С.Байгалсайхан: Бор зүрхээрээ зохиол бичиж, гуйлгаар хэвлүүлдэг зохиолчдоос сайн бүтээл шаардах эрхгүй

11-р сарын 14, 2018 11:34 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 23
11-13-5

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын үндэсний  чөлөөт зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, доктор С.Байгалсайхантай ярилцлаа.

Монголын зо­хиолчдын байгууллагын түүхт 90 жилийн ой удахгүй болно. Чөлөөт зохиолчдын холбоо их ойг ямар байдалтай угтах гэж байна?

-Зарим нөхөр зохиолчдын эвлэлийн, нэг байгууллагын ой мэтээр ярьж хандаад байгаа юм. Бид чинь байр сав, мөнгө төгрөг байхгүй сайн дураараа  л эвлэлдэн нэгдэж ТББ байгуулсан хүмүүс шүү дээ. Гэвч огт зүгээр байсангүй. Ажил албаныхаа хажуугаар жилийн турш  ярьж хийж гүйцэтгэхийн төлөө явж ирлээ. Өнгөрсөн гуравдугаар сард ахмад зо­хиолч,Соёлын гавьяат зүт­­гэл­тэн Ш.Ванчаарайн \саяхан тэнгэрт халилаа\ уран бүтээлийн тай­лан маягийн эрдэм шин­жилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэнг үр хүүхдүүдтэй нь хамтран зохион байгуулсан. Манай холбоо ийм хурал зөвлөгөөнийг  тогтмол хийж байгаа шүү. Эргээд харахад Ж.Пүрэв, О.Дашбалбар, Ш.Гаадамба, Л.Хуушаан, Б.Бааст, Ц.Базаррагчаа, Ш.Сүрэнжав, Ч.Дагвадорж, Д.Цэдэв, Ж.Бадраа, П.Хорлоо нарын нэртэй уран бүтээлчдийн ой, тэмдэглэлт өдрүүдээр эрдэм шижлгээний хурал зохион байгуулахад голлон оролцож, Б.Лхагвасүрэн, Ч.Галсан, С.Оюун, С.Товуудорж гээд олон зохиолчийн  уран бүтээлийг хэлэлцжээ. Энэ жил түүхт ой тэмдэглэх учраас ихээхэн онцлогтой.  Манай залуучууд 90 жилд 90 онцгой үйл явдал гэсэн уран зохиолын альманах бэлдэж байгаа. Профессор Д.Цэдэв, Ч.Дагвадорж нар зөвлөхөөр, бас  зохиогчоор оролцож байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Ч.Дагвадорж нарын уран бүтээлийн дөрвөн ботийг тус тусад нь, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн уран бүтээлийн таван ботийг тусад нь бэлдэж, хэвлэлийн ажил   явж байна. Ойгоороо номын баяр болгож нээлтийг хамтад нь хийнэ. Мөн энэ жил Монгол туургатны утга зохиол судлалын олон улсын төсөлд манай холбооны олон гишүүн, судлаач ажиллаж байгаагийн хувьд Өвөрмонголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгсийн “Дэлгэрхангай”, Мөнхөөгийн “Хан Мууны шүүрс” романыг хэвлэж,  Улаанбаатар, Бээжин, Хөх хот, Ордост нээлтээ хийсэн. Одоо Дээд Монголын нэрт зохиолч агсан Баянаагийн “Хар дарсан Хөх нуур” роман хэвлэлтэд шилжсэн.  Энэ бүхнийг ойдоо зориулж хийлээ.  Номын нээлтийн үеэр  Өвөрмонгол, Буриадын зохиолчдын уулзалт зохион байгуулна.

Та манай утга зохиолын нэртэй том судлаачийн нэг. 90 жилийн түүхтэй их утга зохиолын хөгжил өнөөдөр ямар төвшинд байна. Судалгаа, шинжилгээний ямар шинэ бүтээл туурвиж байна?

-Уран зохиолын хөгжил цаг үе, нийгмээ дагаад өөрчлөгдөн хувьсан хөгжиж байна. Бид 1960-1980-аад  оны утга зохиолын хөгжил, арга барилтай харьцуулж өөр  дүгнэлт гаргалгаанууд гаргаад байдаг. Уран зохиолын үндсэн үүрэг нь хүн төрөлхтнийг сайн сайхны төлөө тэмүүлэх, туйлын сайн хүсэлтэй болгож, хүн чанарын аль дээдийг л ойлгуулах, сэтгэл санаанд нь  суулгаж өгөх. Харин хөгжлийн явц нь нийгмийн захиалгаар хэнээс ч үл хамаарч явдаг  шиг байгаа юм. Өнгөрсөн зууны 1970-аад оны сүүлч 1980 оны эхээр түүхийн сэдэвт том хэмжээний зохиолын “үер” бууж уншигчид түүнд автаж байсан бол өнөөдөр олон эмэгтэй зохиолч хүүрнэл зохиолын төрлөөр өөрийн уншигчидтай болж, амжилттай туурвиж байна. Алдаа оноо, муу сайн, элдэв зүйл байгаа ч  яах аргагүй Монголын уран зохиолд гарсан томоохон “хөдөлгөөн” мөн. Уламжлалт жүжиг, шог хошин, тууж  мэтийн төрлүүд илт цөөрсөн нь хэрэгцээ, зохиолчдын туурвин бүтээх орчин нөхцөл, уншигчдын боловсрол аль аль нь нөлөөлсөн байх. Үүнийг одоо ийм тийм учир шалтгаанаас гэж хэлэх боломжгүй. ОХУ  тухайлбал, “Байгал” гэдэг уран зохиолын сэтгүүлийг төрөөс санхүүжүүлж тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин, хөлс, хэвлэлийн зардал, байр унааны мөнгө, сэтгүүлд орсон шагналын мөнгийг төр дааж байна. Урд хөрштэй ярих ч юм байхгүй. Манайд уран бүтээлчид гудамжинд байгаа шүү дээ. Бор зүрхээрээ зохиол бичиж хүн амьтан гуйж ном зохиолоо хэвлүүлж явдаг. Ийм байхад тэднээс уран зохиолын хөгжил, сайн зохиол шаардах эрх хэнд байгаа юм бэ.

Манай холбооны гишүүд, Улаанбаатарын их сургуулийн залуу судлаачид 2016 онд “ХХ зууны утга зохиолын түүх”  гэсэн нэгэн сэдэвт судалгааны бүтээл гаргасан. Сайн муу янз бүрийн л үнэлгээтэй байдаг байх. Гэхдээ энэ талаар шан татаж дараагийн нөхдүүдэд, энэ бүтээлд дөрөөлөн дараагийн судалгаа хийх боломжийг олгосон болов уу. Саяхан “ХХ зууны Монголын утга зохиолын судлал, шүүмжийн түүхэн найруулал” номыг Д.Цэдэв, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр нартай хамтран гаргасан. Ч.Дагвадорж багш маань хянан шүүсэн. Миний хувьд ХХ зууны уран зохиолын туурвил зүйн асуудлаар олон улсын гурван ч хуралд илтгэл тавилаа.

Тэгвэл Монголын утга зохиолын судлал, шүүмжлэлийн хөгжил сайн байна уу, тааруухан байна уу. Та юу гэж үзэж байна? 

-Га багш  ийм асуултад ингэж хариулсан байдаг. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Овоо байх хэрэгтэй юм л даа. Миний бодлоор сайн зохиол гарч байж сайн шүүмж, судлалын бүтээл гарна” гэж. Түүнээс биш ингэж бич, тэгж бич гэж зааварлаж, түүгээр уран бүтээлчид туурвина гэж байхгүй шүү дээ.

Шүүмж нь зохиолыг тайлбарлах, таниулах зорилгоор уншигчтай холбох гүүр болохоос заавар зөвлөгөө, аргачлал заадаг зүйл биш шүү дээ.  Шүүмжлэгч ч бүхнийг заадаг, зандардаг,мэддэг хүн биш. Мэдээж шүүмж­лэгчээс шүүмж бичи­хийн тулд тухайн зохиолыг бичсэн зохиолчоос дутахааргүй мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Энэ үүднээс авч үзэхэд утга зохиолын хөгжил ямар байна, шүүмжлэлийн сэтгэлгээ тэр хавьцаа л байдаг. Өнөөдөр манайд Г.Батсуурь, Х.Чойдогжамц гээд сайн бичиж байгаа залуучууд байна. Харин зохиолчдын хувьд зөвхөн магтуулах л  сонирхолтой байдгаас шүүмжлэгчийн үг даахгүй, үл ойлголцол гараад байх шиг. Утга зохиол судлалын хувьд хэрвээ болж буй эрдэм шинжилгээний  болон бусад хурлаар тооцож бодвол их сайн л явж байх шиг. Хурал нь олон болоод л байна даа. Тэгэхээр илтгэлийн чанар муудна тэр нь юуг харуулж байна гэвэл судалгаа муу болж байгааг илтгэж байгаа хэрэг.

Монголын утга зохиолд ямар төрөл илүү давамгай хөгжиж байна вэ. Үзэгдэл болсон сайн тууж, өгүүллэг, роман олон гарч байна уу. Заримаас нь нэрлээч?

-Шууд хэлэхэд яруу найраг, тэр дундаа дууны яруу найраг, хүүрнэл зохиолоос роман юм уу гэж бодож байна. Өгүүллэг, туужийн хувьд 1990-ээд оны сүүлээр гарсан Ж.Лхагвын “Бид ялав”, С.Эрдэнийн “Хүүхнүүдийн зун”, П.Пүрэвсүрэнгийн “Эцэг” гэсэн утга гүнзгий, дүрслэл сайтай даацтай сайн зохиол ховор байна уу даа гэж боддог. Миний бодлоор шүү дээ.  Эмэгтэй зохиолчидтой уулзахад  “Ногоон нүдэн лам”-ыг зохиосон Ц.Оюунгэрэл ная бил үү зуу билүү мянган хувь хэвлэгдсэн гэж ярьж байсан. Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа нарын зохиолч ч олон уншигчтай болсон юм билээ. Нийтийн уран зохиол буюу бестселлер зохиол нь хөгжиж байгаа юм болов уу даа. 2010 онд БНСУ-ын Сөүл хотод хуралдсан дэлхийн философичдын II их хурлаас уран зохиолын тухай сонирхолтой тунхаг гаргасан байдаг. Утга нь өнөөдөр хүн төрөлхтөн мөнгө хөөсөн харгис капитализмын нөлөөн дор бүх зүйлийг мөнгөөр хардаг болсон. Урлаг,  утга зохиолын зүйлс ч зөвхөн мөнгө хөөдөг болсон. \Үүний гоё боловсон нэр нь соёлын үйлдвэрлэл юм уу даа\. Тиймээс бид соёл дээр Маркс, Лениний онолыг дахин харах ч боломжтой гэсэн байдаг.  Үүнийг манайд хамаатай л гэж бодож байна.

Монголын чөлөөт зохиолчдын холбоо хэр олон гишүүнтэй вэ. Шинээр олон зохиолч элсэж байна уу?

-Манай холбоо цөөхөн шүү дээ. Бүртгэлээр бол 130-аад хүн байдаг. Идэвхтэй цуглаж ажил төрөлд оролцдог нь 40-50  хүн. Шинээр хүн элсэнэ ээ. Өнгөрсөн сард  Өмнөговийн хүү­х­дийн зохиолч С.Гантогтох элссэн, одоо Хонхэрээдийн Энхбат элсье гэж өргөдөл өгөөд явж байгаа.

Чөлөөт зохиолчдын холбооны гадаад харилцаа ямар төвшинд байна?

-Бид хоёр жилийн өмнө БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэстний хэвлэлийн хороотой гэрээ байгуулж өөрийн холбооны болон, нийт зохиолчдын бүтээлийг  “Төвийн үндэстний утга зохиол” сэтгүүлд хэвлүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар  П.Нямлхагва, Г.Сонинбаяр, Г.Сүхзориг, Ж.Саруулбуян, Х.Сүглэгмаа, С.Батзориг, Г.Чулуунчимэг, Дан.Нямаа, С.Товуудорж, Б.Чимид, С.Оюунчимэг, Ш.Анхтуяа, М.Отгонбаяр нарын бүтээл хэвлэгдсэн.

Энэ онд Өвөрмонголын Ордосын зохиолчдын байгууллагатай холбоо тогтоож өнгөрсөн зун  манай 11 уран бүтээлч тав хоног тэдний урилгаар уран бүтээлийн айлчлал хийгээд ирсэн. Хариуд нь тэднээс өнгөрсөн долдугаар  сард төлөөлөгчид  ирж бид энд номын баяр уулзалт хийж хамтран ажиллах, ном зохиолыг харилцан хэвлүүлэх талаар тохиролцсон. Туршлага авсан уу,  яасан манай С.Чулуунбаатар дэд тэргүүн маань “Зохиолчдын өргөө”  байгуулахаар ханцуй шамлан орсон байгаа. Их цомхон, үр дүнтэй, сайхан өргөө босох байх аа.

Мөн Алашагийн яруу найрагчдын тухай “Алаглан цэнхэртэх Алашаа” гэдэг шүүмжийн номыг миний бие энд бичиж хэвлүүлснийг одоо урд хөрвүүлэн хэвлүүлж байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн  Ч.Дагвадорж, Ж.Саруулбуян, яруу найрагч Х.Сүглэгмаа нар Өвөрмонгол нутгаар аялан Монголын уран зохиолын тухай цуврал лекц хичээл хийгээд ирсэн.  Х.Хангайсайхан ах маань Оросоос их зүйл орчуулдаг. Шагнал урамшуулал ч авсан. Тэр шугамаар холбогдож манай холбооны урилгаар Халимагийн зохиолчдын байгууллын төлөөлөгчид ирж Монгол туургатны уран зохиолын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр  ярилцсан.  Буриадын “Байгал” сэтгүүлийн ойн арга хэмжээнд оролцсон. Тэнд Эрхүү, Чита мужийн зохиолчдын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж санал бодлоо солилцсон. “Морьтой болоод завтайсан бол” гэдэг шиг бидэнд хөрөнгө мөнгөний бололцоо байвал  нэлээд зүйлийг хийж болмоор  санагддаг.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав сонгогдсон. Хоёр холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна уу. Удахгүй хоёр холбоо нийлж нэгдэх юм гэнэ лээ гэсэн яриа зохиолчдын дунд гарсан байна лээ. Энэ үнэн үү?

-Миний хувьд хоёр өөр ТББ боловч хийж байгаа ажлаа Монголын уран зохиолын төлөө, нийт зохиолчды төлөө хийж байгаа гэж ойлгодог. Хоёр холбоо нийлж нэгдэхийн хувьд ТББ-ын дүрэм журмын хүрээнд хийх ёстой байх. Тийм бол миний бие хамгийн эхэнд хоёр гараа  өргөн дэмжих болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *