С.Мияарагчаа: Би ааваараа бахархаж жүдодоо үнэнч явна

1-р сарын 22, 2013 5:31 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 709
Санжаасүрэнгийн Мияарагчаа гэдэг залууг танихгүй хүн ховорхон.

 

Д.ЦЭРЭННАДМИД

Санжаасүрэнгийн Мияарагчаа гэдэг залууг танихгүй хүн ховорхон. Жүдогийн шилдэг бөх, Монголдоо төдийгүй тив, дэлхийд нэртэй та­мирчин болохоор нь тэр биз ээ. Уулзаад ярил­цахад эелдэгхэн, харь­цаа сайтай тэр нь бөх хүний онцгой зан гэж болно. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Нэртэй хүний зүстэй хүн гэж монголчууд ярьдаг даа. Аав чинь бас сайн бөх, сайн дасгалжуулагч байсан. Тэр нь өөрт чинь их нөлөө үзүүлсэн байх л даа?

-Тийм ээ. Би аавыгаа дагаад барилдахыг их бод­дог хүүхэд байлаа. Дунд сургуульд байхдаа “Хүч” спорт хорооны харьяа самбо, жүдогийн секцэнд явдаг байлаа. Аавын найз нөхдийн хүүхдүүд тэм­цээнд орж барилдаад л байх. Би ааваас “Би ба­рилдъя” гэж их гуйнаа. Тэгэхэд аав “Болоогүй ээ миний хүү. Их багаасаа барилдсан хүний зүрх үх­чихдэг юм. Монгол хүний биеийн онцлог ч гэж бий. Хүлээж бай  л гэх. Миний хувьд аавынхаа үгнээс яаж гарахав дээ.

-Өөрөө аавынхаа төр­сөн нутаг орноор овоглож явдаг юм билээ?

-Би Завханы Түдэв­тэйд төрсөн юм. Яагаад гэхээр аав гадаад, дотоодод тэмцээнд яваад гэрийн бараа харахгүй байж. Тэгэхээр миний ижий аав, ээж дээрээ очиж төрдөг байсан юм билээ. Манай эгч ч мөн тэнд төрсөн. Гэхдээ би аавынхаа нутаг Дундго­вийн Эрдэнэдалайнх гэж явдаг. Ургийн овог ч Өнгөт гэж бичигдсэн юм.

-Өнгөт гэж газрын нэр юм уу?

-Аавын маань нутаг. Эрдэнэдалай сумын орчмыг Сангийн далай гэдэг бол түүний баруун залгаа нь Өнт өнгөт гэх уужим сайхан нутаг бий. Эргэнэгийн говь гээд ха­раа цуцаам тал хөндийтэй. Энэ нутаг шигээ уужим сэтгэлтэй ухаалаг хүн бай­сан даа аав минь. Тэнд очихоор нэг их сайхан гүнзгий амьсгаа авмаар санагддаг. Аавын маань дүр төрөх ч нүдэнд хараг­дах шиг болдог юм. Бас нэг зүйлийг хэлэхэд Эрдэнэ­далайгаас төрсөн үе үеийн бөхчүүд голдуу тэр нутгаас гарсан гэж болохоор доо.

-Жүдог сонгож хи­чээл­лэсэн нь юуны учир байв?

-Аав самбогийн тамир­чин байсан. Тэгээд би ч жүдо, самбо аль алинаар нь барилддаг болсон. Бө­хийн энэ хоёр төрөл Монголд хамтдаа хөгжиж ирсэн. Одоо ч нэг их салж холдоогүй л дээ. Жүдо олимпийн төрөлд багтсан болоод хөгжлийн хувьд илүү байдаг. Тэгэхээр тив, дэлхийд болж буй тэмцээн нь ч олон. Иймээс жүдод илүү татагдсан байх.

-Өөрийн чинь амжилтыг бөхийн хүрээнийхэн лав андахгүй. Харин уншигчид тэр бүр мэдэхгүй байж магадгүй юм. Тийм болохоор гол амжилтаасаа сонирхуулна уу?

-Миний гол амжилт гэвэл “Мастерс” тэмцээнд хоёр удаа түрүүлсэн дээ. Ер нь энэ тэмцээнд хошой аварга болно гэдэг амаргүй шүү дээ. Жиндээ чансаагаар эхний 16 бөх цугларч өрсөлддөг болохоор дандаа олимп, дэлхийн аваргууд ирдэг юм. Тиймээс тааруу өрсөлдөгч гэж байхгүй. Энэ тэмцээнд хоёр түрүүлсэн бөхчүүдийг харахад надаас бусад нь олимп, дэлхийн аварга юм билээ. Тэднийг ялж байж л аварга болсон доо. Мөн Гран-при тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан. “Их дуулга” гэж бас том тэмцээн байдаг. Тэндээс мөнгө, хүрэл авч байлаа. Бас самбогоор дэлхийн цомын хошой аварга болсон, хоёр удаа мөнгөн медалийн тавцанд зогссон гээд ярьвал олныг хэлж болох байх л даа.

-Жүдогийн 66 кг-д хүчтэй өрсөлдөгчтэй байх ер нь ямар санагддаг вэ. Үндэсний бөхөд гэхэд дархан аварга Б.Бат-Эрдэнэ байснаас Д.Мөнх-Эрдэнэ улсад тав үзүүрлэсэн. Үүнтэй адилтгаад бодоход Х.Цагаанаа байгаагүй  бол гэж бодох үе байдаг уу?

-Янз янз даа. Хүчтэй өрсөлдөгч байна гэдэг бие биенээ ирлээд сайхан л даа. Ер нь өрсөлдөгч сайн байхын муу гэж юу байхав. Харин тив, дэлхийн чанартай том тэмцээнд нэг жинд нэг тамирчин оролцох болсон үед л жаахан тийм санагддаг. 2009 онд Х.Цагаанаа маань ДАШТ-д яваад дэлхийн аварга болж ирсэн. Тэр тэмцээний өмнө монголдоо хийсэн таван сорилго тэмцээнд би түрүүлсэн байсан. Энэ үед би явсан бол… гэж бодогдсон доо. Өөрийн хичээл зүтгэл, хөлс хүчээ шавхсан хөдөлмөр үрэгд­чихэж байгаа ч юм шиг. Гэхдээ сайхан бөхтэй сайн өрсөлдөгчтэй эн чацуухан яваа минь сайхаан. Бид хоёрын өрсөлдөгчид дэлхийгээр нэг байна.

-Нэг жинд хүчтэй өрсөлдөгч, бас сайн найзууд байхын бахархал юу байдаг вэ?

-Хэн хэнээрээ бахархдаг гэх үү дээ. Х.Цагаанаа бид хоёрын нэг яриа, мөрөөдөл байсан юм. Тэр нь дэлхийн чанартай том тэмцээнд хоёул очоод хоёр талаас өрсөлдөгч бүрээ хяргасаар байгаад хоёул аваргын төлөө хүч үзэхсэн гэж. Тэгсэн энэ мөрөөдөл маань Казахстанд болсон “Мастерс” -аар биеллээ олсон. Бид хоёр финалд Японы хоёр бөх “хоёул дэлхийн аварга”-тэй таарч ялчихаад аваргын төлөө барилдсан. Тэгээд Х.Цагаанааг мэх хийхэд нь би өргөж шидээд би түрүүлж байлаа.

-Саяхан болсон улсын аваргаар Х.Цагаанбаатар С.Ням-Очир та хоёрыг адилхан тохох мэхээр ялчихаж харагдсан. Аргалж болоогүй юу?

-С.Ням-Очирын хувьд бяралхаж яваад өөр дээрээ татчих шиг болсон. Миний хувьд Амстердамд болсон тэмцээнд зоны аваргын төлөө барилдахдаа би Х.Цагаанааг хонгодож дайраад давж байсан. Сая тэр мэх ороод ирэхээр нь хийчихсэн чинь Х.Цагаанаа намайг эргүүлж шидээд базари авч ялсан. Энэ барилдаан Х.Цагаанаа надтай барилдах арга тактикаа сайн бэлдсэнийх. Миний бэлдээгүйн харгай тэр байлаа. Хүний алдаан дээр дүгнэлт хийж чаддаг нь түүний давуу тал.

-Гадаадын нэг тэмцээний үеэр Монголын Мияарагчаагийн гайхалтай мэхний тухай хэвлэлүүдэд бичигдсэн. Энэ ямар тохиолдол байсан билээ?

-Парисын “Их дуулга” тэмцээний үеэр болсон явдал. Жүдо бөхийг 40 жил тайлбарлаж байгаа Германы Шельдин гэдэг хүн миний барилдааныг харж байгаад “Энэ тамирчин нэг секундэд гурван мэх хийлээ. Би 40 жил бөх тайлбарлахдаа ийм гайхалтайг харж байгаагүй” гээд л ярьсан. Тэр нь тэндхийн болон гадны хэвлэлүүдээр их бичигдсэн юм билээ. Үүнээс ургуулаад бодоход тамирчин хүн заавал аварга болж байж нэрд гарах биш нэг барилдаа­наараа л алдаршиж тив, дэлхийд танигдаж болох юм байна гэж ойлгосон. Ер нь би гадаадад очсон тэм­цээн бүрдээ финальддаг, медаль авдаг байлаа. Нэр хоч ч авч байлаа.

-Ямар хоч авч байсан билээ…?

-Намайг “аюултай мон­гол” гэж нэг тэмцээ­ний дараа нэрлэсэн удаа бий. Бас Японд ДАШТ-д очоод байхад түрүүлэх магадлалтай  бөхийн нэрэнд Х.Цагаанаа бид хоёрыг оруулсан байсан.  Эдний дундаас манай япон жүдочид гарч ирж чадах болов уу гэсэн утгатай юм дор нь бичсэн байсан. Бас надад Монголын “дак хорс” гэж нэр өгсөн байсан. Энэ нь “хар азарга” гэсэн үг юм билээ л дээ.

-Х.Цагаанбаатар най­зынхаа, өрсөлдөгчийнхөө тухай юу хэлэх вэ?

-Манай Х.Цагаанаа сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлтгэж, хурцалж чаддагаараа их мундаг. Амьдралын ухаан сайтай, толгой нь сайн ажилладаг, хөдөлмөрч. Энэ нь бөх хүнд их чухал. Биеэ сайхан авч явдаг. Тиймээс олон жил формоо барьж нэг жинд амжилттай барилдаж бай­на. Бид ч Х.Цагаанаагаас байнга суралцаж ирсэн.

-Жүдо бөх амжилт олоход амар юм шиг мөртлөө их эрсдэл дагуулдаг төрөл санагддаг. Яагаад гэхээр ялж явсан бөх нэг секундэд ялагдал хүлээх нь бий.

-Тийм ээ. Жүдо онцлог. Үзэгчдийг байлдан дагуулдаг нь үүндээ бай­даг байх. Баримт хэлбэл Бээжингийн олимпоор Японы тэр их алдартай бөх Кэнжи Сүзүки манай Н.Түвшээд ердөө 2-3 секундэд хамуулчихсан шүү дээ. Үүнийг хүн бүр харсан. Тайлбар хэрэггүй жишээ энэ. Урлагийн хэлээр жүдог спортын “балет” гэдэг юм билээ.

-Жүдогийн дүрэм өөрчлөгдөөд байгаа. Барилдахад хэцүү болж байна уу?

-Хүн хүн барилдааны онцлогоос шалтгаалж ийм тийм гэж хэлэх  байх. Миний барилдаанд бол тохироо сайтай санагдаад байгаа. Сүүлийн үеийн тэмцээнүүдэд туршилтын журмаар хэрэглээд байна. Гүйцэд батлагдаагүй байгаа өөрчлөлт.

-Өөрийн чинь бахархал…?

-Миний хувьд ааваараа бахархаж явдаг хүн. Аав маань хамгийн хүн чанартай, авьяаслаг нэгэн байсан. Тиймээс самбо, жүдогийнхон их хүрээлж байсан юм. Бие жижиг ч үндэсний бөхөөр дажгүй барилддаг цэргийн арслан цолтой бөх байлаа. Миний өдий зэрэгтэй жүдоч гэгдэж өрхийн тэргүүн болоод амьдарч байгаа нь аавын маань буян.

-Х.Цагаанбаатар үн­дэс­ний бөхөөр аймгийн арслан цолтой. Өөрийн чинь хувьд бас нэг удаа аймгийн начны болзол хангаад авсан. Тийм ээ?

-Би үндэсний бөхийг сонирхдог л доо. Өнгөрсөн жил олимпод оролцоогүй болохоор цаг зав жаахан гарч эхнэр, хүүхдээ аваад нутгийнхаа наадамд очсон. Барилдаж дөрөв давчихлаа. Тэгсэн улсын өсөх идэр начин, нутгийн бөх С.Чинзориг намайг амладаг юм. Гайхаж байлаа. Тэгсэн өрж байснаа тэр элэг бүсээ тайлж “За миний нөхөр тив, дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа хүн. Тиймээс аймгийн цол ав даа” гээд тахимаа өгөхөд нь баярлаад нүдэнд нулимс хурж, шүлсээ залгиад л дуугарах сөхөөгүй болчихсон. Баярласан даа тэр байх. Ийм сайхан жудаг монгол бөхөд байдаг гэдгийг биеэрээ мэдэрсэн дээ.

-Гэтэл тэр наадмын бөхийн цолыг МҮБХ хүчингүй болгочихсон шүү дээ. Энэ талаар…?

-Харин тийм ээ. Түүнд харамссан. Гэхдээ тэр чинь бөхчүүд бидний буруу биш. Зөвхөн оноолт хийсэн даа нарын л ажил зөв бишийнх юм. Би Р.Нямдорж тэргүүнтэй уулзсан. Их нааштай хүлээж авсан. Шийдэж өгөх байх гэсэн горьдлого бий. Өөрөө бөх хүүтэй хүн. Бидний жаргал зовлонг ойлгох биз. Тэр наадам чинь ард түмний наадам шүү дээ. Аав минь үндэсний бөхийн цолтой хүн байсан болохоор хүү нь цол аваад залаатай малгайгаа хойморьтоо залчихвал сайхан байхгүй юу.

-Ингэхэд өөрөө эхээс хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Манай эгч С.Мияасүрэн чинь бас жүдоч шүү дээ. 2000-аад оны эхээр 52 кг-д нэг үе эхэнд бичигддэг л байсан даа. Гавьяат Н.Бат­хишиг, одоо дасгал­жуулагч байгаа Ш.Цэвэл­маа нартай нэг жинд барилдаж байв. Эгч маань одоо Америкт ажиллаж, амьдарч байгаа даа.

-Жүдоч С.Мияараг­чаагийн өнөөгийн зорилго юу байна вэ?

-Рио-де-Жанейрод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд очих, 66 кг-д дэлхийн аварга болох тийм л бодол байна. Энэ зорилгоо биелүүлчихвэл дараа нь өөр зорилго өөртөө тавьж ажиллана.

-Жиндээ дэлхийд чан­саагаар хэдэд бичигдэж байгаа билээ дээ?

-Наймд бичигдсэн. Сүүлийн долоон сар тэмцээнд оролцоогүй болохоор ухарчихаад байгаа юм л даа. Одоо тэмцээн алгасахгүй гэж бодож байна. Зорилгодоо хүрэхийн төлөө хичээнэ. Санаж явбал бүтдэг гэсэн сайхан үг бий шүү дээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *