С.Амарсайхан Улаанбаатарын утаанаас дутахгүй гамшигтай тэмцэнэ

12-р сарын 26, 2017 9:58 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 81
12-26-4

Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол эмх замбараагүй  баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороол­лын хаяг нь тодорхойгүй  гудамжуудтай. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын  зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирсний “гор” юм.

Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгэн захирамжийг гаргажээ. Уг захирамжийн дагуу 2017 оны арванхоёрдугаар  сарын 22-ноос 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх нэг сарын хугацаанд газрын харилцаа, газар өмчлөл, эзэмших эрх, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаатай холбоотой нийслэлийн иргэдийн санал гомдлыг   НИТХ-ын Ажлын алба, харьяа дүүргийнхээ “Нэг цэгийн үйлчилгээний төв”,  Нийслэлийн үйлчил­гээ­ний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төвд хү­лээн авахаар болсон байна.

Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайханы уг  захирамжийн хүрээнд зохион байгуулсан ажлын дүнд Нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд, оршин суугчдын санал  гомдлыг  хэлэлцэх зорилготой юм байна.

Энэ бол сайхан мэдээ. Газрын асуудал хөөцөлдөөд “хана мөргөөгүй” хүн манай нийслэлээс лав олдохгүй. Ер нь бол Нийслэл, дүүргийн Газрын алба элдэв судалгаагаар хамгийн их авлигад өртдөг байгууллагаар байнга нэрлэгддэг. Бөхөөр бол Дархан аварга болсон хэрэг л дээ.

Азийн сан 2006 оноос хойш манай улсын төрийн байгууллага дахь авлигын төвшинг тогтоох судалгааг явуулсан байдаг. Дээрх жилүүдэд гарсан судалгааны дүнгээр Газрын алба тасралтгүй авлигын хэмжээгээр тэргүүлсэн байна.

“Ил тод байдал сан” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэрэнжав “…Авлига гэхээр төсөв мөнгө, тендертэй холбож ойлгодог. Эдгээр салбарт ч авлигын асуудал бий. Гэхдээ үүнээс өмнө Газрын албаны авлигын асуудлыг хөндөх шаардлагатай байна. Тухайлбал, 120 мянгатад байрлах зочид буудлын арын корпусыг хууль бусаар барихаар болсон байсан. Оршин суугчид үүнийг эсэргүүцсэн ч тухайн компанид тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Хууль бус шийдвэр гэдэг нь илэрхий байхад тусгай зөвшөөрлийг олгосон энэ мэт асуудал нийслэлд олон бий. Энэ нь Газрын албаны авлигын төвшин их байгааг харуулах бас нэгэн үндэс” гэж хэлж байв.

Үнэхээр ч Газрын албанд цөөхөн жил ажиллаад л олон жил бизнес хөөсөн хүнтэй адилхан зарлагатай амьдраад эхэлдэг жишиг нэгэнт тогтсон. Гэхдээ шударга ажилтнууд энэ албанд цөөнгүй бий гэдгийг хэлье.

Нөгөөтэйгүүр, Нийс­лэл, дүүргийн Газрын алба гэдэг салж боломгүй ажил гэгддэг бололтой байдаг юм. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун одоогоос яг гурван жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байлаа. Тухайн үед НӨГХА-ны дарга Ш.Төмөрбаатар түүнийг ажлаас чөлөө­лөхөд албаны тамгаа аваад зугтчихлаа гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байв. Саяхан бас Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга тамгаа авч алга боллоо гэсэн мэдээлэл бас л яригдсан. Эндээс, төрийн тамга өвөртөлж нуугаад ч хамаагүй ажилдаа үлдэх нь чухал гэж үздэг нь харагдаж байгаа юм.

Чухамдаа энэ бүхний ард их зүйл нуугдаж буй хэрэг. Тэгвэл НИТХ-ын даргын энэ захирамжийн хүрээнд иргэдэд тулгарсан газартай холбоотой гомдол саналыг нэгтгэхээр болж байна. Эдгээр санал гомдлын үндсэн дээр НИТХ-аас нийслэлд   олон жил хурцаар яригдаж ирсэн  газрын харилцаатай холбоотой шүүмжлэл, Газрын албаны хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг олон нийтийн оролцоотойгоор “илчилж”, төрийн захир­гааны болон  мэргэж­лийн байгууллагын мэргэ­жилт­нүүд, Газрын албаны удирд­лагууд, ТББ-уудын төлөөллийг орол­цуулсан “Олон нийтийн хэлэлцүүлэг”-ийг 2018 оны нэгдүгээр сард багтаан зохион байгуулахаар болс­ноо бас дуулгаж бай­на. Эцэст нь НИТХ-аас холбогдох хууль тог­тоом­жийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Тийм учраас та бид газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ өгөхөд л болох юм байна.

Дашрамд хэлэхэд энэ тухай мэдээллийг нийслэлчүүд маань тун чиг талархалтай хүлээж авсан байна.

Үнэнийг хэлэхэд Газрын албыг хүн бүр шахам шүүмжилж, болж бүтэхгүйг нь ярьдаг хэрнээ өнөөг хүртэл ийм арга хэмжээ авч байсан нь үгүй. Тэр утгаараа Улаанбаатарынхны утаанаас дутуугүй гамшиг бол газартай холбоотой асуудал байдаг юм. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан “загатнасан газар маажив” гэдэг шиг зоригтой барьж авлаа. Үргэлжлүүлэн хэрхэн ажиллахыг нь харъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *