П.Нямлхагва: Ирэх онд гурван шинэ жүжиг тавина

12-р сарын 13, 2017 10:02 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 152
12-13-6

Ч.ГАНТУЛГА

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын дарга П.Нямлхагватай ярилцлаа. Театрын хамт олон шинэ жилийн баяраар бяцхан багачуудаа баярлуулах олон гэнэтийн бэлэг бэлджээ. 

Та театрын даргаар томилогдоод удаагүй байна. Хүүхэд шуугисан энэ театр ямар мэдрэмжийг төрүүлж байх юм?

-Хүүхдийн уран бүтээл буцалж, инээд цалгисан энэ өргөөнд ирээд хоёр сар өнгөрчээ. Оны сүүлээр томилогдсон учир ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хамт олонтойгоо ярилцаж байна. Удахгүй театрын маань 70 жилийн ой болно. Ойн хүрээнд Хүүхэлдэйн театр ямар зорилготой, үзэл баримтлалтай, ямар жүжигчидтэй, ямар уран бүтээлтэй, цаашид юу хийх вэ гэдгийг жилийн турш сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шинэ оны босгон дээр 1948 онд анх хөшгөө нээсэн “Гайхамшигт хайрцаг” жүжгээ үзэгчдийн хүртээл болгоно. Мөн энэ оны сүүлээр буюу 29, 30-ны өдрүүдэд шилдэг бүтээлийн түүвэр тоглолтоо зохион байгуулна.

МҮЭСТО-нд тоглоно гэсэн. Танай театр өөрийн тайзтай шүү дээ?

-Манай театрын суудлын тоо цөөхөн. Дөнгөж 150 хүн суух боломжтой. Харин МҮЭСТО-нд хоёр өдөр дөрвөн удаа тоглох төлөвлөгөөтэй байна. Олон хүүхдэд үзүүлж, шинэ жилийн бэлэг  барихын тулд энэ сонголтыг хийсэн.

Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой вэ?

-Гурван үеийн төлөөлөл оролцохоороо онцлог юм. Бидний үеийнхний сэтгэлд тодхон үлдсэн наргианч Тогосмаа, Уймраа Нарийнжавын эзэн гавьяат жүжигчин, Л.Чимэддорж,  Мандухай Cэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, “Буратино” хэмээн алдаршсан Соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо зэрэг  ахмадууд оролцож, залуу үеийнхэнтэйгээ нэгдэж, бяцхан багачуудыг баярлуулахаас гадна нандин дурсамжаа сэргээх юм.

-70 жил гэдэг урт хугацаа. Энэ тоглолтоос театрын түүхийг уншиж болох нь ээ?

-70 жилийн түүхтэй энэ театраар олон хүүхэд хүмүүжсэн. Одоо ч хүмүүжсээр байна. Тиймээс театрынхаа үе үеийн уран бүтээлийг сурталчлах, театрын урлагаар хүүхдүүдэд зөв төлөвшлийг суулгах гээд олон ач холбогдолтой.

Хүүхдүүдэд гарын бэлэгтэй гэсэн үү?

-Манай тоглолтыг үзсэн хүүхэд бүхэнд 8000-9000 төгрөгийн өртөгтэй бэлэг өгнө. Гэхдээ тэр нь ундаа чихэр биш. Хүүхдэд хэрэгтэй зүйл байхаараа онцлог.

-2018 оны ажлын төлөвлөгөөг тань сонирхоё?

-2018 онд олон ажил биднийг хүлээж байна. Хамгийн түрүүнд гурван шинэ жүжиг тавихаар төлөвлөсөн. Үүний нэг нь ахлах ангийнханд зориулсан бүтээл. Өсвөр насны хүүхдийн мэдлэг оюунд тус болсон, театрын соёлд сургасан, хүн хоорондын амьд харилцааг бий болгох зорилго бүхий жүжиг. Мөн “Торгон замын Тоодоохой”, “Далан сум далан жүжиг” зэрэг жүжиг тавихаар хөтөлбөр боловсруулж байна. Үүнээс гадна урчуудын дунд “Хүүхэлдэйг хэн сайн урлах вэ” уралдаан зарлана. Энэ уралдаанаар монгол хүүхэлдэйгээр дамжуулж, монголчуудыг, хүүхэлдэйн урлагаа дэлхийд сурталчлах том зорилго өвөртөлж байна.

Театрыг зорьж ирэх хүүхэд олон байна уу?

-Театрт хайртай, жүжиг үзэх хүсэлтэй хүүхэд олон байна. Эцэг эхчүүд ч хүүхдээ театрын урлагаар хүмүүжүүлэх нь ямар ач тустайг мэддэг болжээ. Манай тоглолт бүхэн заал дүүрэн үзэгчтэй байдаг. Гэвч суудлын тоо хэтэрхий бага байна. Хүүхдүүд цахим орчинд дэндүү ойрхон, гар утас компьютер тоглоомд донтох болсон. Ямар ч амьд харилцаа алга. Тиймээс бид хүүхдийг амьд харилцаанд ойртуулах, бодит зүйлд дөхүүлж хүн харилцааг бий болгоход гол зорилгоо чиглүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2017 оны 12-р сарын 22

хуцоо….муу гөлөг

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *