С.Амгаланбат: Аялал жуулчлал бүх салбарт өгөөжөө өгдөг

5-р сарын 12, 2017 12:09 pm Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 15
5-12-1h

Л.ЦЭЦЭГЖАРГАЛ

Аялал жуулчлалбулангийн энэ удаагийн зочинХаан трэвелкомпанийн ерөнхий захирал С.Амгаланбаттай ярилцлаа.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил  бүр  улс орнуудыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эрэмбэлдэг. Монголын аялал жуулчлалын салбар өрсөлдөх чадвараараа хэрхэн үнэлэгдсэн талаар яриагаа эхлэе?

Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дэд бүтэц, байгалийн болон соёлын  нөөц зэрэг үндсэн дөр­вөн үзүүлэлтээр авч үздэг. Монголын аялал жуулч­лалын салбар 2015 онд 144 орноос 99-т орсон. Харин өнгөрсөн онд 103-т орсон байгаа юм. Энэ салбарын дэд бүтцэд агаарын болон усан зам, газрын тээвэр, үйлчилгээний салбарууд ордог.

Манай улсын хувьд агаарын тээврийн хүртээмж муу, нислэгийн тоо цөөн байдаг нь муугаар нөлөөлж байна. Зам тээврийн хувьд төмөр зам  болон авто замын хүртээмж, чанар муу байдаг. Харин үйлчилгээний салбар хөгжиж байна. Энэ нь хувийн хэвшлийнхний  оролцоотойгоор шинэ  бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байгаатай холбоотой. Мөн байгаль орчны хувьд маш эмзэг. Өвөлдөө хүйтэн, уул уурхай нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, байгаль орчны хувьд нөөцийн үзүүлэлтээрээ бага үнэлэгдэх нөхцөл болдог. Түүнчлэн 2000 жилийн тэртээх асар их түүх соёлтой ч, дайн байлдааны  улмаас европ шиг хот балгад бариагүй. Нүүдэллэж амьдардаг болохоор үнэт өвөө хадгалж үлдэх ойлголт  байсангүй. Тэгэхээр ам дамжсан түүхээс өөр жуулчдад сонирхуулах зүйл огт байхгүй гэвэл хилсдэхгүй.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ. Та бүхэнд ямар шийдэл байна?

Саяхан аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн форум болсон. Салбартаа тулгамдсан асуудлаа тодорхойлоод цаашид хэрхэн ажиллах  шийдэлд хүрсэн. Хууль эрх зүй, хүний нөөц, маркетинг, зам тээвэр, аюулгүй байдал, үйлчилгээ зэрэг долоон асуудлыг тодорхойлсон. Ингээд зам тээвэр, дэд бүтцийн хэсгийг би ахласан юм. Зам тээврийн салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ, төр засгийн зүгээс ямар ажил хийх хэрэгтэйг ч тодорхойлсон. Ер нь аялал жуулчлалын салбарт дэд бүтэц хамгийн чухал. Манай улсын хувьд далайд гарцгүй, төмөр зам байгаа ч хязгаарлагдмал учраас энэ салбарын хөгжил агаарын тээврээс шууд хамаардаг. Тэгэхээр авиа компаниудаа хөгжүүлэх хэрэгтэй

Манай улсын хувьд долоо, наймдугаар сар  аялал  жуулчлалын  оргил үе. Дөрвөн улирал тасралтгүй  жуулчид авахын тулд нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй вэ?

Бидний хийсэн судалгаагаар агаарын тээврийн чиглэлээ нэмж, нислэгийн тарифыг хямдруулснаар 5, 6, 9, 10 сард жуулчид авах боломж бий. Тиймээс бид МИАТтай холбоотой ажиллах хэрэгтэй. Аялал жуулчлал зургаан сард идэвхиждэг байсан бол  дөрвөн сарын сүүлээр эхэлдэг боллоо. Энэ нь дэлхийн дулаарлаас шалтгаалж байгаа бөгөөд бидэнд сайнаар нөлөөлнө. Харин нөөц боломжоо харвал өөр дүр зураг харагдана. Жишээлбэл, стандартад нийцсэн 3-5 одтой буудлын орны тооноос харахад, сар бүр 60 мянган жуулчин хүлээн авах боломжтой. Тэгэхээр энэ саруудад нислэгээ хямдруулж жуулчдыг татах нь хамгийн чухал.

Тэгэхээр нислэгийн компанид маркетинг менежментийн асуудал чухал гэсэн үг үү?

Чухал байлгүй  яахав. Монголд олон улсын нислэг хийж байгаа, үндэсний ганц компани нь МИАТ. Манайх руу нислэг хийдэг гадны компаниуд, үнээ хямдруулья гэхээр, тус компанийн эрх ашгийг хөндөх гээд байдгаас болгоомжтой ханддаг юм билээ. Үнэндээ үндэсний компани нь тарифаа хямдруулахгүй байхад, бусад нь аль болох үнэтэй нислэг үйлдэхийг л хүснэ. Жишээлбэл, “Кореан эйр”-ийн олон улсын нислэгүүдээс хамгийн ашигтай чиглэл нь Улаанбаатар гэсэн байдагХэрэвМИАТтарифаа 30 хувиар хөнгөлж, нисэх давтамжаа нэмбэл, манай салбарт ихээхэн нөлөө үзүүлнэ. Ер нь 100 хүнтэй ниссэнээс, хямд үнээр 200 хүнтэй нисэх нь илүү ашигтай. Өөрөөр хэлбэл, нислэгийн үнээ хямдруулж, одоо байгаа хүчин чадлаа хоёр дахин нэмснээр 5, 6,  9, 10 сард сар бүр 60 мянган жуулчин хүлээж авах боломжтой. Үүнийг төрийн байгууллагууд ярьж, шийдэх асуудал. Тухайлбал, Засгийн газар, Зам тээврийн яам, ИНЕГ гэсэн үг. Тэгэхээр МИАТ компаниа хувьчлах эсвэл  бааз суурийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Нислэгийн салбарт монополь байгаа ганц  компаниа нээлттэй болгосноор, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар ажиллан, шинэ чиглэлд хямдралтай үнээр нисэх боломж  бүрдэнэ. Ингэснээр энэ салбарт чөлөөт өрсөлдөөн бий болох юм. Саяхныг хүртэл МИАТ, Сингапур руу хэсэг нисч байгаад зогслоо. Угтаа бол 2-3 жилийн өмнөөс төлөвлөөд тэр зах зээлд жуулчны компаниуд нь сурталчилгаа хийсний дараа ниссэн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Тэгэхээр МИАТ болон бусад нислэгийн  компаниуд аялал жуулчлалын салбартайгаа төлөвлөгөөтэй, уялдаа холбоотой хамтарч ажилламаар байгаа юм

Аялал жуулчлалын салбар хариуцсан  төрийн байгууллагуудтай хэр уялдаатай ажилладаг вэ

Уг нь манай  салбарыг БОАЖЯ хариуцдаг. Гэхдээ төдийлөн уялдаатай байж чаддаггүй. Энэ удаагийн форумаас гаргасан долоон асуудлыг  тусгаад, хэрхэн хамтарч ажиллах талаар сайдтайгаа уулзахыг хүссэн боловч одоогоор хариу ирээгүй байна. Гэвч аялал жуулчлалын салбар зөвхөн БОАЖЯны асуудал биш. Зам тээврийн болон Гадаад харилцааны яамтай  шууд холбогддог. Тиймээс бид эхлээд салбарын яамныхаа сайдтай уулзаж шийдэлд  хүрсний дараа бусад яамтай холбогдохоор хүлээж байна. Ер нь БОАЖЯ, ЗТЯ, Аялал жуулчлалын  холбоо гэсэн  гурвалсан харилцаа үүсгэснээр энэ салбарыг хөгжүүлэх, эдийн засагт үр дүнгээ өгөх олон асуудлыг шийдэх боломжтой юм.

Аялал  жуулчлалын бизнес эдийн засгийн хувьд  өгөөжтэй, байгаль  орчинд ээлтэй цэвэр бизнес гэдэг. Хөгжүүлж чадвал уул уурхайгаас ч  илүү ашиг өгөх боломжтой гэж үздэг шүү дээ?

Байгаль орчинд ээлтэй цэвэр бизнес гэдэг нь үнэн. Мөн эдийн  засгийн өгөөжтэй, гайхамшигтай тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, бүх салбарт жигд  таржөгөөжөө  өгдөг  болохоор онцлогтой,  үр  ашигтай салбар гэж болно. Тухайлбал, онгоцоор ниснэ, нислэгийн компанид орлого орж байна. Цаашлаад зочид буудалавто тээвэр, ресторанжуулчны бааз ноос ноолуур, бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэтээр бүх салбарт тэнцүү хувиарлагддаг. Мөн морь унуулж байгаа малчин айлд ч өгөөжөө өгнө. Олон  хүний  амьдралд  нөлөөлдөгөөрөө аялал жуулчлал хамгийн хөгжих боломжтой салбар гэж болно. Гэвч бидэнд төрөөс ямар ч  дэмжлэг алга. Өмнөх засгийн үед төрөөс жижиг, дунд  үйлдвэрлэл хөгжүүлэх 888 төслийн зээл гаргасан боловч манай салбарт хүртээл байгаагүй. Учир нь биднийг жижигдунд бизнест  орохгүй гэдэг. Ингээд нэлээд хөөцөлдсөний эцэст зээл авах боломжтой болсон ч бондынх нь мөнгө дууссан. Яг үнэндээ жуулчны компаниуд бор зүрхээрээ л ажиллаж  байна. Жилдээ 400 мянган жуулчин авч 300-аад сая  долларын орлого эдийн засагт оруулдаг. Тэгэхээр энэ салбараа төрөөс дэмжээд нислэгийн тоог нэмж, үнийг нь  буулгавал дахиад 160 мянган жуулчин нэмж  авах  боломжтой.

Жуулчид жорлонгийн асуудалд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар  ярьдаг ч ажил хэрэг болохгүй байна. Үүнийг хэн хийх ёстой вэ

Төр бодлогоор дэмжиж салбарын яам хийх ажил. Хөдөө явах замд хоёр цаг тутамд биеийнхээ  чилээг  гаргах, бие засах газартай байх хэрэгтэй. Жишээлбэл, Тэрэлж, Хархорин, говь зэрэг гол, гол чиглэлүүдэд зам дагуу нийтийн  өмчийн амралтын цэгүүдийг шийдэх учиртай. Хэрэв гадны орнуудад ийм зүйл тохиолдвол тэвчишгүй зүйлд тооцно хэмээн хуульдаа тусгасан байдаг юм билээ. Учир нь хүний  эрхэнд  халдсан асуудал гэж үздэг.

Жуулчдыг татья гэвэл визгүй байх хэрэгтэй гэдэг. Таныхаар?

-Визтэй байх  ёстой. Улс орныхоо  аюулгүй  байдлыг бодох хэрэгтэй. Хэрэв огт визгүй болговол гарах сөрөг нөлөө бий. Мэдээж хяналтаас гарна. Мөн хямд  зардлаар аялахыг хүсдэг үүргэвчтэй аялагчид олширно. Тэгэхээр виз өгдөг процессоо чирэгдэлгүй, хурдан шуурхай болгох нь зүйтэй. Түүнчлэн аялал жуулчлалын  компаниудаар дамжуулан онлайнаар авдаг  болговол илүү амар байх болно. Араб зэрэг аялал жуулчлал хөгжсөн ихэнх орнууд электрон визтэй болсон. Бид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзаж энэ талаар санал солилцоход нааштайгаар хүлээж авсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 19

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/s-amgalanbat-ayalal-zhuulchlal-buh-salbart-uguuzhuu-ugdug/ […]

2017 оны 5-р сарын 27

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/s-amgalanbat-ayalal-zhuulchlal-buh-salbart-uguuzhuu-ugdug/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *