С.Батболд:Сонгуулийн хуулийг зөвшилцөж батлах хэрэгтэй

11-р сарын 23, 2015 9:38 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 66
11-23-2h

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХаар  хэлэлцсэн. Дөрвөн төслийн нэг болох УИХын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан УИХын гишүүн С.Батболдтой ярилцлаа.

Таны өргөн барьсан хуулийн төсөлд сонгуулийн санал асуулгыг гараар тоолох, нэг намын хоёр гишүүн нэг тойрогт нэр дэвшихгүй зэрэг асуудлыг онцлон тусгасан. Хуулийн төсөл дэх чухал заалтуудыг онцлохгүй юу?

УИХын даргын захирамжаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хоёр жилийн хугацаанд ажилласан. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд сонгуулийн үйл явцтай холбоотой, өмнөх сонгууль дээр ажиглагдсан дутагдалтай талыг засахад чиглэсэн олон өөрчлөлтийг хийхээр тусгасан. Бид энэ төсөлтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр зарчмын асуудлууд бий. Тодруулбал, улс төрийн намууд, парламентын зөвшилцлийн хүрээнд шийдэх хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөж байгааМөн Сонгуулийн нэгдсэн хуулийг өргөн барих хугацаа алдаж байсан учраас УИХын нэр бүхий гишүүд УИХын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн өргөн барьсан. Бидний өргөн барьсан Сонгуулийн хуулийн төсөлд хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, УИХ болон орон нутгийн сонгуулийг тус тусад нь явуулах шаардлагатай. Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал байгаа гэдэг үүднээс УИХын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн найруулга хийж, нэгдсэн хууль гаргах цаг хугацаа хангалттай байхгүй байна. Хоёрдугаарт, сонгуулийн тооллогын дүнг гараар тоолж баталгаажуулах хэрэгтэй. Мэдээж сонгуулийн автоматжуулсан системээ ашиглая. Гэхдээ бүх хэсэг, тойрогт гар тооллого явуулж баталгаажуулна. Гар тооллогоо иргэд, олон нийтийн хяналт дор явуулж, гар тооллогынхоо дүнг эцсийн дүн болгож баталгаажуулъя гэж байгаа юм. Гуравдугаарт, сонгуулийг нэг тойрог, нэг мандатын системээр явуулах нь зүйтэй юм. Харин 28-ыг пропорциональ системээр явуулах нь зөв гэж үзсэн. Дөрөвдүгээрт, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд улс төрийн  намуудын бүрэлдэхүүнийг оруулахаар тусгасан. Улс төрийн намын төлөөлөл 70, төрийн албан хаагчид 30 хувь байх юм. Үлдэж байгаа хэсэг нь үйл явцын шинжтэй асуудал гэж болно.

МАН сонгуулийн саналыг гараар тоолж, эцсийн дүн болгож баталгаажуулах асуудлыг анхаарч ярьдаг. Энэ удаад ч хуулийн төсөлдөө нэлээд чухалчилж тусгасан байсан?

Зөвхөн МАНын зүгээс гар тооллогыг чухалчилж байгаа юм биш. Тухайн сонгуульд оролцсон улс төрийн намууд бүхэлдээ ийм санал гаргаж байна. Иргэд, сонгогчид гар тооллогыг явуулах хэрэгтэй гэдэг саналыг хэлж байгаа. Өнөөдөр манайхаас илүү өндөр хөгжилтэй орнууд яагаад автомат тооллогын машин хэрэглэхгүй байгаа юм. Автомат тооллогыг АНУ, Филиппин зэрэг цөөхөн орон хэрэглэж байгаа шүү дээ. Техник технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос автомат тооллогын машин хэрэглэдэггүй. Харин сонгуулийн тооллого гэдэг зүйлийг иргэд, сонгогч, оролцож байгаа улс төрийн намуудын хяналт дор гараар тоолох нь илүү зөв гэж үздэг учраас тэр. Манайд 2012 оны сонгуулийн дүнгээр олон тойрогт гомдол санал гарсан. Харамсалтай нь тэр хар машинаар тоолсон дүнг гаргаж ирээд тоолоод, түүнийг нь цуцалсан нэг ч шийдвэр гараагүй байгаа. Энэ бүхэн сонгогчид, улс төрийн намуудын хувьд хардах үндэс болсон.

УИХын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад Дээд шүүхэд бүртгэлтэй 22 намын төлөөлөл оролцсон. Ер нь парламентад суудалгүй намуудын саналыг хуулийн төсөлдөө хэр сайн тусгасан бол?

Энэ хуулийн төслийг зөвхөн МАНын гишүүд өргөн бариагүй. УИХд суудалтайШударга ёсэвслийн бүлэг болон ИЗННын гишүүд хамтран өргөн барьсан. АНаас бусад бүх нам уг хуулийн төсөлд оролцож өөрсдийн саналаа хэлсэн. Нөгөө талаас энэ хуулийн төслийг боловсруулж өргөн барихдаа улс төрийн 20 гаруй намын төлөөллийг оролцуулж, тэдний саналыг сонссон. Парламентад суудалгүй эдгээр нам автомат тооллогын зэрэгцээ гар тооллого зайлшгүй байх хэрэгтэй. Энэ нь сонгуулийг шударга буюу сонгуулийн үр дүнд иргэд, оролцогчид итгэлтэй байх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн. Ингээд тэр саналыг нь боловсруулаад, өргөн барих боломжтой гэж үзсэн гэж болно. Мөн МАН сонгуулийн хуулиар зөвлөлдөх уулзалтыг са­наач­лан зохион байгуу­лаад, тэндээс ажлын хэсэг байгуулж ажилласан.

Маргаан гарсан то­­хиол­­долд түүнийг шийд­вэрлэх гэж нэлээд хугацаа авдаг. Эцэстээ будлиан үүсээд дуусдаг. Үүнийг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд заасан бэ?

УИХын сонгуулийн маргааныг Улсын дээд шүүх дээр шууд татаж авч шийдэхээр тусгасан. Орон нутгийн сонгуультай холбоотой маргааныг орон нутгийн захиргааны хэргийн шүүх, аймаг, нийслэлийн шүүхүүд ший­­дэхээр заасан. Зөр­чил­тэй холбоотой асууд­лыг сонгуулийн хугацаанд маш хурдан шийднэ. Ин­гэж шийдэхдээ хамгийн дээд тал нь 30 хоногт багтаах юм. Түүнчлэн ямар шатны шүүх дээр хэд хонох, дараа нь яаж давж заалдах вэ гэдэг бүх зүйлийг нарийн зааж өгсөн.

Хугацааны хувьд энэ гурван хуулийн төслийг нэгтгэж, хэлэлцээд батлах боломж бий юү?

Одоо хуулийн төслийг батлахад 30 хоног үлдэж байна. Энэ хооронд маш шуурхай хэлэлцээд явах ёстой. Хамгийн гол нь сонгуулийн хуулийг зөвшилцөж батлах хэрэгтэй. Түүнээс кнопын олноор эсвэл олонхоороо түрий барьж баталдаггүй юм. Өөрөөр хэлбэл, намын зөвшилцөл эрчимтэй явах ёстой. Ингэж чадвал бид сарын хугацаанд батлах боломжтой.

Бусад гурван хуулийн төслөөс санал нэгдэж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Хуулийн төсөл бүр өөрийн онцлогтой. Эдгээр хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. Одоо том ажлын хэсэг байгуулж, УИХ-д суудалтай улс төрийн намууд оролцоно. Ажлын хэсэг хууль санаачлагч нараас нь зөвшөөрөл аваад, нэгтгэж хэлэлцэх эсэхийг нь шийдэх байх. Ингээд аль саналыг нь авч, хэрэгжүүлэх боломжтойг  хэлэлцээд нэг хуулийн төсөл болгоно. Эхлээд хуучин хуулиа хүчингүй болгоод шинэ хууль гаргах уу эсвэл хуучин байгаа хууль дээрээ зохих өөрчлөлтүүдийг оруулаад явах уу гэдгийг ажлын хэсэг шийдээд, УИХ-д тайлагнах учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Levitra Filmtabletten 10 Mg Propecia Generique En Pharmacie cialis cheapest online prices Cyproheptadine 4mg For Purchase Where To Buy Progesterone Medication No Prescription Needed Cheap Mexican Pharmacy Neurontin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *