Р.Бямбадорж: Хулдаасан хэвлэлийн технологи зах зээлийг орхиж байна

10-р сарын 31, 2018 7:20 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 95
10-31-1

Б.СОЛОНГО

Бизнес, хөгжилбуланд өргөн хэвлэл, хаяг реклам, түргэн хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mongol ideal” компанийн захирал Р.Бямбадоржийг урьж ярилцлаа.

 –Бизнесийн салбарт хүч үзэх болсон түүхээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-2000-аад оны үед оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар нэгэн төрийн бус байгууллагад ажилладаг байлаа. Тухайн үед болсон нэг тайлангийн хурал дээр ахлах ажилтандаа хийсэн ажлаа булаалгаж байсан юм. Тэр үед нэлээд шоконд орсноосоо болоод дахиж хүний дор ажиллахгүй гэсэн шийдвэрийг хатуу гаргачихсан.

Ингээд 2002 оноос нэг байрны булан түрээслээд хэвлэл, рекламны салбарт хөл тавьж байлаа. Тухайн үед одоогийнх шиг шууд хэвлэж байсангүй. Тоглолтын анонс, дэлгүүрийн хаяг гээд бүгдийг нь хуулга зүсээд үсгээ хулдаасан дээр өрж, нааж хийдэг байсан. Дараа жилээс нь хоёр найзтайгаа мөнгөө нийлүүлээд өргөн хэвлэлийн машин оруулж ирсэн. Монголдоо долоо дахь өргөн хэвлэлийн машин болж байсан байх. Харин энэ салбартаа дотоодын хөрөнгө оруулалттай хоёр дахь компани болсон доо. Ингэж ширүүхэн дайрч эхлээд одоо 16 жил үйл ажиллагаа явуулчихсан, анхдагч компаниудын тоонд орж явдаг.

Харин одоо танай салбар нэлээд өргөжиж олуулаа болжээ?

-Хэвлэлийн чиглэлийн компаниудыг их ашигтай ажилладаг гэж хүмүүс боддог байх. Энэ бодлоос үүдээд чанартай чанаргүй принтер, машинуудыг  олноор нь авчраад энэ зах зээл рүү их орсон. Сайн, муу тал аль аль нь бий.

Танай компани тэднээс хэрхэн ялгарч байна?

-Бидний хувьд тоног төхөөрөмж, технологийн хурдаар өрсөлдөж чадна. Тодорхой хэмжээнд тогтвортой ажилласан учраас аль болох чанартай тоног төхөөрөмжийг оруулж ирдэг. Энэ нь масс үйлдвэрлэлд илүү зориулагдсан, эвдрэл багатай, нягтрал сайтайгаараа ялгардаг. Энэ зах зээлд удаан ажилласных жишиг үйлдвэр байгуулчих юмсан гэсэн хүсэл байна. Илүү сайхан хөгжөөд явж байгаа компани ч байна.

Хаяг реклам, хэвлэлийн салбар дэлхий дахинд хэр хурдтай хөгжиж байна вэ. Цаас, принтер төдийхнөөр энэ салбарыг төсөөлдөг хэрэглэгч олон байна?

-Хөгжил нь маш хурдтай явж байгаа. Жишээ нь бидний хамгийн өргөн хэрэглэж байгаа хулдаасан хэв­лэлийн технологи Хята­дад зах зээлээс шахаг­даж байна. Үнэр багатай, гандалт багатай, чанартай технологийг түлхүү ашиг­ладаг болж. UV хэвлэл гэж ерөнхийд нь нэрлээд байгаа юм. Хятадад  жил бүр болдог үзэсгэлэнг үзэ­хэд хэвлэлийн үнэр айхтар үнэртдэг байсан. Өнгөрсөн жилээс технологи нь шинэчлэгдээд хорны үнэр гарахаа больсон байна лээ. Мөн лед гэрлийн технологи хүчээ авч байна. Эрчим хүчний зарцуулалт багатай, асалт өндөртэй, шаталт багатай лед чимэглэлүүд түлхүү орж ирж байна.

Манайхан тэр хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байх юм уу?

-Яахав, жишээ болгож байгаа нь муу хэлээд байдаг Хятад улс шүү дээ. Ихэнх газар бараа, материалаа тэндээс татаж байна. Сайныг нь муугаас нь ялгаад авчрахыг хичээдэг. Хятад өөрөө том гүрэн учраас дэлхийн зах зээл, хөгжилтэй ойролцоо явдаг. Европ, Америкийг бодвол бага зэрэг хоцордог. Өөрөөр хэлбэл, тэнд гарсан шинэ технологийг Хятадад жилийн дараа ч юм уу нэвтрүүлж, арай хямд болгож үйлчилдэг гэсэн үг. Тэгэхээр манай зах зээл дэлхийн хөгжлөөс нэг их хоцрохгүй байгаа. Шинэ технологиудыг цаг алдахгүй оруулж ирдэг компаниуд бий. Хувь хэрэглэгчдийн хувьд хэвлэлийн чиглэлийн боловсрол нимгэн байгаа ч томоохон компаниуд  судалгааг маш сайн хийж байна. Бидний үзэж хараагүй эсвэл Монголд оруулах арай болоогүй дээ гэсэн технологийг хүртэл нэхэж эхэлж байна.

Улаанбаатарт орчин үеийн, шинэлэг хаяг, реклам олон байна. Та нарын хийж байгаа ажил нэг талаар хотын соёлд нөлөөлж байгаа болохоор хариуцлагатай байхыг шаарддаг байх?

-Бид хотын соёл, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болно. Энэ шалтгааны улмаас энэ салбарт анх орж байлаа. Хаяг, рекламууд өмнө нь хулдаасан хэвлэл байсан бол одоо гэрлэн чимэглэл тал руугаа түлхүү хөгжиж байна. Манайхан ч дажгүй чамбай гүйцэтгэж байна. Хамгийн гол нь чанартай материалаар сайн хийх хэрэгтэй.  Өнөөдрийн асалт, жилийн дараах асалт хоёр ижил байгаасай л гэж боддог, зорьдог. Чанаргүй хийсэн хаяг нь хэсэг хугацааны дараа унтарч асаад, урагдаж салбайгаад алаг цоог болоод эхэлвэл хотын өнгө үзэмж дагаад муудчихна. Үүнээс гадна дизайнеруудын сэтгэх цар хүрээ, ур чадвар их сайжирсан. Интернэт хөгжиж хүссэн санаа, загвараа харах боломжтой болж. Үндэсний хэв маягаа ч хөгжүүлж байна. Нэг шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь үг үсэг, найруулга зүйн алдааг их хийж байна. Хэдийгээр захиалагчаас бэлэн текстийг авдаг ч гэлээ дизайнеруудын бичгийн боловсрол өндөр байх ёстой. Эх хэлээрээ алдаатай бичдэг хүн олон байгаа нь харамсалтай санагдаад байгаа шүү.

Шинэ компаниудад энэ салбарт орон зай хэр байна вэ?

-Ороод ирж болно оо, асуудалгүй. Тоног төхөөрөмжийн талаар асууж, зуучлаад өгөөч гэсэн хүсэлт ирдэг.  Тэр болгонд би цааргалалгүй хэлээд өгдөг. “Би өөрийг чинь өрсөлдөгч гэж харахгүй байна. Чи надтай өрсөлдөж чадахгүй” гэж тоглоом шоглоомоор хэлдэг юм. Яахав, ажилласан цаг хугацаа, туршлага гэж нэг илүү юм байна шүү дээ. Хэвлэлийн технологи гэдэг нь долоо хоног эсвэл нэг жил ажиллаад сурчихдаг зүйл биш. Хөрөнгөө сайн оруулаад сайн тоног төхөөрөмж авчирч байгаа компани олон байна, үгүйсгэхгүй. Шинэ компаниудад ч зах зээл байгаа. Хамгийн гол нь зөв, шударга өрсөлд. Бямбаагийн 5000 гэж үнэлсэн ажлыг 4000 төгрөгөөр битгий хий.  Чанараараа л өрсөлдье гэж хэлдэг. Үйлчлүүлэгчиддээ энэ чиглэлийн боловсролыг олгоогүй, ялгааг ойлгуулаагүй бидний буруу байгаа байх. “Яагаад адилхан материал дээр хэвлэж байж үнэтэй байгаа юм бэ” гэсэн асуулт их ирдэг. Өнөөдөр хэвлээд гаргаад ирсэн материал адилхан байж болно. Хоёр сарын дараа өнгө будаг нь ямар байх вэ гэдгийг үйлчлүүлэгч мэдэхгүй байгаа учраас хямдханыг нь сонгоод байгаа юм.

Мэргэжлийн гэдгээрээ ялгарах ёстой юу?

-Чанараараа л өрсөл­дөх ёстой юм. Мэргэж­лийн хувьд яг энэ сал­барт мэргэшсэн ажилтан бэл­т­гэж гаргадаг сургууль манайд байхгүй.  Хэв­лэлийн салбарыг ерөнхийд нь хаячихсан гэж хэлж болно. Хүндрэл бүрийг тоочоод байвал хов ярьж байгаа юм шиг болох байх. Өөрсдөө зах зээл дээр дадлага, туршлагаараа л боловсорч байна. Боломжтой нь гадагшаа явж түргэвчилсэн сургал­тад хамрагдаж байна. Эх бэлтгэгч, график дизай­нерын чиглэлээр бэлтгэж байгаа ч хэвлэлийн техно­логич  бэлдэхгүй байна. Тийм болохоор боловсон хүчний хувьд дутмаг байдаг.

Боловсон хүчнүүдийн хувьд хэр тогтвортой ажилладаг вэ. Технологи сурч авчихаад бие даагаад гарчихдаг нь олон байдаг гэдэг?

-Байна аа. Манай компаниас хэд хэдэн хүн тэгж гарсан. Ажилтнуудынхаа нийгмийн халамжинд анхаарал тавиад даатгал, татварыг нь төлөөд явж байдаг. Гэтэл алийг нь ч төлөхгүй, хүн ажиллуулдаггүй жижиг газрууд шударга өрсөлдөхгүй байна л даа. Би хэд хоногийн өмнө ажил хийж чадахгүй шалтгаанаар хоёр хүнээ халаад явуулсан. Харин   оронд нь хүн олдохгүй байна. Манайхан нэг газар очоод сая төгрөгөөс дээш цалин аваад шууд л захирал хийх сонирхолтой болчихсон. Бүх салбарт тийм байна.  Биеийн амрыг харж хурдан баяжих сонирхолтой болчихсон. Нэг гайгүй хүнтэй болвол цалин хөлс, нийгмийн халамжаар нь урамшуулахыг боддог. Харамсалтай нь тогтвор суурьшилтай ажиллах сонирхол буурчээ. Нэг газар тогтвортой ажиллаад өсч дэвжих, сардаа хэдэн халтуур хийгээд хэдэн төгрөг олох хоёрын ялгааг олж харахгүй байх шиг байна. Компанийн захирал болох амархан, захирал байх хэцүү. Захирлын цаана олон хариуцлага, зардал байдгийг ойлгодоггүй юм шиг байгаа юм.

Магадгүй өөрийн чинь 16 жилийн өмнөх нөхцөл байдалд байгаа залуучууд нэг зүйл эхлэх гээд зүтгэж байгаа байх. Ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Зорьсон зорилгодоо барьж авсан зүйлдээ тууштай яваад үз. Юм болгон руу чадна гэж үсчих хэрэггүй. Миний хувьд өнгөрсөн 16 жилийн хувьд уналт, өсөлт бүгд байсан. Гол нь барьж авсан зүйлээ тууштай хийх хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулсан цаг хугацаа, туршлага дээрээс илүү хурдан босч ирдэг гэдгийг санаарай. Хурдан хугацаанд их ашиг олох гэж зүтгэснээс шантраад гардаг нь олон байдаг.

Одоо өөрийгөө ямар зүйлд сорьж үзэхээр төлөвлөж байна?

-Миний хувьд гэрээ засах төвшинд явж байгаа учраас савнаасаа хальж чадахгүй л байна. Магадгүй хэдэн жилийн дараа салбарынхаа жижиг компаниудыг уриад жишиг үйлдвэрээ танилцуулаад явж байх болов уу. Одоогоор мөрөөдөл төдий л байна. Бас гэрэл зураг авах хоббитой хүн л дээ. Тийм болохоор аялал жуулч­лалын салбарт элэгтэй байдаг юм.  Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй ч алсдаа энэ салбарт хүч үзэх бодол байна.  Хэцүү гэдгийг нь гадарладаг. Эрсдэлтэй ч гэсэн дуртай болохоор гоё төвшинд хөг­жүү­лэхэд нь хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Zulkhuu
2018 оны 10-р сарын 31

Naizdaa eruul enkh sain saihniig husei. Sain hunii uils buhen butdeg ymaa. Amjilt

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *