Оюутолгой залуусыг даллаж байна

2-р сарын 29, 2012 8:43 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 362
Говийн зэрэглээ гэж кино үзсэнээс хойш говь орж үзэх хүсэл төрж билээ. Тэр элсэн тал, тал газрын нар яаж жаргадаг бол гээд харж үзэх юм олон санагдаж билээ. Энэ бол эрт үеийн бодол. Өнгөрсөн лхагва гаригт Өмнийн цэнхэр говийг зорих боломж олдлоо. Тэр их элсэн талд бүтээн байгуулалт бий болсон гэх Өмнөговь аймгийн Хан-Богд сумын нутагт байрлах Оюутолгойг зорьсон юм. Өглөөний 09.00 цагтай уралдан уудам талд бүтээн байгуулалт өрнүүлж буй “Оюутолгой” компанийнхантай золголоо. Биднийг очиход салхитай жиндүүхэн байсан тул арай л нимгэн хувцасласандаа харамсав.

Говийн зэрэглээ гэж кино үзсэнээс хойш говь орж үзэх хүсэл төрж билээ. Тэр элсэн тал, тал газрын нар яаж жаргадаг бол гээд харж үзэх юм олон санагдаж билээ. Энэ бол эрт үеийн бодол. Өнгөрсөн лхагва гаригт Өмнийн цэнхэр говийг зорих боломж олдлоо. Тэр их элсэн талд бүтээн байгуулалт бий болсон гэх Өмнөговь аймгийн Хан-Богд сумын нутагт байрлах Оюутолгойг зорьсон юм. Өглөөний 09.00 цагтай уралдан уудам талд бүтээн байгуулалт өрнүүлж буй “Оюутолгой” компанийнхантай золголоо. Биднийг очиход салхитай жиндүүхэн байсан тул арай л нимгэн хувцасласандаа харамсав. Хангай газрын хүүхэд болоод ч тэр үү битүүхэндээ уул толгод, хад хайгаад амжсан ч “Оюу” нэртэй  онгоцны буудлаас өөр торойх зүйл харагдаагүй юм. Говь талын сэрүүн салхинд жиндэх байх гэж хурдхан машиндаа суулаа. Биднийг ирхийг хүлээн автобус, машин бэлтгэсэн байсан тул бид дахин эд ажил өрнөж байгаа хэсэг рүү явсан юм. Уурхай төв хэсэгт очтол багагүй зам туулсан учраас ойр орчинтойгоо танилцаж явлаа. 

Монгол нутаг сайхан юм. Хангай нь ч, говь хээр нь ч ёстой л нэг гадныхны шүлс урсахаас аргагүй юм. Гэнэт аавынхаа хэлж байсныг саналаа. Миний аав насаараа тээвэрт явсан учраас Монголын бүх нутгаар орсон гэж өөрийгөө магтдагсан. Тал хээр, хангай газрын сайхныг бишрээд л энэ хайрхайнд хоноод, тал газар дугуй эвдрээд гээд их л ярьдагсан. Ярих бүрд нь тэр газруудад нь очиж үзэхсэн гэсэн хүсэл төрнө. Гэхдээ би баруун, зүүн бүсийн олон газраар явж байсан. Харин говьд очиж үзээгүй ч анхны минь аялал болохоор ямар нэг зүйл үлдээчихгүй харахсан гэж бодож явсан юм. Ийнхүү элдвийг бодож, эргэн тойрноо сонирхон явсаар хүрэх газраа хүрлээ.

Оюутолгойд энэ сарын 31-ний өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц Оюутолгой төсөлд зориулан ерөөл айлдах ёслолд нутгийн иргэд, Оюутолгойн ажилчид оролцох, мөн ил уурхайн шавь тавих ёслолд оролцохоор ирсэн минь энэ. Энэ их тал дээр ямар их бүтээн байгуулалт, олон барилга, цаг нарыг ажрахгүй ажлаа хийх жинхэнэ ид өрнөл хэсэг шиг санагдаж байсан.  Бид очсон даруйдаа хоорондоо танилцаж мөн Оюутолгойн тухайн мэдээлэл сонслоо.  Анх Оюутолгойн ордыг нээхэд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан Гарамжав гуайн гавьяаг хэлээд баршгүй гэнэ. Тэр л анх энэ ордыг ОХУ-ын эрдэмтдийн хамт 1996 онд эрэл хайгуул хийж эхлэх үндэсийг тавьжээ. Ийнхүү монгол улсын үсрэнгүй хөгжлийн үеийн энэ бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгтэй товч бөгөөд тодорхой танилцлаа.

Үүний дараа Хамба лам Оюутолгойн ажилчдад ном айлдаж, буян заяа, ажил хөдөлмөрийг нь тэгшитгэх ном айлдав. Гадаа талбайд болсон болохоор сэрүүн салхитай, бас шороотой. Харин эндэхийн ажилчид “өнөөдөр харин ч дулаахан, салхигүй байна” гээд тоосон шинжгүй сууж харагдсан. Ном айлдаж дууссаны дараа олныг гайхашруулсан нэг зүйл нь могой байлаа. Гэнэт л хаанаас ч юм могой гарч ирснээр олныг цуглуулаад авлаа. “Лусын эзэнтэй таарсан хүн баяждаг” гэж яриа ч байдаг. Хүмүүс ч ихэд билэгшээн явсан мөрөөр нь сүү дусаадаг ёсыг гүйцэтгэсэн. Хамба лам “Могой сайн. Тэгээд ийм их бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа үед ингэж үзэгдэнэ гэдэг та бүгдийн хийж буй ажил сайн байхын бэлэгдэл” гэж байсан. 

Оюутолгойн энэ их ажил улс эх оронд маань, иргэдэд их зүйл болох учиртайсан. Ийм бэлэг ерөөлтэй байна гэдэг сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа гэж итгэх шиг. Ийнхүү олон хүнийг сэтгэлийн гүнд жижигхэн оч, сайхан бүхний эхлэлийн гэрэл гийлгэсэн могойг орхин компанийн ажилчидтай уулзахаар хөлгийн жолоог өөр чигт  хазайлгасан юм.

Оюутолгой нийт 15 мянга гаруй ажилчидтай. Одоогоор 2000 гаруй нь ээлжийн амралтанд байгаа гэнэ. 32 гадаадын орны төлөөлөгч, долоон мянга гаруй монгол, зургаан мянга гаруй Хятад ажилчидтай юм байна. Энд ажилладаг хүмүүс дунд нутгийн иргэд ч олон байдаг гэх. Ханбогд, Манлай зэрэг сумдаас үйлчилгээний ажилд орсон олон хүмүүс байна. Тэдний нэг болох Хан-Богд сумаас ирсэн нэгэн бүсгүйтэй хэдэн хором хуучилсан юм. Энд ажлын нөхцөл сайн учраас ажилдаа дуртай. Мөн цалин нь өндөр, мөнгө үрэх шаардлага байхгүй гэх. Түүний нөхөр нь бас энд гагнуурчин хийдэг гэнэ. “Бид сая машин авсан, ирэх жилийн намар хашаандаа бай­шин бариад хуримаа хийх санаатай бай­гаа. Бид хамт амьдраад дөрвөн жил болж бай­на. Сайхан л амьдарч, хүсэл мөрөөдлөө бие­лүүлэхээр хамтдаа зүтгэж л явна. Дээрээс нь ажил­чиддаа англи хэл, харьцааны соёл гээд олон үнэгүй сургалт зохиодог. Бид 18.00 цагт аж­лаа дуусгаад л сургалтандаа суугаад тэгээд авто­бусаар гэрлүүгээ харьчихна. Автобусанд мөн­гө үрэхгүй олсон мөнгөө хураагаад сайхан л байна” гэх. Түүгээр зогсохгүй өөрийн дүү бо­лон нөхрийнхөө хоёр ч дүүг энд ажилд оруул­сан нь бүгд сайн сайхан амьдарч байгаа гэлээ.

Эндхийн хамгийн бага цалин 700 мянган төгрөг. Солонгос руу явж байгаа таван мянган залуус энд ирж ажиллаасай, тэд хүний нутагт зовж, ядарч, хамгийн хүнд ажлыг нь хийж бай­хаар энд ийм сайхан ажлыг яагаад хийж бол­доггүй байна аа гэж бодогдож амжив.

Хамба лам тэргүүтэй хүмүүс нутгийн иргэдтэй уулзсаны дараа бид  жинхэнэ ажлын амтыг амталсан шиг амталж, ажиллаж бүтээж байгаа газарт очсон юм. Оюутолгойн барилгын ажил 40 хувьтай яваа бөгөөд ирэх жил ил уурхайн нээлтээ хийнэ гэсэн. Ил, далд хоёр уурхайтай. Ил уурхай нь 40-50 метрийн гүнээс олборлолт хийнэ. Харин далд уурхай 1300 метрийн гүнээс олборлолт хийдэг юм байна. Биднийг очиход босоо ам-1, 2-ын барилгын ажил дууссан бөгөөд Босоо ам-1ээс нь 1300 метрийн гүнээс шороо гаргаж байлаа. Бидний доор 1300 метр гүнд хүн ажиллаж байгаа гэдэг аймаар сонсогдож байсан ч хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн хангасан тул санаа зоволтгүйг онцолж байсан. Газрын гүнээс гаргасан шороог карьер буюу дамнуургаар зөөж бутлах хэсэг рүү шилжүүлнэ. Үүний дараа буталж, задалсан шороог ялгах, хадгалах зэрэг ажлууд хийгдэж байсан.

Барилгын явцтай танилцаж явахдаа нэгэн зүйлийг анзаарсан нь энд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхи нь залуучууд байсан юм. Тэд англи, хятад хэлээр чөлөөтэй ярилцан, ажлаа түүртэхгүй хийж байгаад битүүхэн бахархаж явлаа. Хийж бүтээх насандаа энэ их бүтээн байгуулалтанд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байдгаа ч тэд нуусангүй. Үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг учраас 45 хоног ажиллаад 15 хоног амрах зэрэг зохицуулалтыг хийсэн байдаг гэнэ. Тал нутагт юу элбэг, шороогоор шуурч, салхилах нь л их юм. Хэдийгээр ганцхан өдрийн аялал ч гэсэн их зүйл үзэж харж, тал талын сонингоос сонсохыг хичээсэн.

Нутгийн иргэдийн яриагаар бол “Уул хад гээд халхлах зүйлгүй болохоор дандаа л шуурч байдаг юм. Бас элсээр их шуурна. Бид ч насаараа амьдарсан хойно дасч, харин та нар анх удаа ирж байгаа болохоор салхилаад хэцүү байгаа байх. Гэхдээ олон хоноод ирвэл аяндаа дасчихна” гэнэ. Насаараа мал дагаж яваа түүний хувьд энэ их ордыг ашиглаж монгол орныг минь хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Ах нь залуу байсан бол энд ажиллаж байхсан, гэхдээ миний хүү энд ажиллаж байгаа болохоор хүүгээрээ бахархаж л сууна. Олон залуус маань ирж ажиллаж, амьдраасай гэж хүсч байна хэмээн дамжуулахыг хүссэн.

Оюутолгойнхон Хан-Богд сумын 120 гаруй залууст англи хэл, бизнесийн төсөл, гагнуур гээд олон сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийсэн. Мөн Манлай сумын 20 гаруй иргэнд бизнесийн болон хэлний сургалтуудыг зохион байгуулжээ. Үүний дараа хүмүүс сумандаа жижиг үйлдвэрлэл явуулж, гэрээр сурсан мэдсэнээ хийж байгааг Манлай сумын засаг дарга онцолж байсан. “Оюутолгой” компанийн хувьд нутгийн иргэдэд түшиглэсэн олон төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна түүхийн өв соёлыг хадгалан хамгаалах ажилд ч анхаарч байгаагаа дуулгасан. Тус компанийн зүгээс өөрийн хэрэгжүүлж буй “Соёлын өв”-ийн хөтөлбөрийн хүрээнд одоогоор 1,3 тэрбум төгрөгийг орон нутгийн өв, соёлыг бүртгэх, сэргээхэд зориулан зарцуулаад байгаа гэнэ. Тус хөтөлбөр нь түүхэн дурсгалт газрууд, археологийн үнэт зүйлс болон олдворууд түүнчлэн зан заншил, хэл болон нүүдэлчдийн соёл иргэншлийн бусад зүйлс зэрэг биет бус өвүүдийг хамарч буй юм.

Оюутолгойн “Соёлын өв”-ийн хөтөлбөр нь одоогоор шинээр нээгдээд буй олон тооны чухал олдворуудыг бүртгэн аваад буй бөгөөд эдгээрийн тоонд ШУТИС-ийн Палентологийн тэнхимд шилжүүлсэн динозаврын 23 өндөг, Жавхлант баг дахь шинээр олдсон хиргэсүүр, Ханбогд суман дахь хадны бичээс, Галбын Говь дахь 2000 гаруй жилийн настай шавар хэрэм зэрэг багтаж байна. Уурхайн үйл ажиллагааны явцдаа Оюу Толгой нь археологич, палентологич, түүхч болон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий багийг ажиллуулан түүх, археологийн чухал ач холбогдолтой олдворуудыг судлан, хамгаалах болно гэж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлж байсан. Үүний дараа Оюутолгой гэдэг уулан дээр очно гэхэд баярласан гэж. Энэ их эрдэс, баялаг гаргах учраас их л том санагдсан ч дэргэдээс нь харахад жижигхэн ч, доороо асар их баялаг багтаасан Оюутолгойд гарсан юм. Энэ газрыг өмнө нь хоёр ч удаа ОХУ, Канадын эрдэмтэд ирж илрүүлж байсан ч их биш, бага хэмжээний орд байна гэсэн дүгнэлт хийгээд буцсан гэдгийг эндхийн археологичид дурсч байсан. Өглөө нь дасч өгөхгүй байсан салхиндаа бодлоо шингээн зогсоход  хамт яваа нөхөд минь аян зам өндөрлөснийг сануулав.

Ийнхүү өдрийг оюунлаг ирээдүйн төлөө уриатай их үйлсийн эзэдтэй өнгөрөөж, тэдний ажил амьдралын нэгээхэн хэсгээс хуваалцсан өдөр өнгөрч ирсэн гийчин буцдаг жамаар тал нутгийг сэрээсэн их бүтээн байгуулалтыг орхилоо. Шинэ зуунд бид бүхэн нэгэн түүх бичилцэж, нэгэн жимээр ханьсаж яваа энэ үед таныг ч бас энэ их бүтээн байгуулалтын та­лаар бага ч гэсэн мэдээсэй гэсэндээ танд хүргэж байна. Урт аяны тэмдэглэлд уйдаах­­гүй гэсэндээ товчиллоо. Цэлгэр тал дээр сүндэрлэсэн цэнхэр барилгууд, шар хув­цаст­нуудын хийж бүтээсэн, хийх зүйл нь олон боло­хоор олон хоног саад хийлгүйгээр дахин уул­зах ерөөлөөр аяны жолоогоо нийслэлийн зүг залсан юм.

Ш.ЧИМЭГ

“Ардын эрх” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *