П.Жамъянгомбо: Их спорт руу тэмүүлсэн чин сэтгэл л хамгийн дээд шалгуур

8-р сарын 3, 2018 9:07 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 94
8-3-1

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Байт харвааны үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч П.Жамъянгомбыг урилаа. Тэрээр удам дамжсан харваач билээ.

 

Удахгүй Азийн наадам эхлэх гэж байна. Шигшээ багийн хувьд бэлтгэл хэр хангаж байна вэ?

-Монголын үндэсний шигшээ баг эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай. Бид энэ сарын 19-21-ний хооронд Бангладешд Азийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Энэ тэмцээнд амжилттай оролцвол олимпийн эрх авна даа?

-Энэ тэмцээнд холимог багийн буюу хувийн харвааны эхний байранд орсон тамирчдад олимпийн эрх олгох учир хариуцлага өндөртэй үе хаяанд ирээд байна. Тамирчид маань бэлтгэл жигдэрсэн.

Дасгалжуулагчийн хувьд бүх тамирчдадаа л найдлага тавьж байгаа байх?

-Уяач хүн уясан хүлэг болгондоо найдлага тавьдаг шиг тамирчид минь сайн оролцоно гэж итгэж байгаа. Тамирчин хүн олимпийн аварга болно гэж өөртөө зорилт тавьдаг бол олимпийн эрх авна гэдэг түүнээс том зорилт байдаг.

Нэгэн үе Монголын байт сурын харвааны чансааг тодорхойлж явсан. Хэдийнээс энэ спорттой хувь заяагаа холбосон юм бэ?

-Би 1986 оноос энэ спорттой холбогдсон. 32 жилийн амьдралаа байт сурын харваанд зориулсан байна. Энэ цаг үе их хурдан өнгөрсөн юм шиг хэрнээ эргээд бодоход их олон жил нум сумтай нөхөрлөж дээ.

Та ОУХМ Н.Дарий­маагийн шавь байх аа?

-Анх байт сурын харвааны “А” үсгийг Н.Дариймаа багшаараа заалгасан. Одоо ч тэр мундаг тамирчны арга барил, зааж зөвлөсөн бүхнийг марталгүй биелүүлж, багшийнхаа итгэлийг алдахгүй юмсан гэж боддог. Мөн багшийнхаа хэлж, үлгэрлэж байсныг шавь нартаа зааж, өвлүүлэхсэн гэж хичээж байна.

Гэхдээ та чинь удам дамжсан харваач хүн. Ээжийхээ талаас удамтай бил үү?

-Би ээжийнхээ талаас гурав дахь үеийн харваач. Өвөө эмээ маань анхны харваачид. Дараагийн үе нь ээж, эгч нар минь. Тэгэхээр бага нас минь байт харваатай салшгүй холбоотой. Балчир байхаасаа л гэр бүлийнхнээ дагаж, сурын талбайд өнждөг байлаа.

Магадгүй тэр үед л ирээдүйн харваач болох хүсэл, мөрөөдлөө олсон болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний хүсэл мөрөөдөл гэр бүлээс минь эхтэй. Тэднийгээ харж, ирээдүйд ийм сайн тамирчин болж аав, ээжийнхээ ачийг хариулна. Эх орныхоо нэрийг дуурсгасан ирээ­дүйн алдартан болно гэж хүсч, тэмүүлдэг байлаа.

Хүний мөрөөдөл хязгааргүй юм даа. Та гэхдээ мөрөөдлөө биелүүл­сэн шүү дээ. Олон тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасан?

-Баярлалаа. Би 1987 онд анх өсвөрийн хотын, улсын аваргын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Тэр үе жаахан байсан болохоор учраа олохгүй ээ. Хөгжилтэй, инээдтэй зүйл их тохиолддог байсан. Гэхдээ тэр бүхнээс сургамж авч, алдаагаа засч, дараагийн тэм­цээндээ улам хичээж бай­гаад амжилт гаргана гэж өөрийгөө зоригжуулж, хурцалдаг байсан.

Санаанаас гардаггүй, сайхан дурсамж үлдээсэн тэм­цээнийхээ тухай дурсаач?

-1999 онд Малайзад болсон тэмцээн санаанаас гардаггүй юм. Би тэр тэмцээний үеэр спортын мастерын зэргээ хамгаалсан. Манай гэр бүлийнхэн бүгд гадаадад зэргээ хамгаалж байсан учир тухайн үед би их догдолж, баярлаж, бахархаж байсан. Мөн өөрийнхөө хувийн ам­жил­таар тавдугаар байрт шалгарсан. Тэр тэм­цээнд одоогийн шигшээ багийн тамир­чин Ж.Гантөгс бид хоёр орол­цож Ганаа маань алтан медаль хүртэж байлаа.

Катарын харваачтай тавдугаар байрын төлөө өрсөлдсөн санагдаж байна?

-Тэр тэмцээнд олон улсад чансаагаараа тэргүүлдэг олон мундаг тамирчин оролцсон. Тухайн үед их ч юм сурсан санагддаг. Миний хувьд Катар, Хонгконг, Вьетнамын тамирчдыг ялж тавдугаар байрт шалгарсан.

Таныг Монгол Улсад байт сурын кампаунт төрлийг үүсч, хөгжихөд онцгой хувь нэмрээ оруулсан гэж тамирчид ярих юм билээ?

-Монгол Улсад кампаунтын төрөл 2010 оноос анх хөгжиж эхэлсэн. Миний бие сүүлийн долоон жил энэ төрлөөр хичээллэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хурдтай хөгжиж буй төрөл юм.

Ямар онцлогтой юм бэ?

-Нийлмэл, холимог гэсэн утгатай үг. Нумандаа ялгаа нь бий. Олимп төрлийн нум арай урт байдаг бол энэ төрлийнх богино. Бул эргэдэг, тусгай задлагч ашиглаж харвадаг. Энэ төрөл Америкт нэлээд эрт дэлгэрсэн. Азийн орнууд ч хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон.

Та чинь энэ төрлөөр улсын аварга болж байсан байх аа?

-Би таван удаагийн улсын аварга болсон. Гурван төрөлд улсынхаа рекордыг эзэмшдэг.

Үнэхээр бахархах сэтгэл төрж байна. амжилтуудынхаа тухай та тодруулаач?

-2013 онд 50 метрт нийт 720 онохоос 688 оно­сон. Харин шигшээ хар­ваанд 150 онохоос 146 онож байлаа. Энэ ам­­жилтыг би 2016 оны Инчоны наадамд үзүүлсэн.

Байт сурын харвааны тамирчинг хэрхэн сонгодог юм бэ. Ямар үзүүлэлт илүү байвал энэ спортод амжилт гаргах магадлалтай бол?

-Төрмөл харваач гэхээс илүү чин сэтгэлийг нь хардаг. Учир нь энэ спорт тамирчнаас асар их тэвчээр, хатуужил шаарддаг. Сүүлийн үед олон улсад тамирчдыг генийх нь төвшинд судалдаг болж. Хүүхэд байхаас нь ямар төрлийн спортод амжилт гаргах чадвартай вэ. Тэсвэр үү, тэвчээр үү, хурд хүчнийх үү гээд л.

Манайд энэ технологи хөгжитлөө удах байх даа?

-Манай улсын хувьд тамирчинг сонгох нь дасгалжуулагчийн торгон мэдрэмж, алсын хараа, хуримтлуулсан туршлага их чухал. Энэ спортоор хичээллэхэд нас хүйс, өндөр нам, өргөн бүдүүн ямар ч хамаагүй. Бид шинээр хүүхэд ирэхэд гар, мөрний бүтэц гээд хардаг ч их спорт руу тэмүүлсэн чин сэтгэл л хамгийн дээд шалгуур юм даа.

Та паралимпийн аварга Д.Баатаржав гуайн клубт багшилдаг байсан гэсэн?

-Би 2010 оноос дасгалжуулагч болсон. Түүнээс өмнө “Добу мэргэн” клубт багшилдаг байсан. Тухайн үед 90 гаруй хүүхдэд байт сур заасан. Хоёр жилийн хугацаанд дөрвөн дэд мастер, гурван спортын мастер төрүүлсэн. Хожим нь тэр хүүхдүүдээс хоёр нь ОУХМ болсон.

Шавийн амжилт багшаас эхтэй. Таны шавь нар өнөөдөр Монголын байт сурын спортын өнгийг тодорхойлж, чансааг илтгэж байна. Бахархах сэтгэл төрнө биз?

-Олон шавь минь амжилт гаргаж байгаад баярлах, бахархах сэтгэл төрдөг. Жишээлбэл, одоо Азийн наадамд эх орноо төлөөлж орол­цох Б.Батдулам гэж тамирчин бий. 15 настай­­гаасаа миний удирдлагад хичээллэсэн. Их ирээдүйтэй хүүхэд. Мөн хэдийгээр миний удирдлага дор байгаагүй ч шигшээ багт хичээллэж байгаа тамирчин бүхэнд би өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ хэлэхсэн гэж хүсдэг.

Байт сурын харваанд амьдралынхаа 32 жилийг зориулсан хүний хувьд энэ спортын хөгжлийн төлөө бодож, шаналдаг зүйл олон байгаа байх?

-Бидэнд учирдаг хамгийн том бэрхшээл нь бэлтгэл хийх талбай байсан. Харин олон хүний хүч хөдөлмөрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зориулалтын талбайтай боллоо. Үүнээс гадна тоног төхөөрөмжийн асуудал хэцүү байна. Учир нь манай улс өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Өртөг өн­дөртэй. Зөвхөн нүц­гэн нум авахад л ойрол­цоогоор 2000 ам.доллар. Нэг тамирчны иж бүрдэл гэхэд 4000-5000 ам. долларын үнэтэй байдаг. Мөн анхан шатны тамирчдыг бэлт­гэх дасгалжуулагч олныг бэлдмээр байна. Тэгвэл энэ спорт хөгжих боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *