С.Нарангэрэл: Би энэ УИХ-д орж ажилламааргүй байна

7-р сарын 9, 2012 11:18 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 246

З.НАРАН

Монгол Улсын Шинж­лэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинж­лэх ухааны  гавьяат зүтгэлтэн, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярыг ямар үндэслэлээр УИХ-ын сон­гуульд нэр дэвших эрхийг нь түтгэлзүүлсэн юм бэ. Энэ тухай уншигчдад дахин сануулбал?

-Монгол Улсын нэг­дэн орсон Хүний эрхийн олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл бол­но” гэж заасан нь Н.Энх­баярын хувьд ноцтой зөр­чигдсөн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын орлогч, түүнчлэн Сүхбаа­тар дүүргийн ерөнхий шүүгч шүүх хуралдаанаас өмнө тодорхой эрх баригч­дын улс төрийн захиал­гаар Н.Энхбаярыг шууд гэмт хэрэгтэнд тооцож, СЕХ-нд албан бичиг явуулж, УИХ-ын сон­гуульд нэр дэвшигчээс хасахыг санал болгосон. Үүнийг СЕХ үг дуугүй гүйцэтгэсэн. Ингэхдээ тэд УИХ-ын Сонгуулийн ту­хай хуулийн 27.5.2-ыг удирд­лага болгосон. Сон­гуу­лийн хуулийн энэ заалт нь нэр дэвшүүлэхдээ ту­хайн хүний УИХ-ын ги­шүүн байх мэдлэг, боловс­рол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хө­дөлмөрөө зориулж, Мон­гол Улсын тусгаар тогт­нол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ гэсэн агуулгатай. Н.Энх­баяр Монгол төрийг удир­дах туршлага, мэдлэг чад­вартай болохыг хэн ч үгүйс­гэж чадахгүй. Түү­нээс гадна хуучин ЗХУ-д тавьсан их өрийг тэглэх, бүтээн байгуулалтын их үйлс болох Мянганы за­мыг тавих, Монгол Улсын гадаад нэр хүндийг дэл­хийн тавцанд дээшлүүлэх зэргээр эх орныхоо тусгаар тогтнолд онцгой хувь нэ­мэр оруулсантай маргах хүн нэг их олдохгүй байх. Энэ хувь хүний энэ их хөдөлмөр зүтгэлийг үгүйс­гэж, түүний нэрийг УИХ-ын сонгуульд нэр дэв­шүү­лэхээс хассан нь Мон­го­лын түүхэнд дахин гарч байгаа улс төрийн хэлмэг­дүүлэлтийн нэгэн бодит жишээ болж түүхэнд үлдэх болж дээ.

-Үндсэн хуулийн цэц Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хассан асуудлаар хэзээ  хуралдаж хариу өгөх бол?

-Н.Энхбаяр төдийгүй шударга ёсны эвслээс УИХ-д нэр дэвшсэн зур­гаан хүний улс төрийн эрхийг хоморголон хассан үйл явдал 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр болж өнгөрсөн. Эдгээр нэр бү­хий Монгол Ул­сын зургаан иргэн 2012 оны зурга­дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэ­цэд хандахдаа сонгогдох эрх, түүнчлэн тодорхой нам, эвсэлд нэгдсэнийхээ тө­лөө ялгаварлан гадуур­хагдаж, хэлмэгдүүлтэд өртөгдөхгүй байх эрх, үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх эрхээ хамгаалуу­лахын төлөө цэцэд өргөдөл гаргасан. Харамсалтай нь цэцийн гишүүн Т.Лхагваа цэцэд маргаан үүсгэх хууль зүйн үндэсгүй байна гэсэн хариуг зургадугаар  сарын 25-ны өдөр өгсөн. Энэ өдөр бол нэр дэв­шүүлж дуусах хамгийн сүүлчийн өдөр. Т.Лхагваад хууль зүйн боловсрол байх­гүй, хуульч биш. Цэцийн гишүүн бол угтаа Үндсэн хуулийн шүүхийн шүүгч хүн. Энэ хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж сонгуулийн өмнө­хөн цэцийн гишүүн бол­гуулсан. Гэтэл цэцийн есөн гишүүн дотор турш­лага, дадлагатай хэд хэдэн гишүүд байхад Т.Лхагваад бидний өргөдлийг хуваа­риладгийн нарийн учир юунд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үндсэн хуульд заасны дагуу цэ­цийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэ­шилтэй хүн байх ёстой. Т.Лхагваа бол энэ шаард­лагад нийцэхгүй. Т.Лхаг­ваа өргөдлийн хариуг өгөх­дөө Н.Энхбаярыг жишээ­лэхэд, урьдчилан хориг­дож байхдаа эрүүгийн бай­цаан шийтгэх болон шүүхийн шийд­вэр гүйцэт­гэх тухай хуулийн заалтыг үл биелүүлсэн гэсэн үн­дэс­лэгээ гаргасан байна лээ. Гэтэл цэцийн гишүүн бидний өргөдлийг шийд­вэрлэхдээ цэцийн тухай болон цэцэд хэрэг маргаа­ныг шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой. Хэрэв дараах дөрвөн үн­дэс­лэлийн аль нэг нь бай­гаа бол цэцийн гишүүн маргаан үүсгэхгүй байж болно. Нэгд, Цэцэд өргөдөл гаргах холбогдох шаард­лагыг хангаагүй. Гэтэл бидний хувьд хуу­лийн шаардлагыг ханга­сан уч­раас цэц өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Хоёрт, ту­хайн маргаан цэцэд харьяа­лагдах ёстой. Ма­най улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүү­ний сон­гуулийн талаар сонгуу­лийн төв байгуул­лагаас гаргасан шийдвэ­рийн мар­гааныг цэц хянан шийд­вэрлэнэ гэсэн байгаа. Гуравт, Цэцэд эрх бүхий субьект өргөдөл гаргах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэний хувьд нэг бүрчлэн өргөдөл бичнэ гэсэн үг. Энэ шаардлагыг нэр бүхий зургаан хүн бүгд биелүүл­сэн. Дөрөвт, уг маргааны талаар урьд нь цэц хянан шийдвэрлээгүй байх ёс­той. Өөрөөр хэлбэл, цэ­цийн хүчин төгөлдөр ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэсэн үг. Ийм нөх­цөлд цэцийн гишүүн зөв­хөн маргааныг үүсгэж цэ­цийн хуралдааны бэлтгэ­лийг хангах ёстой байсан. Хөөрхий, Т.Лхагваа ядах­даа хуулийнхаа өмнөх заал­тыг сайтар уншиж асуудлыг шийдвэрлэх бай­сан.  Намайг болохоор МАН-ын бага хурлын ги­шүүн байсан гэж бичсэн байна лээ. Шударга бусын туйл болсон Ц.Ням­дор­жийг  огцруулахаас элгээ­рээ өмгөөлөн хамгаалсан МАН-д намайг заавал байл­­гах гээд байгаа Т.Лхаг­­в­ааг юу гэж хэлтэй юм билээ. Тийм учраас Т.Лхагваагийн гаргасан тогтоолд бид давж заалдах гомдлыг зургадугаар са­рын 26-нд гаргасан. Удах­гүй цэц энэ асуудлыг шийдвэрлэнэ.  

-Н.Энхбаяр даргын нэрийг хассан нь улс тө­рийн зорилготой сонгуу­лийн шоу байсан уу. Хуульд юу гэж заасан байдаг вэ?

-Н.Энхбаяр төдийгүй Шударга ёсны эвслээс эрх баригчид үнхэлцэгээ ха­гар­тал айж байна гэдгээ харуулсан нэг ёсны нотол­гоо болсон.

-Хэрэв цэц Н.Энхбаяр даргын талд шийдвэр гар­гаж нэр дэвших эрхийг нь сэргээвэл хууль бус шийд­вэр гаргасан СЕХ хариуц­лага хүлээх хууль байдаг уу?

-СЕХ-ны гишүүд олон­хийн санал хураал­таар шийдвэрлэсэн гэж би сонссон. Энэ шийдвэр бол нэг ёсны улс төрийн хэл­мэгдүүлэлт. 1920-оод оны эхээр Монголын нийг­мийн оюуны цөм болсон хэсгийн эхлээд улс төрийн эрхийг хассан. Дараа нь хоморголон амь насыг нь егүүтгэсэн. Энэ аймшиг­тай түүхэн сургамж дахин давтагдах вий гэдгээс ми­ний хувьд ихэд болгоом­жилж байгаа.

-Н.Энхбаярт хол­бог­дох эрүүгийн хэргийн шүүх хурал долдугаар сарын 18-нд болно. Энэ шүүх хурлын шийдвэр хэрхэн гарах бол. Таны бодол?

-АТГ-ын мөрдөн шал­гах хэлтсийн удирдлага удаа дараа хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр Н.Энх­баярыг яллаж буй таван хэргийн талаар мэдээлэл өгсөн. Би мэргэжлийн хуульчийн хувьд энэ мэ­дээлэлд үндэслэн та бү­хэнд хийсэн дүгнэлтээ хэлье гэж бодож байна. Нэг, “ТВ9” телевизийн тоног төхөөрөмжийг хувь­даа завшсан гэж яллаж байгаа юм билээ. 90-ээд оны сүүлчээр Японы буд­дын шашны байгуулла­гын урилгаар Н.Энхбаяр болон Монголын бурхан шашинтны төв- Гандан­тэгчинлэн хийдийн тэр­гүүн хамба Д.Чойжамц нарын хүмүүс айлчлал хийх үеэр Японы тал Мон­гол Улсад буддын шаш­ныг сурталчилахад зо­риулж телевизийн камер бэлэглэсэн юм билээ. Түү­нийгээ авч ирэхдээ хэрэв Гандантэгчинлэн хийдэд буулгах юм бол тус хийдэд бэлэглэсэн болох учир Рэнбүүчий хийдэд хадгал­сан. Телевиз байгуулахын тулд сувгийн тусгай зөв­шөөрөл, байр, боловсон хүчин гээд маш их хөрөнгө оруулалт шаардагдсан. Тийм учраас Н.Энхбаяр хамба лам Д.Чойжамц хоёр тус бэлгийг авсанаас хойш бараг жил орчмын дараа уулзахдаа телевиз байгуулах тал нь тоног төхөөрөмжөө авъя, нөгөө талдаа тал мөнгийг нь өгье гэж тохирчээ.

Тэргүүн хамба телевиз байгуулж чадахгүй учир начраа хэлсэн. Ингээд Н.Энхбаяр хамба ламд 50 мянган ам.доллар өгсөн. Түүнийг нь хамба лам Гандантэгчинлэн хийдэд шилжүүлсэн. Үлдсэн тал үнийг нь үнэ төлбөргүй шашны нэвтрүүлэг хийж өгөхөөр тохиролцсоноо биелүүлсэн. Тэр тоног тө­хөөрөжид суурилаж бай­гуулагдсан ТВ9 телевиз Н.Энхбаярын гэр оронд биш харин монголчуудын тусын тулд олон нийт хү­лээн зөвшөөрсөн теле­визийн хүчтэй суваг болж өргөжсөнийг та бид сайн мэдэж байгаа. Манай ул­сын Эрүүгийн хуульд энэ үйлдэлд ял өгөх зүйл заалт байхгүй.  Хоёрт, Н.Энх­баяр Ерөнхийлөгч байхдаа хэвлүүлсэн номыг нь МИАТ компани БНСУ-аас тээвэрлэж ирсэн. Одоо тээвэрлэлтийн зард­лыг нь гэмт хэргийн хо­хирол гэж АТГ үзэж бай­гаа юм билээ. Ерөнхий­лөгчийнхээ хэвлүүлсэн номыг үнэ төлбөргүй тээ­вэрлэж чадахгүйдээ хүр­сэн юм бол зардлын төлбөрийг нь нэхэмжлээд авна биз. Ер нь энэ бол гэмт хэрэг биш харин тээвэрлэлтийн гэрээний асуудал. Гурав, дөрөв дэх асуудал нь Улаанбаатар таймс, Өргөө зочид буудалд хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон, за­рим талаараа хувьчлалтай холбоотой гэсэн асуудал юм билээ. Н.Энхбаярыг эдгээрт яллаж байгаа асуу­дал нь нэг талаар ойр дотных нь хүмүүс оролц­сон. Нөгөө талаар сонгон шалгаруулалт хийгдээгүй гэж АТГ үзэж байгаа юм билээ. Одоо тэдгээр үл хөдлөх хөрөнгүүд үрэг­дээгүй хэвээрээ байгаа. Хувьчлалын журам зөр­чигд­сөн юм бол улс буцаа­гаад авна биз, энд учирсан хохирол гээд байх юм байх­гүй. Хамгийн сүүлд нь түүнийг яллаж байгаа бас нэг асуудал бол Мон­гол Оросын хамтарсан үйлдвэрийн ерөнхий захи­ралд нэгэн бизнесмэнийг харж үзээрэй гэж хэлсэнд нь буруутгаж байгаа юм билээ. Хэн ч гэсэн бие биедээ хэн нэгэн хүнийг харж үзээрэй л гэдэг биз дээ. Харин тэгэхдээ шийд­вэр гаргах гэж буй этгээд хууль бус бол би чадахгүй л гэнэ биз. Зөвхөн тэгж хэлсэний төлөө хэн нэгэн хүнийг шоронд хатаах гэж байгаа бол эрүүгийн ха­риуц­лага хүлээх насанд хүрсэн бүх Монголчууд шоронд амьдрах л үлдэж дээ.

-Хэрэв цэцийн шийдвэр та бүхний хувь нааштай болбол УИХ-ын гишүүн болох нь дээ. Таныг УИХ-д ороосой гэж хүсэж бай­гаа олон хүн байгаа. Тэд танаас Монголын хуулиу­дыг шударга болгож, ирээ­дүйдээ итгэлтэй амьдрах боломжийг бүрдүүлж өгөө­сэй гэж хүсч байгаа?

-Миний хувьд анхны УИХ-д сонгогдож, хүнд хэцүү нөхцөлд хууль тог­тоогчоор ажиллаж байсан туршлага бий. Нөгөө та­лаар би бол Монголын хууль зүйн шинжлэх ухаа­ны томоохон төлөөллийн нэг. 2012 оны УИХ-д ми­ний олон шавь нар сон­гогдсон. Тэднийхээ дэргэд хуулийн хүнд хэцүү олон асуудалтай энэ биеэрээ орооцолдож явсан, хэн хүнд нэг их байхааргүй их туршлага, мэдлэг, чадвар надад хуримтлагдсан. Гэх­дээ үнэнийг хэлэхэд би энэ удаагийн УИХ-д орж ажилламааргүй байна. Яа­гаад гэвэл хэтэрхий ган­цаардана. Үнэнийг хэлэ­хэд Монголын нийгэмд үнэн гэдэг зүйл байхгүй болсон. Ичих эмээх бул­чирхай нь ажиллагаагүй болсон улс төрчдийн тоо эрс нэмэгдсэн. Үнэнч, шударга хүнийг эрүүл бус хэмээн үздэг УИХ битгий хэл түүнээс эрс өөр газарт байх ёстой олон хүн энэ УИХ-д орсон. Миний хувьд цэц асуудлыг яаж ч шийдвэрлэсэн хамаагүй. Гэхдээ хойч үе түүхэн баримт сөхөөд Монголын нийгэм ийм их шударга бус байсан юм уу гэж гайхширах түүхэн баримтыг эрх бүхий байгууллагаар гаргуулж үлдээе гэж бодож байгаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *