Протокол: Төрийн албан хаагчид, эмч, багш нар ижил цалин авдаг тогтолцооноос салах цаг болсон

4-р сарын 13, 2018 2:03 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 76
30697959_1778041392241801_2737746848939769856_n (1)

С.САРУУЛ

Чуулганы өнөөдрийн /2018.04.13/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Зарим гишүүдийн хуультай холбоотой санал шүүмжлэлийг хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Ажил хаялттай холбоотой асуудлыг өргөжүүлээгүй. Ажлын хэсгийн хэмжээнд ярилцана. Сонирхлын маргааны үед ажил хаях, эрхийн маргааны үед ажил хаялт зохион байгуулж болохгүй гэх зохицуулалт оруулсан боловч МҮЭХ зөвшөөрөхгүй байгаа. Харин хүүхдийг 15 наснаас хөдөлмөр эрхэлж болно гэсэн заалт оруулсан.  Харин 13 нас хүрсэн хүүхдийг хөнгөн ажил хийх, дадлагажих тодорхой жагсаалтын дагуу хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг оруулж өгсөн.

Д.Лүндээжанцан:

– Ажил амралтын цагийн нийлбэрийн харьцааг бусад орны жишигтэй ижил байна уу. Хүмүүсийн дунд амралт их байна гэх шүүмжлэл байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Ажил амралтын цагтай холбоотой өөрчлөлт оруулаагүй. Долоо хоногийн ажлыг цаг 40 цагаас илүүгүй, ердийн өдрийн цагийн ажил долоон цаг гэж байгаа. Нийтээр амрах өдөр амралтын өдрүүдэд таарсан бол ажлын нэг өдөр нөхөж амардаг байх зохицуулалт оруулж өгсөн. Нийтээр амрах өдөр долоо хоногийн амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлдэг амардаг туршлага олон оронд байдаг. Нөгөө талаар олон амралтын өдөртэй буюу 14 хоногоос дээш бүх нийтийн амралтын өдөртэй 127 орноос Монгол Улс эхний 30-д багтаж байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс энэ асуудлыг  ажлын хэсэг дээр дахин ярилцана.

Ж.Ганбаатар:

– 100, 500, 1000-аас дээш ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг хөдөлмөрийн хуулиар яаж дэмжих зохицуулалт оруулж байгаа юм бэ. Цалин хөлс тавьж үзээгүй, нэг ч татвар төлж үзээгүй хүмүүс боловсруулсан хууль учраас дэмжих боломжгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай олон жил зөвлөмж авч ажиллаж байгаа. Зөвхөн зөвлөмжөөр бус Монголын хөрсөнд буусан, ажил олгогч, ажилтны эрх үүргийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж гэж бодож байна. Энэ хууль өөрөө аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Хөдөлмөрийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй байвал хариуцлага тооцохоор байгаа. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь ажиллуулсан бол хэрхэн дэмжих юм гэдэг дэмжлэг байхгүй байна. Бид цагийн хөдөлмөрийн хөлсийг хуулиар тогтоож яагаад болохгүй гэж. Цагийн ажлын систем рүү орох цаг нь болсон гэж бодож байна. Тиймээс энэ асуудлыг хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна. Хөдөлмөрийн хуульд ажлын байрны тогтвортой байдлын хамгаалалтыг тусгагдаагүй байна. Харин ч бөөнөөр нь ажлаас халах зохицуулалтыг нэмээд оруулчихсан байх юм. Ингэхээр чинь аж ахуйн нэгжүүд жаахан хүнд байдалд орохоороо л ажилчдыг бөөнөөр нь ажлаас нь халахаар байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-2006-2007 онд Засгийн газар 80 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно гэж төлөвлөгөө гаргаж, 75 мянган ажлын байр бий болгосон байсан. Энэ үе нь хамгийн их ажлын байр бий болгож байсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой дагалдан ажиллах, хүний оронд ажиллаж байгаагаас бусад тохиолдолд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт оруулж байгаа. Хөдөлмөрийн харилцаа үүсч эхэлсэн цагаас эхлэн хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Түүнээс гадна одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар эр, эмэгтэй хүнд ижил хэмжээний цалин хөлс олгон гэсэн зохицуулалт бий. Үүнийг ижил хэмжээний ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд ижил хэмжээгээр цалин олгоно гэж өргөжүүлж оруулж өгсөн. Ер нь бол ур чадвараас хамаарч цалин, хөлс олгодог тогтолцоо руу орох нь зүйтэй гэсэн шинэ зохицуулалтуудыг хуульд тусгаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн хэдэн хувьд энэ хууль хамаарах вэ. Хувийн хэвшил, төрд ажиллаж байгаа хүмүүс, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цалингийн тогтолцоонд ямар бодит дэвшил гаргах вэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Монголд 1,2 сая ажиллагсад бий. Үндэсний статистикийн холбооноос гаргасан судалгаагаар 400 орчим мянган хүн албан бус секторт ажиллаж байгаа. Төрийн албан хаагчид, эмч, багш гээд бүгд ижил цалин авдаг тогтолцооноос салах цаг болсон. Ажлын онцлог, ажлын байрны нөхцөлөөс шалтгаалж цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тиймээс эрүүл мэнд, багш нарын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаа судалгаа хийгээд эхэлсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байгаа нэг өөрчлөлт нь цалин, хөлсний асуудлыг шинэчлэн тогтоох, ижил үнэлэмжтэй ажил гүйцэтгэж байгаа ажилтан ижил хэмжээний цалин авах, инфляцийн түвшинтэй холбогдуулж цалингийн доод хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг ижил түвшинд байлгах зэргийг шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн.

С.Эрдэнэ:

-Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулж орж ирж байгаа нь цаг үеэ олсон гэж бодож байна.  Хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг хуульд хэрхэн тусгасан бэ. Зах зээл бодит хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох, бодит үнэлэмж зах зээлтэйгээ нийцэж байгаа юу.

Ийнхүү Хөдөлмөрийн хуулийг гишүүдийн олонх дэмжлээ.

Эх  сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Lean Tea cialis 5 mg Cialis 2.5 Mg Daily Use Achat De Kamagra Viagra Patent Generika

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *