С.Очирбат: Хот байгуулалт гэдэг улс төр хийдэг талбар биш

10-р сарын 19, 2015 9:23 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 113
10-19-1h

Х.МОНГОЛХАТАН

Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалт, хариуцсан орлогч С.Очирбаттай ярилцлаа.

10-19-1Та хот байгуулалтаар олон жил ажиллаж байгаа хүн. Манайд хот байгуулалтын бодлого ямар төвшинд хэрэгжиж байна вэ?

Улаанбаатар хот зургаан ерөнхий төлөвлөгөө дамжаад өнөөгийн дүр төрхийг олсон байдаг. 1986 оны V ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж байгаад 1990 онд нийгмийн өөрчлөлттэй залгаад зах зээлийн шуурганд алга болсон. Хот маань төлөвлөлтгүй 10 жил явсан.

Тэгээд 1998 онд гэр хороолол тэлж байна, хот төлөвлөлтгүй явж болохгүй, хот байгуулалтын бодлогоо цэгцэлье  гэсэн санаачлагыг гаргасан. Хэдийгээр тухайн үед би бага залуу ажилтан байсан болохоор шийдвэр гаргах төвшинд асуудлыг гаргаж чадаагүй чХот байгуулалтын хүрээлэн”-г байгуулж хотын ерөнхий төлөвлөгөөг шинэ утгаар нь эхлүүлсэнМанайх 1954 оноос эхлээд таван ерөнхий төлөвлөгөө хийхдээ ЗХУын эрдэмтэн, инженер техникийн ажилтныг оролцуулж байсан учраас хот төлөвлөлтийн ихэнх суурь судалгаанууд ОХУын хоёр том институтид хадгалагдаж байна.

2008 онд Хот байгуулалтын хуулинд өөрчлөлт оруулснаар УИХаар хот байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөг баталдаг болсон. Бид 1998 онд Зураг төслийн хүрээлэн байгуулж, 2002 онд Хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар батлуулсан боловч 5-6 жил хэрэгжээгүй. Тиймээс Японы мэргэжлийн байгууллагыг урьж бодитой дүгнэлт хийж өгөөч гэж хүссэн. Үр дүнд нь 2020 оны Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, 2030 оны хөгжлийн чиг бодлогоо тодорхойлох том алхам хийгдэж, 2013 онд УИХаар Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Нэгэнт УИХ баталсан учраас Засгийн газарт үүрэг өгч Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон улсын байгууллага, улсын төсөв, хотын төсөв, хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлнэ гэж тодорхой зааж өгсөн. Үүнд 25.4 их наяд төгрөгийн урдчилсан тооцоо гарч байгаа юм.

Шинэ Ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд төвүүдтэй болох тодорхой алхам хийж эхэлсэн гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

УИХаар Ерөнхий төлөвлөгөө батлагдаад Улаанбаатар хотыг нийслэл хотынх нь төвшинд найман дэд төвтэй байхаар төлөвлөлтийн шийдэл гарсан. Яармаг, Амгалан, Улиастай, Сонсголон, Баянхошуу, Сэлбэ гэсэн найман дэд төвөөс эхний ээлжинд Азийн хөгжлийн банктай хамтраад хоёр дэд төвөө хийхээр болсон. Ерөнхий төлөвлөгөөгөө УИХаар батлуулсан учраас ажил урагштай маш хурдан шуурхай шийдэгдэн жилийн дотор Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.долларыг батлуулсан. Монголын талын хөрөнгө 96 сая ам.доллар бөгөөд нийтдээ 320 сая ам.долларын төслийг эхлүүлж чадлаа. Энэ бол Азийн банкны системд томд тооцогдох төсөл юм. Энэ ажлын хүрээнд Баянхошуунд Монголын талаас 60 айлын хоёр орон сууцыг ашиглалтад өгөх гэж байна. Зөвлөх үйлчилгээнүүдийг шалгаруулж дэд бүтцийн гол магистрал шугам болох бохирын шугамын зураг төслийг боловсруулж сонгон шалгаруулалт хийгээд явж байна. Ирэх жил тэнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, дараа нь цэцэрлэгүүд баригдана. Хүмүүсээ мэргэшүүлж чадавхжуулахын тулд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг барьж өгч байгаа юм. Мөн 10-аад сая ам.долларыг бичил бизнес эрхэлдэг хүмүүст бичил зээл болгон өгнө. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг нь хот төлөвлөлтийнхөө дагуу төлөвлөгдөөд явна. Энэ эхний ээлжийн төсөл 2018 он хүртэл, хоёр дахь шат нь 2018-2021 он хүртэл, гурав дахь шат нь 2023 оны төгсгөл хүртэл хэрэгжинэ. Үүн дээр хамтран санхүүжүүлэгчээр Европын хөрөнгө оруулалтын банк анх удаа 50 сая еврогоо оруулах гэж байна.

Хотын хөгжилд зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил чухал. Энэ тал дээр ч энэ жил нэлээд ажлууд хийсэн байх аа?

Ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд хамгийн чухал ажил бол дэд бүтцээ хөгжүүлэх юм. Инженерийн шугам сүлжээгээ сайжруулж чадахгүй бол бид мянган хэсэгчилсэн төлөвлөгөө, мянган Ерөнхий төлөвлөгөө хийгээд нэмэргүй. Тиймээс бид энэ зун Энхтайваны өргөн чөлөөний 1950, 1960-аад, хамгийн багадаа 1985 оны шугамуудыг маш богино хугацаанд сольж, шугамынхаа диаметрыг хоёр дахин томсгож, хажууд нь цэвэр усны шинэ хоолойг угсарсан. Далимдуулаад Энхтайваны өргөн чөлөөний замаа шинэчлээд авлаа. Энэ бол хотын хамгийн гол амин судас болсон инженерийн шугам сүлжээ юм. Үүнийг засварлаж томсгож чадсанаар VII хорооллын болон Дэнжийн мянгын хорооллын инженерийн шугам сүлжээг хангана.

МөнАмгаландулааны станцыг барьж босгоод халаалтаа өгөөд эхэллээ. Туршилтын горимоор ажиллаж байгаа ч удахгүй зүүн дөрвөн замаас цаашх бүх ачааллыг авнаТэгэхээр эндээс хэмнэгдсэн дулаанаа ДарьЭхийн орчим, VII хороолол, 32-ын тойрог зэрэг газруудад дэд бүтцээр хангагдах тохилог орон сууц барьж байгуулах нөхцөл бүрдэнэ.

Нийтдээ гэр хорооллын хороодын 34 хорооны нутаг дэвсгэр дээр инженерийн шугам сүлжээ барьж байгуулж байна. БЗДийн II, IV дүгээр хороонд орчин үеийн тунелийн системээр барьсан. Түүнийг засварлах бол дахин газраа ухаж, замаа эвдэх шаардлагагүй. Осол, гэмтэл гарвал тунелээрээ ороод засчих боломжтой. СХДт найман хороон дээр, БЗДт гурван хороон дээр, ЧДт хоёр хороон дээр, ХУДт хоёр хороон дээр, СБДт нэг хороон дээр, БГДт нэг хороон дээр гэр хороололд инженерийн шугам сүлжээ хийгдэж байна. Нийтдээ 82 ажилд 142.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр гүйцэтгэлээрээ санхүүжих зарчмаар ажиллана. 142.3 тэрбум төгрөгийн 32.1 тэрбум нь төгрөг нь нийслэлийн төсвөөс, 43.1 хувь нь Хөгжлийн банкны санхүүжилтээр олгогдсон байна. Бид өнгөрсөн гурван жилд ийм их дэд бүтцийн ажлыг хийсэн байна.

Хөрөнгө оруулалтын ажлын бүрдэл дээр зураг төсөлд нийтдээ 10-аад тэрбум төгрөг зарцуулсан. Урд нь зураггүй ажлыг баталчихаад зургаа зуруулсаар нэг жил, хөрөнгийг нь батлах гээд уддаг. Тиймээс бид эхний ээлжинд зургаа хийж явсан. 22 ажлын зураг төсөлд 4.6 тэрбум төгрөг зарцуулсан. Одоогийн байдлаар 143.1 тэрбум төгрөгийн 75.2 тэрбумын санхүүжилтыг олгосон. Тэгэхээр энэ олон ажлын гүйцэтгэл 70 хувьтай явж байна.  

Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдэд хүлээлт үүсгээд байгаа. Энэ ажлыг та эхлүүлсэн хүний хувьд яаж дүгнэх вэ?

Гэр хороолын дахин төлөвлөлт гэдэг миний судалсан, эрдмийн ажилд үндэс суурь онол аргазүй нь суусан, миний мэргэшсэн ажил. Анх 2007 онд Барилга хот байгуулалтын яаманд байхдаа хотынхонтой ярьж байгаад Халдвартын эмнэлгийн урд талынАман хуурхорооллыг босгосон юм. Энд 18 айлын газрыг чөлөөлж 360 айлын орон сууц барьсан. Үүнээс гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжих үндэстэй нь батлагдсан. Тухайн үеийн хотын удирдлагууд энэ ажлыг эсэргүүцэж байсан. Барилга хот байгуулалтын сайд нь Ардчилсан намаас тавигдсан болохоор тэр үү, улс төрийн өнгө аясаас болоод энэ ажил цааш яваагүй юм.

Энд нэг түүх сөхөхөд 1954 онд анхны ерөнхий төлөвлөгөө хийгээд 1990 онд нийгэм өөрчлөгдөх хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод 21 хороолол барьсан байдаг. Нийгэм солигдсоноос хойш хувийн компаниуд ашгийн төлөө хэдэн хороолол барьсан ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, машины зогсоолыг нь орхигдуулсан.

Харин бид 2012 онд олонх болж гарч ирээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг иж бүрнээр нь хийхээр шийдсэн. 2013 оны нэгдүгээр сарын 31-нд гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг баталж, тавдугаар сард ажлыг эхлүүлж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гурван жилийн хугацаанд 26 хорооллын ажлыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээг татаж, хувийн хэвшлээр орон сууцны барилгаа бариулж байна. Одоо үндэсний дотоодын 49 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр өмнө нь 50-60 жилд 21 хороолол барьсан байхад бид 2-3 жилд 26 хороолол босгох ажил эхэлнэ гэдэг ямар хурдацтай, үр дүнтэй явж байгааг харуулна. Энэ хугацаанд ердөө 3-4 нь аж ахуйн нэгжийн ажил удаашралтай байсан. Тэр нь улстөржүүлээд байгаа МАНаас гарсан компаниуд байдаг. Жишээлбэл, “ӨндөрБуянтгэдэг компани орсноосоо хойш юу ч хийгээгүй байж л байна.

Гэхдээ бид ийм богино хугацаанд 26 хорооллын дэд бүтцийг барьж өгөөд барилгын ажлыг нь эхлүүлээд эхнээсээ иргэд нь орон сууцандаа орчихоод байна гэдэг том амжилт юм. Зөвхөн энэ жил гэхэд БЗДтБаганат Өргөөкомпани 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулж газраа чөлөөлж өгсөн 90 айлыг байртай болголоо. Өнгөрсөн долоо хоногтЦагаан хуаранкомпани 132 айлын орон сууцанд газар чөлөөлсөн 70 айлыг орууллаа. Ер нь өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна. Энэ онд багтаад ахиад 1500 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Энэ олон айлын тав тухтай амьдрал, утаа униар, угаадас жорлон үгүй болно сайхан биш гэж үү. Үр дүн ийм бодит байна.

Гадаад улс оронд олон жил шаардсан энэ ажил манайд харьцангуй хурдан хугацаанд явагдаж байгаа нь нийгмийн зайлшгүй шаардлага байсантай ч холбоотой байх. Ер нь энэ эрчээрээ ажиллавал хэдэн жилийн дараа нийслэл хотын гэр хорооллын иргэд 100 хувь байранд амьдрах бол?

Энэ ажил маш эрчтэй эхэлсэн. 2012 оны аравдугаар сард Хотын дарга бид хоёр Япон улсад очиж үзсэн. Тэнд 6.7 га газарт дахин төлөвлөлт хийх гэж бүтэн 10 жилийг иргэдтэйгээ зөвшилцөхөд зориулж дөрвөн жилд нь төслөө хийсэн байдаг. Гэтэл манай компаниуд 30-40, 50-60 гагаар зохицуулаад байгаа шүү дээТэндээс бид санаа авсан. Энэ ажилд улстөрийн явуулга хийж, УИХын гишүүд хүчин зүтгэж байгаа нь харин ч иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт хэрэг юм. Өнөөдрийн гэр хорооллын утаа, бохирдлыг 20 гаруй жил ярьж байгаа ч салаагүй л байна. Энэ бүгдээс цогцоор нь салах ганц арга бол гэр хорооллын дахин төлөвлөлт юм.

Энэ ажлыг улстөржүүлж, ард түмнийг төөрөгдүүлж, саад болохгүйгээр явуулах юм бол, төр засгийн дэмжлэг, олон улсын байгууллагын хандлага ийм өндөр хэмжээнд байвал гэр хорооллын дахин төлөвлөлтийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж бий. Өнөөдөр 49 аж ахуйн нэгж ажиллаж байна. Гэтэл манайд барилгын 1000 гаруй аж ахуйн нэгж бий. Хэрэв бүгд зэрэг ажиллаад иргэдтэйгээ тохирч чадвал хэдхэн жилийн дотор гэр хороололгүй болгох боломж байна. Бид мөрийн хөтөлбөртөө гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг зургаан жилд гэж тусгасан. Гэтэл гурван жилд ийм сайн хийж байгаа учраас мөрийн хөтөлбөрөөсөө наана ч хийх боломжтой байна. Дэд бүтэц хийгдээд иргэн аж ахуйн нэгж тохироод явдаг бол Хотын захиргаа хяналт л тавиад сууна биз дээ. Тэр нөхцөл сууриа үндэстэй сайн тавьж чадсанд байгаа юм. Д.Баттулга дарга бид хоёр төсөл хэрэгжүүлэгчидтэйгээ уулздаг байсан. Одоо тэднийг гурав тасалж уулзаж байна. Заримдаа газар дээгүүр нь тойрдог юм. Мөн Гэр хорооллын хөгжлийн газар маань өдөр бүр цаг тутамд мэдээллээ авч байдаг. Ийм цогц ажил эргэлт буцалтгүй явж байна. Бид улс төрийн ээлжит сонгуулийн өмнөх оноо хайсан хүмүүсийн цохилт болгон алдахыг хүсэхгүй байна. Ард иргэдийнхээ төлөө энэ ажлаа хэрэгжүүлэхийн төлөө бүрэн хүчин зүтгэж тэмцэх болно гэдгээ хэлэх байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга зам хааж, зусланд гарахгүй байхыг уриалж, дугаараар хязгаарлаж, газар чөлөөлүүлж олон ажлыг хийсэн. Иргэд эхлээд бухимдаж байсан ч үр дүнг нь үзээд хүлээн зөвшөөрч, талархан дэмих болсон. Энэ бүхэн юутай холбоотой вэ?

Мэдээж бүтээн байгуулалтын томхон ажлуудыг богино хугацаанд хийхийн тулд эмээж, болгоомжилж байсан. Гэхдээ иргэддээ дор хаяж 10 хоногийн өмнөөс урьдчилж мэдээлээд, зөв зохион байгуулж чадсан учраас үр дүнгээ өгч чадлаа. Ажил бодитой яваад хэлсэн хугацаандаа дуусаад байхаар иргэд хүлээцтэй хандаж дэмждэг юм билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдийнхээ сайн сайхны төлөө хотын захиргаа ямар менежмент хийж болдгийг харуулж чадсан байх.

Сургууль цэцэрлэгийн асуудлыг ч хурдан хугацаанд шийдж байгаа. Өмнө нь актлагдсан байсан зургаан цэцэрлэгийг улсын төсвөөр засч янзлаад орууллаа. Актлагдсан 17 цэцэрлэгийг бариад энэ жил ашиглалтад өгсөн. Сургууль цэцэрлэгийн цогцолборыг шинээр 16-г барьж байгууллаа. Гар нийлсэн баг зөв бодлогоор удирдаад, цаг хугацаатай уралдаад явахад ямар ч ажлыг, ямар ч хугацаанд хийж болдгийн тод жишээг харуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Э.БатҮүлийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд 410 тэрбум төгрөгийг ямар үр ашиггүй зарцуулсан, хүүгийнхээ компанид тендер олгосон зэрэг үндэслэлээр огцруулах албан бичиг өгөөд байгаа. Энэ асуудалд та ямар хариу хэлэх бол?

Үнэндээ уусан идсэн гэж ярьж байгаа хүмүүс өөрсөдтэйгөө адилтгаж бодоод байх шиг. Манайх Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Засаг даргын гаргасан бүх шийдвэрийг Ulaanbaatar.mn сайтдаа гурав хоногийн дотор оруулдаг байсан. Тийшээ орсон хэн ч нийслэлийн бүх мэдээллийг харах боломжтой. Шилэн дансны хууль гарсны дараа ч бүх орлого зарлага нээлттэй байгаа. Тэр буруутгаад байгаа асуудлууд нь Засаг даргатай хамааралгүй болохыг заалт бүрээр нь гаргасан.

Харин ч Э.БатҮүл даргын баг өмнөх хоёр Засаг даргын зарцуулж байсан төсвөөс 10 дахин бага, түүний өмнөхөөс 30 дахин бага төсөвтэй ажилласан. Бид засгаас даалгаж байгаа ачааллыг багасгаад өөрсдөө хөрөнгө оруулалт босгож асуудлаа зохицуулаад явж байгаа. Жишээлбэл, газрыг дуудлага худалдаагаар эргэлтэд оруулж байна. Энэ мэтчилэн хөрөнгө босгож болох боломжит эх үүсвэрүүдээрээ хотоо хөгжүүлэх, төр засгаасаа авах ёстой дэмжлэгээ аваад явах маягаар ажиллаад байгаа юм. Гэтэл ийм үндэслэлгүйгээр гүтгэж байгаа нь хөөрхийлөлтэй юм даа.

Та бүхэн энэ эрчээрээ ажиллавал Улаанбаатар хот маань хэдэн жилийн дараа гэр хороололгүй, утаа, бохирдолгүй сайхан хот болох бол?

Би хотын сүүлийн хоёр Ерөнхий төлөвлөгөөнд биечлэн оролцсон. Одоо манай хот зам, дэд бүтцийн хувьд боломжийн сайн боллоо. Гэр хорооллын асуудлаа маш хурдан шийдэх хэрэгтэй байна. Банк, санхүүгийн байгууллага дэмжлэг үзүүлж, санхүүжилтын механизмаар дэмжээд өгвөл богинохон хугацаанд ажил болоод явна. Туркийн Анкарад төр нь дэмжсэн учраас энэ ажил маш хурдацтай явж байсан. Манай төр мөнгө муутай байгаа учраас банк санхүүгийн байгууллага хувийн хэвшил чадах чинээгээрээ орох хэрэгтэй. Удахгүй метрогоо бариад, хөнгөн төмөр замаа байгуулаад авбал хот маань 10 жилийн дараа гэхэд Улаанбаатар маань их сайхан хот болно. Замд нь янз бүрийн улстөрийн явуургүй бохир асуудал гарч ирэхгүй бол шүү дээ. Уг нь хот байгуулалт гэдэг улс төр хийдэг талбар биш. Энэ бол хүний аюулгүй байдлыг хангасан, иргэнд хүрэх үйлчилгээг богино хугацаанд хийсэн цогц систем юм. Үүний төлөө бид ажиллах ёстой.      

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *