С.Байгалмаа: Бурууг бусдаас хайхын оронд өөрөө хичээх хэрэгтэй

5-р сарын 25, 2016 9:14 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 63
5-25-3х

Д.ОЮУНЧИМЭГ

Бизнес хөгжилбуландБатбайгаль бэйкерикомпанийн ерөнхий захирал С.Байгалмааг урилаа.

Сайн байна уу. Таныг анх компаниа байгуулж байх үеийг одоогийнхтой харьцуулбал та юу хэлэх вэ?

Зах зээлийн шинэ нийгэмд бүх зүйл нь шинэ содон, соргог байсан үе л дээ. Тэр үед авсан зээлээ л төлье гэсэн зорилготой, бас хийсэн бялуугаа хүмүүст амсуулж мэдрүүлчих юмсан гэсэн хүсэлтэй, эрч хүчтэй, ядардаггүй, сайхан үе байжээ. Хүн ажиллуулна гэдгийг ч мэдэхгүй, ах дүү нартайгаа л ажиллаж эхэлж байсан. Анх түрээсийн байранд бялуу хийж байсан бол одоо өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани байгуулагдаад 20 жил болж байна. Мэдээж тухайн үед техник технологи тийм ч хангалттай байсангүй. Харин одоо цаг өөр болж янз бүрийн тоног төхөөрөмж ашиглаж байна.

Ер нь бизнесийнхэнд тулгарч байгаа бэрхшээл нь төрийнхний хүнд суртал дарамт болж байна гэдэг. Та 20 жил бизнес эрхэлсэн хүний хувьд юу хэлмээр байна?

Бизнес эрхлэгчид бүтэхгүй байгаа бүхнээ төрийнхнөөс хамаарч байгаа мэтээр ярьж байгаа нь анзаарагддаг. Мэдээж хэцүү асуудал тулгарна. Манай компанийн хувьд жинхэнэ шуурган дундуур гарч ирсэн юм шүү дээ. Заримдаа шантраад больчихмоор санагдах үе ч бишгүй тохиолдоно. Гэхдээ аль болох өөрийнхөө хүчийг дайчлаад бүтээхийн төлөө зүтгэвэл болохгүй юм гэж юу байхав дээ. Анх ч бухимдах зүйл их л байсан. Сүүлийн үед хааяа ч гэсэн өөрөөсөө шалтгаалсан зүйлийг бусдад нялзаахгүй байх хэрэгтэй гэж хүмүүст хэлмээр санагддаг. Ер нь бурууг бусдаас хайхын оронд өөрөө хичээх хэрэгтэй гэдгийг энэ 20 жил надад мэдрүүлсэн.

Бас нэг зүйл байна. Үйлдвэрлэлийн салбарт тулгарч байгаа асуудлын нэг нь боловсон хүчин. Танай компанийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Анх компани байгуулж байхдаа мэргэжилтэй хүн авч ажиллуулахаас илүү танил тал, ах дүүгээ ажилтай болгохыг зорьж байлаа. Тэр үед шинээр ажилд орж байгаа хүмүүстээ ингэж хийдэг юм гэж өөрөө зааж өгчихөөд л дадлагажуулж ажиллаж байсан. Ингээд аж ахуй эрхэлснээс хойш хоёр жилийн дараа зар өгч, анкет бөглүүлэн ажилчин авдаг болсон юм шүү дээ. Хүмүүсийн хувьд тогтвор суурьшилтай ажиллана гэдэг тулгамдсан асуудал гэж болно. Ажилд орохоор анкет бөглүүлээд, анхны ярилцлагад орохдоо тэдний асуудаг асуултХэдэн төгрөгийн цалин өгөх вэгэдэг. Хүн юуг, хэрхэн хийж чадах вэ гэдгээ эхлээд харуулах ёстой болов уу. Мэдээж сайн ажиллаж байгаа хүнээ алдахгүйн тулд боломжтой бүхий л арга хэмжээг авахын тулд удирдлага нь ажилладаг. Түүнээс гадна хэдэн төгрөгийн цалин авах тухай бодож байгаа хүн хийж байгаа зүйлээ сайн хийх эсэхэд анхаарлаа хандуулж чадахгүй гэж боддог. Тиймээс миний нэн тэргүүнд тавьдаг шалгуур бол ярилцлагад орж байгаа хүн надаас ямар асуулт асуух вэ гэдгийг ажигладаг юм.

Ажилд орох хүмүүсийн хамгийн түрүүнд сонирхдог зүйл нь цалин гэж олон бизнес эрхлэгч хэлж байсан. Гэхдээ буруу зүйл байхгүй мэт санагдах юм?

Мэдээж хүн сард хэдэн төгрөг авах вэ, хэдийг нь хэрхэн зарцуулах вэ гэдэг тооцоо гаргахын тулд ажлын хөлсөө мэдэх эрхтэй. Харин ажил олгогчийн зүгээс бодож үзмээр байгаа юм. Миний хувьд олон жил, сайн ажиллаж байгаа ажилтнаа алдахгүйн тулд нийгмийн асуудлыг нь өөрийнхээ хэмжээнд шийдэхийг зорьдог. Хамгийн гол нь хэрхэн ажиллаж чадах вэ гэдгээ харуулснаар яаж үнэлүүлэх вэ гэдэг дүр зураг харагдана. Манайхны муу зуршил бий. 15 хоног гайгүй ажиллаж байснаа цалин буухаар хэд хоногоор таг алга болчихно. Тэгээд үнэн, худал нь мэдэгдэхгүй шалтаг тоочдог. Бид хүмүүстээ ажлынхаа ачааллыг хуваарилаад явж байтал нэг нь алга болчихоор горим алдагдана гэдгийг тэр хүн тооцоолохгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн хэдэн төгрөг авах вэ гэдгээ л боддог юм шүү дээ. Ингэхээр ажлын бүтээмж байхгүй, цаг нөхцөөх байдал анзаарагддаг.

Үйлдвэрлэгчид НӨАТ гэдэг асуудлыг хөндөж ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

НӨАТ гэдэг зүйлийг аж ахуй эрхэлж байгаа хүн бүр л ярьж байна. Яах аргагүй тулгамдсан асуудал мөн. Манай компани НӨАТ төлөгч, гэтэл зарим нэг  түүхий эдээ авахдаа НӨАТ төлдөггүй газраас авах тохиолдол бий. Ер нь бизнесийнхэн маш удаан хугацаанд энэ асуудлын талаар ярьж байгаа болохоор төр засгаас ямар нэг арга хэмжээ авна байх гэж найддаг. Гадны орны туршлагаас харж байхад бүх хүн татвар төлдөг. Тэр нь тухайн хүний мэдээлэлд бүртгэгдэж байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хаанаас ч гэсэн тухайн байгууллага хэдий хэмжээний татвар төлсөн, үйл ажиллагаа нь хэр явж байгаа зэргийг харж болно. Хэрэв ямар нэг алдаа гаргавал, тэр нь хүртэл бүртгэгдэг байна. Ингэхээр нууж, хаах, далд эдийн засгийг ил болгох сайн талтай. Нөгөө талдаа сайн татвар төлөгчөө урамшуулдаг систем ажилладаг болох хэрэгтэй юм шиг санагдсан.

Эдийн засаг хямралтай байгаа болохоор хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурч байна хэмээн бизнес эрхлэгчид хэлж байна. Танай үйлдвэрийн хувьд?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан. Эдийн засгийн хямралыг давахын тулд ажилчидтайгаа харилцан ярилцсан. Үүний үр дүнд ажлын байраа хадгалах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Хамгийн гол нь илүү зардлаа танаж, зөв хөдлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хэрэв нэг л буруу алхам хийвэл, татвар, нийгмийн даатгал, цалин, бусад зардал гээд байдал улам л хүндэрнэ шүү дээ. Тиймээс дор бүрнээ няхуур, нямбай ажиллах хэрэгтэй гэж хүмүүстээ хэлдэг. Ер нь болохгүй, бүтэхгүй л гэвэл болж, бүтэх нэг ч зүйл байхгүй. Хүн өөрөө хүсээд, хичээвэл ажил аяндаа бүтдэг гэдгийг үйлдвэрлэл эрхэлсэн өнгөрсөн хугацаа минь харуулсан юм шүү дээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *