Р.Содхүү, Л.Бямбасүрэн хоёроо, өргөдлөө өг!

9-р сарын 6, 2012 9:58 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 241

Б.НЯМСҮРЭН

 

Зөвшөөрөлгүй барилга барьж байсан компанийн балгаар хичээлдээ очоод хөөрч явсан охин хорвоог орхиж, та бидэнтэй адил жирийн нэгэн иргэн эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байна.  Сонссон хүн бүр шимшрэн цочирдож, хөөрхий охины төлөө харуусан гашуудна. Харин харамсалтайгаар амиа алдсан охины үхэлд буруутан олдохгүй барил­гын компани, хотын за­хиргаа, мэргэжлийн хя­нал­тынхан бие бие рүүгээ чихсээр хоёр хонолоо.

Мэдээж зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Төгс гүрэн” компанийн­хан, цемент зуурагч машины помпыг дутуу угсарч, аюулгүй ажил­ла­гааг хангаагүй “Консалит” компанийнхан хариуцлага хүлээх нь тодорхой юм. Гэхдээ тэднээс илүүтэй­гээр, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа компанийг нүдээ анин өнгөрөөсөн Мэргэжлийн хяналтын газрынхан хаана, юу хийж байсан бэ гэсэн асуулт хариулт нэхэж байна.

Шуудхан хэлэхэд Мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлаа хийж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох талаар арга хэмжээ авсан бол охин өнөөдөр амьд байх байлаа. Гэвч балчир хүүхдийн амь хохирсны дараа л Мэргэжлийн хяналтын газрынхан ил гарч мэдэгдэл хийв. Гэхдээ өөрсдийгөө өмөөрч шүү. Тэд зөвшөөрөлгүй барилга барьж байгаа компанид мэдэгдэл өгсөн юм байх. Гэтэл нөгөө компани нь мэдэгдлийг үл тоомсорлоод ажлаа үргэлжлүүлсэн гэнэ. Харин том толгойтой барилгын компанийнхны өмнө хэтэрхий жижигдсэн Мэргэжлийн хяналтынхан гар хумхин хараад л суусан юм биз.

Энд тэндхийн дэлгүүр, үйлдвэр үйлчилгээний га­зар, баар ресторанынхныг дарамталж, лац ломбоороо айлгаж сурсан Мэргэж­лийн хяналтынхан барил­гын компаниудын өмнө гар нь мухардаж, өнөөх айлгадаг лац ломбоных нь ид шид алга болчихсон юм байх.

Уг нь Мэргэжлийн хя­налтын газар гэдэг сүржин нэртэй байгууллага төр төлөөлж, түмэн олонд үйлч­лэх ёстой үйлчилгээний газар. Гэвч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж цадиг­гүй аашилж, авлигын сүл­жээ, үүр уурхай болсон нь тэдний өнөөдрийн үнэн дүр төрх. Мэдээж Мэргэж­лийн хяналт гэдэг энэ байгуул­лагын дээвэр дор ажиллаж байгаа толгойтой бүхнийг муучлах гэсэнгүй. Гэхдээ л олон дунд муу нь цөөн байдаг бол Мэргэжлийн хяналтынхан дунд ажлаа хийдэг сайн нь цөөхөн гэлцдэг нь оргүй яриа биш.

Төрөөс Мэргэжлийн хяналтын газарт шалгах хянах, үйл ажиллагааг нь зогсоох гээд бүхий л эрх мэдлийг нь өгчихөөд бай­хад “Зөвшөөрөлгүй барил­га байна. Бидний мэдэл хүрдэггүй юм” гээд сууж байгаа нь хэтэрхий арчаа­гүй тайлбар биш үү.  Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн ийм л зүйл хэлээд сууж байна. “Тэ­рээр бид зөвшөөрлийг нь цуцлаад ч арга байдаггүй. Одоо л гэхэд хоёр ч зөвшөөрөлгүй барилга барьж байгаа” гэв. Арай л “Энэ бол байдаг л зүйл” гэж хэлчихсэнгүй.  Ерөн­хий газрынх нь даргын үг бүр ч элэг хөшөөм. “Гадны ажилтнуудтай барилгын компаниудтай харьцахад бэрхшээл ихтэй. Хэл нэвт­рэлцэхэд хүндрэлтэй бай­даг юм “ гэсэн марзан тайлбарыг Р.Содхүү дарга хэлж байна лээ.

Үүгээрээ тэд “Бид бу­руугүй шүү” хэмээн биеэ өмөөрч, гэмээ цайруулж байгаа юм.

Гэтэл яг үнэндээ “Төгс гүрэн” компанийг барил­гынхаа гуравдугаар давх­раа барьчихсан хойно л ажлаа “сайн мэддэг” Мэр­гэжлийн хяналтынхан  анх удаа мэдэж шалгасан бай­гаа юм. Тэгээд үйл ажил­лагаагаа зогсоо гэсэн мэ­дэгдэх хуудас өгөөд л орхи­чихсон. Харин мөнөөх ком­пани нь  өнөөх бичгийг хогийн сав руу хаячихаад ажлаа хийж байсан нь энэ. Эсвэл хэн нэгэн байцааг­чид нь хэдэн төгрөг атгуу­лаад өнгөрчихсөн биз. Уг нь мэдэгдэл өгсөн барилгын компани шаардлагыг нь зөрчвөл Мэргэжлийн хя­налтын газар шүүхэд хү­сэлт гаргаж, үйл ажилла­гааг нь зогсоолгох бүрэн эрхтэй. Харин яагаад ч юм манай өр зөөлөн сэтгэлтэй мэргэжлийн хяналтынхан дөрвөн сарын турш тэр компанийг өршөөж, шүү­хэд хандалгүй байсаар эцэст нь дээрх эмгэнэлт хэрэг болсон юм. Чухам ямар шалтгаанаар Мэр­гэж­лийн хяналтын хатуу  чанд байцаагч нар тус компанид ийм ивээнгүй сайхан сэтгэлээр хандах болсныг Авлигатай тэмцэх газрынхан анхааралдаа авахад гэмгүй л байх.

Муу муудаа дээрэлхүү гэгчээр төрийн нэр барьж хэдэн үйлчилгээний газ­руудад том дуугарч, айл­гахаас биш төрийн хуулийг уландаа гишгэсэн том тол­гойтой барилгын компани, авто замын компаниудыг хараагүй юм шиг өнгөрдөг нь Мэргэжлийн хянал­тынх­ны гэм биш зан. Хам­гийн их авлигад идэгдсэн байгууллагаар Мэргэж­лийн хяналт тэргүүлдэг нь ч нэгэнт ил болсон билээ.

Яагаад Мэргэжлийн хяналтынхныг чичлэн бу­руутгаж, хатуу үг хайр найргүй бичиж байгааг уншигч авхай та болгоох биз. Яагаад гэвэл бид бүг­дээ­рээ үр хүүхэдтэй, ээж аавууд. Гэтэл ээж­тэйгээ, эгчтэйгээ хамт гудамжаар алхаж явсан жаахан охин хариуцлага­гүй барилгын компанийн балгаар, ажлаа хийдэггүй мэргэжлийн хяналтынхны гайгаар алтан амиа алд­чихаад байна.

Мэргэжлийн хянал­тын ажлаа хийгээгүй, зөв­шөөрөлгүй барилгын компаниас болж хүний амь хохирсон явдал ганц энэ биш.

Хэдхэн сарын өмнө Нүхтэд зөвшөөрөлгүй ба­ригдаж байсан барилгад даруулж, нэгэн гэр бү­лийнхэн хорвоог үүрд ор­хисон хэрэг ч хуучраагүй байна.

Хэрэв Мэргэжлийн хяналтын газрын “мануу­хай”-нууд ажлаа хийж байсан бол, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалуулах үүрэгтэй том сэтэртэй байцаагч нар хариуцлага ярьдаг шигээ үүргээ биелүүлсэн бол хөөрхий охин өнөөдөр ээж аавынхаа энгэрт эрхлээд сууж байх байсан. Хэрэв  “Төгс гүрэн” компани зөвшөөрөлгүй эхлүүлсэн ажлаа хуулийн дагуу зог­соосон бол миний, таны аав шиг хүн үхэх сэхэ­хийн даваанд биш үр хүүх­дээ тойруулан налайж суух байлаа.

Хэрэв  цемент “Конса­лит” зуураг­чаа түрээслүүл­сэн компа­ни хэдэн халтар төгрөг олохыгоо илүүд үзэл­гүй, эрдэнэт хүний алтан амь эрсдэх вий гэж болгоомж­лон аюулгүй байдлыг хан­гаад зуурагчаа гүйцэд уг­сарчих­сан бол 12 настай охины алтан амь үрэгдэж, машин­тайгаа дэргэдүүр нь өнгөрч явсан настан тар­хиндаа хүнд гэмтэл авахгүй байв.

Гэтэл энэ бүхнийг ухам­сарлахын оронд Л.Бямба­сүрэн дарга хариуцлагаас зугтаж, хаалгаа түгжин хаа­шаа ч юм алга болчи­хож. Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын газрын дар­гатай хариуцлага тооцохоор дуудтал тэрээр тамгаа аваад зугтчихсан гэнэ.

Жишим ч үгүй өөрий­гөө, авлигад идэгдсэн ажилч­даа өмөөрч, ширээ­нийхээ булангаас зуурал­даж суугаа Л.Бямбасүрэн та эх хүн үү. Мэргэжлийн хяналтын газрыг хувийн компани шигээ захирдаг Г.Содхүү та эцэг хүн мөн үү. Тэр тусмаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газ­рын дарга Л.Бямбасүрэн та үрээ алдсан тэр бүсгүйтэй адил эх хүн. Төрүүлсэн үрээ харамсалтайгаар алдсан хөөрхий охины ээжид ямар­хан байгааг та ойлгох ёстой. Гэвч “Бидэнд эрх нь байдаггүй юм” гэж өмөөрч, албан тушаалаасаа огц­рохгүй хэмээн зугтаж бай­гаа танд Мэргэжлийн хя­налтын газрыг удирдаж суух байтугай төрийн ал­банд ажиллах ёс сурта­хууны эрх ч  алга. “Шүүх буруутныг тогтооно биз” гэж та хэнэггүйгээр хэлсэн байна билээ. Мэдээж шүүх буруутныг тогтооно, буруу­тай бүхэн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гэх­дээ хуулиас өмнө хүлээх ёс суртахууны, хүн ёсны хариуцлага гэж байх ёстой. Тэр тусмаа эх хүн, эмэгтэй хүний хувиар та хамгийн түрүүнд хариуцлагаа ухам­сарлаж, өргөдлөө өг. Нийс­лэлийн мэргэжлийн Хя­налтын газрын дарга Л.Бям­басүрэн та хариуц­лагаа хүлээгээд огцор. “Хэл нэвтрэлцэхгүй юм билээ” гээд хээв нэг зураг­таар ярьж суугаа Мэргэж­лийн хяналтын Ерөнхий газрын дарга Р.Содхүү та хүсэлтээрээ ажлаа өг.

Тэглээ гээд нэгэнт одсон хүний үр ээж аавдаа эргээд ирэхгүй ч гэлээ энэ эмгэнэлт явдлын уй гунигийг зөөллөхөд жаахан ч гэсэн дэм болно гэдэгт итгэж байна. Монголын иргэд хариуцлагаа ухам­сар­лаж ажлаа өгдөг Япо­ны сайд нарт талархаж, япончуудад цагаахан атаарх­даг цаг ард үлдэж хариуцлага гэдэг үг албан тушаалтнуудын амнаас гардаг бус ажил болж хэ­рэгждэг цаг эхэллээ гэж бага ч гэсэн найдъя.

Энэ дашрамд үзэг нэгт нөхдөдөө ч хэлэх цөөн үг байна. Эмгэнэлт үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байна гээд амь үрэгдсэн охины нүд хальтрам зургийг ямар олон телевиз, цахим хуу­даст дэлгэц дүүрэн харуулна вэ.

Сэтгүүл зүйд ёс зүй гэж бий. Тэр тусмаа сэтгүүл зүй хүүхдэд илүү энэрэнгүй, хүндэтгэлтэй хандах ёстой. Харуусалт хэргийн хохирогч болсон тэр жаахан хүүхэд та бидний охин, дүүтэй л адил хүүхэд шүү дээ.

Ямар ч хүн үр хүүхэд, дүүгийнхээ цусанд будагдсан зургийг олонд харуулж, түүнийг нь орон даяар үзүүлэхийг тэвчинэ гэж үү. Тэр жаахан охины зургийг харуулснаараа бид элэг нь эмтрэн байгаа гэр бүлд нь тохиосон уй гашууг нимгэлэх бус улам нэмж байгаа санагдана.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Il Cialis E Mutuabile Cialis Lilly Gmbh cialis Boots Erectile Dysfunction Metronidazole Pills Online Cheapest Levitra?Prices

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *