С.Мөнхбат: Аварга хүний цол, нэр хүндэд олны зүтгэл, соёлын үнэт зүйл шингэсэн байдаг юм /2/

4-р сарын 24, 2018 10:10 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 423
content_img_0032

 МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Битогтохын ЦОГНЭМЭХ

-Аварга ч боллоо. Сэтгэлийн дээд ханамж мэдээж байна. Дараа нь өөрт юу бодогдох юм?

-Эрхэмбаяртайгаа үзүүрт үлдсэний дараа манай галынхан намайг тойрч зогсохдоо хэн нь ч, юу ч хэлээгүй. Балжаа багш бид нарын тэр бичлэг байдаг даа. Нэгэнт түрүүлнэ гэсэн том зорилго тавьсан хүнд юу хэлэх вэ гэсэн сэтгэлзүй хүн бүрийн толгойд байсан байх. Энэ бол бөх сайтай галын нэг давуу чанар юм болов уу. Тухайн үед дотроо би “Манайхан яагаад дуугарахгүй, ямар айдастай байна аа. Том ой шүү дээ гэж биеэ хураагаад байна даа” гэж л бодож зогссон. Өмнө жил нь Б.Ганбат арслан түрүүлчихсэн болохоор бас нэг давуу тал байлаа. Өмнөх наадмын түрүү бөхтэй тувт цуг бэлтгэл хийнэ гэдэг асар их давуу талыг надад бас бий болгосон юм. Бэлтгэл дээр Б.Ганбат арсланг ганц нэг хаяж байсан нь маш их ир, сэтгэлийн тогтвортой байдал үүсгэсэн байв. Дараа нь П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар түрүүлсэн нь бидэнтэй бэлтгэл хийсний үр нөлөө гэж болно. Тэдэнд “Би ч бас түрүүлж болно” гэсэн сэтгэл төрнө өө дөө. Түрүүлэх хэмжээний олон бөх нэг галд цуг бэлтгэл хийж байсан, гал доторх өрсөлдөөн шаггүй байдгаас улбаалж бидний амжилт дээгүүр байна.

-Эдүгээгийн аварга Эрхэм­баярыг хаясан барилдааны тухай эргэж дурсвал сонин байх болов уу?

-Аль аль нь ес давчихсан. Би Эрхэмбаяр руу хэд хэдэн удаа мэх хийх гэж үзээд маш их цуцсан. Хоёр талдаа харцагадаж сугадаж аваад, баахан шигшлээ, мушгилаа. Янз бүрээр л үзлээ. Нэлээд цуцлаа. Эрхэмбаяр маань миний элэг бүсийг түрүүлээд авчихлаа. Харин би авч чаддаггүй. Сэнжиг дээрээс нэг зайлах гэж байна. Яг тэр үед миний улсын начин цолтой байхдаа хийж байсан мэх тархинд гялсхийж орж ирээд давтан хийсэн юм. Эрхэмбаяр тэр мэхээ ахиад хийдэггүй юм болов уу гэж бодлоо. Элэг бүс авах гээд ухасхийхэд ахиад л хийлээ дээ. Тэр үед дагаж ороод л өвдөг шороодуулсан.

-Түрүүний асуултдаа хариулт авъя аварга аа?

-Хүн бүр л түрүүлснийхээ дараа ямар мэдрэмж төрж байв гэж асуух дуртай. Надад түрүүлчихээд явж байхдаа болох ёстой юм болсон юм шиг л бодогдоод байдаг. Өөртөө итгэхгүй яагаад ингэж бодоод байна аа гэж өөрөөсөө асууж ч үзэв. Түрүүлснийхээ дараа үзүүр түрүүний бөх зураг авахуулахад Эрхэмбаярыг би татаж авчраад өөрийнхөө дээд талд зогсоосон байдаг юм.

-Яагаад?

-Эрхэмбаяр надад уначихаад уурлаад босч ирэх болов уу гэж гэж бодсон чинь инээгээд босч ирж билээ. Үүнд нь баярласан. Дотроо бэлгэшээн аварга болоосой гэж хүссэн юм даа. Эдүгээ би “Миний чин сэтгэл сайхан биеллээ. Хүндлэл дээдлэл маань Эрхэмбаяр маань  аварга болсноор биелжээ” гэж бэлгэшээж явдаг. Түүнийг аварга болоход үнэхээр баярлаж билээ. Улсын наадамд хоёр жил дараалан надад унасан юм. Тухайн үед өөрт нь би “Хоёр жил дараалан таныг давж хоёуланд нь том цол авлаа. Маш их баярлалаа” гэж хэлж байсан. Монгол эр хүний, бөх хүний сэтгэл ийм байх ёстой юм болов уу гэж бодож явдаг. Монгол бөх гэдэг нь эрчүүдийн дундаас бие сэтгэлийн хувьд арай өөрөөр хатуужсан, сэтгэлгээ нь уужим учраас бөх хэмээх эрхэм алдрын эзэн болж явдаг бо­лов уу. Энэ ёс жудаг жилээс жилд алдагдсаар буйг аварга бө­хийн хувьд эмзэглэн харж явдаг.

-Би бичгийн хүний хувьд элдвийг харьцуулж судлах дуртай. Зөвхөн МНТ-оос харахад л баатар, бэхи, сэцэн, тайш,бөх  гэдэг цол байна. Бүри бөх, Чилэгэр бөх хэмээн дурдагдана. Хасарын хав, Бэлгүтэн бөхөөр би улс орныг дагуулав гэж их эзэн Чингис хаан айлдсан нь бий. Тухайн үеийн бөх гэдэг эрхэм цол эдүгээ бөхчүүдийн маань ерөнхий нэрийтгэл болон үлджээ гэж боддог. Бөх болно гэдэг зөвхөн барилдахын нэр төдий биш, ард түмний, нийгмийн өмнө хүлээсэн том үүрэгтэйг аварга та дурдлаа. Аварга гэдэг цолны нэр хүндийг дааж явна гэдэг амаргүй биз?

-Үнэхээр амаргүй. Барилдааны хувьд ярихад зарим хүн намайг “Чи хэтэрхий аваргаар харагдах гэж өмнөх Мөнхбатынхаа зарим зүйлийг гээж байна. Хэтэрхий хичээж өмнөх барилдаанаа гаргахаа болив” гэдэг л дээ. Аварга хүн доор унаж болохгүй ч гэдэг юм уу янз бүрийн тал дээр хичээгээд байгаа юм шиг байдалтай байгаа нь миний алдаа дутагдал байх. Барилдаанаас өөр нөхцөлд аваргаараа байх гэдгээ хольж хутгаад байх шиг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөхийн ертөнцөд маань элдэв зүйл гарч байдаг. Энэ бүхэн нөлөөлөх нь бий. Монгол Улсын аварга гэдэг эрхэм алдрыг тээж явахын тулд би гэхгүй бид гэж зүтгэх, монгол эрчүүдийнхээ алдрыг өргөж явах гээд өчнөөн үнэт зүйл байна. Амаргүй нь үнэн. Бөхчүүдийг хүндлэхээ байчихвал монгол ёс заншил, уламжлал хаачих вэ. Энэ бүхнийг ухамсарлаж явахаас өөр яах билээ. Ер нь бөх судлаач нар бөхийн зүтгэлтнүүд ховордлоо. Үүний улбаагаар бөхчүүд нь бөх шигээ эрчүүд нь эр хүн шиг байж чадахаа болих нь. Арай нэг дөнгүүр нь бөх болж байгаа нь үнэн. Бие хаа заяаснаар бөх болчихгүй. Маш их зүтгэл тэмцэл, сэтгэлийн хат, тэвчээр гаргаж байж л бөх болдог. Маш тооцоотой математикч физикч мэт байж бөхийн хүндийн төвийг яаж алдуулах вэ гээд л бүгд шинжлэх ухааны үндэстэй болчихсон шүү дээ. Улам бүр мэргэжлийн болж байна.

-Залуу хүний хувьд юуг хиймээр санаачилмаар санагддаг вэ?

-Зөндөө л байх юм. Би эдүгээ хүртэл “Хилчин” спорт хороонд харьяалагдаж явна. Залуу хүний хувьд сайн сайхан зүйлийг санаачилмаар бодогддог. “Хилчин”-д харьяалагдаад цалин хөлс авч байгаа бөхчүүд бий. Гэтэл цаана нь хил дээр нүд цавчилгүй эх орноо манаж буй цэргүүд маань байна. Тэднийгээ эргэж тойрох, сэтгэлийн урам зориг бадраах аян өрнүүлье гэж шийдсэн. Зүүн аймгуудын хилээ тойрлоо. Одоо баруун аймгуудаар явах гэж байна. Монголын дархан хил гэж юу вэ, эр цэрэг гэж хэн бэ, монгол бөх, монгол эрчүүд хэн бэ гэдгийг энд тэнд сурталчлах, тодотгох ажлуудыг эхлүүлж байна. Эх оронч, хөдөлмөрч байна гэдэг юу вэ гэдгийг эрчүүддээ ойлгуулах, сэргээх гэсэн хүсэл минь юм даа. Гаднын соёл боловсролыг залуус маань тээж ирчихээд түүгээрээ бардаад, гоё харагдчих гээд байна. Даяаршил байх хэдий ч монголоороо байх, монгол өв соёлоо эрхэмлэх асуудал чинь тусгаар тогтнолтой ч холбоотой. Яс юман дээрээ үндэсний бөхийн барилдааныг хөдөөнийхөн л үздэг шахуу болох нь. Залуучууд ойшоохоо болилоо.

-Та бүгд маань монгол өв соёлыг тээгч, үндэсний дархлааны нэг бэлгэ тэмдэг шүү дээ. Энэ байдал сулрана гэдэг харамсалтай л хэрэг шүү?

-Үнэхээр тийм. Өөр дээрээ жижгэрүүлээд ярья. Хожмоо намайг Монгол Улсын аварга гэж танилцуулахад дараа, дараагийн үеийнхэнд ямар үнэ цэнтэйгээр хүрч очих бол. Үүнийг гашуунаар мэдэрч байна. Бас үндэсний өв соёл, дархлаа, хэл, ёс заншил маань үнэ цэн нь буурсаар байгаа шүү. “Хэл хил мал гурваа дээдэлье” гэж З.Дорж гуай зүгээр нэг дуугараагүй байх аа.  Аливаа үндэстэн өөрийнхөө онцлогийг хадгалж байж л хөгжилтэй гэгдэнэ. Улаанбаатарт маань эр эм нь мэдэгдэхгүй залуус олширлоо. Солонгос уу, Монгол уу гэж ялгахад хэцүү боллоо. Навсархай дээлтэй, хөлс нь гоожсон гэх мэтээр үндэсний дархлаа руугаа нулимах боллоо. Ийм хэсэг бүлэг хүмүүс их олширсон. Үүнд улстөрчид, эрдэмтэн мэргэд нь анхаарлаа хандуулахгүй бол горьгүй ээ. Хэрэлдээд л, эх орноо зараад л сууж байна. Энэ бүхнийг засч залруулахын төлөө, нэг ч гэсэн хүнд ухамсарлуулахын төлөө л үлдэх насандаа чармайна даа. Бөхчүүд дотор боловсролтой хүн өчнөөн бий. Гэхдээ сурч боловсрох, гэгээрэх, хангалуун амьдрах бүх бололцоогоо үндэсний дархлаа болсон бөхийн спортод зориулж, үр хүүхэд, амьдралынхаа өмнө эрсдэл гарган маш их хөдөлмөрлөж, хөлсөө урсган эх орныхоо нэрийг дэлхийд ч цуурайтуулж яваа бөхчүүдийг бодох хэрэгтэй. Хэдэн нүцгэн хүн ноцолдож байна гэж харж болохгүй. Бэртлээ л гэхэд насаараа өрөөл татуу болох эрсдлийн өмнө бид байнга зүтгэж явна. Хаана хаанаа зөв бодох ёстой. Бразилиуд хөл бөмбөгөө, Англиуд боксоо, японууд сүмогоо үндэсний бахархал хэмээн үзэж санаа тавьдаг нь хүндлэгддэг. Хэдэн мянган залуусаас хэдхэн нь л шигшигдэн гарч, олон түмнээ баясган амьдралын баталгаанд хүрч байгаа. Тэр хэдэн мянган монгол эр хүний, залуусын хүч хөдөлмөр бидний цол, нэр хүндэд шингэсэн байдаг юм. Хэчнээн их гэмтэж, ядаргаанд орж байгааг мэдэхгүй байж “хөлс нь гоожсон” гэх мэтээр гоочлох нь монгол хүн мөн гэж үү.

-Түрүүн асууж амжаагүй зүйлээ тодотгоё гэж бодлоо. Түрүүлснийхээ дараа жил эдүгээгийн улсын арслан П.Бүрэнтөгстэй дөрвийн даваанд оноолтоор таарч өвдөг шороодсон. Гэтэл П.Бүрэнтөгс арслан дараагийнхаа жил таны адилаар тэр жил түрүүлдэг Н.Батсуурь арсланд дөрвийн даваанд өвдөг шороодсон. Энэ сонин давтамж шүү?

-Би П.Бүрэнтөгс арсланд ерөөс унаж үзээгүй байсан юм. Тэр даваанд Бүрнээг давуулаад шидсэн чинь миний дээр унаж байгаа юм. Түлхэх гэхэд гар бэртчихсэн. Түрүүлэх ёстой бөх юутай ч таарсан түрүүлдэг юм. Бөх хүн өглөө наадмын талбай руу явахдаа түрүүлэх бөхтэй л бүү таараасай гэж боддог юм гэнэ лээ. Би тэгж л таарсан. Цаанаас нь зурдаг болов уу. Гэтэл П.Бүрэнтөгс дараа жил нь Н.Батсуурьтай таарч миний барилдааны хувь заяаг давтсан. П.Бүрэнтөгс “Аварга болох байсан юм” гэж учиргүй их харуусахад Н.Батсуурь “Мөнхөө ах чамд бас л надад унадаг шиг болохдоо ингэж харамсаагүй юм шүү” гэхгүй юү. П.Бүрэнтөгс бодлогошроод л. (инээв). Юмны давтамж гэж бас сонин шүү. Н.Батсуурь ч гэсэн миний түрүүлсэн жилийн барилдаануудыг яг давтаж хийсэн байдаг юм.

-Н.Батсуурь аваргын барилдааныг таныхтай адил байсныг анзаараагүй явж шүү. Юу билээ. Лавтайяа Ч.Санжаадамбыг та ч, Н.Батсуурь ч хаясан санагдана?

-Ч.Санжаадамба, Рагчааг гээд л. Үзэгчид санаж байгаа байх.

-Өмнөх наадмын барилдаанд та Бат-оршихыг амлан авч тунаанаас гаргасан. Үзэгч олон С.Мөнхбат аварга маань өөрөө явах ёстой атал уужим сэтгэл гаргав гэж ярилцаад л шүүмжлэх аястай байсан шүү?

-Түүнийхээ дараа жилүүдэд би бэртлээс болж дээгүүр барилдаагүй. Ноднин жилийн наадамд харин огтоос бэртэлгүй байлаа. Дээгүүр барилдах сэтгэл зүй ч өндөртэй. Харин Бат-Орших бид хоёр бол хар багаасаа биенээ хурцалж ирсэн найзууд л даа. Намайг цэргийн арслан ч болгосон. Аварга болоход маань бэлтгэл хангагч байсан бөх. Түүний бүхий л зүтгэл миний амжилтыг өргөсөн юм. Бэлэн гоймонгоо хувааж идсэн олон өдөр бий. Найздаа нөхрийн чанар харуулж байгаагаа олон түмэнд харуулсан. Өөрийгөө бодвол өөр ам авна шүү дээ. Энэ үүднээс л хандсан даа. Өмнөх жилийн наадмуудад авсан амыг минь ажиглаарай. Том цолны найраа явагдах гэж байхад нь би амлаж таслан зогсоогоод байсан юм шүү. Монгол бөхөд шударга ёс байгаасай гэдэг үүднээс ам авсан хэрэг. Аварга гэдэг алдар хүндийг ингэж л хамгаалах гэж, бөхийн гал  тогоогоо цэвэрлэх гэж тэр л дээ. Ард түмэн энэ учрыг мэдэж байгаа даа. Сайн мэднэ.

-Ирээдүйтэй бөхийг нутгийнхан нь дэмжих, амлах асуудал бол даншгийн үед ч байсан л зүйл. Харин мөнгө төгрөгөөр даваа наймаалцдаг начны зэрэг найрааны талаар та юу хэлэх вэ?

-Би тэр найрааны асуудалд орооцолддоггүй. Ёстой өөрөөсөө хол өнгөрүүлж ирсэн. Надад ийм санал ирж л байдаг юм. Үгүй ээ, чадахгүй л гэдэг. Төрийн өндөр албан тушаалтнуудаар ч над руу яриулж байсан удаа бий. Надад тийм ёс зүй байхгүй л дээ. Харин “найраа” хийж цол авч байгаа бөхчүүд чинь зүгээр нэг гудамжинд бэлтгэл хийсэн ч юм уу мөнгөтэй хүн гүйж ирээд цол хүртчихсэн хэрэг биш шүү дээ. Ялгаж ойлгоорой доо (инээв). Үндэсний бөхөд хамаг амьдралаа зориулсан нөхдүүдийг нутгийн олон, ах нар нь дэмжээд л байгаа юм. Асар мөнгөтэй нөхдүүд орж ирээд цол аваад байгаа биш. Бөхчүүдэд маань өөрийн жудаг бий. Өмнөх үед ч байсан асуудал. Одоо үед мөнгө төгрөг рүү шилжчихсэн гээд байгаа. Хүмүүсийн ярьдагчлан хэдэн зуун саяар нь өгч авалцаад байгаа юм байхгүй биз ээ. Амны хөөрөгдөл байх. Харин миний хувьд ёстой найраанаас хол явж ирсэн.

-Бөхийн барилдааныг камераар шүүнэ, шүүхгүй гэх асуудлыг юу гэж боддог вэ?

-Техник, технологийн энэ дэвшлийг одоо үед бөхийн орон зайд нэвтрүүлэхгүй байна гэдэг үнэхээр ойлгомжгүй. Цэцдийн хэдэн ахмадууд маань үнэхээр харааны хурдгүй болчихсон. Гүйцэж харж амжихгүй. Хамгийн гол нь буруу шийдвэрээс болж хохирсон бөхчүүд дараа дараагийн том боломжуудаас харамсалтайгаар хоцорч байна. Бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ. Хайран залуу нас гэдэг байх аа. Хэчнээн тэсч ядан хүлээсэн цаг хугацаа билээ. Үзэгч олныг баясгах гэж, цэнгүүлэх гэж барилдаж байгаагаа нөгөө “давсан” бөх ч ойлгох учиртай. Гэтэл шударга бус зүйлээс нь болж үзэгчид бухимдаж байна. Талцаж байна. Үзэгчдийг баясгах бус өөртөө л таалагдах гэж барилддагаа зарим бөх болих хэрэгтэй. Үндэсний бөхийн дүрэм журмын буруу өөрчлөлтөөс болж зүгээр л зогсч байдаг бөх олширлоо.

-Дүрэмдээ тааруулж, барьц сонгоход зориулж жин их нэмдэг болжээ?

-Хэт их таргалалт эрүүл мэндэд асар их хортойг бөхчүүд маань ухаараасай. Энэ бүхэн тэр дүрмээс л болж байгаа юм. Олон мэхний хувилбар огтоос үгүй болсон. Олон хүүхдийн аав, сайхан бүсгүйн хань чинь эрүүл мэндээ анхаарч урт насалж амьдралаа авч явах нийгмийн хариуцлага гэж бий. Жин нэмэх эрүүл мэндийг нь их сүйтгэж байгаа. Зөвхөн барилдаанд л зориулж олон зүйлийг баллаж болохгүй. Эдүгээ манай улсын харцага Т.Баасанхүүг эс тооцвол хурц дайчин барилдаантай бөх алга болсон. Үзэгчид бухимдаж байгаа шүү. Хоёр Мөнхийн үед 70-90 кг жинтэй л барилддаг байв. Том Санжаа арслан гэхэд л 100 гаруй кг байсан юм уу даа. Их спортын 105-аас дээш үнэмлэхүй жинд барилдах гэж ус ууж байж ордог байсан байгаа юм. Одоо захын барилддаг залуу л 120 кг-аас дээш жинтэй байна.

-Дээхнэ аваргуудын зөвлөл гэж байгуулсан. Та бүхэн хоорондоо хэлэлцэж үйл ажиллагаа явуулах тал дээр хэрхэж байгаа вэ?

-Бөхийн манлайнууд нь аваргууд. Туршлага өвлүүлэх, бөхийн орон зайд зөв бодлого хэрэгжүүлэх ёстой л доо. Аваргуудын зөвлөл байгуулсан ч үзэл бодлын зөрчилдөөнөөс болж ажил урагшлаагүй. Дөрөв, таваараа хуваагдчихсан. Монголчуудын эвлэж нэгддэггүй явдал үүн дээр бас л илэрсэн. Залуу хүний хувьд хэдэн удаа уулзаж ярилцсан ч гавьтай үр дүнд хүрээгүй л дээ.

-Та уншигч олон, бөхийн хорхойтнууддаа хандаж юу хэлэх вэ?

-Цаг цагаараа байдаггүй гэдэг. Сайн цаг ирнэ ээ. Монголчууд бид хөгжлийн ээдрээтэй замаар хэцүүхэн урагшилж байгаа боловч өвөг дээдсийн маань сүр сүлд ивээж, уул ус маань түшсээр байгаа шүү. Монгол Улс дэлхийн бусад орноос юугаараа дутах билээ. Бөх сонирхогч олон түмэндээ аз жаргалын дээдийг ерөөе дөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 5 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 4-р сарын 24

Цогнэмэх гуйа бөхчүүдийг өөрсдөөр нь яриулаач. Өмнөөс нь уянга нялуун 2 чиньхэтрүүлээд байх юм. Мөнхбатын яриа үг 1 ч алга.Бүрэнтөгсийн ярилцлага зүгээр л шүлэг. Одоо болио давс хужир чинь ихдээд бна. Ядаж бөхчүүдийн цолоо зөв бич. Авара гэдэг цол чинь амны хишиг, хувь тавилан байдаг юм.

Ховч
2018 оны 4-р сарын 24

Овоо зохиолч юм уу? гэтэл овоо зохиодог сэтгүүлч байна. Яасан ч их няль паль зохиодог юм бэ? Мөнхбат ч цэгцтэй яриатай хүн харагдаад байдаг. Энэ зохиосон ярилцлага бол арай биш.

Бадрууган
2018 оны 4-р сарын 26

Монхбат аврага .Эрхэмбаяр аврага хоер бол жинхэнэ жудагтай эрчууддээ
Монхбат аврагыг аврага болоогуй байхад нь ч бусад бохчууд хундэлдэг байсныг би мэднээ.энэ хэдэн шуналд хотлогдсон хэдэн хумуус болиосой ялангуяа Сухбат аврага .юу дутаад байгаа юм болдоо .шуналаасаа болж оорийг чинь хундэлдэг ард тумэн буруу харж байгааг ойлгож авах огохийн улэмжийн ухаан байх боловуу гэж найдая даа.

2018 оны 5-р сарын 27

write essay for me http://sdfeklhjyujg.com/

You actually suggested it effectively!

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Medicamentos Cialis Lowest Price On Nizagra generic cialis overnight delivery Pilules Cialis En Generique Ou Les Commander Best Price On Cialis Shipped Ups Isotretinoin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *