Регистрээ тэмдэглүүлж нөөцийн мах авна

1-р сарын 30, 2013 8:58 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 356
Сар шинийн бэлтгэл ажил эхэлж айл бүр бууз, баншаа хийх энэ үеэр махны эрэлт хэрэгцээ нэмэгддэг.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Сар шинийн бэлтгэл ажил эхэлж айл бүр бууз, баншаа хийх энэ үеэр махны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Гэсэн хэдий ч зах зээлийн үнээр борлуулагдах махны үнэ харьцангуй өндөр. Тиймээс ийслэлийн дүүргүүдэд нөөцийн махыг тодорхой цэгүүдээр худалдаалж эхэлжээ.

НӨӨЦИЙН МАХНЫ ВАУЧЕР НЭВТРҮҮЛНЭ

Энэ жил улсын хэм­жээнд 16 мянган тонн мах нөөцлөхөөр болсон. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд “Жаст Агро” компани 76.1 тэрбум төгрөг, “Батро Тэнгэр”, “Эрдмийт” компани тус бүр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Нөө­цийн махны менежер буюу “Жаст Агро” компани одоогоор 9100 тонн мах бэлтгэжээ. Нөө­цийн махны нийлүү­лэлтийг гуравдугаар сарын 15-наас хийж эхлэх байсан боловч “Цагаан сар” болж байгаатай холбоотойгоор энэ сарын 17-ноос “Хүчит шонхор” зах, “Хархорин”, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, Оргил худал­дааны төвөөр бөөнөөр худалдаалж байгаа бол жижиглэнгээр 10 гаруй цэгт үйлчилж байгаа аж. Энэ удаад жижиглэж сав­ласан махны хувьд үхр­ийн мах 5900, хониных  5700, ямааных 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл махыг үхрийн мах 5700, хонь 5200, ямаа 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байна. Ченжүүдээс авдаг үнээс хямд байж чадахгүй байгаа нь иргэдийг бухим­дуулдаг. Харин үнийг хэрхэн тогтоосон талаар “Жаст Агро” компанийн захирал Ш.Батхишиг “Бид нөөцийн махны 60-70 хувийг малчдаас шууд авч чадсан. Харин үлдсэнийг нь ченжээс авахаас аргагүй байлаа. Энэ удаад мах бэлтгэлийг оройтсон. Мөн бид махны үнэд ашиг шингээгээгүй. Харин үйл ажиллагааны зардал орсон. Одоо зараг­даж байгаа махны тухайд үнийг яамнаас тогтоосон” гэв. Малчдаас өндөр үнэтэй авч байгаа нь махны үнэд нөлөөлдөг байсан бол энэ удаад цаг оройтсон нь нөлөөлжээ.

Энэ жилийн нөөцийн махны борлуулалтад “нөө­цийн махны ваучер” буюу эрхийн бичиг гэсэн шинэ хэлбэр нэвтрүүлэх гэнэ. Энэ нь нөөцийн махыг зорилтод бүлэгт хүргэхээр төлөвлөж буй ажил аж. Иргэд энэхүү ваучер буюу мах худалдан авах эрхийн бичгээр тогтоосон дэлгүү­рүү­дээс нөөцийн махыг худалдан авах эрхтэй болно. Ингэснээр нөө­цийн махыг ченжүүд болон гуанз ресторанд очих биш зорилтот зах зээлдээ хүрч буй эсэхийг хянах бо­ломжтой аж. Тус компани 7500 тонн агуулах зоорьтой бөгөөд энэ удаагийн нөө­цийн махны зургаан мянган тонныг агуулах юм байна. Үлдсэнийг нь хан­ган нийлүүлэгч есөн компа­нийн агуулахаар хадгалах аж.

ХОРОО БҮРТ ЦЭГ ГАРГАН НӨӨЦИЙН МАХЫГ БОРЛУУЛНА

“АСА” циркэд худал­даалаг­даж буй нөөцийн махны үнэ хямд байж чадахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Баянгол дүүргийн иргэн Н.Цээпил “Нөө­цийн махны чанар муу, гар дээр зарагдаж байгаа махтай адил үнэтэй байна. Сар шинэ болж байгаа болохоор ядаж буузны махаа авчих санаатай ирсэн юм. Сэтгэлд таарах мах ч алга. Ер нь төрөөс зөндөө л мөнгө авах юм. Тэгээд иргэдэд хүрч үйлчлэхгүй байна” гэв. Баянзүрх дүүрэгт нөөцийн мах 26-наас худалдаанд гарсан байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Нөөцийн махыг иргэдэд хүр­тээмжтэй худалдах болон махны чанарт хяналт та­вин ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг бол­госон. Харин ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн хороо бүр дээр мах борлуулах цэгийг ажил­луулж ваучераар худал­дана” гэсэн юм.  Энэ мэтчилэн нийт 320 гаруй цэгээр иргэдэд түгээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэм­лэгийн гүйцэт­гэх захирал С.Тойвгоо “Нөө­цийн мах гаргана гэдэг зөв бодлого биш. Үүгээрээ нийт иргэдээ дэмжих биш харин ч хорлож байна. Цаашид ийм бодлого ба­римтлахгүй байх хэрэгтэй. Зорилтот бүлэгтээ хүрч чаддаггүй, хэл ам да­гуулдаг, аж ахуйн нэгждээ алдагдалтай байдаг гээд бэрхшээл их бий” гэсэн юм. Нэг килог­рамм махыг 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой айл Монголд тоотой хэдхэн байдаг болов уу. Тиймээс нийс­лэлийн ир­гэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн махыг худал­даанд гаргаж эхэл­сэн. Хүнсний захуудад борлуулж буй махнаас даруй хоёр дахин хямд үнэтэй нөөцийн махыг авч хэрэглэх айл өрхийн тоо ч олон хэвээр. Гэвч энэ удаад 200-500 төгрөгийн зөрүүтэй байгаа нь иргэ­дийг бухим­дуул­саар. Харин үүнийг нөө­цийн мах бэлтгэгчид үнийг бууруулахад чиглээгүй, хомсдолгүй байхад чиглэ­сэн гэдгээр хаацайлсан юм. Тиймээс нөөцийн махны үнэ хямд байх ёстой гэдэг ойлгол­тоос салах хэрэгтэйг ч албаны­хан сануулж байлаа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *