С.Мандахбат: Уул уурхайн салбарт судалгаа хамгийн чухал

12-р сарын 1, 2014 10:04 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 962
Уул уурхайн салбар гацаанд байгаагийн нэг шалтгаан нь эрх зүйн орчин гэж дүгнэх хүн цөөнгүй байдаг.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Уул уурхайн салбар гацаанд байгаагийн нэг шалтгаан нь эрх зүйн орчин гэж дүгнэх хүн цөөнгүй байдаг. Барууны өндөр хөгжилтэй орнуудад уул уурхайн хүрээнд эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлдэг талаар “Мандах Консалтинг” компанийн захирал С.Мандахбаттай ярилцлаа.

 

-Манай уул уурхайн салбар зогсонги байдалд орчихлоо. Та үүнийг юу гэж харж байна?

-Монгол Улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүн юу билээ гэвэл нүүрс, зэс, төмөр. Үүнийгээ үндсэндээ нэг улс руу л нийлүүлдэг. Одоогоор манай үндсэн хэрэглэгч БНХАУ. Цаашид ч байх төлөвтэй байна. Зах зээлийн хуулиараа манайхан зах зээлээ буюу БНХАУ-г сайн судлах ёстой. Тухайлбал, энэ гурван бүтээгдэхүүний хувьд БНХАУ дэлхийн зах зээлийн хэдэн хувийг хэрэглэж байна. Аль улсаас худалдан авч, эдгээр улс орнуудтай Хятад улс ямар гэрээ хэлэлцээр хийж вэ, тухайн бүтээгдэхүүний онцлог, ойрын болон хэтийн төлвийн хэрэглээ, зах зээлийг дэлхий дахинд хэрхэн үзэж, таамаглаж байна зэргийг тодруулах ёстой. Тэгэхээр Хятадыг зөвхөн энэ гурван бүтээгдэхүүний хувьд судална гэдэг бол эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийг судална гэсэн үг. Үүнийг судална гэдэг маань эрдэс баялаг олборлогч болон хэрэглэгч гол орнуудын зах зээлийг судална гэсэн үг. Энэ нь цаашлаад дэлхийн ойрын болон хэтийн хөгжлийн төлвийг тандан судлах шаардлагатайг харуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, манай оронд энэ төрлийн судалгаа үндсэндээ алга. Бид энэ төрлийн бэлэн судалгааг сайтар судалж бодлогоо тодорхойлж ажиллах хэрэгтэй. Монгол Улс тэр чигтээ “таамаг”-ийн байдлаар 25 жил явсан учир их алдаж байна.

-Манайхаас экспортод гаргаж байгаа нүүрсний үнэ маш бага. Энэ нь дэд бүтцээс шууд хамаарч байна гэж албаныхан тайлбарладаг?

-Энэ бол дахиад л нөгөө цорын ганц хэрэглэгч БНХАУ-аа дутуу судалснаас болж байна. Хятадын металлын нүүрсний хэрэглээ мөнхөд асар өндөр байж, манай өрсөлдөгчид биднийг зүгээр хараад суух юм шиг төсөөлснөөс болсон хэрэг. Хятад улс металл нүүрсний хэрэглээний 10 хүрэхгүй хувийг импортлодог шүү дээ. Дотоодын нүүрс импортлогчдоо дэмжих үүднээс нэг сарын өмнө эрчим хүчний нүүрсэнд  зургаан хувь, металл нүүрсэнд гурван хувийн импортын тариф ногдуулчихлаа. Хятад улсад нүүрс импортлогч Индонез, Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээртэй тул энэ татварыг төлөхгүй. Хятад улс өмнө нь байсан импортын татвараа л сэргээж байгаа. Энэ импортын татвар сэргээх асуудал их удаан бичигдэж байсан. Харин манай улс нүүрсний “экспортын татвар” тавих талаар их ярьсан. Үүнтэй ижил нүүрсний импортын татварыг Солонгос улс оны эхэнд бий болгосон. Канад улс Солонгостой энэ оны гуравдугаар сард, Австрали дөрөвдүгээр сард “Чөлөөт Худалдааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Бас л энэ татваруудыг төлөхгүй. 

-Нүүрсний зах зээл Монголыг аврах ёстой гэсэн хүлээлт ард түмэнд байна. Бас “Тавантолгой” Монголыг тэжээх ёстой ч гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ чиглэлийн судалгаа хийж байхад нүүрсэнд бас найдлага байгаа гэсэн зүйл бичсэн байна. Хятад улс нүүрсний нөөцөөрөө АНУ, Оросын дараа гуравдугаарт орж байгаа ч дэлхийн хамгийн том хэрэглэгч. Дотоод нөөц нь зарим тооцоогоор хэрэгцээгээ ердөө 50 жил, зарим тооцоогоор 100 гаруй жил хангана гэсэн зөрүүтэй тоонууд бий. Дэлхийн хүн ам маш хурдан өсч байна. Манай тивд тэр дундаа Хятад, Энэтхэгт энэ өсөлт голлон явагдаж байна.  Эдгээр орны дундаж давхаргын тоо үлэмж нэмэгдэж байна. Үүнийг дагаад зах зээл нь буюу хэрэглээ нь тэлнэ. Тэр дундаа авто машин зэрэг төмөр, гангын хэрэглээ ихээр шаардагдана. Тиймээс гангын үйлдвэрт хамгийн их хэрэгцээтэй байдаг металл нүүрсний хэрэгцээ өснө гэсэн хандлага байна. Харин зах зээл түр “унаад” байгаа өнөө үед манайхан хийх ёстой хоёр чухал зүйл байгаа.

-Ямар?

-Нэгдүгээрт, бид манай нүүрс болоод эрдэс баялгийн төдийгүй экспортын бусад гол бараа бүтээгдэхүүнүүдийг авдаг зах зээлүүдтэй худалдааны гэрээ хэлэлцээрийг яаралтай эхлүүлж шийдвэрлэх хэрэгтэй. Нүүрсний импортын татвар төлөөд Хятад, Солонгосын зах зээл дээр өрсөлдөнө гэдэг боломжгүй зүйл. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ олборлох, тээвэрлэх, экспортлохтой холбоотой дэд бүтэц манай өрсөлдөгч бусад орныг бодвол Монголд огт алга. Иймээс зах зээл уналттай байгаа энэ үед амжуулж үүнийгээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бид нүүрс болоод бусад ашигт малтмалын зах зээлийн дараагийн давалгаа ирэхэд бэлэн байх хэрэгтэй гэсэн үг.

-Энэ бүх асуудлууд юунаас болов. Яагаад ийм их хугацаа алдсан гэж бодож байна. Манайд ажилладаг компаниудад байна уу, эсвэл боловсон хүчний чадавхид байна уу?

-Дээр хэлсэнчлэн дэлхийн зах зээл тэр дундаа Хятадын хэрэглээ, бодлого шууд нөлөөлж байна. Гэхдээ үүнд бүх бурууг бусдад нялзаах нь өрөөсгөл. Таны дурьдсан бүх хүчин зүйл бий гэж харж байна. Социалист тогтолцоо задрах үед манай эдийн засгийн гуравны нэгийг эзэлдэг байсан зөвлөлтийн тусламж зогссоноор манайх олон жил “хямрал”-тай явсан. Энэ хямрал нь ашигт малтмалын бум бий болсон 2005 оноос л багассан шүү дээ. Харин одоо манай эдийн засгийн гуравны нэгийг эзэлдэг Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилт нэг жил гаруй хугацаанд зогслоо. Дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй байж магад. Гэхдээ манай Засгийн газрын буруугаас гадна “Рио Тинто” компани их олон алдаа гаргасан гэж би хардаг. Рио төдийгүй монголчуудын эзэмшдэг монголчуудын ажиллуулдаг “Энержи Ресурс”, “МАК”, жижиг “Тавантолгой” зэрэг компаниуд ч өөрсдөө ихээхэн алдаа гаргасан харагддаг. Харамсалтай нь монголчууд Засгийн газартайгаа харилцахдаа, төр засагтаа “дарамт” үзүүлэх, нийгэмтэйгээ ойлголцохгүйгээс алдсан. Төмөр замын асуудал, царигийн маргаан хамгийн тод жишээ.

-Боловсон хүчний тухайд?

-Ерөнхийдөө манайхны хандлага энэ чиглэлд эерэгээр өөрчлөгдөж байна. Хувийн хэвшилд захирал, менежерээр хамаатнаа тавьдаг тогтолцоо аль хэдийн халагдсан. Үүнтэй адил төр засагт мэдлэг, боловсрол, туршлага, чадвар сайтай хүмүүсийг шийдвэр гаргах, шийдвэр гаргахад оролцдог албан тушаалуудад тавих шаардлагатай. Тэгж байж хувийн хэшлээ ойлгож зөв бодлого гарган, түүнийгээ хэрэгжүүлж улс орны эдийн засаг хөгжинө.

-Манай яам, агентлаг, төрийн өмчит копманиуд танил тал, сонгуулийн үр дүнгээр хүн томилдог байдал хэвээр байгаа шүү дээ?

 

-Ерөнхий байдал тийм байгааг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Гэхдээ хандлага бас эерэгээр өөрчлөгдөж байгаа. Олон жилийн хугацаанд “танил тал”-аараа хүмүүсийг албан тушаалд тавьснаар улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ажил нь урагшаа явахгүй байгааг мэдэрчихсэн шүү дээ. Тиймээс дунд шатны албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, ажилд авахад эдгээр хүмүүсийн дунд маш том өрсөлдөөн явагдаж байгаа. Залуусын хувьд ч энэ нь хэт улстөржихгүйгээр, “арын хаалга” хайхгүйгээр өөрийн мэдлэг боловсрол, чадвар, туршлагын үндсэн дээр урагшлах боломж олгох юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *