С.Баярцогт: 21 мянган төгрөгийг хүн бүрт олгоё гэвэл төсөв хүрэлцэхгүй

9-р сарын 17, 2012 9:48 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 215

Д.ГЭРЭЛ

 

АН-ын бүлгээс өнгөрсөн баасан гаригт долоо хоногт багтаан шийдсэн асуудлын талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл өглөө. Тэд “Төрийн ажлыг гацааж, ахмадын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг гацааж болохгүй гэсэн байр сууриа МАН-ынханд илэрхийлсэн. Аливаа асуудлыг нэг намд зориулж хууль өөрчлөх хэлбэрээр явуулж болохгүй. Тэд бүлгийн асуудлыг ярина гэвэл УИХ-ын тухай хууль болон УИХ-ын үйл ажиллагааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байж гацааг арилгах учиртай” хэмээн Орон нутгийн сонгууль болон 2012 оны төсвийн тодотголд баримталж буй байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос зарим асуултад хариулт авлаа.

 

 

Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Зарчмын зөрүүтэй саналуудад байр сууриа нэгтгэж чадсан уу?

-Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэгт МАН, “Шударга ёс” эвслийнхэнтэй хамтран ажилласан. Нийт таван асуудалд зарчмын зөрүүтэй байсныг нэгтгэж чадлаа. Харин нэг санал дээр зөрүүтэй байгаа. Су­манд мажоритор тойрогт нэр дэвших гэсэн санал дээр зөрөлдөж байгаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанд ирц хүрэхгүй байгаагаас МАН бүлэг байгуулахгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Ард түмний тодорхой хэсгийн саналыг авсан энэ намтай зөвшилцөлд хүрээд ажиллах боломж байхгүй юу?

-УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу 24 цагийн дотор шинээр сонгогдсон УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой. МАН-ын хувьд өгч чадаагүй. Хэрэв бүлэг байгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ гацаанаас гарахын тулд хууль санаачлах шаардлагатай байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хууль нь өөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй.

-Өөр хувилбар байна уу?

-Нэг нам нь олонхи болоогүй, эвслийн Засгийн газар байгуулсан, шинэ парламент байгуулагдах бүрт УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байхаар ярилцаж байгаа. Энэ мэт хууль санаачлахад зөвхөн ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтой болж байгаа юм.

-МАН-ын зүгээс танай намын дэвшүүлж буй хүүхдийн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настанд давхар олгох ёстой гэж байгаа. Үүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Халамжид өнгөрсөн дөрвөн жил иргэдийн байр суурь ямар байсныг анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хавтгайрсан  халамж цадигаа алдсан шүү дээ. Энэ нь үнийн хөөрөгдлийг дагуулсан. МАН-ынхан хөгжлийн бэрхшээлтэй хүнд 21 мянган төгрөг олгох тухай яриад байгаа. Бид тэгвэл эдийн засгийнхаа бодит нөхцлийг заавал тооцох учиртай. Одоо халамжийн амлалтаар урагш явдаг цаг биш.

-Тэгвэл ямар үндэслэл байна?

-Яагаад гэвэл манай төсөв  500 тэрбумын алдагдалтай. Бидний зүгээс ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 113 тэрбум, хүүхдийн 60 гаруй тэрбумыг олгохоор хичээж байна. Нийт 170 гаруй тэрбум төгрөгийг яаж босгох вэ гэж чардайж байхад иргэдийн тархийг угаах гэсэн шиг МАН-ынхан хийсвэр үндэслэл гаргаж болохгүй.

-Хүүхдийн мөнгийг хүн бүрт олгох боломжгүй гэсэн үг үү?

-Хүүхдийн 21 мянган төгрөгийг хүн бүрт олгоё гэвэл төсөв хүрэлцэхгүй.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *