П.Батхуяг: Монгол хүн гэсэн мөн чанарыг авч үлдэх нь өнөөдрийн хамгийн чухал ажил 

2-р сарын 6, 2017 10:08 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 79
2-6-2х

С.УЯНГА

 

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн  зочноор хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач шүүмжлэгч  П.Батхуягийг урилаа.

ӨНГӨРСӨН 25 ЖИЛД ХҮНЭЭ ЗӨНД НЬ ХАЯЧИХСАН

Өнөөдөр манай бо­ловс­ролын салбарт тул­гамд­сан зүйл бол бо­лов­сон хүчний асуудал. Тэр тусмаа боловсролын салбарт мэргэшсэн чад­варлаг боловсон хүчин дутмаг, эрэлттэй байна. Хэдийгээр бакалаврын төвшинд багш бэлтгэж байгаа ч тэднийг бэлтгэж байгаа  боловсролын тогтолцоо чамлалттай.

Олон улсын төвшинд хүрээгүй, шаардлага хангаж чадахгүй байна. Цаад шалтгаан нь багш мэргэжлийн нэр хүндтэй холбоотой. Нэр хүндийг  нь унагаасан хамгийн гол зүйл нь багшийн хөдөлмөрийн үнэлэмж. Монголын багш нар хариуцлагаа ухамсарлаад түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд цаг наргүй зүтгэж байна. Багш нарын ирээдүйн баталгаа, оюуны үнэлэмж маш доогуур байгаа  юм.

Тиймээс ажил мэргэжилдээ дурлаж, сэтгэл зүрхээ өгч өөрийгөө хөгжүүлэх, чадавхжих боломжийг олгохгүй байна. Магадгүй хамгийн тулгамдсан асуудал энэ байх. Олон шалтгаан бий л дээ. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь эдийн засгийн хөгжил, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой гэх байх. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улс цөөнгүй зүйлээ анхаарсан ч хүнээ зөнд нь хаячихсан. Хүнээ хөгжүүлээгүйн улмаас мэргэжилтэн байхгүй болсон. Өсөх бага наснаас нь хүнээ анхаарч оюун санаа, хэрэгцээг нь чухалчилж байсан нийгэмд хүн хэзээ ч орхигдохгүй. Яг үнэндээ  бид хүүхдүүдээ ч мартсан, өөрсдийгөө ч мартсан, “Би Монгол хүнгэдэг ойлголтыг бүр зөнд нь хаячихсан. Монгол хүний үнэлэмж өндөр байж улс орон хөгжинө. Монгол хүний мөн чанар, амьдрал ахуй, нийгэм сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжлийн гарцыг бий болгох шаардлагатай. Монгол хүн бол үнэт зүйл. Тиймээс эдийн засгийг сэргээх арга хэлбэрийг хайж, чухалчлахаас илүү эдийн засгийн ирээдүйн хөгжлийг бий болгох суурь болсон боловсролын системийг үндэсний хэв загвартай болгох шаардлагатай. Өнгөрсөн 20 гаруй жилд олон улс орны янз бүрийн боловсролын тогтолцоог үлгэр болгож туршиж үзлээ. Харамсалтай нь үр дүн гарсангүй. Үүний цаад шалтгаан нь монгол хүний оюун бодол, амьдралын төсөөлөл, байгаль, нийгмийг ойлгож ухаарсан сэхээрэл, аливаад хандах хандлага гаднах загваруудад тохирохгүй, нийцэхгүй байгаагаас боловсролын хөгжил бодитоор ахиж, дэвшихгүй байгаа юм. Хөгжихийг эрмэлзэж байгаа нь чухал ч ямар байдлаар яаж хөгжих вэ гэдгээ нягталж судлах, өөрсдийнхөө амьд­ралын хөрсөнд тохирсон загварчлалуудыг бий бол­гох шаардлагатай. Зөвхөн боловсролын салбарт бус эдийн засаг, хууль эрх­зүй гээд бүхий л салбарт гарцаагүй өөрийн гэсэн хөгжлийн чиг бодлого, үзэл баримтлал бий болгох хэрэгтэй.

 

БҮТЭЭЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ЯЛГАМЖ, СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨВШИНГ ТОДОРХОЙЛОХ ҮЗҮҮЛЭЛТ АЛГА

 

Уран зохиолын салбараар жишээ авъя. Өнөөдөр манай уран зохиолын салбарт олон сайхан идэр насны авъяаслаг зохиолчид бий. Бүтээл туурвих насандаа ирчихсэн, оюун ухааны хувьд ид сэргэн мандаж байгаа. Гэтэл утга зохиолыг тодорхой төвшинд дэмжих бодлого алга. Олон хүн амтай далайцаараа явж байгаа улс орнуудын утга зохиол уншигчдын хүрээгээр зохиолчдынх нь оюуны үнэлэмж, мэргэжлийн  төвшин нь тухайн уран бүтээлчийг үнэлдэг тогтсон харилцаа олон жилийн өмнөөс бүрдсэн юм шиг байгаа юм. Харамсалтай нь XX  зууны сүүл, XХI зууныг залгаад бидэнд зохиолчийн эрхийн асуудал, ном соёлын менежмент, зохиолч уншигчдын хоорондох эдийн засаг, оюун санааны харилцааг ямар арга зам, хуулийн хүрээнд хэрхэн яаж зохицуулдгийг ойлголгүй энэ үед ирчихлээ. Олон сайхан зохиолчид бүтээлээ туурвиж байгаа ч бүтээлийн үнэ цэнэ, ялгамж, сэтгэлгээний төвшинг тодорхойлж өгөх үзүүлэлт мэргэжлийн үнэлэлт, хэвлэх газар зохиолчийн хоорондох ашигтай харилцаа зэргээр төлөвшиж тогтсон зүйл огт байхгүй. Утга зохиолын амьдрал хар зөнгөөрөө явж байна гэхэд хатуудахгүй. Зүй тогтлоороо аясаараа явж байгаа зүйлд төр заавал хуруугаа дүрэх шаардлагагүй. Харин төрийн зохицуулалт байх ёстой. Манай өнөөгийн уран зохиолын олон асуудлыг эрхзүйн хүрээнд зохицуулах шаардлага бий. Наад захын жишээ хэлэхэд, хэвлэн нийтлэгч ямар үүрэг гүйцэтгэх юм, зохиолч ямар хариуцлага хүлээх ёстой. Дунд нь ямар хэлбэрийн хамтын ажиллагаа байх юм. Үр ашгийг хэрхэн тооцож, менежментийг хэн хийж зохиолчдын бүтээлийг сурталчлах юм гэх зэргээр уран бүтээлчдэд  шинэ тулгар, өөрсдөө ч төсөөлөөгүй зөвхөн гадарладаг  зүйлс маш их бийТэр бүгдийг төр зохицуулах ёстой. Гагцхүү  бодитой шударга, дэлхий нийтийн хандлагад тохирсонмонгол үндэсний хэв шинжийг хадгалсан зохицуулалт хийгээд өгчих юм бол бидэнд хангалттай боломж бий. Улс орон ч хөгжинө.

Эдийн засгийн суурь үзүүлэлтээ аваад үзэх юм бол энд тэнд өр тавьж, түмнээсээ гуйлга гуйх хэмжээнд элгээрээ хэвтчихсэн зүйл байхгүй. Хэрэв энэ янзаараа явах юм бол үүнээс дор нөхцөл байдал үүснэ. Боловсролд үзэл баримтлал хэрэгтэй шиг төрийн зохицуулалт чухал. Монголчууд жижиг үндэстэн биш. Маш том түүхтэй ч өнөөдөр жижиг амьдарч байгаа ард түмэн. Энэ том ард түмэн хүнийхээ тоогоор биш чадамжаар үнэлэгдэх цаг ирсэн. Идэх ам ихдэхээр улс хөгждөг юм  биш оюун ухаантай хүн олон болсноор улс орон хөгжинө. Бүх төвшиндөө бодож боловсруулж, зөвхөн хүнээ хөгжүүлэхэд төрийн бодлого чиглэх юм бол монгол хүн чадамжтай, суурьтай, оюун ухаантай, ирээдүйтэй.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХУУЧИН ХҮҮ БОЛЧИХООД, ХҮҮХДҮҮД ШИНЭ ХҮҮ БОЛОХЫГ ХҮСЭЭД БАЙНА

 2-6-2й1

БЛИЦ

Мэргэжил:

Утга зохиол судлаач, багш

Боловсрол: 

Дорно-дахины утга зохиолын дээд сургууль, МУИС, МУБИС

Ажлын туршлага:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 20 жил ажиллаж байна. Нийгэм, соёлын үнэт зүйлс, уран зохиол судлалын чиглэлээр мэргэжсэн. Хүүрнэл зохиол, жүжиг, яруу найргийн төрлөөр зохиол бичдэг.

Бидэнд хангалттай эрх чөлөө бий. Улс төрийн тогтолцоо нь байна. Ардчиллын үзүүлэлт гэдэг  суурь ойлголт, хандлагууд нь байна. Гэтэл бидэнд өөрсдийгөө таньж ойлгох боломж алга. Хангалттай гадагшаа харж чадаж байна. Одоо харин дотогшоо харах хэрэгтэй. Гадагшаа харж байгаа зүйлсээ амьдралдаа хэвшүүлэхийг оролдож байгаа учраас бидний амьдрал дуураймал болоод байнаХүмүүсийн харилцаа хүртэл хиймэл, дуураймал  боллоо. Соёл, утга зохиол, боловсролын харилцаа хүртэл.

Хүний эрх хамгийн чухал. Мөн багш суралцагчдынхаа мэдэх, сурах эрхийг хүндэтгэх ёстой. Бидний уламжлалт харилцаанд багшийг шүтэх, хүндэтгэх ёс байсан ч өнөөдөр үйлчилгээний ажилтан мэт болгож байна. Ахлах, дунд ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд багш нарыг үйлчлэх ёстой зарц мэтээр бодох үнэлэмж бий болох вий. Багшийг хүндэлдэг үнэлэмж үгүй болох вий. Энэ мэтээр гадны зүйлүүдийг амьдралдаа хэвшүүлэх гэж оролдсоноор  монгол итгэл үнэмшил, төсөөлөлгүй, бахдалгүй, монгол айдасгүй болчих вий гэдгээс болгоомжилж байна. Гадаад хэл сурах нь зөв, түүнээс өөр гарц байхгүй. Биднээс өмнө туршиж үзсэн, үр дүнгээ өгсөн арга системүүдийг авч ашиглах нь ойлгомжтой. Ирээдүйд энэ улсад ямаршуухан монгол хүн, амьдралын ямар хэв маягтай амьдрах ёстойг бодохгүй байгаа нь хамгийн том алдаа. Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх ч монгол хүн гэсэн мөн чанарыг авч үлдэх нь бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил.

Хүүхэд боловсрох орчин, цаг хугацааныхаа гуравны хоёрыг гэр бүлдээ өнгөрөөж байгаа. Энэ үед аав, ээж нь багш байдаг. Энд тэндээс хагас дутуу зүйл сонсчихоод миний хүүхэд давуу эрхтэй, багш хатуу ширүүн үг хэлж болохгүй гэсэн гажуудсан бодол тээчихээд багш нарт буруу ханддаг. Яг амьдрал дээр хүнд ном эрдэм заана гэдэг бэрх ажил. Эцэг эхчүүд боловсролыг хялбараар ойлгодог. Төр чихтэй, нүдтэй юм бол эцэг эхчүүдийн боловсролд чиглэсэн бодлого бас хэрэгжүүлмээр санагддаг юм. Өнөөдөр  боловсролын салбарт хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа олон сайхан төсөл хөтөлбөр байна. Багш нар өөрчлөгдөж, хүүхдүүдийн сурах дадал чадвар, хандлага нэмэгдэж байна. Гагцхүү орхиод байгаа орон зай бол эцэг эхчүүд юм. Эцэг эхчүүдийн чихийг онгойлгож, нүдийг нээхгүй бол бидний явуулаад байгаа бодлого бодитой үр дүн болж нийгэмд буухгүй. Эцэг, эхчүүдийн боловсролд анхаарсан газруудын туршлага байдаг. Сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй байгуулах гэрээндээ  долоо хоногт 1-2 удаа сургуулийн ажилд идэвхитэй оролцох ёстой гэдгийг тусгаж өгсөн байдаг. Аав, ээжийнх нь ажил олгогч давхар үүрэг хүлээж долоо хоногт нэг удаа хоёр цагийн чөлөө олгож байх ёстой. Энэ бол энгийн, хамгийн наад захын ажил. Хүүхдүүдийнхээ ангийнхантай, багш нартай нь долоо хоногт хоёр цагийг өнгөрөөхөд сургах үйл явц ямар төвшинд байгаа, багш нар яаж ажилладгийг мэднэ. Төр үүнийг зохицуулах ёстой. Эцэг эхийн хуралд дарга нарын жолооч, баячуудын үйлчлэгч, эсвэл тэтгэвэрт сууж байгаа эмгэн өвгөн, дунд сургуулийн ах эгч нь очдог. Эцэг эхчүүд ажлаа хийгээд мөнгөө олж байдаг. Хүүхдийнхээ сургалт хүмүүжилд анхаарч хоёрхон цаг зарцуулах бололцоог төр олгож өгөх ёстой. Захирлуудтай гэрээ байгуулахдаа журмандаа заагаад өгөх хэрэгтэй. Сүүлд замын цагдаа болж гадаа зогсч байх шиг байна. Сургуульд ямар өөрчлөлт орж, багш нар хүүхдүүдэд юу заагаад байгааг мэдэхгүй явж байна. Эцэг эхчүүд хуучин хүү болчихоод, хүүхдүүд нь шинэ хүү болохыг хүсээд байна. Нэг араа нь эргэхгүй бол цаг ажилладаггүйтэй адил.

 

ҮЗЭЛ СУРТАЛ БОЛ БИДНИЙ БАХАРХАЛ, ҮНЭТ ЗҮЙЛС

 

Ирээдүйн монгол хүн ямар нэг хөтөлбөр, төлөвлөгөөгөөр төлөвшихгүй. Монгол хэл, уран зохиолоор дамжиж монгол үзэл санаа бүрэлдэнэ. Монгол ардын үлгэрээ л уншъя. Хөтөлбөрт монгол агуулгыг нэмэхийн тулд монгол хэл, соёлыг өөртөө хадгалж байдаг монгол хэлт утга зохиолоо оруулах ёстой. Сургуулийн өмнөх боловсролд ч ялгаагүй. Аман зохиол, монгол хэлт уран зохиолын өвөөр дамжиж байж бодит үр дүн өгнө. Түүнээс дээл өмсөх, чөдөр ногт зангидахыг заах бол хэлбэр төдий зүйл. Хамгийн гол нь тархи толгойд нь монгол хүн хэмээх мэдрэмжийг суулгаж өгөх ёстой. Аль ч төвшинд Монгол хэл, Уран зохиолын хичээлийг нийлүүлж болохгүй. Гадаад хэв дүрээр Монгол байлгахыг бодох бусдотоод мөн чанар нь Монгол, монгол хүн  байх ёстой.

Нүүдэлчдийн ахуй он цагийн эрхээр биднээс алсарч байгаа. Гэхдээ дэлхий ертөнц дээр нүүдэлчин хэвээр үлдсэн цор ганц үндэстэн. Энэ давуу талаа ашиглах ёстой. Бидний дотор хэн ч анзаарахгүй хөгжил байдаг. Монгол маягийн амьдралын загвар бүтээж, хаа нэг тийшээ нүүгээд бид өөрчлөгдөхгүй. Хэдий чөдөр зангидаж, морь унаад давхиж чаддаггүй ч дотоод мөн чанартай монгол хүн хэрэгтэй. Үүнийг ганцхан үзэл суртлаар бий болгоно. Үзэл суртал бол бидний бахархал, үнэт зүйлс. Монгол хүн учраас би манлайлах, тэргүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил үзэл суртлыг бий болгох хэрэгтэй. Тэртээ тэргүй өдий болтол тархиа элдэв зүйлийн юмаар угаалгасан. Тиймээс зөв зүйлээр ирээдүйнхээ  тархийг нь угаая. Би тэргүүлэгч, манайлагч, чаддаг, хийдэг монгол хүн гэдэг итгэлийг хүүхдүүддээ төрүүлэхэд боловсролын үзэл баримтлал чиглэх ёстой. Ийм бардамнал байгаа цагт Монгол зүйлээ сонирхож, өөрийн ялгамжаа мэдрээд эхэлнэ. Өнөөгийн нийгмийн харилцаа бол гадаад хүнээс бид сул дорой, муу юм байна гэдэг үзэлтэй болгочихсон. Үүнийг дээрэнгүй гүрнүүд олон зуун жил бид нар дээр туршиж байна. Төрийн ой санамж ч  мартчихсан. Энэ эмгэнэл одоо л дуусахгүй бол бүр хэцүүднэ. Хамгийн аймшигтай бодлого бол итгэлийг үгүй хийх. Хэлбэр хамаагүй. Боловсролоор хүүхдүүдэд монгол хүний итгэл үнэмшлийг бий болго. Өөр юу ч хэрэггүй. Тэгвэл хүссэн хүсээгүй итгэл үнэмшлээрээ жигүүрлэнэ. Дурдвал бишгүй л олон жишээ байна. Наад зах нь Монгол хэлээр бичигдсэн үндэсний зохиолчдынхоо бүтээлийг гадны орчуулгын зохиолоос  бага уншиж байна. Номын зах зээл дээр монгол зохиолчийн ном 3000  хувь борлогдож байхад гадны алдартай зохиолчийнх 30000 хувь зарагдаж байна. Ядаж монгол хэлээрээ бичсэн үндэснийхээ зохиолчдыг дэмжих ёстой. Гадаад хүн мундаг гэсэн итгэл байгаа учраас тэгж хошуурч байна. Харин монгол хүн мундаг гэсэн итгэлийг тархинд суулгаж өгсөн цагт утга зохиол хөгжинө.

Өөр бас нэг зүйл нэмээд хэлчих үү. Би утга зохиолын салбарт чамгүй олон ажил ажиллаж сайн, муу сайхан муухайг нь мэддэг болсон. Нэг зүйлийг хатуу хэлэхэд нам төрийн далим, сонгуулийн сиймхийгээр эрх мэдэл авсан мөр толгой холбодог нөхдүүд байдаг юм шиг байна. Тэднээс нэг зүйлийг хичээнгүйлэн гуйхад төрийн ажлаа хийдгээрээ хий л дээ.  Уран зохиолыг минь битгий улс төр болгооч. Утга зохиол бол оюун санааны амьдралын гол хөдөлгүүр. Энэ оюун санааны амьдралыг шаварт хутгачихмааргүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *