С.Дэмбэрэл: Намрын чуулган эргэлтийн чуулган болох ёстой

9-р сарын 15, 2015 7:49 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 77
IMG_0524

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХын гишүүн С.Дэмбэрэлтэй улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

Төсвийн орлого 580 тэрбумаар тасарсан тул намрын чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлгатай болж байгаа. Тодотгол хийхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?  

Төсвийн тодотгол гэж ярихаасаа өмнө төсвийн төлөвлөлттэй холбож ярих хэрэгтэй. Монгол нөөц баялаг дээр суурилсан эдийн засагтай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталсан. Манай улсын хувьд түүхий эдийн циклиэс болоод төсвийн орлого багасах, ерөнхий эдийн засгийн байдал муудаснаас болж төсөв тасрах нь ойлгомжтой.

Үүний зэрэгцээ төсөвт тодотгох зүйл үлдсэн үү гэдэг асуудал байна. Өнөөдрийн байгаа бүтцээр орлого орж ирэхгүй байна. Хэдийгээр манай экспортод гаргадаг гол түүхий эд болох нүүрс, зэсийн хэмжээ нэмэгдэж байгаа ч үнэ нэмэгдэхгүй байна. Энэ нь урсгал тэнцлийн гол хүчин зүйл болох худалдааны тэнцэлд эергээр нөлөөлж худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарч байгаа. Нөгөө талаасаа эдийн засгийн идэвхжил суларснаас үүдэлтэй импортын хэмжээ багассанЭнэ хоёрын зөрүү төсөв дээр сууж өгдөг. Өмнө нь өөдрөг байдлаар төлөвлөсөн төсөвт орлого нь дутаад ирэхээр зарлага нь төлөвлөснөөс арай дутуу байдлаар явж байгаа. Энэ тохиолдолд зарлага дээр тодотгол хийнэ. Өөрөөр хэлбэл, зарлагаа танах, зөв байршуулах, зарлагын үр ашгийг тооцох зэрэг талаас нь манайхан жил бүр тодотгож ирсэн. Огт өөрчлөгддөггүй нэг зүйл бол бид төсвийг нэмж, хасах хүрээнд л авч үздэг. Үржүүлэх, хуваах үйлдлийг огт хэрэглэдэггүй. Энэ сонин сонсогдож байж болох юм. Бид төсвийн орлогыг яаж илүү нэмэгдүүлэх боломж байна гэдгийг олж хараад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ нь бизнесийн орчныг дэмжиж төсөвт төлж байгаа орлого нэмэгдүүлэх ажил буюу эдийн засгаа ил болгох нэг арга юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүн хэзээ гарна гэж тооцоолж байгаа бол?

Үндэсний статистикийн хороо ДНБий 13-15 хувьтай тэнцэх далд эдийн засгийг ил гаргах боломжтой гэж мэдээлж байгаа. Энэ хуулийн үр дүн арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд гарна. Төсвийг нэмэх, хасах тэмдгээр харахгүй байх нэг шалтгаан бол төсвийн алдагдал, урсгал дансны алдагдал. Урсгал данс нэмэх, нийт төлбөрийн баланс хасах тэмдэгтэй  байгаа тохиолдолд төсвийнхөө орлогыг аль болох орлого зарлага нь тэнцсэн байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, орлогодоо тааруулж зарлагаа тохируулах. Бүр болохгүй бол ядаж нэг хувийн нэмэх тэмдэгтэй байлгах. Энэ нь өөрөө төсвийн хариуцлага юм. Мөн төсвөөр дамжуулж эдийн засгийн идэвхжлийг хангаж чадаж байна уу гэдэг зүйл гарч ирнэ. Бүх зүйлээ танаад эхлэхэд эдийн засаг идэвхжихгүй. Өнөөгийн эдийн засаг царцанги буюу эмзэг байдалтай байгаа. Тиймээс одоо төсвийн тодотгол хийлээ гэхэд мөнгөний тодотгол гэж хэлж болохоор буюу мөнгөний бодлоготойгоо уялдуулж хийх шаардлагатай. ДНБий улирлын дүнгүүдийг харахад өсөлт нь буурч байгаа. Одоо байгаа бодит эдийн засгийн өсөлтөд тааруулж төсөв болон эдийн засгийнхаа бодлогыг явуулах хэрэгтэй. Эдийн засаг 2008, 2009 онд хүнд байж байгаад 2010 оноос гайгүй болж эхэлсэн. 2008 оны улирал болгоны ДНБийг харахад 1.3-1.5 гэсэн хасах тэмдэгтэй гарч байсан. ДНБийг үйлдвэрлэлийн аргаар тооцоод үзэхэд уул уурхай, аж үйлдвэр, барилга, жижиглэн ба бөөний худалдаа, хөдөө аж ахуйн салбар байдаг. Энэ салбарууд ДНБийг авч явдаг. 2008 онд ихэвчлэн хасах үзүүлэлттэй байхад дээрх салбарууд эдийн засгаа ээлжлээд аваад яваад байсан. 2008 онд нэмэх тэмдэгтэй гарсан салбар бол хөдөө аж ахуйн салбар. 2009 онд мөн адил. Харин 2010 онд цаг агаарын эрс тэс байдлаас болж хөдөө аж ахуйн салбарын өсөлт хасах болсон. Энэ үед  жижиглэн ба бөөний худалдаа өмнөх хоёр жилд хасах тэмдэгтэй байснаа сэргэж эхэлсэн. Барилгын салбар гэхэд 2008 онд гайгүй байсан бол 2009 онд хасах тэмдэгтэй болж ирсэн. Энэ  мэтээр зөвхөн өсөлтийнх нь нэмэх хасах байдлаар харахад өнөөгийн Монголын эдийн засагт  дээрх салбаруудын ДНБд оролцож байгаа буурах байдал ажиглагдаж байгаа.

Ийм нөхцөлд эдийн засгийг юу авардаг вэ?

Энэ үед голдуу хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдал авардаг. Жижиглэн болон бөөний худалдааны хэмжээ их буурч байна. Үүнийг идэвхжүүлэх хэрэгтэй. Хүн амын худалдан авах чадварыг хэрхэн сайжруулах, инфляцид  идүүлэхгүй байх зорилгоор нэг оронтой тоонд барьж байгаа бодлого нь тогтвортой байх ёстой. Гэхдээ энэ бүхэн хангалттай биш. Үүнээс гадна Монголд валютын ханшийн сулрал буюу АНУын зээлийн хүү нэмэгдсэнээс ам.доллар хүчтэй болж эхэлсэн. Ханшийн сулрал нь инфляцид нөлөөлж байгааг өнгөрсөн жилүүдэд бид харлаа. 2000 төгрөгөөс дээш гаргахгүй гэх бодлогыг Төвбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Ерөнхий сайд бүхэлд нь анхаарч байх ёстой. Банкуудыг яаж идэвхжүүлэх нь зөвхөн Засгийн газрын асуудал биш. Төвбанк үнэт цаас худалдаж аваад суугаад байх уу. Эсвэл чанаргүй зээлийн шинжилгээг хийх зэргээр эдийн засгийг идэвхжүүлэх аргыг нийлүүлэлт тал дээр нь анхаарах ёстой юу. Мөн зөвхөн уул уурхайн компаниудаас гадна бусад салбарт хэрхэн анхаарч ажиллахаа бодох хэрэгтэй. Хүн амын бодит орлого буюу өрхийн дундаж орлого нэг сая 100 мянган төгрөг байлаа гэхэд түүний 975 мянга нь мөнгөн орлого. Энэ бүхнийг харьцуулаад худалдан авалт нь ямар байж болох вэ. Эдийн засгаа зөвхөн ДНБ, төсвөөр хардаггүй байх ёстой. Үүнийг тодорхой тайлбарлая. Монгол Улсын хүн амыг суварга гээд үзвэл үүнээс 0-15 нас, 15-64, 65-аас дээш гэж ангиллаа. Аливаа үйлдвэрлэл, эдийн засгийг хөдөлгөдөг гол хүчин зүйл нь хүн, капитал, газар гурав. Ажиллах хүчний оролцооны төвшин төдийгүй нийгмийн талаас нь хандсан бодлого явуулах нь чухал. Гэхдээ халамж биш юм. Тухайлбал, 730 гаруй идэвхгүй хүн байгаа бол 1.1 сая идэвхтэй хүн байна. Идэвхтэй хүн амаа хөдөлмөр эрхлэх асуудал дээр нь татварын бодлогоор дэмжих олон талаас нь бодолцох хэрэгтэй. Нөгөө талаас хүн амын амьжиргааны төвшингөөр нь суварга босголоо гэж бодъё. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар ядуурал 20 орчим хувьтай гэсэн дүгнэлт  гаргасан. Энэ 20 хувь суваргын хамгийн доод талд байрлаж байгаа. Харин ядуу хэсгийн дээд талд 10-15 хувийг нь эзэлсэн эмзэг хэсэг байна. Үүний дээр дундаж анги болох гэж байгаа нийгмийн дийлэнх хэсгийг 40-45 хувь эзэлж байгаа бол дээр нь дундаж анги 20 хувийг эзэлдэг. Хамгийн чинээлэг хэсэг нь суваргын орой дээр байна.

Эдийн засгийн салбарт явуулж буй өнөөгийн төрийн бодлого хэр оновчтой байгаа бол. Ялангуяа, нийгмийн ядуу болон дунд хэсгээ бодлогоор дэмжиж чадаж байна уу?

Нийгмийн дунд хэсэг рүү орох гэж тэмүүлж байгаа дийлэнх хэсэгт хандсан бодлого явуулах ёстой. Тухайлбал, тэдний санхүүгийн нөхцлийг харсан бодлого өгүүлэгдэж байгаа. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нарт ломбардны талаар мэдээлэл авах хүсэлтээ илгээсэн. 1100 орчим ломбард байдаг гэсэн жилийн өмнөх мэдээлэл байгаа. Үүний тал хэсэг нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт ажилладаг. Ломбардны нөхцөл ямар байгаа, хүний амьдралд тус болж чадаж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Энэ нь өөрөө санхүүгийн үйлчилгээ шүү дээ. Гэтэл энэ санхүүгийн үйлчилгээнд анхаарал хандуулдаггүй. Ломбард хэнд харьяалагддаг, үйлчилгээ нь хүртээмжтэй байж чадаж байна уу гэдгээс эхлээд асуудал бий. Бид эдийн засгийн өсөлт гэж их ярьж байна. Гэтэл үүнээс илүү хүртээмжтэй байх асуудал чухал байдаг. Хүртээмжтэй байх нөхцлүүд нь суваргын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй хэсэгт яаж тусч байгаа нь чухал. Дунд ангийг бий болгоно гэж ярьдаг. Гэтэл тэр нь ердөө 15-20 хувийг эзэлж байна. Тиймээс дунд руу тэмүүлж байгаа ангиа дэмжих бодлого явуулж байж дунд анги руу орно. Эдийн засаг, эдийн засгийн бодлого гэдэг чинь ердөө энэ. Гэтэл манайд энэ талын бодлогын уялдаа алга. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, өсөлт өндөр байх нь сайн. Гэхдээ манайх шиг нөөцөд суурилсан эдийн засаг буруу авир төрхийг бодлого боловсруулагч улстөрчдөд төдийгүй ард иргэдэд хүртэл төрүүлчихдэг. Үүнээс болж уул уурхайгаа шүтэх байдал руу ордог. Энэ нөхцөлд Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Төрийн зүгээс эдийн засгийн өршөөл үзүүлээд, татварын шинэчлэлийг хийх зэргээр дэмжих гээд хичээж байна.

Далд байгаа мөнгийг ил болгож, эдийн засгийн эргэлтийг сайжруулахаар Ил тодын хуулийг баталсан. Нөгөө талаас бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжих тухайд хэрхэн анхаарч байгаа бол?

Энэ намрын чуулган эргэлтийн чуулган болж, татварын шинэчлэлийг хийх ёстой. Татварын шинэчлэл гэдэг нь татварын бодлогоор эдийн засгийн идэвхжил, өсөлтийг дэмжих орчин үүсэх. Татвар төлөгч нь дарамтгүй, шинээр татвар төлөх сонирхолтой, санхүүнгийхээ дансыг нуух сонирхолгүй буюу энэ замаар явсан нь ашигтай юм гэж боддог тэр орчныг бүрдүүлэх юм. Мөн НӨАТын хоёр хувийг буцаан олгох гэж байгаа нь эргээд иргэдийг худалдан авах чадварт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх татварын бодлого байх юм. Мөн дундаас доош ангийг дундаж давхаргад оруулахын тулд хөдөлмөр эрхлэлт, тэдний бизнесийг дэмжих, тэдэнд үйлчилдэг санхүүгийн орчныг сайжруулахад анхаарал хандуулах ёстой. Нэгэнт төр бизнест оролцоод тэр нь бүтэлгүйтээд, нийгмийн тодорхой хэсэг төрийн хооронд хэрүүл тэмцэл үүсээд байвал зөнгөөр нь явуулж, зах зээлийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Тухайлбал, тухайн компани зах зээлээ харж байгаад газар дээрээ  юу тарихаа өөрөө мэдэг. Ард иргэдэд гурилын нийлүүлэлт дутагдалтай байвал импортоор оруулаад ирэг. Сратегийн гэдэг утгаар нь гурилыг төр барьчихаар стратеги болчихдог юм биш шүү дээ. Стратеги гэдэг бол стратегиэ хэрэгжүүлэх зах зээлийг ашиглахыг хэлдэг. Жижиглэн болон бөөний худалдааны ерөнхий идэвхжил буурсан. Нэг талаас зах зээл нь нөгөө талаас худалдан авагч нь байх ёстой. Худалдан авагчийн идэвхийг бий болгохын тулд нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татварын бодлогоор дамжуулан нөлөөлж болно. Банкны бодит салбар руугаа зээл гаргах ёстой. Нөгөөтэйгээр чанаргүй зээлийн хэмжээ ихэсч байгаа. Тэгвэл чанаргүй зээлдээ анализ хийх хэрэгтэй. Мөнгөний эргэлтийг сайжруулах, эдийн засгийг идэвхжүүлэх асуудлыг төсвийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Төсвийн бодлогоор эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зай улам багасаад байна. Тиймээс төсвийг аль болох зохистой болго. Зохистой болго гэхээр ямар нэг сонгуулийн өмнө дараа жилийн төсвөө сонгуулийн төсөв болгоно гэсэн үг биш. Харин ч амлалтын, тойргийн төсөв болгохгүй байх ёстой.

Улсын өр гэдэг зүйл монгол хүн бүрийн санаа зовох нэг асуудал болоод  байна. Өрөө төлөөд улс орны эдийн засаг хэзээ боломжийн хэмжээнд хүрнэ гэж та тооцож байна вэ?

Манай эдийн засгийн экспорт уул уурхайгаас хамаардаг. Уул уурхай нь бусад салбартаа дам нөлөөлдөг. Тэгэхээр гол зах зээл болох түүхий эдийн зах зээл дээр нэг их сайн дүр зураг харагдахгүй байгаа. Үүнээс болоод эскпорт, импортын үнийн өсөлт хоёр нь сүүлийн хоёр жилд хэдийгээр нэмэх тэмдэгтэй буюу худалдааны нөхцөл сайжирсан ч гэсэн цаашид  ам.долларын чангарна. Ерөниийдөө хөгжиж байгаа орнуудад болж байгаа нийтлэг байдал манайд 2015, 2016 онд давтагдана. 2016 оны сүүлчээс энэ дүр зураг арай гэрэлтэй болж харагдана. Түүхийн эдийн зах зээлд зарим нэг өөрчлөлт гарах байх. Нөгөө талаас дотооддоо байгаа уул уурхайн бус эдийн засгаа хэрхэн идэвжүүлэх вэ гэдэг нь хүндрэлтэй байдлаас гарах гол түлхүүр нь болно. Тиймээс дээрх дөрвөн салбарын идэвхжлийг хангах ямар бодлого явуулах вэ гэдэг нь чухал.

Банк аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох нь эрс багасч, бэлэн мөнгөний эргэлт ч муу байгаа. Зээл олголт болоод бэлэн мөнгөний эргэлтийг хэрхэн сайжруулах вэ?

Төвбанк банкуудыг зээл гаргуулдаг ямар механизм байж болох талаар анхаарах хэрэгтэй. Банкуудын гүйлгээний чанарыг сайжруулах, банкинд хямд эх үүсвэр олж өгөх ёстой. Гэтэл Төвбанк нь энэ ажлыг хийгээд эхлэхээр бас нөгөө талаас асуудал үүсгээд эхэлдэг. Монголбанкны хуульд болон одоо шинээр орох гэж байгаа өөрчлөлтөөр эдийн засгийн өсөлт ялангуяа хүртээмжтэй өсөлтийг дэмжих тал дээр Төвбанк ажиллах ёстой гэж байгаа. Үүнээс гадна Хөгжлийн банк гэж банк ч биш, сан ч биш нэг сонин юм байна. Хөгжлийн банкийг банкны системийн хяналтынх нь дотор оруулж ирэх ёстой. Өнөөдөр ямар ч хяналтгүй яваад байна. Ингэж  байгаад унах вий. Засгийн газрын хэтэрхий их мэдэлд байж ашиггүй, үр өгөөжөө удаан хугацаанд өгдөг төслүүдийг санхүүжүүлэх үүргийг хүчээр өгөөд байна уу гэсэн талаас нь бодож Хөгжлийн банкаа өөрчлөх ёстой. Ингэж өөрчлөхөд мөнгө шаардагдахгүй шүү дээ. Хуулиа л өөрчлөх ёстой. Энэ мэт эдийн засгаа сайжруулах бодит олон алхам байна. Монгол дахь Олон улсын валютын сангийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр Монгол Улсыг өрийн дефольтод орох өндөр эрсдэлтэй гэж зарласан. Тиймээс манай улсыг энэ тал дээр анхаар гэсэн үг. Ингэхдээ ядаж өрийн тогтвортой байдлын анализ  хийх шаардлагатай. Тухайбал, хувийн секторын өр нэлээд их байгаа. Хувийн хэвшлийн өрийн тогтвортой байдлын менежмент, өрийн удирдлагыг нь хийх ёстой. Хувийн хэвшил гэж ерөнхийд нь ярих биш харин ямар компаниуд хэр их өртэй, хэн хаанаас мөнгө авсан гэдгийг нь албан ёсоор зөвлөл байгуулаад Сангийн яам, Монголбанк хамтраад тухайн компанийн санхүү болон зах зээл нь ямар байгааг ил тод ярих хэрэгтэй. Худалдаа хөгжлийн банк зэрэг олон улсын зах зээл дээр өртэй байгаа хувийн хэвшлийн өрийн удирдлагын тусдаа бодлого хэрэгжүүлэх арга замууд бий. Мөн өрхийн төвшинд өрийн дефольт болох эрсдэлтэй байна. Монголын хүн амын олонх нь өрөөр амьдарч байгаа. Иймд Улсын өр төдийгүй Өрхийн төвшинд өрийн менежментийг анхаарах цаг болсон.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *