С.Нарангэрэл: Монголд иргэн бүр шударгаар шүүлгэх эрх алга

9-р сарын 28, 2012 9:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 476

– Шүүгчид улс төрийн захиалга гүйцэлдүүлэхээр улайран ажилласан. Үүний дүнд яллаа –

Д.БОЛОРМАА

 

Нийслэлийн шүүх МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлав. Шүүхийн шийдвэрт ямар дүгнэлт өгч байгаа талаар Н.Энхбаярын өмгөөлөгч, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр гэдэг Монгол Улсын иргэнийг оруулахгүйн тулд “Сонгууль дуустал энэ хүнийг шоронд хийж, нийгмээс тусгаарла” гэсэн захиалгыг улайран гүйцэлдүүллээ.

-Нийслэлийн шүүхээс Н.Энхбаяр нарт ногдуул­сан ялыг хэвээр баталлаа. Үүнийг зарим хүмүүс “Шүүх улс төрийн захиал­гаа биелүүллээ” гэж дүг­нэж байна. Та ямар дүгнэлт өгч байна. Шүүх хурал­дааны үйл явц хууль ёсных байж чадсан болов уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрүүгийн шүүн таслах ажил­­лагаа өдрийн цагаар  болох ёстой. 22.00 цагаас хойш шүүн таслах ажил­лагаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Үүнийг ноцтой зөрчсөн. Дээрээс нь өмгөөлөгч ми­ний бие давж заалдах шат­ны шүүх хурал боло­хоос долоо хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд хэд, хэдэн хүсэлт гаргасан юм. Нэгдүгээрт, Н.Энхбаяр даргыг шүүх хуралд биеч­лэн оролцуулах.

 

Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй шүүе гэж.  Н.Энх­баяр дарга ч гэсэн энэ хүсэлтийг өгсөн бай­сан. Харамсалтай нь, Нийс­лэлийн давж заалдах шатны шүүх бидний хү­сэл­тийг хүлээж авсангүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр шүүх ажиллагаанд биечлэн орол­цох ёстой тухай заа­сан. Үүнийг манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр ч гэсэн батал­гаажуулсан байхад Нийс­лэлийн шүүх энэ эрхийг хангахаас татгалзсан. Татгалзах шалт­гаанаа тайлбарлахдаа “Шүүх хуралдааны тан­хим давчуу учраас олон хүн багтахгүй. Тэгээд ч шүүхийг хүчлэн хамгаалах хэрэгсэл байхгүй. Н.Энх­баярын биеийн байдал сайнгүй учраас оролцуу­лах боломжгүй” гэсэн ха­риулт өгч байна лээ. Энэ хариултад тайлбар хийе. Нэгдүгээрт, иргэдийн хувьд шүүх рүү довтолж дайрах гээгүй. Хэдийгээр хамгаалалт байхгүй гэж хэлсэн атлаа цагдаагийн бие бүрэлдэхүүн Нийс­лэлийн шүүхийг хамгаал­сан байсныг олон нийт харсан байх. Хоёрдугаарт, Н.Энхбаяр даргыг эрүүл мэндийн шалтгаанаар оруулахгүй гэсэн ч тэрээр эмч, хамгаалагчтайгаа шударга үнэнийг олохын тулд оролцох боломжтой байсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулаагүй шалтгааныг мэдэхгүй байна. Үндсэн хууль болоод олон улсад нэгдэн орсон улс төрийн болоод иргэний эрхийн фактад “Шүүх хуралдаа­ныг хуульд зааснаас бусад тохиолдолд ил тодоор явуул­на” гэж заасан. Мөн шүүгчийн тангарагт “Мон­голын Улсын шүүг­чид аливаа хэрэг маргаа­ныг хянаж шийдвэрлэх­дээ зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн асууд­лыг шударгаар шийднэ. Хэрэв энэ үүргээсээ няц­вал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэж  бий. Үүнийг шүүгч нарт уншиж өгсөн ч тэд миний хү­сэлтийг хүлээж аваагүй.

-Тэгвэл шүүх хурал эхлэхээс төгсөх хүртэл хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Шүүх хуралдааныг товчхон ярихад шүүг­дэгч­дийн өмгөөлөгч давж заал­дах гомдлоо танилцуул­сан. Дараа нь тодорхой хэмжээнд нотлох барим­тыг шинэчлэн судлах ялим­гүй оролдлого хий­гээд удалгүй анхан шатны шүүхийг хэвээр үлдээсэн. Уг нь шүүх хуралдааны явцад прокурорууд урьдын адил ялагдсан. Бүр сүүлдээ эрээ цээргүй дайрсан дов­толгооныг өмгөөлөгч нар руу хэлж байлаа. Н.Энх­баяр даргыг дөрвөн хэр­гээр ялласны нэг нь теле­визийн тоног төхөө­рөм­жийг хувьдаа ашигласан гэж.  Би анхан шатны шүүх хуралдаанаар үгүйс­гэсэн үндэслэлээ хангалт­тай тавьсан. Японы буд­дын “Агон Шү” байгуул­ла­гаас Монголын ард түмэн, сүсэгтэн олонд буддын шашин, соёл, түүх, уламжлалыг сур­талчлах телевиз байгуул гээд Гандантэгчилэн хий­дэд өгсөн 119 сая төгрө­гийн үнэ бүхий тоног тө­хөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа  завшсан гэж ял­ласан хэрэг юм. “Агон Шү” гэдэг байгууллага нисэх онгоцоор тус тө­хөөрөмжийг тээвэрлүүлэх­дээ хандивын барааны жагсаалтыг япон болон англи хэлээр бичээд хав­сар­гасан байдаг. Тэр би­чигт “УИХ дахь  цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр танд эд­гээр төхөөрөмжийг хан­див­лалаа. Япон улсын буддын “Агон Шү” бай­гууллагын тэргүүн гээд албан ёсныхоо бланк дээр тамгалаад явуулсан бай­даг. Тэр бичгээс юу ойл­гогддог  вэ гэхээр хандив­ласан юм байна. Манай улсын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хий­дийн тэргүүн хамба лам Д.Чойжамц хоёрт Мон­голд буддын шашныг сур­талчлах үйлсэд зориулж хандивласан гэдэг нь то­дорхой харагдаж байгаа юм. АТГ-ынхан Н.Энх­баярт хандивлаагүй бол­гохын тулд хууль бус бичиг баримт бүрдүүлсэн. Юу гэхээр анхны бичиг бол 2000 оны хоёрдугаар са­рын 21 байсан. Гэтэл 2000 он гэх гэж байгаад 2012 он гээд бичээд явуулчихаж. Түүндээ  тамга даруулаад ирчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль бус замаар олж ав­сан нотлох баримтыг но­толгооноос хасна гэж бий. Дээрх бичиг бол хууль бус замаар олж авсан баримт. Ингэснээр  Японы бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчиж, Эрүүгийн бай­цаан шийтгэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн бай­цаан шийтгэх хуульд га­даадын нутаг дэвсгэрт мөрдлөгө мөшгөлтийн үйл ажиллагаа явуулахдаа ту­хайн улсын Гадаад харил­цаа болон Хууль зүйн бай­гууллагаас зөвшөөрөл авна гэснийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Дараагийн гур­ван хэргийн тухайд хэлэ­хэд Н.Энхбаяр дарга ха­маа­гүй гэдэг нь тогтоогд­сон шүү дээ. Тухайлбал, “Эдгээр газруудыг хувьч­лаач” гэсэн ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ч анхан шатны шүүх хуралдааны хэлэл­ цүүлгээр тогтоогдчихоод байхад үл ойшоосон. Нө­гөө талаас энэ хэрэгт хохи­рогч, нэхэмжлэгч тал гэж  байхгүй. Эцэст нь ямар дүгнэлт хийв гэхээр “Сүх­баатар дүүргийн  болоод давж заалдах шатны  шүүгч, хяналт тавьсан прокурор, мөрдөгч нар урьдчилаад улс төрийн захиалга авчээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд Н.Энхбаяр гэдэг Монгол Улсын иргэнийг оруулахгүй тулд “Сонгууль дуустал энэ хүнийг шо­ронд хийж, нийгмээс тус­гаарла” гэсэн захиалгыг улайран гүйцэлдүүллээ. Уг нь би шүүх хуралдаанд Н.Энхбаяр даргыг өмгөө­лөх гэсэндээ ороогүй. Мон­гол Улсад үнэн, шу­дарга ёс тогтоох, шүүгч нарт хууль зүй, шүүн тас­лах ажиллагааны нарийн туслалцаа үзүүлэх гэж оролцсон. Н.Энхбаяр дар­гын оролцсон гэх энэ хэ­рэг Монгол Улсын иргэн бүрт хамаатай асуудал. Яагаад гэвэл олон жилийн туршид давж заалдах ша­танд шүүгдэгч нарыг орол­цуулдаггүй. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл учраас ир­гэн бүрт хамаарах учиртай. Монголд иргэн бүр шу­даргаар шүүлгэх эрх алга. Тэгвэл одоо энэ эрхээ эргүүлэн олж авъя. Үүний­хээ төлөө тэмцэцгээе гэж хэлмээр байна.

-Энэ удаагийн хурлаар Б.Сарантуяа шүүгч Сүх­баатар дүүргийн шүүхийг “Шүүх хуралдаан явуу­лах­даа зарим хууль зөрч­сөн. Ялангуяа өмгөөлөг­чийн мэтгэлцэх эрхийг нь хангаж өгөөгүй байна” гэж  ярьсан гэх юм. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хуулиараа анхан шат­ны шүүх хурлаар мэт­гэл­цэж,  давж заалдах нь мэтгэлцдэггүй. Шүүгч нар “Анхан шатны шүүх нот­лох баримтыг шинэчлэн судлаагүй. Нотлох барим­тын талаар мэтгэлцээгүй. Түүнээс гадна гэрчүүдийг оролцуулаагүй нь хууль зөрчсөн” тухай ярьсан нь үнэн. Гэвч тэд хуулиа зөрчснийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн атлаа шүү­хийн шийдвэрийг хэвээр баталлаа шүү дээ. Харин бид бол давж заалдах шат­ны шүүхэд дэндүү итгэж байсан.  Улс төрийн за­хиал­гыг улайран гүйцэт­гэх хэмжээнд хүрсэн гэдгийг ойлгоогүй байсан юм билээ.

-Одоо Улсын дээд шүү­хэд хандах уу?

-Шүүх хуралдааны Үеэр нэгэн сонирхолтой зүйл болсон юм. Хурал­даан даргалагч “С.Наран­гэрэл багш аа, та анхан шатны шүүх хурлаас хойш хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр шүүхийг удаа дараа бүх зүйлээ төлөв­лөөд ороод ирсэн гэж ярь­сан. Яагаад тэгж ярьсан юм бэ” гэхээр нь би “Хэд­хэн цагийн дараа миний ярьсан, хэлсэн нь үндэс­лэлтэй эсэхийг та гурван шүүгч Монголын ард түм­ний өмнө баталгаажуулж өгнө шүү дээ” гэхэд тэд инээж байна лээ. Инээсэн шалтгааныг нь мэдэхгүй юм. Үнэнийг нь хэллээ гэж ойлгосон болов уу. Н.Энхбаяр даргад Улсын дээд шүүх болоод Улсын дээд шүүхийн бүх гишүү­дийн хурал хоёрт гомдол гаргах эрх нь бий.  Хууль­чид нэгэнт улс төрийн захиалга биелүүлж байгаа учраас Улсын дээд шүүх шударга үнэнийг тогтооно гэдэгт найдахгүй байна. Өмнө нь би итгэж байна гэж ярьдаг байсан бол одоо бодит байдалтай эвлэрч итгэхгүй байна гэж хэл­мээр байна. Хэрэв бүх шатны шүүх Н.Энхбаяр даргыг улс төрийн захиал­гаа биелүүлж яллавал Олон улсын шүүхэд хан­дана. Манай улс олон ул­сын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн шударгаар биелүүлж байна вэ гэдгийг олон улсын шүүх тогтоох учиртай. Уг нь би Монгол Улсын иргэний хувьд өө­рийнхөө орны шүүхийг олон улсын өмнө хүнд байдалд оруулмааргүй бай­на. Олон улсаас авч байгаа дэмжлэг туслал­цаа, зээл, бизнесийн ха­рил­цаа бүхэнд нөлөөлж, бусдын  өмнө өөрийн ор­ноо ичгэвэрт байдалд хүр­гэхгүй юмсан. Дотооддоо шийдэж, шударга үнэ­нийг нь тогтоовол олон улсад Монголын нэр хүнд унахгүй. Өнөөдөр “Мон­гол бол хүний эрхийг дээ­дэлдэг улс” гэж цээжээ дэлддэг улс төрчид хэлсэн үгэндээ эзэн байгаасай гэж хүсмээр байна. 

-Шүүхийн шийдвэр гарсны дараа та Н.Энх­баяртай уулзсан уу. Шийд­вэрийг хэрхэн хү­лээж авч байна?

-Уулзсан. Шүүх хур­лын өмнө ч гэсэн уулзсан. “Дарга аа, шүүх хурал­дааны байдал болоод на­дад ирж байгаа мэдээл­лийг сонсоход танд найд­лага байхгүй. Хэвээр үл­дээсэн шийдвэр гарах байх шүү” гэхэд дарга “Би бас тэгж бодож сууна. С.Нарангэрэл багш аа, сүүлийн 20 жилд Монголд улс төрийн захиалгатай ийм хэрэг байдаг билүү. Шат, шатандаа урьдчи­лаад ороод ирсэн хэрэг байна уу” гэж асуусан.  Аргаа барахдаа би “Өвч­ний учир ял эдлэхээс чө­лөөлөх  зүйлчлэл хуульд бий” гэхэд дарга шууд эсэргүүцэж “Би хэлмэгд­сэн хүн. Шударга ёсыг тогтоотол ялаа эдлээд байж байя” гэж байна лээ.

-Та Н.Энхбаяр нарт зохиомол хэрэг үүсгэснийг баримтаар нь нотолж буй. Гэхдээ энэ хэргийн захиа­лагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Ням­дорж гэж хэлдэг.  Үүний­гээ та юугаар батлах юм бэ?

-Н.Энхбаяр дарга Монголын төрийн өндөр гурван албан тушаалыг хашсан хүн. Маш олон хүнийг дээш нь татаж УИХ, Засгийн газрын ги­шүүд болгосон. Гэтэл нө­гөө хэд нь өөрт нь өс санаж “Авлигын загалмайлсан эцэг бол Н.Энхбаяр” гэсэн яриа гаргаж эцэст нь энэ яриагаа үнэн болгохын тулд 2009 оны Ерөн­хий­лөгчийн сонгуулиас хойш идэвхтэй ажилласан. Түүнтэй холбоотой өргөдөл гомдол хаана байна гээд бүгдийг нь үзсэн байхгүй юу. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд бай­сан Ц.Нямдорж анхнаас нь зохион байгуулсан. Анхнаасаа өөрийнхөө шууд харъяанд байдаг УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Үүний­хээ дараа одоогийн Ерөн­хийлөгчтэй хүч хавсарч АТГ-ыг татан оролцуул­сан. Энэ нь хөдлөшгүй баримтаар тогтоогдож бай­гаа. Шүүх хуралдаа­наас ажиглаж байхад шүүгч, прокурорууд за­хиалгаа биелүүлье гэснээс бус шударга ёсыг тогтооё, хуулиа биелүүлье, хүний эрхийг хангая, Үндсэн хуулиа сахия, Олон улсын гэрээгээ дагаж мөрдөе гэж бодоогүй. Өөрөөр хэлбэл, тэднийг эрүүл саруул ухаа­наа алдсан гэж  хэлмээр байна.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

On Line Macrobid 100mg Cialis Il Costo Mode D’Action Du Viagra cialis Levitra Cost Uk Generique Viagra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *