С.Нарангэрэл: Шүүх тогтолцоо хараат бус байгаа эсэхийг тогтооход би тусалъя

7-р сарын 19, 2012 10:13 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 266

Х.ХУЛАН

 

МАХН-ын дарга Н.Энх­баярын өмгөөлөгч С.Нарангэрэл, МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийт­тэй харилцах албаны дарга Ч.Чимидсүрэн нар өчигдөр болсон шүүх хур­лын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Тэд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

 

Ч.Чимэдсүрэн:

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хуга­­цаанд О.Сайн­­гэрэл өмгөөлж бай­сан. Тэрээр ар гэрийн шалт­гаанаас болоод энэ  хэрэгт өм­гөөлөл хийх боломжгүй болсноо мэдэгд­сэн. Дөр­вөн сартай нялх хүүхэд нь зүрх­ний өвчтэй учраас хагалгаа хийлгэхээр га­даг­шаа явах шаардлага­тай болсон юм. Иймд өмгөө­лөгчийг солих зайлшгүй шаардлага гар­сан. Ингээд бид академич С.Нарангэ­рэлд хүсэлт тавь­сан юм. Тэрээр Монголдоо байту­гай дэлхийд танигд­сан, манай  улсын өмнөө барь­даг шилдэг хуульч. Улс төрийн утга агуулгатай олон хэргийг зөв зүйтэй шулуун шударга шийд­вэр­лэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.

С.Нарангэрэл:

-МАХН-ын дарга Н.Энх­баяр бид хоёр ур­жигдар /энэ сарын 17-нд/ уулзсан. Тэрээр намайг өмгөөлөгчөөрөө ажиллуу­лах хүсэлтэй байгаагаагаа өмнө нь хэд, хэдэн удааа хэлж байсан юм. Би МУИС-д багшилдаг уч­раас хичээл ихтэй, төгсөл­тийн шалгалтаас гадна энэ жилийн сонгуульд тодор­хой хэмжээгээр оролцсон учраас зав, цаггүй байсан. Ингэж явсаар өчигдөр иргэн Н.Энхбаярын хүсэл­тийг хүлээн авч, энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох боллоо. 

Манай улс иргэний ба улстөрийн эрхийн олон улсын гэрээнд нэгдэж орсон. Энэ гэрээнд заас­наар, шүүхээр хэргээ шу­дар­гаар шүүлгэх эрх нь мэргэжлийн өндөр ур чад­вартай, дадлага туршлага­тай өмгөөлөгчийг авч ажил­луулах явдал байдаг. Н.Энхбаяр энэ эрхээ эдэлж, надад хүсэлт тавь­сан гэж ойлгож байна.

Олон улсын гэрээний дагуу шүүгдэгчийг өмгөө­лөхөд, ялангуяа маш олон хавтастай, нэлээд хүнд хэцүү, улс төржсөн, нотлох баримтын хувьд ээдрээ маргаантай ийм хэрэгт  өмгөөлөлд бэлтгэхийн тулд хангалттай, хүрэлцэ­хүйц цаг хугацаа нөхцлөөр хангуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу надад хугацаа гаргаж өгөөч, ийм боломж олгооч гэсэн хүсэлтийг шүүх хурал дээр албан ёсоор тавьсан. Шүүгч надаас асуусан. “Танд ямар хугацаа хэрэгтэй байна вэ” гэж. Би нэг сарын хугацаа өгөөч гэсэн ч шүүх хурал энэ сарын 31-нийг хүртэл хойшиллоо.

-Та 31-нийг хүртэл хавтаст хэрэгтэйгээ та­нил­цаж амжих уу?

 -49 хавтаст хэргийг өдөрт /ажлын цагаар/ ун­шина. Хэрэв шүүхийнхэн надад боломж олговол би тэдгээр хавтаст хэрэгтэй харанхуй болтол танил­цана. Өдөрт гурав орчим хавтаст хэргийг уншихад надад сарын хугацаа шаардлагатай гэсэн. Хав­таст хэрэгтэй танилцса­наар миний нэг дэх ажил дуусч байгаа юм. Хоёр­ду­гаарт, нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгэд хууль эрх зүйн үнэлгээ дүгнэлт хийнэ. Дээр нь дагаж мөрдөж байгаа хуулиудаа судлах, хуулиа тайлбарлах ёстой. Ингээд шүүх хуралд бэлтгэж, ямар гэрчүүдийг заавал байлгах, ямар нотлох баримтуудыг дахин шинжлэн судлах, шинээр ямар нотлох ба­римтуудыг шүүхэд гаргаж тавих юм гэдэг дээрээ ажиллаж таарна.

Энэ хэргийн нэг онц­лог нь яллуулж байгаа талаас яллах байгуулла­гуудад буюу АТГ-ын Мөр­дөн шалгах хэлтэс, про­курор шүүхэд өөрийнхөө хэргийг цагаатгаж байгаа, хэрэгсэхгүй болгож байгаа нотлох баримтуудыг гар­гаж өгөөгүй. Гаргаж өгөх боломжийг АТГ олгоогүй. Эдгээр асуудлыг ч шүүх хурал дээр гаргаж тавина. Ингээд бодоход нэг сарын хугацаа хэрэгтэй байна, түүнээс илүү хугацаа хэлж бас нэг их давраад яах вэ гэж бодсон. Харин шүүх надад ажлын 13 өдөр өг­лөө. 13 өдөрт зургаа орчим хавтаст хэрэг уншъя, сая хэлсэн бүх ажлыг хийе. Тэгээд энэ хэргийг шударгаар ший­дүүлье гэж байгаа.

Манай шүүх тогтолцоо бие даасан, хараат бус байна уу үгүй юу, хууль боловсронгуй байна, хууль сахиулах байгуул­лага хэр шударгаар ажил­лаж байна уу гэдгийг тог­тооход би тусалж өгье. Энэ бол до­тоодын төдий­гүй гадаадын анхаарлыг хандуулсан хэ­рэг. Монгол Улс жинхэнэ ардчилсан улс мөн эсэхийг энэ хэр­гийг хэрхэн шийд­вэрлэ­хээс дэлхий нийт харах юм. Энэ бол хувь Н.Энх­баяр гэдэг иргэнтэй хол­боотой асуудал биш гэд­гийг би шүүх хурал дээр бас учирлаж, тайлбарла­сан.

Иймд надад шүүхээс тогтоосон  ажлын 13 хоно­гийн хугацаа хангалтгүй санагдаж байгаа. Гэхдээ энэ хугацаанд бие мах­бодь, ажиллах хүчний хэм­жээнд бололцоотой бүхий л зүйлийг хийж, шүүх хурлыг 31-нд явуулах боломж нөхцлийг ханга­хын тулд ажиллана. Хэ­рэгт хүндрэлтэй асуудал бий. АТГ анхнаасаа маш олон хүнийг албадан саа­туулж, Монголын ний­гэмд айдас хүйдэс бий болгож байж тэрхүү 49 хавтаст хэргийг бүрдүүл­сэн. Тиймээс энэ хэрэг дээр эрүү шүүлт, хүч хэ­рэг­лэсэн, айлган сүрдүүл­сэн байна уу гэдгийг тог­тоож, асуудлыг шүүхэд гарган тавих ёстой. Үүнээс гадна шүүх хурал болохоос өмнө би шүүхэд нэг хүсэлт тавина. Хурлыг нээлттэй явуулъя гэж. Улс орон даяар шууд дамжуулах боломжийг хангахад өм­гөө­лөгчийнхөө хувьд ажил­лана. Энэ нь өөрт тохиолдсон хэргийг шу­дар­гаар шийдвэрлүүлэх эрх хангагдах нь уу, үгүй юу гэдгийг харуулах ач холбогдолтой.

-Шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Яагаад шүүх хурал болгон дээр өмгөөлөгч солигдоод байна вэ. Үүнээс болоод хэргийг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар хүлээлт үүсгээд байна уу гэсэн хардлага төрж байна?

-Би мэдээллийнхээ эхэнд та бүхэнд хэлсэн. Та бидэнд бүгдэд нь хүний эрх гэж зүйл бий. Хэрэг улс төржсөн, ээдрээ тө­вөгтэй ийм тохиолдолд шүүгдэх гэж байгаа хүн мэргэжлийн ур чадвар өндөртэй, дадлага турш­лага­тай өмгөөлөгчийг сон­гон авч хэргээ өмгөөлүү­лэх эрхтэй. Тэгэхээр Н.Энхбаярын хувьд энэ эрхээ эдлэх гээд байгаа юм. Шүүх хурал тэртэй, тэргүй болдгоороо болно. Хэн ч шүүх хурлыг болох­гүй болгож чадахгүй. Гол нь хэрэг явдлыг бодитой, бүх талаас нь бүрэн дүү­рэн, шударгаар шийдэх ёстой. Энд улс төрийн ямар нэгэн хэлмэгдэл гар­гаж болохгүй. Хэн нэгний­гээ хохироож болохгүй, хуулийн дагуу, бодитой­гоор асуудлыг шийдэх ёстой. Улстөржсөн хэрэг ямар байдаг вэ гэхээр эхлээд зохиолоо биччих­дэг. Түүнийхээ дагуу жүж­гээ найруулаад эхэлдэг. Ийм зохиол байна уу, үгүй юу гэдгийг өмгөөлөгчийн хувьд олон нийтэд гаргаж тавина. Үүнд миний гол зорилго бий.

-Өмгөөлөгчөөс шалт­гаалж шүүх хурлыг хойш­луулахгүй гэсэн мэдэгдэл, мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан. Өмгөөлөгчгүйгээр хэр­гийг шийдэх эрх энэ то­хиолдолд шүүхэд байгаа юу? 

-Манай улсын  хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ кон­венцид “Хэрэв шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлье гээгүй, мэргэж­лийн өмгөөлөг­чийн нарийн туслалцааг авъя гэсэн бол тухайн өмгөө­лөгч­тэй нь шүүх хууралд оролцуулах ёстой” гэсэн байдаг. Хэрэв өмгөөлөгч­гүйгээр хэргийг хянан шийдвэр­лэх юм бол нэгдүгээрт шүүх  өөрийгөө шударга биш гэдгийг ха­руулж, хоёрдугаарт хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа юм. Энэ бол дотоодод төдийгүй гадаа­дад Монгол Улс ардчил­лаас ухарчихсан байна гэдгийг харуулж байгаа үйлдэл. Харамсалтай нь, энэ асуудал манайд сая­хан гарсан. Цагдаагийн ху­ран­даа нарын хэргийн өмгөөлөгчгүйгээр шийд­вэр­лэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ингэж болохгүй.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Vendita Viagra Slovenia Chroramphenicol Without Rx buy cialis online Viagra Tunisie Vente Comparatif Viagra Et Cialis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *