Р.Нямдорж: Бөхийн цол хүртээхэд шударга байхыг бид эрхэмлэдэг

7-р сарын 5, 2013 11:44 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 646
Наадам болоход ердөө тавхан хоног үлдлээ. Энэ үед Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой уулзаж ярилцлаа.

Д.ЦЭРЭННАДМИД

 

Наадам болоход ердөө тавхан хоног үлдлээ. Энэ үед Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой уулзаж ярилцлаа.

 

-Наадам хаяанд ирлээ. Тантай уулзсаны учир бөх ярих зорилготой ирлээ. Иймээс ярианыхаа оршил болгож Монголын Үндэсний бөхийн холбооны өнгөрсөн жилүүдийн хийсэн онцлог ажлаас сонирхмоор байна?

-МҮБХ 1990 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан гэдэг чинь одоо ярихад түүх болжээ. Тэрнээс хойш үйл ажиллагаагаа жилээс жилд тогтмолжуулж ирсэн. 2010 онд Монгол үндэсний бөхийн “Их эе“ хуралдсан. Уг хурлын үеэр “Монгол бөхийн 45 шинэ зүйл” гэсэн ном гаргасан. Уг номд МҮБХ байгуулагдсанаас хойшхи 20 жилд чухам юу бүтээснийг тайлагнасан.

45 шинэ зүйл хийсэн гэж байгаа. Тэр дотроос олон түмний нүдэнд ил байдаг нь Монгол бөхийн өргөө. Бас бөхчүүдийг цолны таних тэмдэгтэй, малгайг нь залаатай болгосон. Дээрх нь 45-аас дээш насны бөхчүүд цолны хишиг хүртдэг болсон зэрэг олон шинэ юм бий.

-МҮБХ-ны хөгжлийг тодорхой үе шатанд авч үздэг гэж дуулсан санагдана.

-Тийм ээ. Хөгжлийн тодорхой үе шатууд бий. Тухайлбал, 2002 он хүртэл бүтээн байгуулалт, шинэ юм хийх ажил эрчимтэй байсан үе байв. Энэ үед МҮБХ-ны ажил олон түмний анхаарлын төвд байж чадсан. Үүний дараа 1999 оны эхээр Монгол бөхийн өргөө ашиглалтад орж түүнийг хэн эзэмших тухайд сонирхлын бүлгүүд гарч ирсэн.

Та бүхэн санаж байгаа байх. Газаар зэвсэглэсэн, нохой хөтөлсөн нөхөд манайх руу дайрч байсан шүү дээ. Гэхдээ тэр нь маргаан тэмцэл байсан ч гэлээ МҮБХ-г бэхжихэд тус болсон гэж боддог.

2010 оны “Их эе”-ээр дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжиж ирлээ. Тодруулж хэлбэл Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Геннисийн номонд бүртгүүлэх том ажлыг 2011 онд амжууллаа. БНХАУ өмнө нь 2048 бөх барилдуулж амжилт гэж бүртгүүлсэн байв. Бид 4096 бөх бөх барилдуулахыг зорьсон бол бөхдөө хайртай түмэн, бөхчүүдийнхээ дэмжлэгээр 6016 бөх барилдуулж жинхэнэ дээд амжилт тогтоон Геннист бүртгүүлж чадлаа.

Нөгөө талаар Монгол бөхийн онолын талын судалгааг шинэ төвшинд гаргахын төлөө ажиллалаа. Үүний дүнд 2013 онд “Монгол бөхийн нэвтэрхий толь” гэдэг томоохон бүтээл гаргалаа. Энэ нь ач холбогдлоороо Монгол бөхийн өргөөг бий болгосонтой дүйцэхүйц, түүнээс хувь илүү ажил юм.

Ер нь 2011 оноос өмнөх ажил, бүтээсэн зүйлүүд монгол бөхийн практик тал нь байсан. Тэгвэл 2012 оноос бөхийн онол, шинжлэх ухааны чанартай ажлыг амжуулж байна.

-Бөхийн нэвтэрхий толь гэгчийг гаргаснаар ач холбогдол нь юу байхыг та тодруулж ярина уу?

-Энэ бүтээлийг гаргаснаар олон түмэн монгол бөхийн дотоод мөн чанарыг мэдэж болно. Монгол бөхийн шинэчлэл гэж чухам юу юм бэ гэдгийг энд тодорхой оруулж байгаа. Бөхийн хувьд нэг түвэгтэй юм цолны маргаан байлаа. Яагаад гэхээр баяр наадмын зургаа, наймын даваанд онцгойлон цол өгдөггүй нь түвэгтэй асуудал байсан юм. Тухайлбал гурван удаа зургаа давсан бөх, нэг удаа тав давсан бөхтэй адил начин цолтой байдаг. Үүнийг шударгаар авч үзвэл тухайн хоёр бөхийн амжилт хол ялгаатай байв.

Энэ байдлыг өөрчлөхөөр би холбооны тэргүүний хувьд саналаа дэвшүүлж илүү амжилттай бөх илүү цолтой, илүү эрхтэй байх тогтолцоог бүрдүүлсэн. Зургаа, найм давсан бөхөд харцага, гарьд цол олгодог болов. Бас нэг удаа тав давсан бөхөөс цаг хугацааны хамааралгүйгээр хоёр удаа тав давсан бөх түрүүлж ам авах жишээг хэлж болно.

Энэ бол монгол бөхөд хийсэн онцгой өөрчлөлт. Чухам ямар ач холбогдолтой вэ гэвэл бөхийг шударга болгосон, үзэгчтэй болгосон, маргаантай асуудлыг зогсоож чадсан юм.

Дээр нь тухайн үед монгол бөхөд нүүрлээд байсан найрааг багасгасан. Найраа бодитой байгаа гэдгийг өнөөдөр алдар цолтой бөхчүүд, бөхийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг л дөө. Тэгвэл зургаа, наймын давааг цолжуулснаар бидний судалгаа, ойлголтоор найраа 80 хувь багассан гэж болно.

Цаашид үлдсэн 20 хувийг эзлэх найрааг үгүй хийх зорилготой байна.

-Бөхийн цол олгоход бас маргаантай асуудал байх шиг санагддаг?

-Цол олгох хоёр арга хэлбэр байдаг. Нэг нь дүйцүүлэх хэлбэр байв. Энэ хэлбэрийг манай улсад хэрэглэж байсан үе бий л дээ. Тухайлбал гурван удаа зургаа давсан бөхийг долоо давсантай дүйцүүлж заан, гурван удаа тав давсан хүнд харцага цол өгчих гэх мэт жишээ байлаа л даа. Гэтэл энэ нь өнөө үед тохирох ч үгүй, одоогийн мөрдөж байгаа дүрэм журамд тусгагдаагүй асуудал.

Тэгэхээр бидний одоо баримталж буй бодлого бол цол бүхэн босго даваатай байх. Тэр босгыг давсан бөх л цол хүртэх зарчим үйлчилж байна.

Дүйцүүлж цол олгохыг дэмжиж бидэнтэй маргаж байгаа нөхөд бурууг зөв гэж зүтгэж байгаа юм. Дүйцүүлж цол олгоё гэтэл замд нь болдоггүй юм зөндөө. Өөрөөр хэлбэл, гурван удаа тав давсан хүнийг нэг удаа зургаа давсан хүнтэй дүйцүүлэх юм бол гурван удаа дөрөв давсан хүнийг тав давж начны болзол хангалаа гэж үзэх болж таарахнээ. Бас зургаан удаа тав давсан хүнийг хоёр удаа зургаа давсан гэх болж байна уу. Ийм хачин тооцоо гарч ирнэ л дээ. Үүний нэг жишээнд сая УИХ-ын нэр бүхий гишүүдийн Үндэсний баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах заалтад улсын наадамд гурван удаа үзүүрлэсэн арслан цолтонд аварга цол өгөх тухай санал орж байна.

Тэгвэл монгол бөхийн үийн үед уламжилж ирсэн дэгээр бол түрүүлсэн бөх л аварга цол хүртдэг. Энэ нь аварга цолны нэр хүндийг өндөрт өргөж байгаа хэрэг. Ер нь цолтой бөхийн нэр хүнд өндөр байхаас монгол бөхийн нэр хүнд ямар байх нь шалтгаална.

Монгол бөх соёлын өв, уламжлалыг хадгалж ирсэн, хадгалсаар ч байна. Гэтэл үүнийг өнгөцхөнөөр зөвхөн хоёр хүний ноцолдоон тэмцэл мэт ойлгож хэн ямар цол авах нь үзэмж төдий гэж үзэх юм бол үндэсний өв соёл үгүйрэх аюул бий. Үүнийг хаа хаанаа анхаармаар байна.

-Үүнээс үүдээд асуухад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Г.Батхүү нарын санаачлаад байгаа хуулийн төсөлд тусгасан бөхийн цолыг дүйцүүлэх аргаар олгох саналын талаар та юу хэлмээр байна вэ?

-Биднээс албан ёсны санал аваагүй л юм. Гэтэл хуулийн төсөл хийгээд батлуулна гэж шамдаж байгаа нь төр, засгийн зүгээс хүчирхийлж буйн шинж юм. Угаас өнөөгийн төрд байгаа нэг алдаа бол аль ч салбарт мэргэжлийн хүний үгийг сонсохоо байсан явдал гэж болно. Хорь гаруй жил бөхийн төлөө юм бодож, тэр амьдрал дунд хатаагдаж яваа хэдэн хүнээс тэр УИХ-ын танхимд сууж байгаа нэг гишүүн, нэг сайд илүү мэдлэгтэй байх юм гэж юу байхав. Санаачилсан хуулийн төслийн алдаа оноо нь тэр утга санааг илэрхийлж байна л даа. Эрхмүүдийн санаачилсан хуульд бөхийн цол хүртээх талын санал илт буруу.

-Өмнөх жилүүд онцгой том ойн жил, энэ тэр даншиг гээд л бөхөд цол хүртээж байсан удаа бий санагдана.

-Тийм л дээ. Үүнийг бид шинэ хууль, дүрмээрээ өөрчилсөн. Онцгой ой, жил гээд долоо давсан хүнд арслан өгчихөөд, жирийн ойн жил долоо давсан бөхөд заан цол өгч байсан үе бий. Энэ бол тухайн үеийн хууль, дүрэм тийм байлаа. Гэвч адилхан амжилт гаргасан хүнд хоёр өөр цол өгнө гэдэг утгагүй биз дээ. Буруу юм бурууг л дагуулдаг. Усыг гольдрилоор нь биш газрын өөд урсгаж болдоггүй шүү дээ. Үүнтэй адил хууль, дүрмийн чанд заалт байхад түүнийг гажуудуулах нь үүнтэй адил явдал болно.

Бөхийн жаргал, зовлонг мэдэхгүй хүмүүс зөв юм төлөвлөхгүй нь мэдээж. Цаана нь хэн нэгэнд цол олгох лобби ч байгаа нь тодорхой. Төр, засгийнхан доошоо элдэв асуудалд хутгалдаад холион бантан хийгээд байх нь дэмий гэдгийг давтан хэлье.

Монгол бөх одоогоос 8000-аад жилийн өмнө байж л байсан түүх бий. Өнгөрсөн урт хугацаанд бөх олон харгис бодлого, явуулгыг дамжсан ч мөн чанараа алдаагүй өдий хүрсэн нь монгол түмний оюун санааны бүтээлийг хамаагүй өөрчилж болохгүй, уламжлалыг нь алдагдуулахгүй байх том соёл гэдийг харуулж байгаа юм.

Тиймээс МҮБХ Монгол Улс хүчтэй, өөрийн гэсэн өв соёлтойгоо байхын тулд бөхөө ард түмний зан заншил, уламжлалт үйлд түшиглэн хөгжүүлэхийн төлөө явж ирсэн. Цаашид ч энэ чиглэлээ барина. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд монгол бөхөд сэтгэлтэй хэдэн хүн МҮБХ-г байгуулж бөхийн төлөө зүтгэж, тэмцэж ирээгүй бол өнөөдөр монгол бөх ямар байхыг төсөөлөхөд бэрх санагддаг.

-Бөхчүүдийн зохисгүй авирлал, сахилгын асуудлаар МҮБХ сүүлийн үед зарим арга хэмжээ авч, зохих зэм хүртээж байгаад олон түмэн талархалтай ханддаг юм билээ.

-МҮБХ-ны дүрэм, монгол бөхийн барилдааны дүрэм гэж байдаг. Эдгээр дүрэмд барилдааны үед гарч байгаа алив зөрчилд ямар ага хэмжээ авахыг тодорхой заасан байгаа. Учраа бөхөө цохьдог, алгаддаг, өшиглөдөг, тийрдэг, тахимаа буруу өгдөг элдэв зөрчил мунддаггүй. Тэгэхээр МҮБХ дүрмийнхээ заалтыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед авч байгаа арга хэмжээ нэлээд бий. Урьд нь дүрмээ барих гэхээр олон түмэн хүлээн авдаггүй үе байсан л даа. Яагаад гэхээр үзэгч түмэн барилдаанаа л үзэхээс бөх ямар ёс суртахуунтай соёлтой байх нь хамаагүй мэт ойлгодог байлаа. Одоо бол өөр болсоон.

-Ингээд бодоход хүн бүр л бөх мэднэ гэх боловч мөн чанарыг нь дутуу ойлгодог гэж та хэлээд байна даа?

-Яг тийм. Олон түмэн чинь бөх гэхээр барилддаг хүнийг, нэг бол барилдааныг гэж ойлгодог. Тэгвэл бөх, барилдаан, дүрэм, дэг жаяг зохион байгуулах баг, үзэгч гэсэн цогц ойлголтын нэгдлийг бөх гэж хэлж байгаа юм. Энэ тухай бид одоо гаргах гэж байгаа “Монгол бөхийн нэвтэрхий толь” номондоо онолын талаас нь тодорхой тайлбарлаж байна.

Тэр бөх бүрдүүлэгч таван хүчин зүйлийн аль нэгийг хасчих юм бол ойлголт нь доголдоно. Жишээлбэл, хамгийн сүүлчийн үзэгч гэдгийг хаслаа гэхэд бөхийн барилдаан огт хоосон зааланд болоод байх нь ээ. Барилдагч хоёрт ч ард түмэндээ бөхийн гайхамшгийг үзүүлчих чин эрмэлзэл гэж байхгүй, орлого олох ч аргагүй болчихно. Энэ мэтээр таван хүчин зүйлийн нэг нь байхгүй бол монгол бөх эс оршино шүү дээ. Ингэхлээр бөх өөрөө амилахгүй гэсэн үг. Ер нь үзэгчгүй бол тухайн спортын төрөл аяндаа устдаг жамтай.

Дэлхийн даяаршилд улс орон бүхэн өндөр барилгатай, хар замтай, онгоц пуужинтай байж болно. Харин улс гэр дэлхийн бусад түмнээс ялгагдах өөрийн гэсэн соёлтой урлагтай, хэл яриатай байж гэмээ нь оршин байх үндэс нь бүрдэнэ. Монголын хувьд үндэсний бөх нэг тулгуур багана нь.

-Ноднин Дундговийн наадам гэж нэг сүрхий холион бантантай наадам болсон. Тэр тухай хэрүүл маргаан сүүлийн үед сэргээд байна уу даа?

-Тэр наадмын талаар олон хүн МҮБХ-нд дургүйцлээ илэрхийлсэн. Биеэр, бичгээр олон арван хүн манайд хандаж тийм бусармаг байдлыг таслан зогсоогооч  гэж шаардсан. Тэр дагуу бид бодит баримт, материалд түшиглэн судалж дүгнээд зохих шийдвэрээ гаргасан юм. Дундговийн наадмын эхний том зөрчил нь 512 бөх барилдуулсан явдал. Үндэсний баяр наадмын хуульд аймгийн наадмаар 128, 256 бөх барилдуулна гэсэн чанд заалт бий. Энэ хоёр тооноос гажиж болохгүй. Бөх сондгойруулж бас болохгүй. Гэтэл тэр наадмын бөх нь 512 ч хүрээгүй юм билээ. Тэгээд их шөвөгт үлдсэн бөх 17 болж сондгойрсон.

Хоёрдугаарт бөхийн оноолт ч огт буруу. Дөрвийн давааны оноолтыг харахад зүүний манлайд гарах улсын цолтонтой аймгийн арслан хүн тааруулсан байсан. Гэтэл цаана нь сумын цолтон бас залуу бөх ч байх жишээтэй. Энэ нь монгол бөхийн уламжлалт ёс, дэг жаяг, дүрэм журмыг жинхнээр нь гутаасан явдал байлаа. Барилдааны явцад найраа зонхилж нэг хүн түрүүлүүлээд түүндээ хурц арслан цол олголоо гэсэн байв. Тиймээс бөхийн холбоо ямар шийдвэр гаргасан бэ гэвэл хуулийн ийм заалтыг тэгж зөрчжээ гэдэг тодорхой дүгнэлтийн дүнд эндээс цол авсан бөхчүүдийн цолыг МҮБХ бөхийн эрэмбэд оруулж хүчинтэйд тооцохгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Гэтэл сүүлийн үед зарим сайд, дарга тэргүүтэй хүмүүс зөв болгох гэж мугуйдалж байна. Хурал мурал ч хийсэн дуулдана лээ. Тэд юу гэж байна гэвэл уг наадам хууль зөрчсөн юм уу, үгүй юү гэж анзаарахын оронд аймгийн Засаг даргын захирамжийг төрийн бус байгууллага хүчингүй болгох эрхгүй гэж мушгиж байгаа юм. Хэрэв хүчээр тэр наадмыг хүчинтэй гэж үзэх юм бол ард түмнийг доромжилж, бөх гэдэг нандин өв соёлоо гутаасан хэрэг болно.

Нөгөө талаар аймгийн Засаг дарга төрийн ажил хийж байгаа юм бол  хууль хамгаалах, хэрэгжүүлэх үүргээ биелүүлж адаглаад Үндэсний баяр наадмыг аймагт тэмдэглэхдээ 128, 256 бөх барилдуулна гэсэн учир 512 бөх байж болохгүй. Иймээс бөхийн цолыг баталгаажуулахгүй гэсэн байх учиртай. Энэ бүхнийг харгалзан уг асуудалд шинэчлэлийн Засгийн газар тун ухаалаг хандаасай билээ.

-Тэгвэл энэ жил таван аймаг 90 жилийн ойтой. Мөн л 512 бөх барилдуулаад цол олгоод эхлэх юм биш байгаа даа?

-Мэдэшгүй л юм. Хэрэв Дундговийн асуудлыг эрх мэдлээ ашигласан хүмүүс хүчинтэй гээд шийдчих юм бол том ойтой аймгууд 512 бөх барилдуулж найраагаа хийгээд, цолоо өгөөд байх үүд хаалга нээгдэнэ. Буруу шийдвэр буруу үр дагавартай байдаг шүү дээ. Тиймээс би энэ дашрамд 90 жилийн ойтой аймгийнханд 128 юм уу, 256 бөхөөс өөр тооны бөх барилдуулах хууль зүйн үндэслэл, боломж байхгүй шүү. Бас дөрвийн давааг заавал цолны эрэмбээр хийсэн оноолтоор барилдуулах ёстой гэдгийг сануулъя.

Архангай аймгийн удирдах хүмүүс нэг зөв санаа дэвшүүлсэн байна лээ. Аймгийн баяр наадмаа хуулийн дагуу хийчихээд маргаашнаас нь том ойгоо тэмдэглэнэ гэж. Энэ нь хуулиа баримталж буй хэрэг. Энэнийг МҮБХ дэмжиж байгаа.

-Энэ жилийн наадмын бөхийн барилдаанд онцлог юм байх уу?

-Наадмын өмнөх өдөр буюу 9, 10-нд бөхчүүдээ бүртгэнэ. Энэ өдрүүдэд бүртгүүлээгүй хүн барилдах эрхгүй бол но шүү гэдгийг хэлье. Харин нэг онцлог юм нь зодоглох 512 бөх зөвхөн туг тойрох биш тогтсон цэгт жагсч наадмын нээлтэд оролцоно. Үүнийг Гиннесийн номд бүртгүүлэх барилдааны нээлтийн үеийнхтэй адилаар ойлгож болно.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *