С.Нарангэрэл: Зохиомол хэрэгт гүтгүүлж, яллуулна гэдэг аймшигтай

8-р сарын 16, 2012 10:43 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 424

Д.БОЛОРМАА

 

МАХН-ын дарга, Монголын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын шийтгэх тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн мягмар гаригт өмгөөлөгчид нь гардуулан өгчээ. Шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтийг хуулан бичсэнээс ялгаагүй байна гэдгийг өмгөөлөгчид нь хэлж байна. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

-МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосноос хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна. Шийтгэх тогтоолыг хү­лээн авсны дараа давж заалдах гомд­лоо өгөх ёстой. Тэгэхээр удахгүй Нийслэлийн шүү­хэд хандах байх?

-Шүүх хуралдаан дуус­­санаас хойш 14 хоног өнгөрч байна. Энэ хуга­цаанд шийтгэх тогтоолын албан ёсны эх бичмэлийг хүлээж суулаа. Гэхдээ хий хоосон хүлээсэнгүй.

Хэргийн материалыг улам нарийвчлан судалж давж заалдах гомдлоо бичихээс эхлээд уг хэргийн талаар ном бичиж байна. Ер нь шүүх хурлыг “TV9” телевиз олон нийтэд шууд дамжуулс­наар гэмт хэрэг биш гэдэг нь олон нийтэд тодорхой болсон шүү дээ. Телевиз үзэгчид маань сайн санаж байгаа байх. Мөрдөгч бо­лон прокурорууд Н.Энх­баяр даргыг таван хэрэгт буруутган яллах дүгнэлт бэлдсэн байдаг. Ингэхдээ шүүх хуралдааны явцад таван хэргийн нэгийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Н.Энхбаяр даргыг 2007 онд өөрийнхөө хувийн бүтээл болох найман боть номыг БНСУ-д хэвлүү­лээд МИАТ-ын онгоцоор хоёр удаа үнэ төлбөргүй зөөлгүүлж, МИАТ компанид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруул­сан хэмээн ял төлөвлөсөн явдал. Үүнийг 2007 онд МИАТ-ын төлөөлөгчөөр БНСУ-ын Сөүлд хэн ажиллаж байсныг нэр усаар нь тодорхой хэлсэн. Дээрээс нь уг үйлдэлд АТГ-ынхан  өөрсдөө санаач­лан эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас цагаат­гасан.

Гэтэл нөгөөх дөрвөн хэрэг нь үүнтэй адилхан шүү дээ.  Тодруулбал, үүний нэг нь “TV9” теле­визтэй холбоотой асуудал байна. Японы Буддын Агон Шү байгууллагаас “Монголын ард түмэн, сүсэгтэн олонд буддын шашин, соёл, түүх, уламж­лалыг сурталчлах телевиз байгуул” гээд Гандантэгчинлэн хийдэд өгсөн 119 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа  завшсан гэж ялласан хэрэг юм. Агон Шү гэдэг байгууллага ни­сэх онгоцоор тус төхөө­рөмжийг тээвэрлүүлэхдээ хандивын барааны жаг­саалтыг япон болон англи хэлээр бичээд хавсаргасан байдаг. Тэр бичигт “УИХ дахь  цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр танд эдгээр төхөөрөмжийг хандив­лалаа. Япон улсын буддын Агон Шү байгууллагын тэргүүн” гээд албан ёсныхоо бланк дээр там­галаад явуулсан байдаг. Тэр бичгээс юу ойлгогддог  вэ гэхээр хандивласан юм байна. Ингэхдээ манай улсын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хий­дийн хамба Д.Чойжамц гуай, Н.Энхбаяр дарга хоёрт Монголд буддын шашныг сурталчлах үйл­сэд зориулж хандивласан гэдэг нь тодорхой хараг­даж байгаа юм. Нөгөө талаас хандивласан тэр цаг хугацаанд “Иигл” теле­виз байгуулагдаж Монголд христийг хүчтэй сурталчилж байсан үе. Энэ утгаараа уламжлалт шашнаа сурталчлах мэ­дээл­л­ийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай учраас үүнийгээ Японы талд удаа дараа мэдэгдэж байсан юм билээ.Зарим хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр Н.Энхбаяр даргыг бүхэл бүтэн телевизийг хувьдаа авсан мэтээр ярьж бичиж байна. Тэгвэл Японы хандивласан барааны нэр төрөл жагсаалтыг үзэхэд нэг камер, камерийн тулгуур, батерей цэнэг­лэгч, бичлэгийн төхөө­рөмж зэрэг хэдхэн тоног төхөөрөмж бий. Телевиз байгуулахад байр, тусгай зөвшөөрөл, боловсон хүчин, хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, телевиз гэдэг чинь урлагийн бүтээл байхгүй юу. АТГ-ын мөрдөгчид Буянт-Ухаа дахь нисэх онгоцны төв архиваас Япон талаас явуулсан бичгийг авсан байдаг ч орчуулаагүй орхисон. Хэсэг хугацааны дараа нөгөөхөө орчуулаад үзэхэд хэрэг биш болохоор байсан тул зохиомол хэрэг болгохоор шийдсэн бо­лолтой. Үүний тулд АТГ-ын дарга Н.Ганболд Японы Агон Шү бай­гууллагад “Танайх теле­визийн тоног төхөө­рөмжийг Н.Энхбаярт бэлэглэсэн үү, Хамба лам Д.Чойжамцад бэлэглэсэн үү” гээд асуулт тавьж явуулаад телевизийн иж бүрэн тоног төхөөрөмж гэж бичүүлсэн байдаг. Тус бичигтээ захын хэн ч хэрэг­лэж болох байгуул­лагын дардас дарчихсан. Энэ хуурамч баримт бичгийг бүрдүүлэхдээ АТГ-ынхан нэг ноцтой алдаа гаргасан. Юу вэ гэхээр анхны бичиг бол 2000 оны хоёрдугаар сарын 21 байсан. Гэтэл 2000 он гэх гэж байгаад 2012 он гээд бичээд явуулчихаж. Түүндээ  тамга даруулаад ирчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль бус замаар олж авсан нотлох баримтыг нотолгооноос хасна гэж бий. Дээрх бичиг бол хууль бус замаар олж авсан баримт. Тэгээд ч Д.Чойжамц хамба “Бид хоёрт бэлэглэсэн. Шашныг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн” гэж удаа дараа мэдүүлэхэд хуулийнхан үүнийг нь яллах талын нотлох баримт гэж үзэж байх жишээтэй. Ер нь хамбыг маш олон удаа ажлын байр болон гэр гэр орных нь шугамаар дарамталж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахыг оролдсон шүү дээ. Энэ талаар хамба надад “Нараа багш аа, би зовж тарчилж байна” гээд уйлаад ярьж байсныг би тод санаж байна.

-Бас “Өргөө” зочид буудал болоод “Улаан­баатар сонин”-ы хувьч­лалын асуудал байна?

-Хоёр дахь хэрэг бол “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудалтай холбоотой асуудал. Яагаад холбог­дуулсан гэхээр үүний ард Н.Энхбаяр байж магадгүй гэж хов живэнд итгэсэн явдал.  Дээрээс нь “Улаан­баатар таймс” сонин Нийслэлийн өмчит үйлд­вэрийн газрыг хувьдаа завшсан гэж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуу­лан ашиглаж, НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, иргэн Д.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” менежментийн баг нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2004 оны тавдугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Менеж­ментийн гэ­рээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-ний дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан багийн бизнес төлөвлөгөө бүрэн хэрэг­жээгүй, аудит хийгдээгүй, алдагдалтай ажиллаж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад 2008 оны есдүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 75 дугаар тогтоол гаргуулж, хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин Нийс­лэлийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар өөрийн төрсөн дүү Н.Энх­туяагийн “Медиа хол­динг” ХХК, Д.Чулуун­баатар нарын нэрээр хувьч­лан, худалдан авч улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шил­жүүлэн завшиж Нийс­лэлийн өмчид онц их хэм­жээний хохирол учруул­сан гэж үзсэн. Эцэст нь, Монгол Улсын Ерөнхий­лөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиг­лаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захи­рал Х.Наранхүү, худал­дааны асуудал хариуцсан орлогч захирал Д.Ганбат, “Хенлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй “Хенлон”, “Грийт глобал интер­нэйшнл” компанийн за­хирал Ж.Мягмар­жаргалыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай өмнө нь байгуулсан гэ­рээнийхээ үүргийг бүрэн биелүүлээгүй байхад түүнд давуу байдал олгон, ган бөмбөлөг, бараа мате­риал нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулах үүрэг, чиглэлийг тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудад өгч, гэрээний төлбөрийн урьдчилгаанд олгосон гур­ван тэрбум төгрөгийг зав­ших боломжийг Ж.Мягмар­жаргалд олгож, Төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж. Гэхдээ энэ хэргийн тухайд ямар ч нотлох баримт байхгүй учраас  ганцхан Х.Наранхүүгийн мэдүүлгээр шийтгэсэн. Тэрээр юу гэж мэдүүлсэн гэхээр “Нэг удаа Ерөнхийлөгч ярьсан. Энэ нөхөр гайгүй нөхөр байгаа юм. Түүнийг дэмжихийг бодоорой” гэж хэлсэн гэж. Ерөөсөө Х.Наранхүүгийн энэ мэдүүлгээр шийт­гэсэн. Гэтэл Х.Наранхүүг гэрчээр байцаасан. Яллах дүгнэлтэд Х.Наран­хүүг бүлэглэж үйлдсэн гээд орсон байх жишээтэй.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар гэрч гэж хэнийг хэлэх вэ гэхээр тэр болсон үйл явдлыг нүдээр харсан, тэр хэрэгт хамааралгүй хүн байна. Нэдэр дээрээ Х.Наранхүү өөрөө хамтран оролцсон гэх хамааралтай шүү дээ. Түүнийг гэрч гэж үзээд Н.Энхбаяр даргыг шийт­гэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг маш ноцтой зөрчсөн үйлдэл. Энэ утгаараа энэ бол хэрэг биш.

Өмгөөлөгчид шүүгч нарт  олон удаа хүсэлт тавьсан. Хэрэг зохиомол гэдгийг батлаад юм. Зайлшгүй дуудагдах ёстой 16 гэрч байсан. “Эсрэг талын яллах гэрч, өмгөөл­лийн  16 гэрч, таван хохи­рогч гээд бүгдийг биечлэн байлгаж асууж тодруулъя” гэхэд гол гэрч гэгдээд байгаа тэргүүн хамба Д.Чойжамц, Х.Наранхүү нарыг авчраагүй. Үгүй ядаж, мэтгэлцье гэсэн ч хүлээж аваагүй. Би шүүх хурал­дааны үеэр улсын яллагч Ё.Сагсай болон ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэ­нээс татгалзсан. Яагаад гэхээр тэдэнд шууд болон шууд бусаар өөр сонирхол байсан.  Н.Энх­баярыг заавал шоронд хийнэ” гээд урьдчилаад тогтоолоо бэлтгээд ороод ирсэн байхгүй юу. Тиймээс татгалзсан хэрэг.

Ер нь олон улсын стан­дартад шүүгч, прокурор хэргийн талаар урьдчилан бодол агуулаад тэрийгээ хэрэгжүүлэх гэж байгаа бол хэзээ ч шударга шийдвэр гаргаж чаддаггүй юм. Үүнийг Н.Энхбаяр даргатай холбогдсон хэр­гийн процесс олон нийтэд тодорхой харуулсан гэж бодож байна. Би анх долдугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хурал дээр мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэлд “Би энэ хэрэг дээр зөвхөн Н.Энхбаяр даргыг өмгөөлж хамгаалах гэж орж байгаа юм биш. Би бол шүүхэд бодит үнэн, шударга ёсыг тогтооход  мэргэжлийн тус дөхөм үзүүлэх гэсэн юм” гэдгээ хэлсэн. Би та нарт туслах гэж байгаа шүү гэж. Харамсалтай нь энэ үг шүүгч, прокурорт хү­рээгүй. Хэрвээ өмгөө­лөгчийн саналыг харгалзан үзсэн бол Монголын ард түмний өмнө ингэж шившгээ дэлгэж Монголын шүүх залхаан цээрлүүлэх харгислалыг гардан хэрэгжүүлдэг байгууллага гэдгээ дотооддоо төдийгүй гадаадад харуулахгүй байсан юм.

-Сүхбаатар дүүргийн шүүхээс шийтгэх тог­тоолыг танд гардуулсан. Гэхдээ шийтгэх тогтоол нь яллах дүгнэлтийг хуулаад тавьсан гэсэн шүүмжлэл байна. Тодруулахгүй юу?

-Би одоо шийтгэх тог­тоолтой танилцаж байна. Ерөөс яллах дүгнэлтийг буцаагаад хуулсан байна лээ. Өөр зүйл байхгүй. Яагаад гэхээр шүүгчид нотлох баримтыг шинэч­лэн судлаагүй. Дээрээс нь Эрүүгийн хуулийг зориуд гуйвуулж төсөөтэй хэрэг­лэсэн. Монгол Улсын Эрүүгийн хуульд төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг юм, уг чанартаа. 1937 оны 20 мянган хүний амь насыг хэлмэгдүүлсэн тэр үед Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн бай­даг. Эрүү­гийн хуулийн 150 дугаар зүйлчлэлийн субьект  бол аж ахуй нэгж байгуул­лагын эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд байх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгч юуных нь эд хөрөнгө хариуцах билээ. Мөн 263 дугаар зүйлчлэл нь албан тушаалын хэрэг. Тухайн албан тушаалтан өөрийнхөө эрх, үүргийг хуулиар юм уу, журмаар зохицуулсан. Тэр олгогд­сон эрх мэдлээ хортойгоор хувийн сонирхлын үүднээс ашигласан бол хариуцлага тооцох учиртай.  Гэтэл Ерөн­хийлөг­чийн эрх үүрэг нь Ерөнхийлөгчийн тухай хууль болоод Үндсэн хуульд тодорхой заасан байгаа шүү дээ. Хэрвээ Н.Энхбаяр дарга дээрх хоёр хуулийг зөрчсөн бол яахын аргагүй “дээлээ нөмрөөд” явах байсан юм. Гэтэл хэргийг бүрдүү­лэхийн тулд мөрдөгчид болон прокурор, шүүгчид Эрүүгийн хуулийг зориуд гуйвуулж мушгиж тайл­барласан, бас төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуу­лийг ноцтой зөрчсөн. Үүнээс гадна манай улсын Эрүү­гийн байцаан шийт­гэх хуульд хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой тухай заалт бий. Хууль ёсны гэдэг нь шүүн таслах ажиллагаа бүх хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Гэтэл энэ шүүх ажиллагаа алхам тутамдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрч­сөн. Харин үндэслэлтэй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинж­лэх судалсан байх ёстой гэсэн үг. Харин нотлох баримтыг шинэчлэн суд­лах нь битгий хэл зо­хиомол хэргээр шууд ялла­сан.  Одоо Нийслэлийн шүүх энэ хэргийг нэн даруй цагаатгаж хэрэг­сэхгүй болгох ёстой. Намайг Н.Энхбаяр даргатай очиж уулзахад “Надад нэг минут ч гэсэн энд байх үнэхээр хэцүү байна” гэж байнга хэлж байна. Аргагүй шүү дээ. Зохиомол хэрэгт гүтгүүлж, яллуулна гэдэг аймшигтай.  Надад түүний энэ үг шөнө ч гэсэн чихэнд минь сонсогдож байна.

-Та уг хэргийн талаар ном бичиж байгаа гэсэн. Үнэн үү?

-Хэргийн талаар ном бичиж байгаа. Номын нэр нь “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөө­лөгчийн тэмдэглэл” гэж. Ном маань 20 гаруй бү­лэгтэй бөгөөд хуулийн байгууллага тэр дундаа шүүхийг шинэчлэхэд сургамж болох учиртай. Номоо бичиж байхдаа энэ  зохиомол хэргийн ерөнхий найруулагчийг нь ихэд хайлаа. Үүний тулд Н.Энхбаяр даргын сүүлийн 3-4 жил хэвлэлд өгсөн ярилцлагыг судлаад үзэхэд зохиогч нь Ц.Нямдорж болж таарч байна.

Нийт: 2 Сэтгэгдэл

Janeece
2016 оны 12-р сарын 1

Ah, i see. Well tht’as not too tricky at all!”

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Nexium Online Australia Comprar Cialis Generico Por Telefono cheap cialis online Macrobid 100mg Discount Worldwide Pharmacy Next Day California Propecia No Script

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *