С.Бүрэнцогт: Монгол төгрөгийн насжилт 3.8 жил байна

5-р сарын 11, 2017 11:03 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 21
5-11-3

М.ЗҮЙР

МонголбанкнаасМөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээхоёр сарын аяныг эхлүүлээд байгаа. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч С.Бүрэнцогттой ярилцлаа.

Мөнгөн тэмдэгтийн насжилтыг хэрэглэгчид төдийлөн тоодоггүй. Муудлаа гэхэд нэг газар аваачиж өгөөд, гарлагатай зүйл биш гэж боддог. Гэтэл энэ маань эргээд улс орны эдийн засагт томоохон гарлагатай байдаг учраас та бүхэн энэ аяныг эхлүүлсэн гэж ойлгож байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье

Монголбанк мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж, гүйлгээнд гаргах, устгалд оруулах онцгой эрхийг эдэлдэг. Мөнгөн тэмдэгт тодорхой зардалтай бүтдэг. Үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, устгах, тоолох гээд шат болгонд зардал гардаг. Дэлхийд ойролцоогоор жилд 150 тэрбум ширхэг мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж, 10 тэрбум ам.долларыг зарцуулдаг. Энэ хэмжээгээрээ жилд 150 мянган тонн мөнгөн тэмдэгтийг устгадаг. Энэ бол их тоо. Устгахад бас л зардал шүү дээ. Тэгэхээр мөнгөн тэмдэгт гэдэг маань ямар их зардлаар бүтдэг вэ гэдэг нь энэ тооноос харагдаж байна.

Мөнгөний насжилтыг мэдэхгүй байна. Манайд хэдий хугацаа болж байж мөнгөн тэмдэгт хуучирлаа, хэрэглээнээс гарлаа гэж үзэж байна вэ?

Монголбанкны мөнгөн тэмдэгтийн мэдээллийн сан гэж бий. Түүгээр мөнгөн тэмдэгтийн насжилтыг тогтоохын тулд орон нутагт байгаа Монголбанкны салбар, хэлтсүүдээс муу мөнгөн тэмдэгтийн мэдээллийг авч, Төв банкин дээрх мэдээлэлтэйгээ нэгтгэдэг. Үүний үндсэн дээр монгол төгрөгийн насжилт ойролцоогоор 3.8 жил гэж гарч байгаа. Дэлхийн жишигт мөнгөн тэмдэгтийн насжилтыг хөгжиж буй орон, хөгжсөн орон гэж хоёр ангилдаг. Хөгжиж байгаа орнуудын мөнгөн тэмдэгт 2-3 жилийн насжилттай байдаг бол хөгжсөн орнуудад 5-8 жил байна. Зарим тохиолдолд хийж байгаа материалаасаа хамаараад 10-12 жилийн насжилттай байна. Тухайн улс орны байгаль, цаг уурын орчин, иргэдийнх нь мөнгөн тэмдэгттэй харьцаж байгаа харьцаанаас хамаарч мөнгөн тэмдэгтийн насжилт харилцан адилгүй байгаа юм.

Мөнгөн тэмдэгтийн насжилтад хийж байгаа материал, технологи хэр нөлөөлөх вэ

Дэлхийд цаасан болон полимер мөнгөн тэмдэгт бий. Цаасан мөнгөн тэмдэгт гэхээр нэхмэлийн үйлдвэрт хөвөн үйлдвэрлэсний дараах орхидосоор нь мөнгөний цаас хийгээд, түүндээ үндэслээд нууцлал, хиртэлтээс хамгаалах технологи гэх зэргийг хийснээр бүтдэг. Полимер мөнгөн тэмдэгт нь цаасан мөнгөн тэмдэгтээс 2-3 дахин их насжилттай байна. Технологиосоо хамаарч насжилт ялгаатай байдаг. Гэхдээ үүнээс гадна хүмүүсийн соёлтой хэрэглээ мөнгөн тэмдэгтийн насжилтад их чухал.

Монголбанк цаашдаа хоёр сарын аян хүрээнд мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг сурталчлах ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ

Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг сурталчлах зорилгоор хөдөө орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарууд, арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлээр дамжуулж соёлтой хэрэглээг сурталчлах юм.

Тухайлбал, яг ямар үйл ажиллагаагаар дамжуулж соёлтой хэрэглээг сурталчлах юм бол?

Наад зах нь мөнгийг түрийвчинд хийж дадах. Манайхан мөнгийг олон нугалж, халаасандаа авч явах нь бий. Олон нугалах тусам мөнгөн тэмдэгтийн бохирдлоос хамгаалах бүрхүүл гэмтэж, хугардаг. Монголбанкин дээр ирж устгалд орж байгаа нийт мөнгөн тэмдэгтийн ихэнх нь бохирдлоос үүдэлтэй. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийг бага бохирдуулахын тулд аль болох нугалахгүй, түрийвчинд хадгалах хэрэгтэй юм. Мөнгөн тэмдэгтийг зохистой хэрэглэснээр насжилтыг уртасгана. Насжилтыг уртасгаснаараа мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэх, тээвэрлэх, устгах зэрэг шат бүхэнд гарч байгаа зардлыг бууруулахад иргэн хүн өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой.

Хөдөө орон нутгаас ирж байгаа мөнгөн тэмдэгтүүд маш их бохирдолтой ирдэг гэх мэдээлэл бий. Тэгэхээр хөдөө орон нутгийн иргэдэд чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?

Монголбанкны хөдөө орон нутаг дахь 17 салбар, хэлтсээр дамжуулан мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аяныг тодорхой удирдамж, зааврын дагуу зохион байгуулж байна. Төгрөг манай улсын үндэсний тусгаар тогтнол, түүх соёлын үнэт бэлгэдэл юм. Тийм учраас манай хөгшчүүл төрийн минь сүлд өршөөг гэдэг. Үүнтэй адилхан мөнгөн тэмдэгтээ хайрлаж, гамнаж байя л гэж уриалж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *