П.Даваацэрэн: Монгол залуусынхаа хөгжмийн боловсролд зориулан олон шинэ зүйл бүтээсэн

7-р сарын 25, 2018 9:57 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 59
11270330_906220299437706_5785139368450372444_o

Х.ХАТАН

Хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол олгож, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж буй “DGL” хөгжмийн сургалтын төвийн захирал П.Даваацэрэнтэй ярилцлаа.

Таныг ТВ-ээр гитар хөгжим заадгийг залуус андахгүй. Энэ удаад сургалтын төвийнхөө талаар яриач?

-Би 2009 онд Монголын хамгийн анхны гитар хөгжмийн ТВ сургалт “440Hz” нэвтрүүлгийг NTV телевизтэй хамтран хийж эхлэсэн. Манай нэвтрүүлгийн үзэгчид сурсан зүйлсээ шалгуулах гэж над дээр ирдэг болоод сүүлдээ хүмүүсийнхээ ачааллыг дийлэхгүй гитар сургалтын төвөө нээсэн юм. Энэхүү “440Hz” нэвтрүүлэг маань өнөөг хүртэл хийгдсээр байгаа бөгөөд Монголын хамгийн анхны Гитар хөгжмийн боловсрол олгох контент юм.

Манай сургалтын төв өнөөг хүртэл найман жилийн хугацаанд нийт 5000 орчим хүнд гитар хөгжмийг зааж сургасан. Үүнээс гадна бүртгэгдээгүй манай төвөөр дамжуулан суралцсан олон мянган гитар сонирхогч залуус байдаг. Мөн бид 2014 онд Монголын хамгийн анхны гар утсанд зориулсан #DaavkaGuitarАpp Гитар хөгжмийн Application бүтээсэн. Энэхүү бүтээл маань гитар сонирхогч олон мянган залуусын байнгын хэрэглээ болж чадсан юм. 2016 онд манай төв Гитар сургалтынхаа зургаан жилийн туршлага хичээлийн хөтөлбөр дээр тулгуурлан үйл ажиллагаагаа өргөт­гөн Үкүлэлэ, Морин Хуур, Төгөлдөр Хуур, Бөмбөр хөгжмүүдийн  хичээлийн хөтөлбөр бо­ловс­руулж DGL Хөгжмийн сургалтын төв болон өргөжөөд байна. Энэ жилээс эхлэн дуулаач болон хийл хөгжмийн хөтөлбөр боловсруулан шинэ элсэлтээ авч эхэлсэн.

“Хүн бүр хөгжимчин болох ёсгүй ч хүн бүрт хөгжмийн боловсрол хэрэгтэй” гэсэн уриан дор хөгжим сонирхогч залуусдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийн хөтөлбөрөөр чанартай хөгжмийн боловсрол олгохоор ажиллаж байна. Бид Монгол Улсынхаа хөгжмийн хөгжлийн тулгуур болсон манлайлагч байгууллага байж, бизнесийн ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай, найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай байх эрхэм зорилготой.

Сургалтын төвийн хөтөлбөр чанартай байхад багш нарын ур чадвар чухал. Танайд ямар багш нар хичээл заадаг вэ?

-Би гитар хөгжмөө заадаг. Өөрийгөө багахан танилцуулахад 2009 оноос өнөөг хүртэл тасралтгүй үзэгчидэд хүрч буй Монголын хамгийн анхны гитар сургалтын ТВ болон Онлайн хичээл болох 440Hz нэвтрүүлгийг санаачлагч, “Монголын гитарчдын холбоо”-ны тэргүүлэгч. Харин мэргэжлийн хувьд Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн жазз гитарчин, СУИС-ийг Дуу хөгжмийн багш, Орхон их сургуулийг Англи хэлний багш, орчуулагч, Сингапур улсын менежментийн коллежийг зочид буудлын менежер, зохион байгуулагчаар тус тус төгссөн. Удирд­лагын академийн нийгмийн удирдлагын магистр зэрэгтэй, 11 дэх жилдээ багшилж байгаа туршлагатай.

Харин морин хуурын багш Ц.Галбадрах маань Хөгжим бүжгийн коллежийг гоцлол хөгжимчин мэргэжлээр бакалавр, СУИС-ийг Урлаг судлалын ухааны магистраар төгссөн. “440Hz” Монголын хамгийн анхны морин хуур сургалт тв хичээлийн Хөт­лөгч багшаар ажилладаг.

Үкүлэлэ багш Б.Аззаяа маань Монголын хамгийн анхны Үкүлэлэ хамтлаг “Tigerfish” хамтлагийн дуучин, Үкүлэлэ хөгжимчин. Ц.Азбаяр төгөлдөр хуурын багш маань СУИС-ийг Урлаг Концерт­мистерээр төгссөн.

Манай сургалтын төвийн нэг том онцлог нь Сингапур улсын хөгжмийн сургууль болох Yong Siew Toh Conservatory of Music-ийн хичээлийн программыг монгол залуусын сурах сурцад таруулан өөрчилж хөгжмийг хэрхэн хурдан сурах аргачлалыг боловсруулж, есөн сарын хугацаанд дунд түвшинд хүртэл хөгжимдөх чадвар суулгах хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг.

Та гар утасны аpplication, гитарын программ, сайтуудыг нээсэн нь одоо үеийн хүүхэд залуусын эрэлт хэрэгцээ, нийгмийн хөгжилд хөл нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн чухал ажил хийжээ?

-Бид нийгэмд чиглэсэн маш олон зүйлсийг монгол залуусынхаа хөгжмийн боловсролд зориулан бүтээсэн. Тухайлбал, Монголын хамгийн анхны гар утсанд зориулсан гитарын программ “DaavkaGuitarApp”, Монголын хамгийн анхны гитарын онолыг багтаасан хөгжим сонирхогч залууст зориулсан “Гитарын Үндэс” ном, “440Hz” гитар хөгжмийн нэвтрүүлэг, DaavkaGuitarLessons.mn  болон Guitar.mn хөгжим тоглож сурч буй бүх хүнд нээлттэй хөгжмийн цогц сайтуудыг хийгээд байна.

Үүнээс гадна манай сургалтын төв нь сургалтын гэрчилгээ буюу Сертификат олгодгооро онцлог юм. Мөн улсын хэмжээнд хамгийн олон салбартай хөгжмийн сургалтын төв гэдэг том давуу тал. Манай төв Улаанбаатар хотод гурван салбар, Эрдэнэт, Дархан хотуудад нэг, нэг салбартайгаар үйл ажиллагаага явуулж байна

Зуны улирал хүүхдүүдэд сурахад таатай цаг үе. Харин хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хичээллэхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Хөгжмийг зөвхөн хүүхдүүд сурдаг юм шиг ойлголт түгээмэл. Уг нь найман настай балчираас 80 настай хүн ч сурах боломжтой. Манай төвд хамгийн багадаа таван настай хүүхдүүд хамрагддаг бол хамгийн настай нь 73 настай хүн суралцдаг. Дунд сургуулийн хүүхдүүд хичээлээс гадуур заавал ямар нэгэн хөгжим тоглож сурах хэрэгтэй. Учир нь хүүхэд сууж сурна, сонсож сурна, бас хүндэлж сурна. Хамгийн чухал нь хөгжмийн боловсрол гэдэг хүний хамгийн том соёл юм.

Хөгжим тоглож сурна гэдэг дан ганц хөгжимдөх биш юм. Нотоо харна, уншина түүнийгээ амилуулж тоглоно гээд маш их зүйлийг хэдхэн секундын дотор хийдэг учраас хүнийг тал бүрээр хөгжүүлж өгдөг.  Манайд 20-40 насны залуус ажлын бус цагаараа хөгжмөөр хичээллэснээр өөрийгөө хөгжүүлэхээс гадна стресдэхгүй болж, найз нөхөд, хамт олныхоо дунд эрэлттэй авьяастан болдог. Goodboys, Edelwiess, Mongolians got talent алтан buzzer авсан оролцогч зэрэг маш олон хамтлагийн гитарчид манай төвд суралцаж төгссөн.

Сүүлийн үед хөгжмийн сургалтын төвүүд тэр дундаа гитарын сургалт олон болж. Өрсөлдөгчид олон болох сайн ч чанаргүй сургалт хүмүүсийг хохироох тал бий. Энэ тал дээр таны бодол?

-Гадуур 250.000, 150.000, 80.000, 30.000 төгрөгийн төлбөртэй янз бүрийн сургалт байна. Энэ их сайн, олон газар, олон багш байх тусмаа гитар сонирхогчид ихсэнэ. Гитарыг маш сайн заадаг хувь хүмүүс болон сургалтын төвүүд ч байна. Харамсалтай нь сайн зүйлсийг дагаад саар зүйлс бас байх юм. Хүнд багшлах нь битгий хэл өөрөө тухайн хөгжмийнхөө талаар дутуухан мэдлэгтэйн зэрэгцээ хүнд юм заах чадваргүй хүмүүс бидний нэр хүндийг унагаж байгаа нь харамсалтай.

Хүнд юм заана гэдэг маш их хэцүү, тэр тусмаа төлбөртэй заана гэдэг тухайн сурч байгаа хүн ямар зан араншинтай, яаж сурах онцлогтой хүн байна гэдгийг сайн судлах хэрэгтэй болдог. Намайг сургалт эхлүүлж байх үед олон сургалтын газар байсангүй, цөөхөн хүмүүс маш чанартай заадаг байсан юм. Баянмонгол чуулгын удирдаач Ганбат багш, Хонх хамтлагийн Гитарчин Энхболд ах (Вовка) Гитарчин Буянаа ах гэх мэт. Би эдгээр хүмүүсийг л жинхэнэ багш гэж хэлж чадна. Учир нь тэдний сурагчдын тоглохыг хараад л мэдрэгдэнэ.

Монгол залуус маань хөгжмөөр хүмүүжиж, төлөвшиж бүгд хөгжимчин болохгүй ч хэний ч өмнө гитар ч байна уу, төгөлдөр хуур ч байна уу, хэдэн зохиол тоглочихдог, тэр зүйлээрээ бахархдаг байгаасай гэж хүсдэг. Миний мөрөөдөл бол монгол хүн бүр хөгжмийг ойлгодог, хайрладаг байгаасай, Монголоос минь дэлхийд данстай гитарчин төрөөсэй гэсэн л хүсэл бодолтой явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *