Р.Содномдаржаа: Мал эмнэлгийн салбар олон улсын жишигт нийцэж хөгжих зүй ёсны шаардлага байгаа

6-р сарын 8, 2017 2:38 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 12
fa

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор дэмжигдээд байгаа билээ. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал, ач холбогдлын талаар Мал эмнэлэг, ариун цэврийн улсын төв лабораторийн захирал асан, малын гавьяат эмч, доктор профессор Р.Содномдаржаатай ярилцлаа.

6-8-8-Монгол Улс Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг 1993 онд батлан мөрдөж ирсэн. Энэ хуулийг шинэчлэх болсон шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Тухайн үед Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хуулийн төслийг Монголын мал эмнэлгийн холбооноос анх санаачлан манай мал эмнэлгийн албаныхан маш их хүчин чармайлт гарган батлуулж байлаа. Тэр хуульд  хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч  мал эмнэлгийн хяналтын асуудлыг дорвитой оруулаагүй. Малын эрүүл мэнд, үржлийн асуудлыг нэг хуулиар зохицуулах гэж оролдож ирсэн нь оновчтой бус байлаа. Учир нь малын үржлийн ажил нь сайн малтай байх гэсэн хүмүүсийн бизнесийн сонирхол, боломжоор хийгддэг уян хатан зохицуулалтаар аажуу тайван хэрэгжүүлж болох ажил. Нөгөө нь хэдийгээр малын эрүүл мэндийг малчин өөрөө хариуцах ёстой ч нэг хэсэг асуудалд нь, тухайлбал хил даван халдварладаг өвчин, хүнд халдварладаг өвчин, эсвэл хохирол ихтэй бусад халдварт өвчний тухайд зайлшгүй төрийн оролцоо, дэмжлэг, шаардлага гарвал хатуу шахалт хариуцлага шаарддаг, тодорхой цаг хугацаанд шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байдаг, зарим талаараа төрийн хяналт, шийтгэл ч хэрэгтэй байдаг мал эмнэлгийн ажил юм. Харин одоо бол энэ асуудлыг салган Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, нөгөө нь Малын генетик нөөцийн тухай хууль гэсэн тусдаа хуулиудаар зохицуулах гэж байгаа нь  маш оновчтой шийдэл.

-Хоёр өөр харилцааг нэг хуулиар зохицуулах гэж оролдсон гэлээ. Үүнээс гадна хуулийг шинэчлэх олон шаардлага байсан болов уу?

-Тийм ээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад сүүл рүүгээ мал эмнэлгийн салбарын хяналтыг тусад нь гаргаж өөр газар харьяалуулчихсан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтынхан тусгай агентлаг болж, түүнд нь мал, малын эрүүл мэндтэй холбоотой хяналтын асуудал хариуцсан албан тушаалтнууд мал эмнэлгээс салаад оччихсон. Өсдөг, үрждэг, нүүдэллэдэг, шилждэг, янз бүрээр хорогддог обьект болох малтай холбоотой олон асуудлыг зохицуулж байгаа хууль төрийн хоёр өөр удирдлагад орчихоор малын эрүүл мэндийг хамгаалах асуудал сарниж, хүчгүйдэж эхэлсэн. Нэг жишээ хэлэхэд, намайг Мал эмнэлгийн лабораторийн захирал байхад адууны цус багадах халдварт өвчинтэй тэмцэх шинжилгээ хийдэг байсан. Жил бүр таван аймгийн 50-120 мянган адууг шинжилдэг байв. Маш их хөрөнгө, хөдөлмөр орно. Мал эмнэлгийн лабораториуд цусыг нь шинжлээд өвчтэй гарсан адууг дахин шинжилж оношийг баталгаажуулсны дараа устгахыг нь тэмдэглэж мэргэжлийн хяналтынханд бүртгэлээ өгдөг. Ийм өвчтэй адууг эмчлэх, дархлаажуулах арга  дэлхийд байдаггүй болохоор өвчтэйг нь устгаж өвчний эх үүсвэр, голомтыг устгадаг учиртай. Устгалыг зохион байгуулах үүрэгтэй нь мэргэжлийн хяналтынхан. Гэвч энэ ажлыг хэрэгжүүлэх болохоороо өөр байгууллага, удирдлагад оччихсон мэргэжлийн хяналтынхан “Энэ жил манайх энэ ажлыг хийх төлөвлөгөө байхгүй. Байлаа ч бензин шатахуун, зардал мөнгө байхгүй” гэдэг ч юм уу янз бүрийн шалтгаан хэлээд энэ чухал ажлыг эзэнгүйдүүлэх нь их. Тэр хооронд малчин өвчтэй малаа зарж борлуулж өөр газар халдварын эх үүсвэрийг тараах явдал гардаг байв. Төрөөс асар их хөрөнгө зардаг ч эцсийн дүндээ ажлын хэрэгжилт, үр дүн тааруу болж, хариуцлагын асуудал бүдгэрдэг. Хэрэгжүүлэх, хянах байгууллага тусдаа байснаас гардаг ажлын дутагдлын нэг тод жишээ  энэ. Манай мал эмнэлгийн тохиромжгүй бүтцийн асуудлыг цэгцлэх ёстойг олон улсын мэргэжлийн байгууллагаас зөвлөсөөр ирсэн.

-Олон улсын мэргэжлийн байгууллага ямар байр суурь илэрхийлснийг тодруулахгүй юу?

-180 гаруй орны гишүүнчлэлтэй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ-OIE) улс орны мал эмнэлгийн албаны үйл ажиллагааг үнэлдэг, гишүүн орнууд бүгд хүлээн зөвшөөрсөн тусгай аргачлалтай. Тэрхүү аргачлалаар Монгол Улсын мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг анх 2007 онд үнэлсэн. Үнэлгээний тайлангийн хамгийн эхэнд Монголын мал эмнэлгийн албаны бүтцийг гадаадын хүн битгий хэл монгол хүмүүс ч өөрсдөө ойлгож тайлбарлахад тун бэрх болчихож гэсэн байгаа юм. Тэр нь зөвхөн төвдөө ч биш, орон нутагт ч байна. Жишээ нь, нэг аймагт өвчин гарлаа гэхэд дуудлага авсан мал эмнэлгийн дарга нь хөдөө явах бензиний мөнгийг Хөдөө аж ахуйн газрын даргаар цохуулсны дараа очиж арга хэмжээ авдаг. Дуудлага аваад өөрөө шийдвэрээ гаргаад шууд явж шуурхай ажиллах боломж байдаггүй гэж. Зөвхөн ганц үүгээр ч биш. Хэд, хэдэн үндэслэлээр мал эмнэлгийн салбарын хэрэгжүүлдэг, хянадаг хоёр байгууллага хоёулаа төрийн захиргааны байгууллага. Тэгсэн хэрнээ хоёулангийнх нь үүрэг зарим талаар давхардсан, зарим чухал зүйлээ эзэнгүй орхисон. Орчин үед малын эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн баталгаажуулалтын  чухал асуудлуудаар  шийдвэр гаргахдаа эрсдлийн үнэлгээ хийсний үр дүнд тулгуурлаж шийдвэр гаргах ёстой байтал тийм чухал зүйлээ мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын аль, алинд нь хайхардаггүй. Хоёулангийнх нь толгойлж байгаа хүмүүс нь өөрсдөө шууд шийдвэр гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх эрхгүй. Ийм байгаа нөхцөлд малын эрүүл мэндийн асуудал, ялангуяа халдварт өвчинтэй, тэмцэх, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хэцүү. Монголын мал эмнэлгийн албаны үйлчилгээг сайн болгоё, малын эрүүл мэндийнхээ статус, байдлыг өндөр төвшинд байлгахын тулд юуны өмнө мал эмнэлгийн нэгдсэн нэг бүтцийг бий болгох шаардлагатай  гэж ДМАЭМБ зөвлөсөн. Тэд 2007 онд ийм үнэлэлт, дүгнэлт өгч зөвлөөд 2010 онд Монголын мал эмнэлгийн салбарыг чадавхжуулах арга замыг тодорхойлоход туслахаар эргэж ирээд гаргасан тайландаа “Монгол Улсын мал эмнэлэгийн 2007 оноос хойш нэлээд ахиц гарчээ. Гэхдээ хамгийн ноцтой асуудлаа шийдээгүй байна. Энэ бол нөгөө л бүтцийн асуудал” гэж. Түүнээс хойш ч шийдсэн зүйл алга. Энэ хугацаанд малын өвчин гардаг тархдаг нь ч ихсэж, хэрэгжүүүлдэг, хянадаг ажил нь  аль, аль талаараа үр дүн тааруу байна. Мөн мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж хүртэл гарч хэрэгжээгүй хэвээрээ л байна. Энэхүү олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг биелүүлэх нь зүйтэй юм гэсэн гол баримтлал дээр тулгуурлан салбарынхан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Шинэ хуулийн төслөөр бол мал эмнэлгийн албаны нэгдмэл бүтцийг нэгдүгээрт тавьж зөв гольдролд нь оруулах нь. Мэдээж орхигдсон олон зүйлүүдийг нэлээд сайн шингээж өгсөн. Мөн малчин хүний оролцоо ямар байх ёстойг ч сайн тусгасан байсан. Малын эмнэлгийн салбарын бүтцийг сайжруулчихаар бүх юм маргааш нь шийдэгдчихнэ гэсэн ойлголт байхгүй. Нэлээд цаг хугацаа, ажил шаардана. Гэхдээ хамгийн гол зүйлийг шийдээд авахаар нэгдсэн удирдлага, харилцан уялдаатай шийдвэрийн үр дүнд жил ирэх тусам малын эрүүл мэндийг хамгаалах ажил боловсронгуй болоод явах байх.

-Та энэ салбарт олон жил ажилласны хувьд монгол малын эрүүл мэндийн тухайд ямар байгааг тодруулмаар байна?

-Хаа сайгүй монгол малаа эрүүлжүүлье гэж ярьж байгаа. Мэдээж малаа эрүүл байлгах гэсэн ерөнхий агуулга нь зөв. Гэхдээ өвчтэй малыг л  эмчилж эдгэрүүлдэг буюу эрүүл болгох гэсэн ойлголт байдаг болохоор дээр дооргүй малаа эрүүлжүүлэх шаардлагатай гэж яриад уриалаад байхаар чинь олон нийтэд бүх мал маань өвчтэй болчихсон юм шиг  ойлголт өгөөд байна. Ялангуяа гадаадын улс орнуудад маш сөрөг мессэж өгдөг. Монголын мал тэр чигээр өвчтэй юм биш үү гэдэг ойлголтыг тэд авдаг. Олон орны мал эмнэлгийн сонгодог тодорхойлолтоор бол малын өвчин, өвчний халдвар гэдэг бол тусдаа ойлголт. Малын өвчний асуудалд сэргийлэх, тэмцэх, өвчнөө устгах гэсэн гурван гол ойлголт л байдаг. Манайх зарим газраа шүлхийн вирусын халдвартай. Ийм үед малаа эрүүлжүүлнэ гэж ярихгүй, шүлхийн халдварыг тархаалгүй хязгаарлана, устгана, сэргийлнэ гэж үзэх ёстой. Ер нь монгол мал аливаа өвчин эмгэгт удамшлын тэсвэр сайтай, өргөн уудам нутагт сарнимал байршилтай болохоор өвчин тархах эрсдэл байран маллагаатай мал аж ахуйтай, хүн, малын нягтаршил өндөр орнуудыг бодвол хамаагүй бага. Хамгийн эрүүл мал сүрэгт тооцогдоно. Мэдээж зарим халдварт өвчний үүсгэгч маш цөөн хувьд нь халдварласан ч түүнийг дэвэргэн бүх малаа өвчтэй юм шиг ойлголтоор “эрүүлжүүлнэ” гээд байх нь зохисгүй илэрхийлэл юм. Жишээ нь, бруцеллезын халдвар үхэр, бог малын 0.3-0.4 орчим хувьд л байгаа. Ийм нөхцөлд монгол малаа бруцеллезоос эрүүлжүүлнэ гэж ярихын оронд бруцеллез өвчнийг нь ийм ийм аргаар устгана гэж ярих, тэгээд яаж тэмцэх аргаа сайн тогтож ажлаа хэрэгжүүлэх, хамгийн гол нь ажлынхаа үр дүнг бодитой шалгуураар үнэлж, тэр аймаг, тэр сумын мал брулеллез өвчингүй гэдгээ баталгаажуулаад, нийтэд зарлаад явах хэрэгтэй.

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж гарснаар Монголын мал аж ахуйн салбарт ямар ач холбогдолтой вэ?

-Үндсэн суурь тогтолцоо зөв тогтчихвол мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж чанар нь сайжирна. Зөвхөн чанар хүртээмжээс гадна түүний гүйцэтгэлийг зөнд нь орхилгүй, хянадаг шалгадаг хүмүүс нь нэгдэж ажиллахаар ажлын бодит үр дүн дээшилнэ. Мал өвчнөөс сайн хамгаалагдана. Малчдын хариуцлага ч сайжирна.

Хуулийн төсөлд малын халдварт өвчний тандалт гэж нэлээд орсон байгаа. Тандалтынхаа эцэст тухайн малчны суурь өвчний халдваргүй, эрүүл, бүтээгдэхүүн нь хүн хэрэглэхэд ямар ч аюулгүй бол баталгаажуулалт хэрэгтэй. Албан ёсоор баталгаажуулаад зарлан мэдээлдэг тогтолцоог төвийн бүсээс эхэлж хиймээр санагддаг. Энэ малчны ферм бруцеллезгүй гэж зарлавал тухайн суурийн бүтээгдэхүүний үнэ, хүмүүсийн итгэл нэмэгдэнэ. Тийм байдлаар баталгаажуулалтын тогтолцоо тун чухал.

Манай малын зарим эмч нарын дунд малын өвчин байхгүй бол бид ажилгүй болчихно гэсэн хэтрүүлэгтэй гэмээр яриа гарч байдаг. Тийм яриа хэллэг  хоцрогджээ. Орчин үед малд нь өвчин байвал эмчилж эдгэрүүлэх, халдвар байвал хорио хязгаарлалт, халдваргүйжүүлэлт, устгалын аргаар түүнийг арилгах ёстой. Шинэ халдвараас сэргийлж манай баг, сум, аймаг, улс өвчингүй, халдваргүй гэдгийг баталгаажуулж түүгээрээ бахархдаг, эмчийн нэр хүнд нь өсдөг, малчных нь малын мах, сүү, арьс ширнийх нь үнэ өсдөг,  борлуулалт ихэсдэг, орлого нь нэмэгддэг байх ёстой. Өвчний тандалтын дүн бол тэр тандалтын ажил хийсэн цаг үеийнх нь л үр дүн болохоор эмнэл зүйн үзлэгийн, цусны шинжилгээний тандалтыг нэг удаа хийчихээд орхичихно гэсэн ойлголт байж болохгүй. Тогтмол хугацаанд буюу зарим ажлыг улирал тутамд, заримыг жил тутамд хийгээд өвчингүй, халдваргүй  гэдгийг баталгаажуулдаг байх хэрэгтэй. Баг, сумынхаа малыг халдварт өвчин, халдвараас салгаж чаддаггүй, манай сумын мал эрүүл гэдгээ баталгаатай харуулж чаддаггүй малын эмч нар, бас малчид алс нь хамгийн орлого багатай, нэр хүндээр тааруу, бусдаасаа ичдэг зовдог нэгэн болох байх аа. Энд тэнд явж олон орны малын эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж байхад манай мал ийм тийм өвчинтэй гэж ярихаасаа илүү ийм өвчнийг ийм аргаар  ингэж устгаад одоо тэдэн жил өвчингүй, халдваргүй гэж бахархалтайгаар ярьдаг болчихсон байдаг шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Buy Cheap Cialis Pills Levitra Or Viagra Amoxicillin Reaction In Dogs

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

How To Get Astelin Nasal Spray cialis Alldaychemist Prescription Needed

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Viagra Generika Ohne Kreditkarte viagra Antibiotic Cephalexin Sweating

Chasadvito
2017 оны 8-р сарын 5

Amitriptyline No Rx Needed cialis Viagra Kaufen Aber Wo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *