П.Анхтуяа: Монголын соёл урлагийн бага насыг бэлтгэж байна

10-р сарын 2, 2015 10:21 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 177
10-2-2h

Х.МОНГОЛХАТАН

Монголын хүүхдийн ордны захирал, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч П.Анхтуяатай ярилцлаа.

Та ямар мэргэжилтэй вэ. Хүүхдийн ордонтой хэзээнээс холбогдов?

Би монгол бичгийн багш. Мөн сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 10 гаруй жил ажилласан. Мөн УИХын Тамгын газарт 10-аад жил ажилласан. Их Хурлын гишүүний бие төлөөлөгчөөр давхар ажиллаж байсан. 2012 оны сүүлээс Монголын хүүхдийн ордны захирлаар ажиллаж эхэлсэн.

Манай Хүүхдийн ордон 57 дахь хичээлийн жилийн нээлтээ саяхан хийлээ. Жилд 2000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бид Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийг орон нутагт, анхан шатанд хүргэх, тэр дундаа хотын алслагдсан гэр хорооллын хүүхдийн хөгжлийн төлөө салбар дугуйланг дүүргүүдэд нээж ажиллуулж байна. 2014 онд ерөнхий судалгаа, төсөл дээр ажиллаад  2015 оны нэгдүгээр сараас дүүргүүдэд Хүүхдийн ордны салбар дугуйлангууд хичээллэж эхэллсэн.

Хэдэн дүүрэгт ямар чиглэлийн дугуйлангууд ажиллаж байна вэ?

Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуунд, Сүхбаатар дүүрэгт Архустай зуслангийн 17 дугаар хороонд, Баянзүрх дүүрэгт Дарь эх, Шархаданд байгаа бол ХанУул дүүрэгт Яармагт, Чингэлтэй дүүрэгт Хайлааст зэрэг таван дүүргийн найман байршилд, найман нэр төрлийн 25 дугуйлан хичээллэж байна. Үүнд урлагийн, уран бүтээлийн, гадаад хэлний дугуйлангууд голчлон байна. Урлагийн дугуйланд дулаачийн, бүжгийн, драмынх ордог бол уран бүтээлийнхэд уран зураг, математикийн дугуйлан байна. Харин гадаад хэлний дугуйланд англи хэлийг түлхүү заадаг. Урлагийн дугуйлан гэхээр зөвхөн урлагийн хүн болох нь гэсэн өрөөсгөл ойлголт эцэг эхчүүдэд байдаг. Гэтэл энд монгол үг хэллэгийг тод зөв хэлэх, онч үг хэлэх, сургаал үг сурах, түргэн хэллэг цээжлэх, хэлийг зүгшрүүлэх, хэл ярианы баялагтай болох, өөрийгөө нээж, бусдад зөв ойлгуулах, нээлттэй болох зэрэг олон төрлийн хичээл ордог. Нээлттэй болж, өөрийн зан чанар, авьяас чадвараа мэдэрсэн хүүхэд зөв чиглэлээ сонгож чаддаг.

Хүүхдийн ордны дугуйлангийн хүүхдүүд ирээдүйд урлагийн боловсон хүчин болох нь олонтаа байдаг. Бусад дугуйлангуудаас үүгээрээ давуу талтай гэж хэлж болох уу?

Хүүхдийн ордон байгаа обьектоороо, хүүхдүүдийн гаргаж байгаа уран бүтээлээрээ Монгол Улсын соёл урлагийн бага нас юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл бид 3-5 жилийн хөтөлбөртэйгээр хүүхдүүдээ сургаж мэргэшүүлдэг. СУИС, Хөгжим бүжгийн коллеж болон бусад соёл урлагийн сургуулиудад манайхаас бэлтгэгдсэн хүүхдүүд орж суралцдаг. Тиймээс яах аргагүй соёл урлагийн бага нас манайд бэлтгэгдэж байдаг гэж хэлж болно. Монгол хүүхдүүдийн генд нь ардын урлаг болон соёл урлагийн авьяас суусан байдаг нь олон зүйлээс харагддаг. Манай дугуйлангийн хүүхдүүд Япон, Орос, Солонгос, Туркт болсон Олон улсын фестиваль, наадамд оролцоод ирсэн. Мөн Хөх хотод том баг, бүрэлдэхүүнтэйгээр айлчлан тоглолт хийлээ. Мөн Франц, Испани, Итали улсад олон улсын төгөлдөр хуурчдын мэргэжлийн уралдаанд амжилттай оролцоод ирсэн.

Гэхдээ уран бүтээлч хүүхдүүдэд маань гадагшаа явахад нь санхүүгийн бэрхшээл тулгардаг. Саяхан Турк улсад олон улсын бүжгийн уралдаанд амжилттай ороод ирсэн хүүхдүүд маань Македон улс руу урилгаар явах болтол санхүүгийн бэрхшээлээс болоод 3-4 хүүхэд хасагдсан. Манай төрийн байгууллага учраас бүх зардлыг гаргах боломжгүй байдаг. Тиймээс энэ тал дээр төр засаг бодлогоороо анхаарч, санхүүгийн дэмжлэг үзүүлж, уран бүтээлч хүүхдийг дэмжих сантай болвол гадагшаа явах нь нэмэгдэх юм. Тэгвэл Монголын соёл урлаг хүүхдүүдээр дамжин гадаадад гарах, эх орноо сурталчлах  боломж бүрдэнэ. Үүний төлөө ч бид зорьж ажиллаж байна.

Авьяастай хэрнээ амьдралын боломжгүй хүүхэд танай дугуйланд хамрагдах боломж бий юу?

Манай дугуйлангуудын төлбөр Монголын амьдралаас тасарсан өндөр биш. Бид зах зээлийн жишгээр ижил төстэй байгууллагуудын төлбөрийг харгалзаж  харьцангуй боломжийн хямдхан тогтоодог. Бүх дугуйлан жилийн 190-210 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ нь сард 18 мянган төгрөг юм билээ.

Гэтэл томчууд нэг удаа хоол идэхдээ 20 мянган төгрөг төлдөг шүү дээ. Энэ мөнгөө л хүүхдийнхээ төлөө зориулах эсэх нь ээж, аавын сэтгэлтэй хамаатай. Хэдий хямралтай хэцүү байна гэж ярьж байгаа ч хүн өөрөө хүсэх юм бол бүх зүйл боломжтой байдаг.

Хэрэв үнэхээр амьжиргааны түвшин доогуур, эцэг, эхгүй, асрамжийн газрын, хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн авьяастай түүнийгээ хөгжүүлэх хүсэлтэй хүүхэд манайд хандвал бид дэмжинэ. Манайх мэргэжлийн шатны сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулдаг учраас цаашид мэргэшиж, мэргэжлээ болгож чадах үнэн бодит авьяас дээр тулгуурлаж хүүхдүүдээ шалгаруулж авдаг.

Дугуйлан хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар мөн үү. Эсвэл авьяас чадварыг хөгжүүлэх мэргэшүүлэх газар уу?

Хүүхдийн ордонд олон жилийн дадлага туршлагатай багш нар ажилладаг. Тэд маань хүүхдийн авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хүүхдийн ордныг эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар гэж боддог нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм. Учир нь таван жилийн хөтөлбөртэй мэргэшсэн сургалтад авьяасгүй хүүхдийг явуулаад цаг зав, мөнгө төгрөгийн гарзтай шүү дээ. Манайд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төв зайлшгүй шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Үүний тулд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх анхан шатны хялбаршуулсан богино хэмжээний хөтөлбөрүүдээр тухайн хүүхдийн сонирхолд тулгуурласан клубууд байх хэрэгтэй юм. Эдгээр клубууд хүүхдэд бие бялдар, эрүүл мэнд, гоо зүйн мэдлэгтэй болгоно. Тиймээс бид өргөтгөлийн барилга барих, клуб нээх тал дээр ажиллаж байна.

Яруу найрагч уран бүтээлч хүнтэй шинэ сонин уран бүтээлийн талаар ярихгүй байж болохгүй. Сүүлийн үед үзэг, цаас нийлүүлж амжив уу?

Зохиолчдын эвлэлийн гишүүнээр өнгөрсөн онд элссэн, залуухан гишүүн дээ. Би Өвөрхангай аймгийн хүүхэд. Долдугаар ангиасааБолор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо эгчийн заавраар бичсэн шүлгээХүрэл тулгаяруу найргийн наадамд сойж байлаа. Тухайн үедПионерийн үнэнсонины идэвхтэн бичигч, шилдэг сурагч байсан. Гэхдээ би өөрт байсан жижигхэн авьяасаа сайн хөгжүүлэхийн тулд сайн багшид шавь орж, тууштай явах байсан юм шиг санагддаг.

Хүн л юм болохоороо, тэр дундаа эмзэг зөөлөн эмэгтэй хүний хувьд ганцаардаж, гуних, баярлаж хөөрөх амьдралын олон өнгөн дээр хөглөгдөж явдаг. Тэр утгаараа өөрийгөө шүлгээрээ тайвшруулж, шүлэгтэйгээ ханьсаж амьдралыг туулж байна. Энэ хугацаанд хоёр уран бүтээлийн ном гаргасан. 2007 онд хайрын шүлгүүдээрээХундаганд бүжих дарсанхны номоо гаргасан бол 2013 онд ээждээ зориулжЦагаан сүүний ундаргашүлгийн ном гаргасан. Одоо гурав дахь номон дээрээ ажиллаж байна.

Мөн хэд, хэдэн дуутай болсон. Найз, нөхөд мааньЧамаас монголжуу үг гардаг, дууны шүлэг бичээч, хамтарч ажиллаягэсэн санал тавьсан. Тиймээс өөрийгөө сориод дууны үг бичиж байна. Анхны дуу УГЗ Насанбуян гуайн аяГэргийгээ инээлгээрэйдуу маань 2007 онд Өвөрмонголд дуулагдаж эхэлсэн. Өвөрмонголын алдартай дуучин дуулдаг юм билээ. Мөн Хүүхдийн ордоны багш нартайгаа хамтран нэлээд хэдэн дуу хийсэн. Одоогоор 10-аад дуутай болж байна.

Та хичээлийн шинэ жилийн нээлтэн дээрээ дуулсан байх аа. Захирал нь өөрөө дуулж мэндчилгээ дэвшүүлнэ гэдэг сайхан санагдсан шүү?

Тайзан дээр гараад үг хэлэх амархан ч дуулна гэдэг амаргүй юм билээ. Гэхдээ би 2014-2015 оны нээлтэн дээр ээждээ зориулсан дуугаа АлтанУяа багшийнхаа шавьтай хамтарч дуулсан. Харин энэ жилийн нээлтэн дээр цахилгаан хөгжмийн багштайгаа хамтарч хүүхдүүдээ сюрприз болгон сурагчийн дүрэмт хувцас, цагаан парчик, улаан бүчтэй дуулсан.

Захирал гэхээсээ илүү хүүхдүүдийнхээ дунд орж, тэднийг сонсож, тоглож наадах нь илүү ойр санагддаг. Ер нь уран бүтээлч хүмүүс хүүхэд шиг зантай байдаг шүү дээ. Манай Хүүхдийн ордны багш нар нээлттэй, авьяас, чадвараа тайзан дээр харуулж байдаг хүмүүс. Тэр ч уламжлалаараа би дуулсан юм. Авьяастай багш нар дундаа хоцрохгүйн тулд хичээж байна даа.

Дугуйланд хамрагдах тохиромжтой нас гэж байдаг уу?

-Манайд 7-10 насны хүүхэд дугуйлангуудад сурч байна. Ер нь хүүхдийг дунд ангид нь буюу 11-15 насанд нь авьяас чадварыг нь хөгжүүлэх ёстой. Нийгмээ дагаад хүүхэд техникээс хол байх боломж алга. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ дугуйланд явуулах, авьяасыг нь хөгжүүлэх гэж хичээж байгаа нь сайшаалтай. Гэвч хүүхдээ 3-4 дугуйланд дараалан явуулж залхаах байдал ч харагддаг. Хүүхэдтэйгээ ярилцахгүй, ойлголцохгүйгээр хүчээр олон дугуйланд явуулна гэдэг нэг төрлийн дарангуйлал юм. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг ажиглаж, ярилцаж, багшид шалгуулж зөвлөлдөх хэрэгтэй. Гэтэл гэр орондоо харах хүнгүй гээд өдөр өнжүүлэх шиг байлгах тохиолдол бий. Сонирхолгүй зүйлд хүчээр явуулах нь хүүхдийг хөгжүүлэх биш эвдэж байгаа хэрэг юм. Манайх нэг жил сургаад цаашаа хөгжих боломжгүй хүүхдийг ээж аавд нь хэлээд өгдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *