Р.Отгон: Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна

1-р сарын 10, 2018 9:05 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 57
1-10-5х

Ц.БАЯР

Зууны мэдээ” сонины “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Мах импэкс” компанийн Хиам консервийн үйлдвэрийн ерөнхий технологич Р.Отгоныг урьж ярилцлаа.

Мах импэкс” компани 1946 оноос хойш 71 тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй гэдгээрээ үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг. Компа­нийнхаа үүсэл, хөгжлийн тухай яриагаа эхлэх үү?

-“Мах импэкс” компани 1946 онд “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Малаа үйлдвэрийн аргаар нядалж, Улаанбаатар хотын иргэдийг махаар хангах зорилготой байгуулагдаж байсан юм. Үүнээс хойш 1968 онд өргөтгөл хийгдэж Хиам консервийн үйлдвэр байгуулагдсанаар өнөөдөр   9600 бог, 480 бод, 300 гахай нядлах хүчин чадалтай мал нядалгааны үйлдвэр, 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай хөргөх үйлдвэр ашиглалтад оруулж байсан түүхтэй. Мөн өдөртөө арван тонн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай Хиам консервийн үйлдвэр байгуулагдаж хотын хүн амын хэрэгцээнд гаргаж байсан юм. Түүхий эд болох мал, махаа өөрийн бэлтгэн нийлүүлэгчдээс малыг худалдаж аваад үйлдвэрт нядалж, хөргөх үйлдвэрт хөргөөд хиам консервийн үйлдвэрт шилжүүлдэг. Герман улсын техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өөрийн гэсэн лабораторитой. Үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний хими, физикийн шинжилгээг хийдэг.

Хиам консервийн үйлдвэр байгуулагдсанаар Улаанбаатар хотын иргэд хиам, хиаман бүтээгдэхүүнийг хэрэглэх эхлэл тавигдсан. Тэгвэл энэ үйлдвэрлэлийн маань хөгжлийн чиг хандлага ямар байна вэ, цаашид хэрхэн хөгжих бол?

-Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ амт чанарт илүү анхаарч хиаманд орж байгаа түүхий эд, амтлагч, жор зэргийг Герман улсын Могунция компаниас гэрээний дагуу авдаг. Гахайн мах, гахайн өөхийг Польш улсаас оруулж ирдэг. Ер нь, манайд ашиглаж байгаа жор, амтлагч, бүрхэвч гээд хиаманд ордог бүхий л түүхий эдүүд олон улсын стандартыг хангасан байдаг юм. Мэдээж хиамны гол түүхий эд болох махаа, малчдаасаа худалдаж авдаг. Үйлдвэрийн тухайд гэвэл 2007 онд техникийн шинэчлэл бүрэн хийсэн. Европт алдартай, нэр хүндтэй компаниудын техник тоног төхөөрөмжүүдийг суурьлуулсан. Монголд ажиллаж байгаа махны үйлдвэрүүдээс хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр гэвэл яах аргагүй “Мах импэкс” компани. Европын орнуудад ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийг бид ашиглаж байгаа гэсэн үг. Утлагат хиамыг утаж байгаа мод нь гэхэд Германаас оруулж ирсэн алимны мод байх жишээтэй. Хиам баруун европ, тэр тусмаа Герман улсаас анх үүсэлтэй гэдэг.  Япон, Солонгост хиамны үйлдвэртэй танилцахад  Германд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашигладаг. Тэгэхээр олон зуун жилээр хиам, хиаман бүтээгдэхүүнийг хэрэглээд ирсэн улс орнуудын технологийг ашиглахаас өөр аргагүй.

Зах зээлд борлуулагдаж байгаа хиамнуудаас  “Берлин” брэндийн хиамнууд яах аргагүй анхаарал татдаг л даа. Сав баглаа боодлын хувьд ч тэр, хэрэглээ талаас нь ч харсан илүү хялбар болсон юм болов уу гэж анзаарагддаг?

– “Берлин” брэндийг зах зээлд гаргаад жил гаруй болж байна . Энэ бүтээгдэхүүний нэг онцлог нь Монголд төдийгүй Ази тивд анх нэвтрүүлсэн хэрчиж савлах машиныг ашиглаж байгаа юм. Мөн технологийн хувьд нүүрс хүчлийн хийг ашиглан савладгаараа онцлогтой. Нийгэм хурдтай хөгжиж байгаа энэ үед хүмүүсийн цаг зав ч дутмаг болсон. Тиймээс цаг завгүй хүмүүс хиам аваад зүсэх гэж цаг алдах биш, бэлэн зүссэн хиам аваад хэрэглэх нь өнөөгийн завгүй амьдралтай нийцэж байгаа юм. Дэлхийн чиг хандлага ч ийм л байдал руу явж байгаа. “Берлин” брэндийн  тухайд тахианы цээж махан, гахайн гуяны махтай гэж хоёр төрөлтэй. Энэ  нь өөх тос агуулаагүйгээрээ онцлогтой. Жингийн зохицуулалт хийж байгаа хүмүүст илүү хэрэглэхэд тохиромжтой гэж хэлж болно. Мөн уламжлалт түүхий эдийг оруулсан бүтээгдэхүүн  зүрхтэй хиамыг онцолж ярихад зүрх бол махтай ойролцоо, нөгөө талаараа B-гийн төрлийн витамин агуулсан байдаг.

Цаашдаа   хиамыг  хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар байх савалгаа руу шилжинэ гэсэн үг үү?

-Хиамны савлагаа бүрхэвчтэй ч байна, савлагаатай ч байна. Европт ч тэр, ОХУ-д ч тэр бүрхэвчтэй болон  савласан хиам ч байдаг. Тэгэхээр савлагаа хосолмол байдалтай л байх болов уу. Тодорхой хувь нь л ийм байдал руу шилжинэ. Гэхдээ бүтээгдэхүүнүүдийн савлагаа өөрчлөгдөж байна. Тухайлбал, нөө­шилсөн махан бүтээгдэхүүний савлагаа өөрч­лөгдөж байгаа.  Хуучин лаазанд байсан бол өнөөдөр арай өөр сав­лагаатай болсон.  Энэ нь техник, тоног төхөө­рөмжийн хувьсалыг дагаад өөрчлөгдөж байгаа юм.

Бүтээгдэхүүний өнгө төрх яаж өөрчлөгдөж байна вэ?

-Биднийг хүүхэд байхад  долоон төгрөг 20 мөнгөний хиам гэж байсан. Энэ хиам нь өнөөгийн бидний үйлдвэрлэж байгаа Аялал хиам шүү дээ. Бидний нэрлэж заншсан долоо хорийн хиаманд хонины сүүл, хар перц, элсэн чихэр, сармис зэргийн амтлагч ордог байлаа. Одоо бол хонины мах, гахайн өөхийг хийж байна. Амтлагчийн хувьд “Могунция” фирмийн амтлагч ашиглаж байгаа.

Танайх мах экспортод гаргаж байна уу. Хуучин бол ОХУ руу маш их хэмжээний мах экспортод гаргадаг байсан шүү дээ?

-Японд адууны мах, Ойрхи дорно руу хонины мах, ОХУ-руу мах экспортод гардаг байсан. Нэг хэсэг экспорт хийхэд хүндрэл их байлаа. Харин сүүлийн жилүүдэд манай компани экспорт хийж эхэлсэн. Тухайлбал, Исламын бүгд найрамдах Иран улс руу төлөгний мах экспортлож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх махны экспортыг нэмэгдүүлнэ гэдгээ хэлсэн. Цаашид экспортын хэмжээ нэмэгдэнэ байх. Гадаадынханы  хувьд Монгол малын махыг худалдаж авах сонирхол их.  Бэлчээрээсээ 600 гаруй нэр төрлийн эмийн ургамал иддэг малын мах амттай гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр мах авахыг хүсч байгаа тухайн улсын стандартад нийцүүлэн, малын махыг үйлдвэрийн орчинд нядалж, нэмүү өртөг шингээж гаргах нь бидний зорилго юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 5-р сарын 30

Is Cephalexin A Viral Infection Albuterol Inhaler Without A Script Acheter Nizagara online pharmacy Amoxicillin Or Antibiotic And Later Pain Find Finasteride Best Website Is Kamagra Legal

Ellgync
2018 оны 6-р сарын 6

Nexium cheapest cialis On line isotretinoin Presidone On Line Buy Silagra Uk

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *