Путин АНУ-ын 755 дипломатчийг гаргахаа мэдэгдлээ

8-р сарын 1, 2017 10:14 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 4
20524375_1608478509223478_949519445_o

Ж.ЦОГЗОЛМАА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “АНУ 755 дипломат ажилтнаа манай нутаг дэвсгэрээс гаргах ёстой” хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээллээ. Мөн Вашингтоны эсрэг нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж буй нь АНУ-ын Конгресс Кремлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар баталсантай холбоотой юм. Өнгөрсөн баасан гаригт Москва АНУ-ыг олон зуун дипломат ажилчдаа гаргахыг шаардсан билээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенат ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээг үлэмж дэмжсэний дараа Кремль АНУ-ын хоёр дипломатчийн хөрөнгийг хураана гэдгээ мэдэгдсэн аж. Тэгвэл мөн өдөр нь буюу баасан гаригт Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү хориг арга хэмжээний хөтөлбөрт гарын үсгээ зурна хэмээн Цагаан ордноос зарласан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн бямба гаригт “Вести” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ дипломат ажилчид болоод техникийн алба бүхий 755 хүнээ есдүгээр сарын 1 гэхэд гаргах ёстой” гэсэн юм.

“Учир нь АНУ-ын дипломатчид болоод хангамжийн багийн 1000 гаруй хүн манай нутаг дэвсгэрт амьдарсаар байна” гэж тэрээр нэмж хэлжээ. АНУ-ын хориг арга хэмжээ нь тус улсын Тагнуулын агентлагийн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн оролцоо байсан хэмээх дүгнэлтэд хариулт өгсөн хэрэг байлаа. Түүнчлэн энэ нь 2014 онд В.Путин Крымыг нэгтгэх гэрээнд гарын үсэг зурсантай ч холбоотой аж. ОХУ цаашид Трампын удирдаж буй Вашингтонтой сайн харилцаатай байхыг хүссэн ч ийнхүү мухардалд орж байна хэмээн ажиглагчид харж байна.

Холбооны хууль хүчний байгууллага мөрдөн шалгалт, АНУ-ын Конгрессийн олон удаагийн шинжилгээгээр Трампын кампани ОХУ-тай үгссэн байх магадлалтай гэж харж байгаа бөгөөд энэ нь Трампын хувьд Путинтай харилцаагаа цааш хөгжүүлэх боломжийг ийнхүү хүнд бартаатай жимд хөтөлжээ. Ийнхүү хөндлөнгөөс оролцсон хэмээх хардлагыг ОХУ няцаах зуур Трамп ч ямар нэг үгссэн зүйл байхгүй хэмээн мэдэгдэж байгаа билээ. 

Харин Москва өнгөрсөн баасан гаригт АНУ-ыг өөрийн дипломат ажилтнуудын тоог есдүгээр сарын 1 хүртэл 455 болгож бууруул гэж мэдэгдсэн. Энэ нь угтаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Вашингтон 35 орос ажилтныг хөөн гаргасны дараах АНУ-д үлдсэн ажилтнуудынхаа тоотой тэнцүүлж буй хэрэг болжээ. Тэгвэл мөн өдөр нь АНУ-ын Элчин сайдын яамнаас нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж ОХУ дахь тус яамны дипломат болоод хангамжийн багийн ажилчдын тоо 1100 орчимд хүрсэн бөгөөд тэдгээр нь америк, орос иргэд байгаа аж.

Харин албаны хүмүүс Оросод ажиллаж амьдарч буй нийт ажилчдын тоог эцэслэн хэлэхээс татгалзсан байна. Гэхдээ АНУ Оросын авч буй энэхүү үйл ажиллагаанд харамсаж буйгаа илэрхийлжээ. “Энэ мэт хязгаарлалт болоод энэхүү үйлдэлд ямар хариу өгөхөө бид дүгнэж байна” хэмээн албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *