч хэлэлцүүлэг өрнөх ёстой.

Үүнээс гадна С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна. Та С.Зориг агсны эхнэр Д.Булгантай өнгөрсөн хугацаанд хэр холбоотой байсан бэ?

Бид хохирогч. Тийм учраас хэрэг илрээсэй гэж хүсэж байна. Холбогдох байгууллагаас нь мэдээлэл авсан нь дээр байх. Хамаагүй зүйл ярьвал би загнуулна шүү дээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *