Павел Занозин: Денис Черышев ДАШТ-д огт явахгүй байж магадгүй байсан

7-р сарын 30, 2018 9:43 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 34
7-30-7й1

Д.ЭНХЭЭ

 “Комсомольская правда” сонинд ДАШТ, Нижний Новгород хот болон Черышевын гэр бүлийн талаар тайлбарлагч Павел Занозин сэтгэгдлээ хуваалцсаныг толилуулж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөөд хэд хонож байна. Энэ тэмцээний тухай нэг хэсэгтээ ярьсаар байх болно. ДАШТ дууссаны дараа Нижний Новгород хотод спортын тайлбарлагч Павел Занозин ирсэн юм. Тэрээр “Комсомольская правда” сонины редакциар ороод гарах зуур “Би энд ажиллаж байсан юм шүү дээ” хэмээн инээмсэглэж биднийг гайхашруулсан. Бүгд мэл гайхаж, Павел Занозин Нижний Новгородын “Комсомольская правда”-д ажиллаж байсан гэж үү. Нээрээ юү гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч билээ. Гэхдээ мань залуу ийм зүйлээр наргиан хийдэггүй хүн ажээ. Тэрээр “Би их сургуульд суралцаж байхдаа бичиж сурах юмсан гэж их хүсдэг байлаа. Телевизэд ажиллаж байсан. Сэтгүүлчийн бичиж боловсруулах дадлага надад бага байсан. Тэгээд л би “Комсомольская правда” сонинд ирж, саналаа илэрхийлсэн юм. Тэр үеийн редактор Юля Капитанова намайг дадлагажигчаар авсан. Энд би гурван сар ажиллахдаа олон сайхан үйл явдалд оролцож, олон сайн хүнтэй танилцан нөхөрлөж, тэр өдрүүдийг байнга санаж дурсдаг юм” хэмээн Занозин сэтгэгдлээ хуваалцав.

Ийн ам нээсний дараа яриа улам чин сэтгэлийн болж өрнөлөө. “Комсомольская правда” сонин түүнээс хөлбөмбөгийн ДАШТ-2018, хөлбөмбөгийн “Нижний Новгород” клуб, домог болсон Дмитрий Черышевын тухай асууж ярилцлаа. Нижний Новгородын уугуул иргэнийх нь хувьд Павелын хүүхэд насны дурсамжаас эхлэв. Тэрээр “Водник” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо Алексеевскийн гудамжинд амьдарч байхдаа байнга л хөлбөмбөг тоглоно. Мэдээж хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай мөрөөддөг ч биелнэ гэдэгт огт итгэдэггүй байсан. 2010 онд манай улс ДАШТ зохион байгуулах эрх олж авахад үлгэр шиг л санагдаж байсан. Эцсийн мөч хүртэл итгэхгүй л байсан. Энэ оны зургадугаар сарын 14-ний ДАШТ нээгдэх өглөө сэрээд энэ бүхэн үнэн гэж үү дээ гэж хүртэл бодож явсан. Өдөр бүр, тоглолт бүхэн миний хувьд цоо шинэ үйл явдал байсан хэмээн Павел өгүүлэв.

Түүний бодлоор хөлбөмбөгийн ДАШТ хамгийн шилдэг гэдгээр олон жил дурсагдахуйцаар гоё сайхан болж өнгөрчээ. Дараа нь бидний яриа тэмцээнийг зохион байгуулагч Нижний Новгород хотын сэдэв рүү шилжив. Энд би Швед-Хорват, Аргентин-Хорват, Франц-Уругвайн тоглолтыг тайлбарласан. Миний бодлоор тэмцээний зохион байгуулалт ямар ч асуудалгүй сайн болсон хэмээн телевизийн тайлбарлагч онцоллоо. Түүгээр ч барахгүй “Лужники”, “Санкт-Петербург”-ийг эс тооцвол “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэн орон нутгийн бусад цэнгэлдэхээс шилдэг нь байсан гэж тэрээр үзэж байна. Занозины үнэлснээр авто зогсоолыг оновчтой шийдсэн, салхи нэвт үлээдэг болохоор тоглолтын үеэр бүгчимдэх асуудал гараагүй юм байна.

Нижний Новгород хотдоо дэндүү хайтай болохоор тэгж санагдсан ч байж магадгүй. Гэхдээ л энэ тэмцээн хотыг маань сайхан харагдуулсан. Цэнгэлдэхийн ирээдүйн тухайд гэвэл биднээс, хүн нэг бүрээс л шалтгаална. Нижний Новгород, Саранск, Волгоградад хүн бүр гурав гурван найзаа дагуулаад хөлбөмбөг үздэг байхад л хангалттай. Багууд хаа сайгүй л байна шүү дээ. Баг болгон өөрийгөө сайжруулах гэж хичээж байна. Хөлбөмбөг бол баяр наадам юм байна гэдгийг бүгд харсан. Хүмүүс хөлбөмбөгт дурлаж, сэтгэл ханамж авахыг хүсч байна хэмээн спортын тайлбарлагч үздэг ажээ.

Тэрээр дөнгөж шинээр бүрдүүлсэн хөлбөмбөгийн “Нижний Новгород” клубын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Хэрэв түүнд боломж байсан бол клубыг өөрөөр нэрлэх байжээ. Түүний бодлоор хүүхэд наснаас өнөөг хүртэлх бүх л амьдралын туршид Нижний новгородчуудын хамгийн гол брэнд нь “Локомотив” байсан. Хөлбөмбөгт дуртай болсон маань ч үүнтэй холбоотой. Боломж олдсон бол би “Локомотив” гэдэг нэр өгөх байсан. “Волга” гэдэг нэр ч бэлгэ тэмдгийн хувьд зохино. Яваандаа хөлбөмбөгийн “Нижний Новгород” нэрээ арай өөрөөр сольбол сайн л биз. Энэ бол клуб, энэ бол хөлбөмбөг тоглодог хот шүү дээ  хэмээн тэр тайлбарлав.

ДАШТ-ий жинхэнэ од болсон Денис Черышевын тухай бид яриа өрнүүлэхгүй байж чадсангүй. Хэрэв Загоев тэр гайтай гэмтэл аваагүй бол яах байсан бол. Занозин бидэнд Черышев ерөөсөө ДАШТ-д огт оролцохгүй байж болох байсан талаар ийнхүү дурсав. “Намайг үндэсний шигшээ багтай хамт Австрийн цугларалтад байхад Черышев уу, Рауш уу гэдэг сонголт байсан. Энэ хоёр хоёулаа ижил байрлалд тоглодог учир эцсийн мөч хүртэл Черчесов хэнийг нь сонгохоо шийдээгүй байсан. Тэгэхдээ Денис тэр үед одоохондоо илүү хүчтэй гэдгээ харуулж чадсан учраас ДАШТ-д оролцсон” хэмээн Павел сануулав.

Денис Черышев Гэрэл зургийг: ВЛАДИМИР ВЕЛЕНГУРИН

Денис боломжоо маш сайн ашиглаж чадсан гэж тэр үздэг аж. Гэхдээ бүх улирлын турш гэмтэл авч, эмчлүүлж байсан болохоор Черышевын бэлтгэл өөрийгөө юу чаддагаа бүрэн харуулахуйц төгс сайн болоогүй байсан. Харин энэ удаа түүний аз гийсэн. Азтай, одтой байсан болохоор тэр урагшаа нисэх мэт тэмүүлж байсан. Хорваттай хийсэн тоглолтын гоол. Нэг талаас энэ бол гайхалтай сайхан гоол, нөгөө талаас нөхцөл маш сайхан бүрдсэн. Эсрэг тоглогч яльгүй жаахан хүрэх ч юм уу, ямар нэг зүйл тохиолдоход бүх зүйл талаар өнгөрөх байсан. Гэхдээ түүний гоол Саудын Арабтай тоглоход хийсэн бусад гоолын нэг адил үнэхээр ганган гоол байсан хэмээн тайлбарлав.

Түүний зүүн хөлөөрөө хийж байгаа бүхэн үнэхээр гайхалтай. Денис маш сайн тоглогч, сайхан ч залуу. Эргэн тойронд болж байгаа бүхнийг тэр маш зөв хүлээж авдаг. Черышев Испанид өссөн, дотоод ертөнцөөрөө тэр испани хүн. Оросын хөлбөмбөгчдөд байдаг олон дутагдалтай зүйл түүнд байхгүй. Нэгэн цагт тэр Криштиану Роналдугийн орлон тоглогч байсан. “Реал”-ын үндсэн бүрэлдэхүүнд гарч байхад нь бид баярладаг байсан. Тэр үед харин өөрийгөө бүрэн харуулж чадаагүй юм. Би Денисийг Мадридын “Реал”-ын хэмжээний өндөр төвшинд өөрийгөө харуулах бүрэн чадвартай гэж боддог. Тэр тусмаа тэднийхэнд одоо халаа сэлгээ ид явагдаж байна” хэмээн Занозин өгүүлэв.

Тэр мөн Денис Черышевын аав Дмитрий Черышев хөлбөмбөгийн “Нижний Новгород” клубын ерөнхий дасгалжуулагчийн албан тушаалд томилогдсоныг хөндөв.

Тэр ч мөн Нижний Новгородын уугуул. Нутгийнхаа уугуул хүмүүсийг татаж авах уламжлал дөнгөж сэргэж байх шиг байна. Энэ утгаар би Дмитрийг дэмжиж байна. Бид сайн харилцаатай. Тэр ч бас ДАШТ-ий элч төлөөлөгч байсан. Нижний Новгородын клубтэй дахин ажиллах боломжийг тэр хөдөлмөр зүтгэлээрээ олж авсан хэмээн онцлов.

Дмитрий Черышев Гэрэл зургийг: РОМАН ИГНАТЬЕВ

Ярианыхаа төгсгөлд Павел Нижний Новгородыг гайхалтай сайхан хот гэж бодож явдгаа хуваалцав. ОХУ-ын гурав дахь нийслэл хэ­мээн тооцогддог байсан 1990-ээд оны статус руу нэн даруй эргэж орох хэрэг­тэй гэж тэрээр үздэг ажээ.

Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *