Р.Содхүү, Л.Бямбасүрэн нарын суудал хэдэн амины үнэтэй вэ?

9-р сарын 19, 2012 10:04 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 1924

Б.ГАРЬД

 

Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүл хоёр до­лоо хоногийн өмнө НМХГ-ын дарга Л.Бям­басүрэнг огцруулах сана­лыг МХЕГ-ын дарга Р.Сод­хүүд илгээв. Учир нь энэ сарын 3-нд III эмнэл­гийн дэргэд баригдаж бай­сан барилгын зуурмагийн кран унан, 12 настай охи­ныг дарж, амийг нь авч одсон. Шалгаад үзэхнээ, уг барилга зөвшөөрөлгүй, дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаа­гүй байж. Шууд утгаараа, энэ бүхнийг таслан зог­соох ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага үүр­гээ гүйцэтгээгүйтэй холбоотой. Тиймээс хо­тын дарга НМХГ-ын дар­гад хариуцлага тооцохоор удирдлагад нь хандсан хэрэг.

Өнөөг хүртэл МХЕГ-ын дарга Р.Содхүү ямар нэг тушаал шийдвэр гар­гаж, ажилтандаа хариуц­лага тооцсонгүй, таг чиг. Л.Бямбасүрэн хатагтай ч өөрийгөө өмгөөлсөөр. Тэр “Бид торгодогоо торгосон, өөр яах байсан юм” хэ­мээн хэдэрлэж сууна.  Ха­рин энэ хооронд дахин хоёр ч хүний амийг яг дээрхтэй адилаар хөнөөж орхилоо. Есдүгээр сарын 7-нд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороооны нутагт байх УИХ-ын гишүүн Б.Чой­жилсүрэнгийн эзэмш­лийн “Хурд” груп­пийн захиалгаар барьж буй Рапид харшийн барилгын кран хугарч, кранист 26 настай С гэдэг залуу амь алдлаа. Мөн уржигдархан Тэнгис кинотеатрын урд баригдаж буй барилгаас  том төмөр унаж, өмнүүр нь алхаж явсан 25 настай залууг цохиж, амийг нь хөнөөв. Сонсоход дотор эвгүйцмээр мэдээ ийн шил шилээ даран гарав.

НМХГ-ын дарга Л.Бям­басүрэнг сан­дал­тай­гаа зууралдан гүрийж байх хэдхэн хоногийн до­тор гэсэн үг шүү дээ.

Ийм нөхцөлд эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн, “Эко констракшн”-ийн С.Нямдаваа, иргэн Бат­болд нарын барилга барих зөвшөөрөлтэй зөвшөөрөл­гүй, хууль зөрчсөн, үгүй талаар олон үг ярих нь илүүц биз. Ганцхан буруу­тан бий. Тэр нь энэ бүхэнд хяналт тавих үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын­хан. Өөрөөр хэлбэл, Мэр­гэжлийн хяналт гэдэг дам­пуурсан газрын  даварсан дарга, албан хаагчдаас болж эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг.

Чухамдаа Р.Содхүү Хотын даргын саналыг хүлээж аваад Л.Бямба­сүрэнг ажлаас нь халж,  мэргэжлийн хяналтынхан болоод холбогдох байгуул­лагууд гарч байгаа осол аваараас сургамж авч аюул­гүй байдал гэдэг юмыг анхаарч шалгасан бол дахиад хоёр хүний амь эрсдээ ч үү, үгүй ч үү.

Л.Бямбасүрэнгийн ту­хай элдэв яриа эртнээс яригдаж ирсэн нь нууц биш. Экс Шадар сайдын ангийн охин, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэл­баа­тарын  хамаатан гэсэн. Үүндээ дулдуйдсан Л.Бям­басүрэн гэдэг эмэгтэй хо­тын даргыг  загначихаад хаалгыг нь саваад гардаг байсан тухай яриа нэг бус удаа гарч байсан. Дамын үг дамжуургатай ч гэлээ оргүй хоосноос ийм яриа гарахгүй л болов уу. 

Л.Бямбасүрэн олон жи­лийн энэ албыг хашиж буй. Тэр хэмжээгээр Мэр­гэжлийн хяналтын бай­гууллагын дампууралтай холбоотой. Дампуурлын эхлэл ингэж хүний амиар яригдаж байна. Захын нэг байцаагч л шалгаж байгаа барилгаасаа орон сууц, эсвэл оффисын өрөөгөөр тохирчихдог “ханш” тогт­чихоод удаж байгааг мэ­дэхгүй хүн бараг байхгүй дээ.

Дээрээс нь Мэргэж­лийн хяналтын байгуул­лага гэж шахааны, чихээс­ний газар. Мэргэжлээрээ тэнцэхгүй халагдах ша­хаж байсан эрхмүүд, дарга сэтэртнүүдийн ил далд амраг, садан төрлүүдээр дүүрчихсэн. Энэ ажлыг хэмжээгүй хязгааргүй эрх мэдэл, их мөнгөний уур­хай гээд ойлгочихсон.

НМХГ-ын дарга Л.Бям­басүрэн хатагтайн ажил албаны цухас байдал ердөө л энэ.

Зөвхөн Л.Бямбасүрэн ч бус МХЕГ-ын дарга Р.Содхүү ч хариуцлага хүлээх учиртай. Мэргэж­лийн хяналтын байгуул­лагын иймэрхүү дүр төрх Р.Содхүүтэй зайлшгүй хол­боотой. Сэлэнгэд ажил­лаж байгаад УИХ-ын ги­шүүн болж, буцаад унас­наас нь хойш Монголын төр эрх мэдэл, албан ту­шаалыг хангалттай өгсөн. Гэхдээ Монголын төр, ард түмэн Р.Cодхүүд өртэй юм шиг л нам нь  нэг даргын суудлаас нөгөө рүү нисгэ­сээр өдий хүрсэн.  Монго­лын хөрөнгийн биржийн захирал, МХЕГ гээд нийг­мийн, эдийн засгийн гол агентлаг, газрыг хариу­цуул­саар ирсэн. Гэсэн ч Р.Содхүү энэ газрыг суга татаад босгоод ирсэн гэж дуулдаагүй нь чухам үнэн.

Уг нь 2002 онд Мэр­гэж­лийн хяналтын бай­гуул­лагыг яамдаас салган нэгтгэхдээ өнөөгийнх шиг ийм ирээдүй зөгнөөгүй л байлтай. Гэвч Ардын на­мын засаглалын үед  улс төрийн томилгоо болгон, шагнал хэлбэрээр дарга нарыг нь тавьж байсан нь өнөөдрийн энэ эмгэнэ­лийн суурийг тавьж ор­хижээ.

Өнөөдөр зөвхөн барил­га ч бус,  зам гүүрээс эхлээд бүхий л салбарын хяналт шалдаа буутал уна­сан гэж байгаа. Энэ бол Р.Содхүү, Л.Бямбасүрэн нарын “гавьяа”.

Зүй нь аль хэдэн жи­лийн өмнө л энэ эрхмүүд сандал ширээгээ суллаж, зайгаа тавьж өгөх ёстой байлаа. Гэвч улс төрийн албан тушаалтны, эсвэл төрийн албан хаагчийн ёс суртахууны тухай Р.Cод­хүү, Л.Бямбасүрэн нартай ярьсны ч хэрэггүй болол­той. Аль хэдийнээс хүний аминд тэгтлээ хүрч өнөө­гийнх шиг олны анхаарал татдаггүй ч дахин ажиллах боломжгүй болтлоо гэмт­дэг, эсвэл ашиглалтад хүлээж авсан барилга нь арван сар ч бололгүй нур­чих гээд суугчдаа айлгадаг явдал бараг хэвийн үзэг­дэл болсон байдаг.

Хотын төвийн замын хажуу, орон сууцны га­даах хүүхдийн тоглоомын талбайг шахаж, зам өргөт­гөх, цонхоороо нар харах аргагүй болтол барилга байшин бариулж, хот тө­лөв­лөлтийг устгасан нь тэдэнтэй яаж ийгээд л холбогдоно.

Гэхдээ энэ эрхмүүдийг Рапид харшийг барьж буй краны техникийн байдал бүрэн байсан уу, III эм­нэл­гийн баруун талын барилга барихыг зөвшөө­рөөгүй атал яагаад дол­дугаар давхар хүртлээ ямар ч хяналтгүй баригдаж байсныг, Тэнгис кино­театрын урд яагаад усан оргилуур биш орон сууц барьж байсантай холбон шалгахад л “но”-нууд нь хөврөөд гараад ирэх вий. За тэгээд, ганц нэг жи­лийн өмнөх “юм”-нууд руу нь жаахан өнгийвөл мөн ч их юм гарч ирэх нь тодорхой.

Зөвхөн энэ хоёр ч бус мэргэжлийн хяналтын бай­цаагч нэртэй энд тэнд­хийн баар, зоогийн газрын VIP-д уригдаж элдэв “шив­нээ” ярьж цаг нөх­цөөн, хор найруулж суудаг нөхдийг энэ албанаас зай­луулж, дээрээс нь  хариуц­лага хүлээлгэх учиртай. Мэргэжлийн хяналт гэдэг энэ байгууллагыг мэргэ­шүүлж, төрийн нэрийн өмнөөс хянаж шалгаж байгаа юм бол хянасан шиг хянадаг, шалгасан шиг шалгадаг болгохгүй бол болохоо больжээ гэд­гийг Мэргэжлийн хянал­тын асуудлыг мэдэлдээ авсан Шадар сайд Д.Тэр­бишдагва эрх биш анзаарсан гэдэгт найдъя.

Ийн Мэргэжлийн хяналтын газар хэмээх данхайсан бүтэцтэй, өч­нөөн их хөрөнгө мөнгөний төсөв зарлагадан, үйл ажил­лагаа явуулж буй энэ байгууллагын өнөөгийн төрх нэг иймэрхүү. Уг нь энэ газар улсын, төрийн өмнөөс хяналт тавьж, шал­галт хийх итгэл хү­лээсэн байгууллага. Гэвч Р.Содхүү, Л.Бямбасүрэн нар “Маньд хамаагүй, би тэр краныг унагачихсан биш” гэсэн үг унагаад хэнэггүй сууж байна. Тэд­ний суудал чухам хэдэн хүний амины үнэтэй вэ?.

Улаанбаатарын  иргэд  одоо нэг л  зүйлийг ярьж байна. Тэр нь өвөлдөө маск­тай, зун, намартаа  касктай амьдрахгүй  бол нийслэлдээ  амьд  явах  баталгаа  алдагд­сан тухай яриа. Бид  өглөө  гэрээсээ  гарахдаа  дээрээс юу унаж,  доошоо юунд  ойчих  бол  хэмээн айдас тээх  болов. Энэ нийслэлд  маань  дайн болоогүй ч,  алхам бүрт  үхлийн  аюул  гэтэж  байдаг болжээ.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Jelly Kamagra Paypal cialis Super Cialis On Line Venta De Viagra En Barcelona Cialis Schwul

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *