С.Дашдэжид: Эрдэмтэн мэргэдийг дээдэлсэн улс хүчтэй, бодлого мэргэн, хараа хурц байдаг

7-р сарын 30, 2018 8:50 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 56
7-30-1

Ч.ҮЛ-ОЛДОХ

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцдаг билээ.  Энэ удаа МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор С.Дашдэжидийг урьсан юм.

УЛС ОРНЫГ  ОЮУНЫ ХҮЧЭЭР УДИРДДАГ 

Дэлхийн түүхнээ мөнхөрсөн агуу улс гүрэн, их хаадын намтар түүхийг судалж байхад өтгөс, мэргэдийг шүтэн дээдлэх, тэдний үгийг сонсч, төрд хэрэглэж байсан арга ухаан, бодлогын тухай тэмдэглэсэн сурвалж бичгүүдэд цааш нягталж үзүүштэй, суралцмаар зүйл их байдаг.

Тухайлбал, “Монголын нууц товчоо”, Рашид-ад-Диний “Судрын чуулган”, “Юан улсын судар” зэрэг түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, Их эзэн Чингис хаан зовон зүдэн нэгтгэсэн их улсыг сахин хадгалахдаа эрдэмтэн мэргэдийг эрхэмлэн хүндэтгэж, эрдэм билгийг нь “төрийн алтан хайрцаг”-ны бодлого болгон, эцэг өвгөдийн айлдсан билиг сургаалийг үл умартан, үл зөрчих хууль цааз, хэв ёс буй болгож байсан тухай түүхэн баримтууд бий.

“Бие баатар болбоос нэгэн үеийн баатар Билиг баатар болбоос түмэн үеийн баатар” гэж сургасан нь санаандгүй хэлсэн үг биш юм. Энд биеийн хар хүчээр баатар болох ч нэгэн үедээ хэлэгдэх, оюун билгийн хүчээр түмэн үедээ дуурсагдах учиртайг захиж сургасан сургааль юм. Энд Чингис хааны ертөнцийг үзэх үзэл, удирдахуйн арга ухаан, баримталдаг зарчим, хэв ёсны тухай ярих ёстой юм.

 Чингис хаан эрдэмтэн мэргэд төдийгүй эгэл жирийн ухаант ардын гүн утгатай цэцэн үгсийг ихэд сайшаан сонсч, хөхиүлэн дэмждэг байсан. Өтгөсөөс үг сонсоно гэдэг монгол ухаан. Бид “Уул дагаж мод. Өвгөд дагаж ухаан” гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр өвгөдийн үгийг, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсон, тэднээс суралцана гэдэг чухал зүйл байжээ. Үүнийг сайн мэддэг байсан болохоор Елюй Чуцай, Чан Чунь арш нарын зэрэг харь орны эрдэмтэн мэргэд, аянчин гийчин, гар урчууд, худалдаа наймаачидтай дотно нөхөрлөж, ивээн тэтгэж, дэлхий дахины өв соёл, үүх түүх, элдэв сонин хачинг сонордон болгоож, шүүн тунгааж, бясалган боловсруулж, сэтгэлд нийцсэн, зохист үгийг өөрийн билэг оюундаа шингээн авч, сургааль айлдвартаа холбон сэлбэн өгүүлдэг байжээ.

Түүнчлэн, Хэрэйд, Найман зэрэг нэлээд соёлжсон Монгол аймаг, улсуудад хүчин зүтгэж байсан Чинхай, Хадаг, Тататунгаа нар тэргүүтэй эрдэмтэн мэргэдийг өөрийн дэргэд авч, хөвгүүд дүү нартаа бичиг үсэг заалгахаас эхлээд Монголын төрийн бусад хэрэгт чадамгай хэрэглэж байжээ.

Мөн үнэнч шударга, эрдэм билэг төгс, төрийн үйлийг төвхнүүлэхэд түшиг тулгуур болж чадах нэгэн байх аваас, эзлэн авсан харь орны иргэн ард байсан ч дотно шадарлан, хаан төрийн хүндтэй албанд тохоон томилдог байжээ. Үүний тод жишээ бол Монгол хаадын алдарт Хятан зөвлөх Елюй Чуцай юм. Тэрээр Чингис, Өгөөдэй хаадын дэргэд 30 гаруй жил Их Монгол Улсын төрд үнэнчээр зүтгэж, “Морин дэл дээрээс тогтоосон улс гүрнийг морин дэл дээрээс төвхнүүлж болохгүйн” учрыг тайлбарлаж, суурьшмал ард иргэнийг засан тохинуулах арга ухааныг зааж зөвлөж байсан.

Ийнхүү оюуны хүчээр, зөв бодлогоор, оюунлаг чадварлаг багийг бүрдүүлснээр XIII зуунд Их Монгол Улс хүчирхэг байсны гол түлхүүр нь юм.

МЭРГЭДЭЭС СУРАЛЦАЖ, МЭДЛЭГИЙГ ДЭЭДЛЭХ  УХААН

БЛИЦ

Ажил мэргэжил:

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор

 

Судалгааны сэдэв:

Монголын эртний уран зохиол

Монгол соёл, иргэншил судлал

Сургаалийн зохиол

 

Боловсрол:         

1996 онд Нийслэлийн 47 дугаар дунд сургууль

2000 онд МУИС, МХСС, монгол хэл, уран зохиолын багш. Бакалавр.

2002 онд МУИС, МХСС, Утга зохиол судлал, Хэл бичгийн ухааны магистр.

2014 онд МУИС, ШУС, ХУС, Утга зохиол судлал, Хэл бичгийн ухааны доктор.

 

Ажлын туршлага:

2002-2007 онд МУИС, МХСС-ийн захирлын туслах

2007-2013 онд МУИС, МХСС-ийн Утга зохиолын тэнхимд багш

2013  онд Бээжингийн төвийн үндэстний их сургуулийн Монгол судлалын салбарт зочин багш

2014 онд МУИС, Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимд багш

Чингис хаан хөвгүүд, дүү нарынхаа бодол санаа, оюуны цар хэмжээг сорин туршиж, цэцэн цэлмэг үгсийг нь сонсох, билиг сургаалийг хэрхэн баримталж, мөрдөж буйг мэдэх зорилгоор тодорхой асуулт асуун цэц булаалдуулж тэдний билэг оюуныг хурцалдаг байсан тухай түүхэн сурвалжуудад бий. Улмаар хөвгүүд, дүү нар, ойрын шадар зөвлөх, түшмэдүүдээ цуглуулан  хэн юу бодож байгаа, юуг эрхэмлэн, чухалчилж буй санаа бодлыг нь сонсч, тэндээс хэн ямар алба ажлыг хийж чадах вэ. Хэнд ямар ажил албыг хариуцуулбал зохистой болохыг хаантан өөрийн оюун ухаанд шүүн тунгаадаг, тэр дагуу алба ажил даалгадаг байсан. Энэ нь цаашлаад дараа дараагийн төр удирдах арга, менежмент буюу өнөөдөр  бидний  баг бүрдүүлнэ, багаар ажиллана гэж ярьдагтай адил өөрийн багийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт чиглэж байж. Тухайлбал, “Судрын чуулган”-д тэмдэглэснээр Чингис хаан өгүүлрүүн “Жилийн эхэн ба эцэст ирж Чингис хааныг билэгдлийг /билгийг/ мэдээд буцдаг түмт, мянгат, зуутын ноёд цэргийг толгойлж байх учиртай. Гүнзгий усанд унасан чулуу эсвэл зэгсний ширэнгэ рүү харвасан сумтай адил ул мөргүй арилдаг шиг гэртээ суугаад л билэгдлийг үл ойшоогчид, дарга байж таарахгүй” гэж айлдсан байна. Билэг гэдэг бол оюун ухаан, эрдэм мэдлэг, сургамжит үгсийг хэлж буй юм. Оюун ухаан, эрдэм мэдлэгийг чухалчилдаггүй, сонс­доггүй, шалгаруулалтад оролцдоггүй, үл ойшоодог, ажил албандаа хэрэглэдэггүй, хүн дарга, удирдагч байж таарахгүй хэмээн хуульчлан тогтоосон байна.

Улмаар их хаан ор эзлэх хүнийг шилж сонгохдоо эрдэм билгийг чухалчилан хөвгүүдийнхээ ухаан билгийг тандаж, сорьж байжээ. Эцгийн гал голомтыг отгон хүү залгамжлан, эд хөрөнгөө өмчилдөг эртнээс тогтсон уламжлалтай боловч Чингис хаан өөрийн ор залгамжлагчаар отгон хүү Толуйг бус Өгөөдэйг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Зовон зүдэж, зонхилон хураасан их төрийг гагцхүү эзний айлдсан зарлиг, цааз, билэг сургаалийн утга учрыг ухан ойлгож, чандлан даган мөрддөг, бусдад үлгэр дууриал болдог эрдэм билэгтэнд даатгах нь зүйтэй хэмээн үзсэн тул эртний уламжлалт ёсыг зөрчихөөс эмээгээгүй биз ээ. Их эзний удаа дараагийн шалгуур, өдөр тутмын үйлдэл, оюун ухаан, үг хэлний уран цэцнээр өөрийн ах дүүсээс Өгөөдэй онцгойрон тодорсон билээ. Үүгээр ч зогсохгүй Чингис хаан Өгөөдэйгөөр хаан төрийг залгамжлуулахаар зарлиглахдаа

“Өгөөдэйн ургийг

Өлөнд хучваас

Үхэрт үл идэгдэх

Өөхөнд хучваас

Нохойд үл идэгдэх төрвөөс миний урагт нэгийнх сайн үл төрөх бус уу” хэмээн айлдсан нь дараа дараагийн их хаан ор залгамжлагчийг сонгохдоо гагцхүү эрдэм билгийг чухалчилж байхыг онцгойлон захьжээ. Соргог ухаанаар олж сонгосон Өгөөдэй эцгийнхээ найдварыг бүрэн баталжээ. Өгөөдэйн хаанчлалын үед эзэнт улсын эв нэгдэл батжиж, Их хаан тэргүүтэй алтан ургийн найрсаг ноёрхлыг ямар нэгэн этгээд самууруулаагүй бөгөөд Чингисийн санаж мөрөөдөж байсан зүйлс үндсэндээ хэрэгжжээ. Тэр байтугай, Өгөөдэй жирийн ард иргэдийг асарч анхаарч байх талаар эцгийнхээ захиа даалгаврыг санаж: “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя” гэж хэлж байжээ.

Их хааны айлдсан зарлиг дараа дараагийн хаан ор залгамжлагчдыг сонгох тогтсон дэг ёс болсон байна. Тухайлбал, Хубилай хааны залгамжлагчаар Чингисийн хоёрдугаар хүү Дармабалыг сонгосон боловч 1292 онд нас барсан тул түүний хөвгүүн Гамала, Төмөр хоёр хаан ширээнд суух эрхтэй байсан. Төмөр хэдийгээр Хубилайн таалсан нэгэн боловч албан ёсоор хаан ширээг өвлөж аваагүй байжээ. Хэнийг нь хаан ор суулгах тухай Их хуралдай хэлэлцээд  Хубилай хааны “Чингис хааны билэг сургаалийг хамгийн сайн мэддэг хүн хаан болох ёстой” гэсэн зарлиг ёсоор тэр хоёр өрсөлдөхөөр болдог. Хубилайн ач хүү Төмөр /Өлзийт/ Чингис хааны билэг сургаалийг уран тод, алдаа эндэлгүй цээжээр хэлдэг сэцэн билэгтэн байсан тул 1294-1307 онд хаан ширээг залгамжлан суужээ. Тэрээр өвөг эцэг Хубилайн их үйлсийг үргэлжлүүлжээ.

Гүюг, Мөнх, Хубилай нарын Монголын их хаад эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн хатуу ёс журмыг дээдлэн

Цэцэн сайд улсын эрдэнэ

Мэргэн эм гэрийн эрдэнэ

Баатар жанжин цэргийн эрдэнэ

Багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ

хэмээн Чингис өвөг нь сургаж байсныг ёсчлон биелүүлж явсан тул монголчууд хүчирхэгжиж мандсан алтан үе байжээ.

ТӨЛӨВШӨӨГҮЙ ХҮН ТӨРИЙГ ЖОЛООДОХГҮЙ

Өвгөд дээдсээс уламжилж ирсэн оюун билэг, сургааль нь өнөөгийн бидний тухайд мэдлэг боловсрол, төлөвшил юм. Монгол ёс заншил, өв соёл, монгол хүний үнэт чанарыг билэг сургаальдаа шингээж үр хойчисдоо захиж сургадаг уламжлалтай. Сайн эрдэм боловсрол эзэмшихийн зэрэгцээ, зөв хүн болох хамгаас чухал.  Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхэддээ үсэг бичиг заахдаа, цагаан толгой үзэнгүүт Эзэн богдын зохиосон “Оюунтүлхүүр” сургаалийг уншуулдаг бичигдээгүй хууль мэт журамтай байсан нь олон давхар утга учиртай. Өвөг дээдсийн баатарлаг түүхийг эргэн ярилцах, бахархах төдийгүй хүний эрхэм чанар, шударга ёс, үүрэг хариуцлага, сайн муугийн тухай ёс суртахууны сургаалийг бага балчираас нь заан сургах, хүн болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой байжээ.  “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг сургааль их учир утгатай төрийн хүнд хамаатай, ёс суртахууны  гүн агуулгатай.   Өөрөө зөв хүн болж төлөвшөөгүй байж өрх толгойлох, үр хүүхдийг хүмүүжүүлэхэд учир дутагдалтай, цаашлаад төрийн хэрэг хэлэлцэх зүтгүүртэй болно. Өнөө цагт бидэнд сургамжтай явдлуудыг харахад өө­рөө төлөвшөөгүй ёс сурта­хуунгүй, хүнлэг чанаргүй хүмүүс төр түшил­цэх гэж ядарч, бусармаг үйлдлүүд нь сэтгэл эмзэг­лүүл­сэн зүйл бишгүй байх юм.

“Улс” гэдэг үг нь орчин цагийн монгол хэлэнд буй утгаар бус. Харин дундад эртний монгол хэлний “хүн ард” гэсэн үг бол “төр” гэдэг нь “ёс журам” гэсэн утгатай байсан. Эндээс ургуулан бодоход хүн ардаа ёс журамтайгаар засч удирдах ухаан юм шүү дээ. Чингис хааны үед Цэцдийн зөвлөл гэж байсан. Энэ юуг хэлж байсан бэ гэвэл цэцэд төрийн үйл хэргийг зөвшилцдөг байж. Эрдэм мэдлэг, ухаанаараа тодорсон нэгэнд “Сэцэн” цолыг олгодог байсан. Тухайлбал,  Хувилай хаан түүхэнд “Сэцэн” хаан хэмээн алдаршсан.

Түүний байгуулсан их үйлсийн дотор бичиг үсэг, соёл, боловсролд ихээхэн анхаарч, эрдэмтэн мэргэдийг тэтгэж, төрийг эрдэм ухаанаар жолоодох тухай Чингис хааны захиасыг бүрэн биелүүлж байжээ. Тэрээр Пагва ламыг “Улсын их багш”-аар өргөмжлөн, дөрвөлжин бичиг зохиолгон их гүрний албан бичиг болгон тунхаглаж, 169 хошуунд сургууль байгуулсан.  1271 онд төрийн түшээ бэлтгэх  зориулалттай “хөвгүүдийн сургууль”,  хааны хөвүүд, ач, гуч, төрийн түшээ эрдэмт хүмүүнийг сургах “гэрийн сургууль” мөн “зурхайн сургууль”-ийг байгуулсан төдийгүй бичиг үсэг сурсан хүнийг албан татвараас чөлөөлөх хүртэл тэтгэн дэмжиж байсан.  Ийнхүү Хубилай хааны үед Их Юань улс хүчирхэг байсны гол үндэс нь эрдэм ном, оюун билэг, эрдэмтэн мэргэдийг тэтгэн дэмжиж төрийг жолоодох арга ухаан болгон хэрэглэж байсанд оршино.

 Цэцдийн зөвлөлд цэцэн цол хүртсэн эрдэмтэн мэргэд, өвгөд байжээ. Цэцдийн зөвлөлийг өдгөөчилж үзвэл УИХ юм. Үндсэн хуульд ямар хүн төр түшилцэх тухай тодорхой шалгуур заах хэрэгтэй гэж боддог. Тухайлбал, хууль журам хэлэлцдэг, баталдаг тул тэдэн хувь нь хууль эрх зүйн мэргэжилтэй, тэдэн хувь нь эрдмийн зэрэг цолтой гэх зэргээр нас, эрүүл мэндийн асуудлыг хүртэл нарийвчлан тусгах хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр манайд ийм албан ёсны хууль, судалгаа алга. Бусад хөгжилтэй улсад байдаг. Ядаж тоон үзүүлэлт байна уу гэхэд энэ талаар мэдээлэл дутмаг юм билээ.  Иймд энэ асуудлыг хуульчилж өгөх хэрэгтэй юм. УИХ буюу хууль, тогтоол баталж байгаа  хүмүүс тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй байх ёстой. Төр, захиргааны ажлыг хашиж ирсэн, өөрийн гэсэн арга туршлагатай, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонговол Монгол Улсын хөгжлийн үндэс болно. Дараа дараагийн УИХ-ын гишүүн, төрийн сайд дарга нарыг сонгохдоо энэ талаас боддог, шийддэг байгаасай. Өнөөдөр УИХ-ын  бүтцийг аваад үзэхэд дуучин, яруу найрагч, бизнесмэнүүд байна. Тэдэнд улс орноо хөгжүүлье, ард олныхоо төлөө ихийг хийе, зүтгэе гэсэн сэтгэл байна. Тэр их оргилсон дэврүүн хүсэл дээр мэдлэг, туршлага, хоёргүй сэтгэл, ёс суртахуун нэмбэл эх орныхоо төлөө ихийг хийж, төрийг бат бөх авч явж чадах зүтгэлтнүүд төрөх байх.

АЛИВАА ЗҮЙЛД ШИНЖЛЭХ УХААНААР ХАНДСАН УЛС ОРОН ХӨГЖДӨГ

Аливаа зүйлд шинжлэх ухааны үүднээс хандсан, академик мэдлэгийг манлайлал болгосон улс орон яаж хөгждөгийг бид хоёр хөршөөсөө суралцах хэрэгтэй. Эрдэмтэд болон  ахмадуудын  үгийг сонсоно гэдэг чухал. Энэ  талаар  зарим нааштай зүйлүүд ажиглагддаг. Хууль батлах, бодлого боловсруулахдаа тухайн салбарын эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулах юм уу, ажиглагчаар урьсан  нь харагддаг. Ийм жишээ олон болоосой гэж боддог. Хаа сайгүй ийм зарчмаар явмаар байна. Би улс төр судлаач биш ч иргэнийхээ хувиар энэ байдлыг анзаарч ажигладаг юм. Хараад байхад манай сайд, дарга нар хэн хүнгүй аль нэг намын бодлогоор асуудалд хандаж шийдвэр гаргадаг тал бий. Төрийн биш намын хүмүүс ажил алба аваад түүнийгээ сайн мэдэхгүй байх нь элбэг харагддаг. Мэдлэгийг хөгжил дагаж байдаг. Монголчууд оюуны чадвар, чадамжийн хувьд дэлхийд дээгүүр бичигддэг боловч хөгжлийн тухайд хойгуур яригддаг. Газрын баялаг, нөөц ихтэй боловч ядуурлын төвшингөөрөө доогуур бичигддэг шалтгаан нь цөөхөн хүн амыг удирдан жолоодох арга ухаан, шинжлэх ухааны мэдлэг дулимаг байна гэж хэлж болно.

Чингис хаан эрдэм билэгтэн хүнийг олбол эрдэнэ баялгийг харамгүй соёрхон дур сэтгэлийг нь татаж, ач тусыг нь төрдөө авч хэрэглэх, ийм уран нарийн аргаар төрийн багана түшиг тулгуур болгон тогтоож байхыг сурган захисан болохыг дахин хэлмээр байна. Эрдэмтэн мэргэдийг дээдэлсэн улс хүчтэй, бодлого мэргэн, хараа хурц байдаг. Монгол төрийн бодлого энэ тал руу хандах байх гэж найддаг. Монголын ирээдүй ч гэсэн гэрэлтэй саруул болно гэдэгт итгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *